Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0167/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *****д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000135 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, талх нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 378 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Ц-н С /РД:ХХХХХХХХ/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.С нь согтуурсан үедээ 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн *****тоотод С.М-тэй маргалдан улмаар таваг шидэж, эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч С.М-ийн “...Өчигдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед миний бие гэртээ ганцаараа байж байсан чинь танил С гэх хүүхэн над руу залгаад найз нь нөхөртэйгөө хэрэлдсэн байна, очих газаргүй байна, танайд очиж болох уу гэж надтай гуйж ярьсан. Тэгэхээр нь би за за  тэгвэл чи ирэхгүй юу, найз нь гэртээ ганцаараа хоол идээд байж байна гэж хэлсэн. Найз нь цасан шуурганд хүүхэдтэй хаачихаа мэдэхгүй байж байна гэж ярьсан болохоор нь би өрөвдөөд зөвшөөрсөн юм. Тэгээд удалгүй манай гэрт хоёр хүүхэдтэйгээ хамт ирсэн. Манай гэрт ирчхээд би юм уумаар байна гэж хэлээд надад баахан зовлонгоо ярьсан. Удалгүй манай найз залуу Г-т нэг хүнээс пиво аваад ирээч гэсэн чинь бид хоёрт 5 савтай пиво авч ирсэн. Тэгээд 3 дахь савтай пивоо ууж байтал над руу С чи ер нь хэн юм бэ, чи яахаараа надаас дээгүүр амьдардаг юм бэ, яагаад хүн болгон чамтай сайхан харьцдаг юм бэ гэж над руу агсарсан. Тэгээд хоол идэж байсан тавгаа миний уруулын дээд хэсэг рүү шидсэн. Тэгсэн чинь аяга хагараад миний дээд уруул сэтэрсэн, ...гар хөл рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-32/,

Гэрч Б.Г-гийн “...би М-ийн эгчээс 5 том савтай пиво аваад ирсэн юм. Тэгээд бид нар бууз жигнэж идээд 3 том савтай пиво уугаад халаад сууж байсан чинь М би жирэмсэн болсон гэж надад хэлсэн чинь хажуугаас нь С чи яахаараа жирэмсэн болдог юм, чи жирэмсэн болох учиргүй, чи үргүй, биз дээ гэж хэлсэн. Тэр ярианаас болж М, С хоёр хоорондоо хэрүүл хийгээд байсан юм. Тэр хооронд би бие засах гээд гадагшаа гараад буцаж орж ирэхдээ зуух руу нүүрс хийх гээд гартаа барьчихсан орж ирсэн чинь М-ийн дээд уруул нь сэтэрчихсэн, цус гарчихсан байсан, ойр орчмыг хартал нэг таваг хагарчихсан, М С над руу аяга шидчихлээ гэж хэлсэн. Харин С хохь чинь гээд М рүү дайраад хэл амаар доромжилсон” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Гэрч Д.Б-ы “...2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр миний бие ажлаа тараад харих гээд ажлаасаа гараад явж байтал цуг ажилладаг Г над руу залгаад М-ийн гэрт хүрээд ирээч, бид нар пиво уугаад сууж байна гэж хэлэхээр нь яваад очтол М Г болон нэг танихгүй найз нь гэх эмэгтэй хоёр хүүхэдтэйгээ хамт байж байсан юм. Бид нар бууз жигнэж идээд пиво уугаад сууж байсан юм. М би жирэмсэн болсон гэж бид нарт ярьж байсан чинь С хажуугаас нь чи үргүй биз дээ, чи яаж жирэмсэн болдог юм гэж хэлсэн. Тэгсэн чинь л тэр ярианаас болоод тэр хоёр хоорондоо үг хаялцаад л нэг л таарамжгүй болж эхлээд хэрэлдэх аястай болсон, тэгэхээр нь Г бид хоёр гадагшаа гарч тамхи татах гээд гараад удалгүй буцаж орж ирсэн чинь М, С хоёр хоорондоо үсдэлцээд зогссон, М-ийн уруул нь сэтэрчихсэн цус гарчихсан, С миний уруулыг аягаар цохичихлоо гэж хэлсэн. Бид нар бууз идэж байсан юм, буузны тавгийг нүүр лүү нь шидээд уруул нь сэтэрчихсэн юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

Гэрч Б.Н-ийн “...Тэгээд миний бие хашааны хаалга онгорхой байхаар нь М-ийн гэрт түмпэн шанага дуугараад орилоон болоод байхаар гэр лүү нь орж харъя гэж бодоод орох гээд явж байтал гадаа 4-5 настай хүүхэд ганцаараа явж байхад нь тухайн хүүхдийг дагуулаад ортол М-ийн уруул сэтэрчихсэн, цус нь гарчихсан байдалтай, С намайг тавгаар цохичихлоо гэчихсэн байдалтай зогсож байсан. Тэгээд тэнд нь М-ийн найз гэх хоёр залуу байж байсан, тэгээд урьд нь харагдаж байгаагүй С гэх эмэгтэй хоёр хүүхэдтэйгээ байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 267 дугаартай “...С.М-ийн дээд уруулд шарх, зүүн шуунд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. С.М-ийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. С.М-ийн биед илэрсэн гэмтэл нь цаг хугацааны хувьд 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 270 дугаартай “...Ц.С-ын биед баруун нүдний гадна булан, баруун нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт, баруун шанаа, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийг нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Ц.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч С.М нь гомдолтой шүүх хуралдаанд ар гэрийн гачигдлаас болж оролцох боломжгүй, эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой зардлаа нэхэмжилнэ гэх боловч холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар холбогдох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4-р зүйлд  уг хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр заасан тул Ц.С-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаазан хагархай тавагны хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Ц-ын С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г овогт Ц-ын С-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гонзгой овогт Ц-ын С-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гадна тал нь цагаан өнгийн, шаазан тавагны хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД