| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2021/0168/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0171 |
| Огноо | 2021-07-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0168/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагч Ч.М-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т-,
Шүүгдэгч М.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.П-т холбогдох эрүүгийн 2118000000191 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХ-ийн 146 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хугацаатай хорих ял оногдуулсан,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлж байсан, М.П-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.М.П- нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчим Дархан- Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өргөөгийн уулзвар Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн хажуугийн засмал зам дээрээс М.М.Д-гийн эзэмшлийн Samsung M12 маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 450.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М.П- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.М.П- нь 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчим Дархан- Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өргөөгийн уулзвар Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн хажуугийн засмал зам дээрээс М.М.Д-гийн эзэмшлийн Samsung M12 маркийн гар утас санамсаргүйгээр олсон боловч тухайн эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж холбогдох байгууллагад хүлээлгэн өгөөгүй, өмчлөгч эзэмшигчид эргүүлэн өгөх санаагүйгээр өөрийн эзэмшилд авч гээгдэл эд хөрөнгийг завшсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.М.П-ийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000000191 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Хохирогч М.М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны би Мобикомоос зээлээр 499.000 төгрөгөөр Самсунг М-12 маркийн гар утас худалдаж авсан. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлаасаа буугаад Дархан сумын 5 дугаар баг өргөө уулзвар өнгөрөөд Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн хажууд машинаас буухдаа худалдаж авсан гар утсаа гээгдүүлсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 11/,
Гэрч М.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажлаас гараад зах ороохоор Өргөөгийн уулзвар гараад Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн хажууд явж байтал шаргал өнгийн Т.Приүс маркийн машин зам дээр зогсохоор нь очоод суух гэтэл явахгүй гээд тухайн машины жолоочийн хажууд сууж явсан залуу бууж ирээд засмал замын хажуугаас хар өнгийн гэртэй утас олоод машиндаа суусан” гэх мэдүүлэг /хх 13-14/,
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:
“Samsung galaxy B-12” маркийн гар утас /шинэ/ 1 ширхэг нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 450000 төгрөг байна. /хх 22-23/,
Шүүгдэгч М.М.П-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 37/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 39-47/, П.Аззаяа, П.Идэрбаяр, П.Идэрхүү, П.Эрдэнэбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар, М.М.П-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга /хх 51-60/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийг хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.М.П- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй, гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Иймд шүүгдэгч М.М.П-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсонд нийцнэ.
Хохирогч М.М.Д- нь гээгдүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан болох нь хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан “эд зүйл хураан авсан тэмдэглэл”-р тогтоогдож байх тул шүүгдэгч М.М.П-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.П-ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.П-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.М.П-ийг 450000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М.П-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ