Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0158/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагч Т.Д-,

Шүүгдэгч Д.Г-, Д.Д.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-, Д.О- нарт холбогдох эрүүгийн 2118001430170 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд,

-Дархан аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 369 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3, 131 дүгээр 131.1-д зааснаар 1 жил хорих ялаар,

-Дархан аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 112 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 90.1-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж байхдаа 2002 оны 10 сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жил хорих ял дээр урьд Сүхбаатар дүүргийн 2001 оны 03 сарын 21-ний өдрийн 112 дугаартай тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийг нэмж нэгтгэн нийт 2 жил 3 сар 29 хоногийн хорих ялаар,

-Дархан аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 67 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дугаар зүйлийн 181.1-д зааснаар 1 жил 6 сар хорих ялаар,

- Дархан аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дугаар зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ялаар,

- Дархан аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 зааснаар 3 сар баривчлах ялаар,

-Дархан аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 209 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 зааснаар 3 сар баривчлах ялаар,

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2- т зааснаар 20 жил хорих ялаар,

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3- т зааснаар 5 жил хорих ял дээр өмнөх 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 14 жил 5 сар 3 хоногийн хорих ялын зарим болох 10 жил 5 сар 3 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жил 5 сар 4 хоног ялаар,

-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн. Тэнссэн хянан харгалзах ялын хугацаа 2021 оны 01 сарын 17-ны өдөр дууссан Д.Г-

 

2.Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Болд******” ***** **** ХХК-д операторчин ажилтай, ам бүл 3, эхнэр охины хамт, урьд,

-Дархан аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 208 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 252 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Дархан аймаг дахь Сум дундын шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 145 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил тэнссэн,

-Дархан аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1-д зааснаар 8 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Д.О-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д.Г- Д.Д.О- нар нь бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 08 цагийн орчим иргэн Т.Т.Б-ы Хаан банкны 510****752 тоот данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 1600000 төгрөгийг шилжүүлэн авч бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Д.Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд дахиад архи авах гээд дансных нь нууц кодыг санаад хүн рүү мөнгө шилжүүлээд авчихсан юм. Архины халуундаа л хэрэг хийчихсэн. Миний буруу.” гэв.

     Шүүгдэгч Д.Д.О- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Бид архиа ууж дуусаад байж байтал дахиад архи авна гээд Д.Т.Б- миний утсанд сим картаа хийгээд мөнгө шилжүүлсэн юм. Тэгээд биднээс салаад явахдаа сим картаа миний утсанд үлдээчихсэн байсан. Д.Д.Г- “андаа Т.Б-ы дансанд мөнгө байна уу, хардаа” гэхээр нь шалгаж үзэхэд дансанд нь 1 600 000 төгрөг байхаар нь нууц үгийг нь Д.Д.Г- хэлж, би утсаараа дансанд байсан мөнгийг нь А.Базаррагчаагийн данс руу шилжүүлээд авчихсан юм.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Д.Г-, Д.Д.О- нар нь шунахайн сэдэлтээр бүлэглэн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 08 цагийн орчим иргэн Т.Т.Б-ы Хаан банкны 510****752 тоот данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 1600000 төгрөгийг шилжүүлэн авч бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.Д.Г-, Д.Д.О- нарын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118001430170 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

                        Хохирогч Т.Т.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 05 сарын 14-ний өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад өөрийн найз Д.О-той тааралдаад 0,75 литр Хараа нэртэй архийг хамт явсан Д.Г-, Ө- нарын хамтаар хувааж уусан. Архи ууж байхдаа би хүн рүү мөнгө шилжүүлэх гэхэд утас цэнэггүй болчихсон байхаар нь найз Д.О-ын утсанд сим картаа хийгээд шилжүүлэг хийсэн. Тэгээд архи ууж дуусаад Д.О- бид 2 маргалдаад манай эхнэр Ч- цонхоор хараад гарч ирээд намайг аваад гэрт орсон. Тэгээд би сим картаа авч чадаагүй болохоор 13 цагийн үед сим картаа сэргээгээд дансаа шалгаад үзтэл 1600000 төгрөг алдагдсан байсан. Би хараа муутай болохоор мөнгө шилжүүлээд нууц үгээ хийх гээд харахгүй байсан болохоор найз Д.О-од өгөөд шилжүүлээд өг гээд нууц үг гэхээр нь миний утасны дугаарын сүүлийн 4 орон шүү гэж хэлсэн. Тэгээд сим картаа авах гэтэл Д.О- гар утсаараа яриад байсан тэгж байтал сүүлдээ маргаан болоод тэгж байтал эхнэр гарч ирээд намайг аваад орсон.” гэх мэдүүлэг /хх 17/,

            Гэрч Э.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр 2021 оны 05 сарын 14-ний өглөө 07 цагийн цагийн үед гараад явахаар нь би цонхоор хартал манай хажуугийн дэлгүүрийн урд архи уудаг хүмүүс цугларсан байсан. Тэгээд би цонхоор Б- гээд дуудтал нэг нь Б- авгай чинь дуудаад байна гэж хэлж байсан... хэсэг байж байтал хүмүүс маргалдаад байх чимээ гарахаар нь цонхоороо хартал манай нөхөр Т.Б- Х-н бо-ж гэж хочилдог Д.Г-, М- У- гэж хочилдог Д.О- хоёртой байхаар нь би аваад гэрт орсон. Тэгээд өдөр сим картаа сэргээгээд үзтэл 1600000 төгрөг алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /хх 25/,

            Гэрч А.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021.05.14-ний өглөө 08:40 цагийн үед шүүхийн урд Хогийн бож, Д.Г- болон М- У- хочит Д.О- нартай тааралдаад мэнд ус болтол миний машинд орж ирж суугаад “таны данс руу мөнгө шилжүүлж авах гэсэн юм карт байна уу” гэхээр нь би 50******693 дугаартай Б- буюу өөрийн хүүгийнхээ дансыг өгөөд мөнгийг нь аваад өгөх гэтэл карт байгаагүй. Тэхээр нь хамт явж байсан Эрдэнэбаатар өмгөөлөгчийн данс руу би данснаасаа 1600000 төгрөг шилжүүлээд бэлнээр авч өгсөн.

            “Надад У- буюу Д.О- хэлэхдээ утас руу нэгж явуулчих ахаа гэхээр нь яах гэж байгаа юм гэтэл мобайлаар мөнгө шилжүүлэх гэсэн юм гэхээр нь би 500 нэгж шилжүүлээд дугаараа өгч мөнгө шилжүүлсэн. Би юун мөнгө юм бэ гэхэд Д.Г- би самарт яваад ирсэн мөнгө байгаа юм аа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 32/,

            Хохирогч Т.Т.Б-ы Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 37-39/,

Шүүгдэгч Шүүгдэгч Д.Д.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 55-101/ шүүгдэгч Д.Д.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 102-109/,

 

“Б***д ***** ***өө ****” ХХК-ийн ирүүлсэн шүүгдэгч Д.Д.О-ын цалингийн тодорхойлолт /хх 110/, Д.Д.О-ын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 111-113/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Д.Г-, Д.Д.О- нар нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Д.Г-, Д.Д.О- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Д.Г-, Д.Д.О- нарын үйлдлийн улмаас хохирогч Т.Т.Б-д 1600000 төгрөг учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирол төлбөрөө төлж барагдуулсан болох хавтаст хэргийн 125 дугаар хуудсанд авагдсан “1600000 төгрөг авч миний хохирол бүрэн барагдсан. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбараар тогтоогдож байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Прокурор шүүхэд ирүүлсэн эрүүгийн хариуцлагын санал...” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нар нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахуулах”-тай ирүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульд заажээ.

Энэхүү хуулийн зохицуулалтад мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд буюу цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн цаг үеэс хэн нэгний шахалт шаардлагагүйгээр гэм буруугаа сайн дураараа хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн , нөхөн төлөхөө бодитойгоор илэрхийлсэн хүнд оногдуулж болох хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тусгайлан хуульчилжээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нар нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Г-, Д.О- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Д.Д.Г-, Д.Д.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нар нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Г-, Д.Д.О- нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

   4.Шүүгдэгч Д.Д.Г-, Д.Д.О- нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Г-, Д.Д.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.Г-, Д.Д.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ