Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0168/Э/219/2020/0004

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Н-н Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 1918002950284 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикч мэргэжилтэй, “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 17 дугаар хороонд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, О овогт Н-н Т /РД:ХХХХХХХХ/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Сэлэнгэ” зочид буудалд Э.Б-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний хэсэг, зүүн дал, бугалга, шуу гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

Хохирогч Э.Б-гийн “...Орхон аймгийн “Сэлэнгэ” зочид буудалд Н.Т нь гоо сайхны бараа зарахаар 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр очсон бөгөөд тухайн үед нь би хамт явсан. Тухайн зочид буудлын 405 билүү 406 тоот өрөөнд орж байрласан бөгөөд Н.Т-гийн найз Ц гэх залуу эхнэр М-ынхаа хамтаар хоол, цай барьчихсан ирсэн. Ингээд зочид буудал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд гадагшаа гарч салхилж байгаад буцаад буудалдаа Н.Т бид хоёр очсон. Тухайн зочид буудалд би өмнө нь харьцаатай байсан хүүхнүүдээ энэ зочид буудалд авчирч байсан уу гээд хэлсэн чинь унтах гээд хэвтэж байснаа надад уурлаж босч ирээд нүүр рүү гараараа цохиж, намайг орны хажуугийн шүүгээ рүү толгойны дух орчмоор мөргүүлж гэмтээсэн. Мөн миний гар, хөл рүү гараараа цохиж гэмтэл учруулсан, ... тэгээд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандаж бие үзүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Гэрч Э.О-ийн “...2019 оны 02 дугаар сард манай дүү гоо сайхны бараагаа Н.Т-тай Улаанбаатар хотод зарна гэж яваад тэндээсээ Орхон аймаг руу явсан байсан. Тэгээд надад Орхон аймагт Н.Т-тай болон хоёр найзтай нь өрөөнд сууж байна гээд 00 цагийн үед зургаа явуулж байсан. Би унтаж байгаад өглөө үүрээр 06 цагийн үед сэрээд утсаа харсан чинь Э.Б-с Н.Т-д зодуулчихлаа гээд хамар нь хавдчихсан, хоёр нүд нь хавдсан, нүүр нь нил цус болчихсон байдалтай зургаа явуулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Гэрч С.Н-н “...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай найз Т над руу утасдаад найз нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас ирсэн, Сэлэнгэ зочид буудлын нэг өрөөнд байна гэж дуудсан. Би өөрийн эхнэр Х-ын хамт очсон. Тэгээд өрөөнд нь ороход найз нь гоо сайхны бараа зарж байгаа гэж хэлж байсан, тэгээд бид 4 хоёр шил архи хувааж уусан. Тэгээд уул руу гарч бас нэг шил архи уусан. Тэгээд Т, Б нарыг Сэлэнгэ зочид буудлын гадаа буулгачхаад явсан. Явахаасаа өмнө манай гэрт очиж хоол унд идээд яваарай гэж хэлсэн. Маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Т цуг явж байсан хүүхэнтэйгээ манай гэрт ирж хоол идээд явсан. Тэгээд Т надад бид хоёр өчигдөр жоохон маргалдсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

Гэрч Б.Э-гийн “...Би 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ зочид буудалд ажилтай байсан. Намайг ажилтай байхад орой 20 цагийн орчим Н.Т гэж хүн нэг эмэгтэй хүнтэй хамт 404 тоот өрөөнд орсон. Ингээд орой 00 цагийн орчим хяналтын камер хараад сууж байхад 404 тоот өрөөний хаалга хаагдаж онгойгоод дотор нь хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь надтай хамт ээлжинд гарч байсан С би дээшээ гараад харчхаад буугаад ирье гээд гарсан. Би доор үлдсэн юм. Удалгүй С бууж ирээд 404 тоотод буусан эрэгтэй эмэгтэй хоёр хоорондоо маргалдаж зодолдсон байна. Эмэгтэй нь ямар ч хувцасгүй шалдан, алгадуулсан гэхээр нь цагдаа дуудах уу гэж асуусан чинь бид хоёр одоо зүгээрээ хоорондоо учраа олно гээд үлдлээ гэж надад хэлсэн юм. Ингээд удалгүй 30-40 минутын дараа 404 тоот өрөөний хүүхэн дотуур хувцастайгаа буугаад ирсэн. Юу болсон талаар асуухад би зодуулчихлаа гээд нүцгэн явах гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 184-185/,

Гэрч Д.Х-н “... Ингээд маргааш нь буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 12 цагийн орчим Т найз эмэгтэйгийн хамт манайд ирсэн. Тэгэхэд Т-н нүүрэн дээр зулгарсан, нүд нь хөхөрсөн байсан. Б нүдний шилтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 186-187/,

Гэрч Б.О-ийн “...Удалгүй Э.Б хар нүдний шил зүүчихсэн ирсэн. Тэгээд юу болоод шил зүүчихсэн юм гээд шилийг авхуулсан чинь баруун талын нүд  байсан санагдаж байна хөхөрч хавдсан, доод уруул нь язарсан гэмтэлтэй байсан, тэгэхээр нь би шууд яасан нөгөө Н.Т чинь зодчихсон уу гэсэн чинь тиймээ бид хоёр Эрдэнэт хотод зочид буудалд байхдаа маргалдаад улмаар зодуулсан гэж хэлсэн. Зодсоныхоо дараа өвдөг сөхөрч суугаад уйлж гуйгаад уучлаарай гээд байхаар нь уучилсан гэж байсан. Би тэгэхээр нь чи нээрээ сал гээд байхад яасан сонин хүн бэ гэж уурлаад түүнээс салж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 156/,

Гэрч Р.Ө-гийн “...2019 оны 02 дугаар сарын 20-ны орчим Э.Б нь бас манайд ирсэн бөгөөд нэг нүд нь хөхөрч хавдсан байдалтай ирсэн. Түүнээс юу болсон талаар тодруулахад Орхон аймагт зочид буудалд Н.Т-д зодуулсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 165/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 353 дугаартай “...Э.Б-гийн биед тархи доргилт, нүүрний хэсэг, зүүн дал, бугалга, шуу, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/,

Хохирогч Э.Б-гаас гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 113-120/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Т нь хохирогч Э.Б-гийн биед тархи доргилт, нүүрний хэсэг, зүүн дал, бугалга, шуу, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал учруулан эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь зөв байна.

 

Иймд шүүгдэгч Н.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Э.Б нь өмнө эвдлэн сүйтгэж байсан гэх эд хөрөнгийн хохирол төлбөрт 2,370,000 төгрөг нэхэмжилсэн байх боловч эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Прокурор хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байх ба шүүх прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хэлэлцэх тул  гэм хортой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэх тул дээрх нэхэмжлэлийг 2,370,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдох  нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Н.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хэрэг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 581 дугаартай захирамжаар “Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн” үндэслэлээр хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

 

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуульд /шинэчилсэн найруулга/ 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Эрүүгийн хууль өөрчлөлт оруулах тухай” хуулиар өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Н.Т 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэх хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлджээ.

 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөн найруулж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан ба уг хуулиар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж хуульчилсан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргаан үүсгэж, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн хэлэлцээд “Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  “... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” Арван ёс дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх  ...үүргийг иргэнийхээ  өмнө хариуцна.” Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ...бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзэн уг хуулийг баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 02 жил 04 сар 17 хоног өнгөрсөн байх бөгөөд түүний гэм буруу, оногдуулах ял эрүүгийн хариуцлагыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримтлах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй”  гэж тус тус заасан ба шүүгдэгч Н.Т-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байна.

 

Өөрөөр хэлбэл Н.Т-н үйлдсэн хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба уг хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. О овогт Н Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1.1  дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2  дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Н Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918002950284 дугаартай эрүүгийн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хохирогч Э.Б-гийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролтой холбогдох 2,370,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдох нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД