| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0555/и |
| Дугаар | 00555 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 00555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1965 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 26-03 тоотод оршин суух “Авга хариад” овогт Намдагийн Намжилжав /РД-65071804/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Н.Намжилжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Намжилжав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2 дугаар ангиасаа сургуулиас гараад түүнээс хойш эцэг, эхийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1981 оноос эхлээд нэгдэл тарах хүртэл буюу 1992 оныг дуустал малчин хоньчноор ажиллаж байсан юм. Одоо өндөр настны тэтгэвэрт орох дөхөж байгаа тул шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор хандсан болно.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн Ундрал” нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Н.Намжилжав нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн Ундрал” нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн 3/126 дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Ч.Төмөрбаатарын өгсөн: “....Н.Намжилжав нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл төлчин саальчин байсан....” гэх,
Гэрч Т.Цэгмэдийн өгсөн: “....Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оноос 1992 оныг дуустал төлчин, саальчин байсан. 1981 оны 01 дүгээр сард ажилд орж байсан санагдаж байна....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин шүүх Н.Манжилжав гэх цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбар зэргийг үнэлсэн болно. Учир нь: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэгчийн 2017 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн №0000271287 дугаартай овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээний хуулбар,
“Авгахариад” овогт Намдагийн Намжилжавын 117/26 дугаар бүхий төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүх нотлох баримт үнэлсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Авга хариад” овогт Намдаг Намжилжав /РД-65071804/-ыг Хөвсгөл аймгийн Галт сумын “Идэрийн Ундрал” нэгдлийн 1 дүгээр бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Намжилжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ