| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2021/0166/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0170 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0166/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт П-ийн Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000130177 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, “” ХХК-д даампын оператор ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт П-ийн Б /РД:ХХХХХХХХ/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 30-наас 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, ***** тоотод “Мөнзул М.м” гэсэн фейсбүүк хаяг ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзрийн мөрийтэй тоглоом зохион байгуулж 526,610 төгрөгийн ашиг олсон болох нь:
Гэрч П.Х-ын “...тухайн өдөр миний фейсбүүк хаяг дээр 3,000 төгрөг хийгээд ёндоогоо үзээрэй гэж гарч ирсэн тул яадаг юм бол гэж бодоод *** тоот дансанд өөрийн*** тоот данснаас 3000 төгрөгийн гүйлгээ хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
Гэрч Т.Г-ын “...гэртээ фейсбүүк ухаад сууж байхад фейсбүүк цахим орчин дээрх “***** М.м” фейсбүүк хаягаас лайваар хөзөр ашиглан покер 13 гэдэг тоглоом тоглуулж байсан. Тэгээд би тухайн тоглоомыг үзэж байгаад өөрөө нэг ороод үзчихдэг юм билүү гээд өөрийн Хаан банкны *** тоот данснаас лайв дээр гарч байсан Хаан банкны данс руу 3000 төгрөг шилжүүлээд утга дээр нь “5 дээр” гэж бичээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
Гэрч Ц.О-н “...би өөрийнхөө “Lonjid Otgoo” гэсэн хаягнаас орж тоглодог байсан. *** дугаарын дансанд тоглоом эхлэхээс өмнө 3000 төгрөг шилжүүлээд хожсон тохиолдолд 20,000 төгрөг авах журамтай. Би нийт 40,000 төгрөг хожсон. Лайв хийж байгаа хүний царай харагдахгүй, ямар хүн гэдгийг нь мэдэх боломжгүй байсан. *** дугаарын дансыг мобайл банканд хийж үзэхэд О гэх нэр гарч ирж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,
Гэрч Ж.О-н “...манай нөхөр П.Б нь цахим орчинд мөрийтэй зохион байгуулж явуулахдаа миний эзэмшлийн Хаан банкны *****тоот дансаар тоглож байгаа хүмүүсээсээ мөнгө авч байсан юм байна лээ. Учир нь миний данс интернэт банктай болохоор бага мөнгөөр гүйлгээ хийснийг харах боломжтой байдаг болохоор ашигласан юм гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
“Пийк Ом Аудит” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 21/197 дугаартай “... хонжворт тоглоомын ашиг 526,610 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-72/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хууль тогтоогч 2020 оны 1-р сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол” гэмт хэрэгт тооцсон ба шүүгдэгч П.Б-ийн фейсбүүк ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглуулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж, уг хүсэлтийг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл бүрэн хангагдсан байна.
Иймд шүүгдэгч П.Б-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан байна гэж үзсэн тул улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, цалин, өрхийн орлогын хэмжээ, шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 62-63/-ээр “.П.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Самсунг галакси S6” маркийн 32GB багтаамжтай гар утас /хуучин/ үнийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны байдлаар 60,000 төгрөг” гэж үнэлжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг галакси S6 загварын гар утасны үнэ 60,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 526,210 төгрөг, нийт 586,210 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт П-н Б-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг галакси эс 6 загварын гар утасны үнэ 60,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 526,210 төгрөг, нийт 586,210 төгрөг /таван зуун наян зургаан мянга хоёр зуун арав/ гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД