Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                           Хэргийн индекс:166/2021/0160/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч О.О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-т холбогдох эрүүгийн 2118001590182 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 01 -ний өдөр, Дархан-Уул аймаг Орхон суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ээж, эмээ, дүү нарын хамт урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, О.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Б- нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Г.Г.А-гийн өмчлөлийн суурин компьютерын 8 gb рам, GTX550TI график карт, 320 GB багтаамжтай HHD хард диск, спикер, чихэвч, байшингийн вакум цонх зэрэг эд зүйлийг эвдэлж гэмтээн бусдад 960000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч О.О.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.О.Б- нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “утас өгсөнгүй” гэдгээр шалтаглан уурлаж Г.Г.А-гийн өмчлөлийн суурин компьютерын 8 gb рам, GTX550TI график карт, 320 GB багтаамжтай HHD хард диск, спикер, чихэвч, вакум цонх зэрэг эд зүйлийг эвдэлж гэмтээн бусдад 960000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч О.О.Б-ийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118001590182 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

                        Хохирогч Г.Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай ээж О гэртээ У болон бага насны хүүхдүүдтэйгээ байж байтал У, О.Б- нар гаднаас согтуу орж ирээд утсаа авъя гэж хэлэхээр нь “манайд хэдэн сар байчхаад түрээс мөнгө төлөөгүй. Утсыг чинь өгөхгүй” гэдэг байдлаар харьцсан чинь уурлаад ээжийг маань үсдээд хоёр цонхны хажууд байсан миний эзэмшлийн би өөрийнхөө ажил хийж олсон цалингаар авсан i5 маркийн хоёрдугаар үеийн /2500к/ 8 гв рам буюу шуурхай санах ойтой, GTХ550 TI график карттай 320 гв багтаамжтай компьютерыг манай ээжтэй үсдэлцэж байх явцдаа унагааж дээрээс нь дэвсэлж засал авахааргүй гэмтээсэн байна лээ. Тэгээд буцаж гарахдаа манай гэрийн хашаанд байсан тоосгоор том өрөөний цонхыг хагалчихсан юм байна лээ.” гэх мэдүүлэг /хх 43/,

            Гэрч З.О- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Б-, У- хоёр нэлээн халамцуу байдалтай орж ирээд танд өгсөн утсаа буцаагаад авмаар байна гэж хэлсэн . Тэгэхээр нь би Г.А- гар утсыг чинь аваад явсан гэсэн чинь би утсаа авмаар байна гээд миний цээж рүү хоёр удаа түлхэхээр нь би хөгшин настай хүн юм чинь хойшоо тэнцвэр алдаад унахын даваан дээр тогтоод над руу дахиад дайрах гээд байхаар нь би О.Б-ийг доош сандал дээр суулгаад үснээс нь зулгаагаад үсдэлцэж байхад хажуу талын ширээн дээр басан компьютерыг өшиглөж унагаагаад процессорыг түлхэж унагаад дэвсээд хашхичаад байхаар нь болиоч гэсэн чинь яадгийн бүгдийн нь эвдэнэ хаглана гээд хашхичаад дэвслээд байсан тэгээд босож ирээд манай ач охин Ууганзаяаг үсдээд унагаасан юм. Тэгээд гарч яваад тоосгоор манай цонхыг хагалчихсан юм.” гэх мэдүүлэг /хх 49/,

            Гэрч Г.Э- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие дунд охин О- аваад дэлгүүр ороод байж байсан чинь манай том охин 11 настай У- над руу залгаад О.Б-, У- хоёр гэрт орж ирээд О.Б- эгч Г.А- ахын компьютерыг эвдээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд яваад очсон чинь тэр хоёр яваад өгсөн байсан. Би дэлгүүрээс гарахдаа 102 луу залгаад дуудлага өгчихсөн байсан удалгүй цагдаа нар ирсэн юм аа. Ороход том өрөөний цонхыг хагалчихсан дүү Г.А-гийн компьютерыг эвдсэн байна лээ.” гэх мэдүүлэг /хх 56/,

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт:

Үнэлгээнд хамрагдсан эд зүйл болох суурин компьютерын 8 gb рам 1 ширхэг, GTХ550TI график карт 1 ширхэг, 320 gb багтаамжтай НDD хард диск 1 ширхэг, спикер 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, 108 см x 96 см хэмжээтэй давхар шилтэй вакум цонх /хагарсан/ 1 ширхэг 960000 төгрөг /хх 27-28/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 51-54/,

 

Шүүгдэгч О.О.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 65/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 66/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.О.Б- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч О.О.Б-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Г.Г.А- нь “Миний бие нь хохирол төлбөрөө барагдуулж авсан.” /хх 73/ гэх тайлбарыг ирүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэхэд тооцож,  ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан прокуророос ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Б-т оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ