Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс:166/2021/0016/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагч Т.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Э-,

Шүүгдэгч Г.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн 2018000000477 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 29 настай, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд:

-Дархан-Уул  аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар,

-Дархан-Уул  аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Дархан-Уул  аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, Г.Т-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Г.Т- нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ч.Ч.Б-ийг Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан баг Хадан хошууны орчим зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр 03-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнссэн, уг хэрэгт тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймаг Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын тайлбай дээр дахин Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ч.Ч.Б-ийг гаран тус газар нь цохиж зодсон.

Сүүлд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ч.Ч.Б-ийн зүүн далан тус газар нь төмөр шанагаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Г.Г.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.гэв.

Эрүүгийн  2018000000477 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед санагдаж байна. Би өөрийн охин А-г сургуулиас нь авах гээд явж байхад Г.Т- наадмын талбай руу нэг эмэгтэй хүн дагуулаад гартаа пиво бариад явж байсан. Тэрийг нь би хараад итгэхгүй шууд сургууль орж хүүхдээ аваад иргээд гэр лүүгээ явж байх замдаа наадмын талбай руу ороод үзье гэж бодоод яваад очиход Г.Т- наадмын талбайн шатан дээр нөгөө хүүхэнтэйгээ  голдоо нэг пиво тавьчихсан сууж байсан. 2020 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 17 цагийн орчимд манай нөхөр Г.Т- намайг зодсон юм. Тухайн өдөр би гэртээ хүүхдийн хувцас угаагаад байж байтал манай нөхөр зүс таних От- гэх залуутай архи уучихсан орж ирээд байж байхад нь Г.Т-гийн гар утас руу эмэгтэй хүн залгасан юм. Тэгэхээр нь би Г.Т-д хандан юун эмэгтэй залгаад байгаа юм бэ гэж асуухад Отгонбаяр надад хандан манай найз охин байгаа юм би гар утасгүй болохоор Г.Т- ахын гар утас руу залгаж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тухайн үед энэ яриа болоод өнгөрсөн юм. Гэтэл Г.Т- гэнэт над руу ”чи одоо намайг өөр шигээ янхан гэж бодоод байгаа юм уу, муу янхан минь, чи яах гэж миний гар утсыг авдаг юм бэ гэж хэлээд хоол хийдэг төмөр шанагаар миний зүүн талын тал мөр, суга, хэсэгт нэг удаа маш хүчтэй цохиод миний баруун талын шилбэ рүү нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх 13/,

Гэрч Б.Ц- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би бол өөрийн төрсөн хүү Г.Г.Т-г өмөөрөх зүйл байхгүй. Гэхдээ миний хүү маш их хөдөлмөрлөж мөнгө олдог. Тэгээд Ч.Ч.Б- нь 5 жил Г.Г.Т-тэй хамт амьдрахдаа нэг ч удаа ажил хийж мөнгө олж үзээгүй. Олж ирсэн мөнгийг нь хэрэггүй зүйлд үрээд дуусдаг. Хүү маань өөрийнхөө олсон мөнгөнөөс ганц турсик ч өөртөө авч өмсөж үзээгүй. Энэ хоёр дундаасаа нэг хүүтэй. Ч.Ч.Б- нь анх миний хүүтэй хамт амьдарч эхлэхдээ архины хамааралтай байсан. Тэгээд дундаасаа гарсан хүүхдээ 7 сартай байхад нь хүүхдээ согтуурсан байхдаа зодож байхад цагдаа ирж болиулж байсан. Тэгээд тухайн үедээ шүүхээр орж асран хамгаалагчаар намайг тогтоосон юм. Одоо хүүхэд нь 4 настай Ч- гэх эрэгтэй хүүхэд надтай хамт Дархан-Уул аймагт амьдарч байна. Хүүхэд нь дауны синдром гэх оноштой өвчтэй хүүхэд байгаа юм. Нэг сар 5 хоногтой байхад нь хүүхдээ 3 хоногоор хаяж архи уугаад явж байхад нь Шарын гол сумын хамтарсан багийн хүмүүс олж өгч байсан юм. Ч.Ч.Б- нь өөрөө дагавар нэг охинтой юм. Тэгээд одоо надтай Ч.Б- нь үргэлж хэрүүл хийдэг. Юуны талаар вэ ? гэхээр одоо над дээр байгаа тухайн хоёр хүний хүүхэд 4 настай Ч- хүүхдийн тэтгэмж гэх сар бүр өгдөг 100.000 төгрөгийг би авна гээд хэрэлдээд байдаг юм. Тэгэхээр нь би Ч.Б-т хандаж “та нар тэгвэл хүүхдээ өөрсдөө авч өсгө” гэж хэлдэг юм. Тэгэхээр миний урдаас “би хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авахгүй” гэж хэлдэг. Ер нь л тэр хоёр хүний амьдрал үргэлж л цагдаа, шүүх гэсээр байдаг юм. Миний төрсөн хүү Г.Г.Т- нь 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд миний ганц хүү болж төрсөн. Тэгээд 4 нас хүртлээ надтай хамт амьдарч байгаад үүнээс хойш Төв аймгийн Алтанбулаг сум руу эмээ дээрээ очиж байж байгаад Шарын гол сумын Ерөнхий боловсролын 01 дүгээр дунд сургуульд орж суралцаж байгаад 06 дугаар ангиасаа Төв аймгийн Алтанбулаг сум руу шилжээд тэндээ 09 дүгээр анги төгссөн. Тэгээд Шарын гол суманд 45 хоногийн сургалтын төвд экскаваторын оператор мэргэжлээр сурч төгссөн. Миний хүү Г.Г.Т- нь уг нь их зөөлөн цайлган сэтгэлтэй, хүнд их тусархуу хүүхэд байгаа юм. Бага наснаасаа эхлэн ямар нэгэн буруу зуршил байгаагүй. 19 наснаасаа эхлэн тамхи татаж эхэлсэн. Энэ Ч.Ч.Б- гэх эмэгтэйтэй 22 наснаасаа хойш уулзаж байгаад хамт амьдарч эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх 14/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 774 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Ч.Ч.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх 20/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 859 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.Ч.Ч.Б-ийн биед тархи доргилт, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Ч.Ч.Б-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Ч.Ч.Б-ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 25-26/,

 

Шинжээч эмч Д.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ч.Ч.Б-ийг өөрийн биеэр нь үзэж дүгнэлт гаргасан. Үзлэгт тархи доргилтын шинж болон нүдний алимын чичирхийлсэн хөдөлгөөн хөндлөн чиглэлд илэрнэ гэсэн шинж илэрсэн учир хөнгөн зэргийн гэмтэл гэж үзсэн. Эмч А.И- 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тодорхойлолтод судасны цохилт 84 удаа зүүн гар даагдахгүй, суганы доод хэсэгт 5 см орчим хөхрөлт үүссэн, хөхөрсөн хэсэгт булчин чангарсан өвдөлт ихтэй байна гэж тэмдэглэсэн байсан.

Ч.Ч.Б-ийн хувьд бие бялдрын хувьд туранхай эцэнхий, эрүүл мэндийн талаас урд өмнө толгой тархи гэмтэж байсан өгүүлэмжтэй хүн л дээ. Цээжний зүүн хэсэг дал орчимд хүчтэй цохих үед биеийн ерөнхий доргилт үүсэж үүний улмаас тархи доргилт үүсэж болно.” гэх мэдүүлэг /хх 36/,

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 7-8/,

 

Хохирогч Ч.Ч.Б-ийн гэрэл зураг /хх 27/,

 

Шүүгдэгч Г.Г.Т-гийн арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолтууд /хх 47-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 54-66/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад 

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г.Т- нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ч.Ч.Б-ийг Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан баг Хадан хошууны орчим зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр 03-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнссэн, уг хэрэгт тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймаг Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын тайлбай дээр дахин Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ч.Ч.Б-ийг гаран тус газар нь цохиж зодсон. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ч.Ч.Б-ийн зүүн далан тус газар нь төмөр шанагаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх яллах болон цагаатгах талын тэгш мэтгэлцээний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Шүүгдэгч нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ч.Ч.Б-ийг Дархан-Уул аймгийн Шарын гол сум Хайрхан баг Хадан хошууны орчим зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр 03-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэснээр эрүүгийн хариуцлага тооцсон байх тул дахин түүнд яллах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд харшлах тул шүүгдэгч Г.Г.Т-гийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэж үзэх үндэслэлгүй.

 

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймаг Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын тайлбай дээр дахин Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ч.Ч.Б-ийг гаран тус газар нь цохиж зодсон болох нь хохирогч Ч.Ч.Б-ийн...”2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед ...хамтран амьдрагч Г.Г.Т- нь наадмын талбай руу танихгүй эмэгтэйтэй хамт явж байхаар нь араас нь уулзах гэж очтол намайг харангуутаа “чи зайлаач ээ” гэж хэлэхээр нь би түүнд “чи миний нүүрийг гэмтээчихээд хохирлыг минь барагдуулж өгөхгүй яах гээд байгаа юм бэ” гэж хэлтэл миний баруун мөрөн тус газарт гараа атгаад цохисон” гэх мэдүүлгээр, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 774 дүгээр дүгнэлтийн 1. Ч.Ч.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлтээр Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршиг учраагүй байх тул Г.Г.Т-гийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г.Т- 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ч.Ч.Б-ийн зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн, зүй бус үг хэллэгээр доромжлон зүүн далан тус газар нь төмөр шанагаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай болох нь хохирогч Ч.Ч.Б-ийн ...” дүү О- архи уусан, согтуу байдалтай орж ирсэн. Би хоол хийснийг идээд сууж байхад нь чи ямар их уддаг юм бэ? утас руу чинь нэг  охин залгаад байсан хэн юм бэ? гэхэд чи яахаараа хүний утсыг дураараа авдаг юм бэ? гээд шанагаар толгой руу цохисон” гэх мэдүүлгээр, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 859 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Ч.Ч.Б-ийн биед тархи доргилт, цээжний зүүн хажуу хэсгийн цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Ч.Ч.Б-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлтээр тус тус хохирогч Ч.Ч.Б-ийн халдашгүй байдал, эрх эрх чөлөөнд халдаж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу хамтран амьдрагч нь хамтын амьдрал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох бөгөөд тухай хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г.Т- хохирогч Ч.Ч.Б-ийг үл хүндэтгэн зүй бус үг хэллэгээр гутаан доромжлох, түүнчлэн хүч түрэмгийлэн бие махбодид халдах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэхээр байна.

Ийнхүү гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндийн эрх чөлөөнд халдсан түүний  2020 оны 10 сарын 08-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн зэргийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

 

Иймд шүүгдэгч Г.Г.Т-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт хохирогч Ч.Ч.Б- Г.Г.Т-гөөс нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Г.Т-гийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 161 хоногийн 1 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг ялаа эдэлсэнд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Г.Т-г Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн ба “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан тул түүнд дээрх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3.Шүүгдэгч Г.Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Г.Т-гийн цагдан хоригдсон 161 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг ялаа эдэлсэнд тооцсугай..

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Г.Т-г Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

            6.Шүүгдэгч Г.Г.Т- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ