| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2021/0161/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0163 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | Д.Батмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0161/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагч Д.Батмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгч Ч.Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн 2018005050150 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн 40 .настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт. урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ч.Б-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Ч.Б- нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний 15 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын хөтөл хорооллын нутаг дэвсгэрт орших Дархан хаалганы орчимд Замын цагдаагийн хяналтын постод дээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоос Улаанбаатар чиглэлд транзит тээврийн хэрэгслийн цуваанд 21-** СЭА улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж улмаар цагдаагийн албан хаагчийн үүрэг гүйцэтгэж байсан Киа Махова маркийн 75-**ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 857000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Ч.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ч.Ч.Б- нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний 15 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Хөтөл хорооллын нутаг дэвсгэрт орших Замын цагдаагийн хяналтын постод дээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоос Улаанбаатар чиглэлд транзит тээврийн хэрэгслийн цуваанд 21-** СЭА улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж улмаар цагдаагийн албан хаагчийн үүрэг гүйцэтгэж байсан Киа Махова маркийн 75-**ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 857000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Ч.Б-ийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2018005050150 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Хохирогч Б.Х- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоос Улаанбаатар чиглэлд улс хоорондын транзит тээврийн хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байхад 21-** СЭА улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж цуваагаар явж байгаа тээврийн хэрэгсэлд саад учруулж болзошгүй байдал би болгож байсан болохоор би өөрийн албаны 75-**дах улсын дугаартай тээврийн хэрэгслээр Дархан Сумын Замын цагдаагийн постон дээр ирээд 21-** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоочийг зорчиж байгаа замаа чөлөөлөөд зогсохыг хэлсэн боловч тухайн тээврийн хэрэгслийн жолооч миний тавьсан шаардлагыг үл биелүүлж тээврийн хэрэгслийг зогсоохгүй байсан.Тэгээд би албаны 75-**ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 21-** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд нь гарч зогсоход 21-** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний машины араас мөргөсөн. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Б- гэх залуу тухайн үед илтэд согтуу бууж ирээд албаны 75-**ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг гараараа цохиод хөөе пизда минь гээд над руу салаавч өгөөд байсан. Тухайн үед тухайн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Б-д та халдвар хамгаалалтын дэглэмээ бариад өөрийн бичиг баримтыг шалгуулах шаардлагатай байна гэж хэлсэн боловч тухайн тээврийн хэрэгслийн жолооч миний шаардлагыг илтэд эсэргүүцэж пизда, нар юу юм гэх зэргээр хэл амаар доромжилж өөрийн машиныг унаад явлаа гэх зэргээр хашхираад байсан ба тухайн үед би хамгаалалтын хувцас өмсөж Ч.Б- гэгчийг тусгай хэрэгсэл хэрэглэж гарыг нь ард нь гавласан. Цагдаагийн газраас ирсэн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх 142/,
Иргэний нэхэмжлэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний зүгээс уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогч, хууль ёсны төлөөлөгчөөр оролцож, алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж албаны тээврийн хэрэгслийн араас мөргөж эвдрэл гэмтэл учруулсан Ч.Ч.Б- гэх хүнээс байгууллагад учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулах хүсэлтэй байгаа юм. Манай байгууллагад учирсан зүйлийн үнэлгээг холбогдох байгууллагаар тогтоолгосон байгаа хохирлын үнэ 857,000 төгрөг болсон.” гэх мэдүүлэг /хх 28-31/,
Гэрч Б.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хяналтын 141 дүгээр пост дээр 15 цаг 40 минутад ирэхэд Сэлэнгэ аймаг дах цагдаагийн албан хаагч нар транзит тээврийн хэрэгслийн цувааны 21-** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч согтуу юм шиг байна цуваанаас гарч хажуугаар дайрах орох гээд байна ариа хийж авчирлаа гэсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Б.Хосхарцага, Ч.Э- нар 75- ** ДАА улсын дугаартай Киа Махова маркийн тээврийн хэрэгслээр цувааг хүлээн авч байрлалаа эзлэхэд яг ард байсан 21-** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хаазлаад болохгүй байхаар нь бүгд хамт хөдөлнө шүү гэж хэлэхэд тоохгүй 75-**ДАХ улсын дугаартай Киа Махова маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн. Бид халдвар хамгаалалтын журмын дагуу жолоочтой ойртож болохгүй байсан учир тээврийн хэрэгслийн чанга яригчаар болон би өөрөө холоос орилж тээврийн хэрэгслээ хөдөлгөж болохгүй гэхэд тээврийн хэрэгслээ унтраагаад машинаасаа буугаад 75-**ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг цохиж эхэлсэн бид бүгд зайтай байсан учир жолоочийг юу гэж хэлж байгааг нь сонсоогүй. Тэгээд бид нар удаа дараа “та ингэж болохгүй машиндаа суу” гэж шаардлага тавьсан боловч тоохгүй байж байж байгаад машиндаа буцаад суусан. Тэр хооронд Эрдэнэчулуун, Ганбаатар нар нь хамгаалалтын хувцас өмсөж байх хооронд машины цонхийг онгойлгож тэнд байсан цагдаагийн албан хаагч нарыг /муу лалрууд, пизда, май шүү/ гэх мэт доромжилсон.” гэх мэдүүлэг /хх 32-33/,
Гэрч Ч.Эрдэнэчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сэлэнгэ аймаг дах цагдаагийн албан хаагчид хамгийн урд явж байсан 21-** СЭА улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах сундаа хэрэглэсэн байна, цуваанаас гарч явах гээд байгаа талаар ахлах дэслэгч Б.Х- мэдэгдсэн. Ингээд бид 2 цувааг хүлээж аваад хамгийн урд нь хамгаалалт авч зогсоход 21-** СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл шууд араас мөргөсөн. Тэгээд бууж ирээд машины цонхийг цохиод байсан. Ахлах дэслэгч Б.Х- чанга яригчаар машиндаа суу гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан боловч жолооч тоохгүй машины цонхнуудыг нүдээд “муу лалруудаа, пизданууд, би хариуцлагаа өөрөө хүлээнэ, явмаар байна.” гэх үгнүүдийг хэлж байсан ба нэлээн удаа шаардлага тавьсны дараа машиндаа суугаад ахиад албаны автомашины араас мөргөөд байхаар нь цувааны хойноос нэг тээврийн хэрэгслийг урд нь хааж зогсоосон.” гэх мэдүүлэг /хх 34-35/,
Гэрч Ш.П- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...75-**ДАХ дугаартай цагдаагийн машинтай ахлах дэслэгч Б.Х-, дэд ахлагч Ч.Э- нар цувааны хамгийн урд нь хамгаалалт авч зогсоход 21-** СЭА машины жолооч араас нь мөргөөд байсан ба машинаасаа буугаад тэдний машины хаалга цонхийг нүдээд “муу лалар, пиздаануудаа замаас холд би явмаар байна. Би ялыг нь үүрнэ” гээд хэл амаар доромжлоод гарын салаавч гаргаад орилоод байсан. Би тухайн үед өөрийнхөө Самсунг S-8 плас маркийн гар утсаар бичлэг хийж эхэлсэн. Ахлах дэслэгч Б.Х- цонхоо онгойлгон чанга яригчаар шаардлага тавихад машиндаа сууснаа албаны 75-**ДАХ дугаартай автомашины араас мөргөөд байсан.” гэх мэдүүлэг /хх 41/,
Гэрч Б.Х- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн хяналтын 141 дүгээр пост дээр нэг тийр цагдаагийн автомашиныг гүйцэт түрүүлж байгаа нь, тухайн автомашиныг буцааж цуваанд нь оруулж байгаа нь харагдсан. Цуваа 141 постод дээр ирээд зогссон ба миний бие дэд ахлагч Ч.Э- хамт 75-** ДАХ дугаартай Киа махова маркийн машинтай цувааны урд хамгаалалт авч зогссон. Тэгтэл хамгийн урд зогсож байсан 21** СЭА улсын дугаартай Волва маркийн машин цуваанаас гарч түрүүлж явах гээд байхад нь урд замыг нь хааж зогсоход албаны машины хойноос мөргөж эхэлсэн. Миний бие тухайн машиныг явуулахгүйн тулд урд замыг хаасаар тухайн машиныг замын хажуугийн сул шороонд орж дугуй нь хөдлөх боломжгүй болсон.” гэх мэдүүлэг /хх 42/,
Гэрч Г.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр миний танил эгч Б- залгаж эгч нь транзит тээврийн ариутгалын ажилд явах ёстой юмаа, эгч нь чухал ажилтай болоод явж чадсангүй, эгчийнхээ оронд яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрч замын цагдаагийн хойд пост гэх газар очсон. Тэгтэл Сэлэнгэ аймгаас транзит тээврийн цуваа ирсэн. Би буугаад ариутгалаа хийгээд пост дээр ирэхэд цувааны хамгийн эхний тээврийн хэрэгслийн жолооч цуваанаас гараад явах гээд тэгээд цонхоо онгойлгоод цагдаа нарыг “та нар юу юм бэ? Чадахгүй шүү, чаддаг юм бол бариад аваач гээд орилоод байсан. Тухайн үед юу болсныг мэдэхгүй. Хараад зогсож байхад цагдаагийн алба хаагчийг хэл амаар болох болохгүй үгээр хэлээд байсан. Цагдаагийн алба хаагч та явж болохгүй, согтуу байна, машинаа унтраагаад амраад явъя эсвэл та буугаад ирээ гэж хэлэхэд тоохгүй хаалгаа онгойлгохгүй, салаавч гаргаад зайл гээд байсан. Жолооч нар хаалгыг нь онгойлгох гэсэн боловч хаалгаа цоожлоод машинаа асаах гээд явах гээд байсан. Тэгсэн цагдаагийн машин урд нь хаагаад зогссон байхад нь шууд очоод араас нь 2-3 удаа мөргөсөн.” гэх мэдүүлэг /хх 88/,
“Ашид билгүүн ХХК-ий хөрөнгө даатгалын хохирлын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 499 дугаартай “Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Киа Махова маркийн 75-** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 857,000 төгрөгийн хохирол учирсан байна” гэх дүгнэлт /хх 15/,
Киа Махова маркийн 75-** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эд хариуцагчийн тооллогын бүртгэл, авто машин, механизмын хувийн хэрэг /хх 65-68/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8/,
Шүүгдэгч Ч.Ч.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 54-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 69/, арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт, дансны хуулга /хх 95-101/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Ч.Б- нь гэмт үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, зориуд хохирол, хор уршигт хүргэж санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.Ч.Б-ийг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмж /авто машин/-д халдаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Иргэний нэхэмжлэгч Б.Б- нь “Миний бие нь хохирол төлбөрөө барагдуулж авсан.” /хх 31/ гэх мэдүүлэг, хохирогч Б.Х- нь “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх 142/ гэх мэдүүлгийг тус тус өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэхэд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан прокуророос ирүүлсэн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 24 сарын хугацаанд сар бүр 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ч.Ч.Б-ийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.Б-д оногдуулсан торгох ялыг 24 сарын хугацаанд сар бүр 225000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ