| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0533/и |
| Дугаар | 00554 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00554
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1957 онд төрсөн эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг 14-03 тоотод оршин суух, “Өндрийхөн” овогт Пэрэнлэйн Пүрэвдорж /РЭ-57021519/-ын хүсэлттэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тэтгэвэрт байдаг, Мөрөн сумын 3 дугаар баг 14-03 тоотод оршин суух “Шарнууд” овогт Доржийн Рэгзэдмаа /РЭ-60043003/
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Пүрэвдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие П.Пүрэвдорж нь Хөвсгөл аймгийн УААУГазарт 1982 оны 3 дугаар сарын 15-нд жолоочоор ажилд орж 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал ажилласан. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл миний ажилд орсон тушаал байгаа боловч гарсан тушаал архиваас олдохгүйн улмаас ажиллаж байсан хугацаа тооцогдохгүйд хүрээд байна.
Иймд намайг 1982 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал УААУГазарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рэгзэдмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Пүрэвдорж нь миний гэр бүлийн хүн ба Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад шүүх хуралдаан ирэх боломжгүй болоод би өмнөөс нь итгэмжлэлээр оролцох болсон юм. П.Пүрэвдорж нь Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1982 оноос 1992 оныг дуустал жолоочоор ажиллаж байсан ба тэтгэвэрт орох болж ажиллаж байсан байдлаас шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон учраас шүүхэд хандсан юм билээ.
Иймд П.Пүрэвдоржийг Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1982 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ГАЗ-66 маркийн жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч П.Пүрэвдорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1982 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 01-н хүртэл УАЗ-469 маркийн, 1982 оны 12 дугаар сарын 01-нээс 1987 оны 11 дүгээр сарын 14-н хүртэл ГАЗ-66 маркийн, 1987 оны 11 дүгээр сарын 14-нөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ГАЗ-53 маркийн жолоочоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн триестээс 1980 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Пэрэнлэйн Пүрэвдоржид нээж олгосон №281900 дугаар бүхий Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалингийн 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн цалингийн тодорхойлолт,
БНМАУ Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1982 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай “....ХӨ 73-56 номерын УАЗ-469 машины жолоочоор П.Пүрэвдоржийг 1982 оны 3 дугаар сарын 09-ны өдрөөс томилсугай....” гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
БНМАУ Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1983 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай “....ажилчид, албан хаагчдын 1983 оны ээлжийн амралтыг 1 дүгээр хавсралтаар баталсугай...144/ П.Пүрэвдорж жолооч....” гэх Амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар,
БНМАУ Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1984 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай “....IY дүгээр улирлын төлөвлөгөө биелүүлсэн бригад, отряд, цех, автомашины жолооч, алба хаагчид, ажилчдын 1,2,3,-р хавсралтаар тасралтгүй ажилласан нэмэгдлийг 4 дүгээр хавсралтад зааснаар тус тус олгосугай...5/ Худаг засварын бригад П.Пүрэвдорж. 5%....” гэх Шагналт цалин олгох тухай тушаалын хуулбар,
БНМАУ Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1985 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 42 дугаартай “....П.Жамсранжав даргатай засварчдын группийг III байр тус тус эзлүүлэн хавсралтад зааснаар шагнал олгосугай...2/ Төвийн уст цэг засварын групп 4/ П.Пүрэвдорж жолоочид цамц, тэмдэглэлийн дэвтэр....” гэх Шагнал олгох тухай тушаалын хуулбар,
БНМАУ Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1985 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай “....хавсралтад заасан нэр бүхий жолооч нарт байнга илүү цагаар ажилласны 15 %-ийн нэмэгдлийг олгосугай…8/ Пэрэнлэйн Пүрэвдорж ГАЗ-66, ХӨ73-08 15 хувь....” гэх Нэмэгдэл цалин олгох тухай тушаалын хуулбар,
БНМАУ Хөвсгөл аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай “....ажилчин албан хаагчдыг 1986 оны ээлжийн амралтын хуваарийг хавсралтад зааснаар баталсугай...53/ П.Пүрэвдорж жолооч....” гэх Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 154 дугаартай “....Усны аж ахуйн барилга үйлдвэрлэлийн нэгдлийн даргын шийдвэрээр хуваарилагдан ирсэн ГАЗ-53 маркийн ХӨ.51-00 маркийн автомашиныг Пэрэнлэй овогтой Пүрэвдоржид 1987 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс эзэмшүүлсүгэй....” гэх Автомашин эзэмшүүлэх тухай тушаалын хуулбар,
Гэрч А.Доржийн өгсөн: “....би усны аж ахуйд 1978 оноос 1990 оныг хүртэл ажиллаж байсан ба тухайн үед П.Пүрэвдорж нь жолооч хийдэг байсан. Яг хэдэн оноос хэдэн он хүртэл ажилласан талаар сайн мэдэхгүй байна....” гэх,
Гэрч Я.Базаргарьдаагийн өгсөн: “....1982 оноос 1992 оныг дуустал Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газарт засварын бригадад үйлчилгээний том тэрэг барьдаг байсан жолооч. 1982 оны хавар ажилд орсон санагдаж байна 3 сард л байх....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч П.Пүрэвдоржид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 11-ны өдрийн 10/250 дугаартай “....Усны аж ахуйг удирдах газрын даргын 1982-1990 оны тушаал шүүж үзэхэд П.Пүрэвдоржийг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.
Нэхэмжлэгч П.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Өндрийхөн” овогт Пэрэнлэйн Пүрэвдорж /РЭ-57021519/-ыг Хөвсгөл аймгийн Усны аж ахуйн удирдах газарт 1982 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 01-н хүртэл УАЗ-469 маркийн, 1982 оны 12 дугаар сарын 01-нээс 1987 оны 11 дүгээр сарын 14-н хүртэл ГАЗ-66 маркийн, 1987 оны 11 дүгээр сарын 14-нөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ГАЗ-53 маркийн жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ