Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 641

 

 

 

 

 

 

 

 

 

М.Тид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Батнасан,

шүүгдэгч М.Тийн өмгөөлөгч Ж.Жавзандулам, Д.Алтантуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн М.Тид холбогдох 201525020496 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн М-н Т, 1958 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цаг уурын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Сүхбаатар дүүргийн .................... оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ................./,

М.Т нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-16б тоотод 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн дүү М.Эыг цээжний зүүн урд болон зүүн ард хэсэгт хоёр удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: М.Тид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос шүүгдэгч М.Тид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

Шүүгдэгч М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар М.Тийг 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тид оногдуулсан 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан М.Тийн цагдан хоригдсон 322 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн никель өнгийн 1 ширхэг хутга, бор цоохор өнгийн хөнжил, ногоон өнгийн одъяал, хар цамц, хараа нэртэй архины хагарсан шил, 10 хурууны хумс, цус мэт зүйлээр бохирлогдсон 12x15 см-ийн хэмжээтэй хивсний дээж 1 ширхэг, М.Тийн баруун зүүн гарын арчдас 2 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ хэрэгт холбогдуулан хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

М.Тид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хэрэг гардаг өдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр талийгаач М.Э Хөхөө буюу Ж.Батбаяр, нүдний шилтэй В.Батбаяр бид дөрөв 0.75 граммын архи хувааж уучихаад Ж.Батбаяр, В.Батбаяр, талийгаач гурав гараад явсан гарахдаа хаачна гэдгээ хэлээгүй. Би тэр гурвыг гарсны дараа унтаад өгсөн байсан. Үүнээс хойш талийгаач М.Эыг хэзээ орж ирсэн, хэнтэй ирсэн талаар огт мэдэгдээгүй. Тухайн өдөр бид нарын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан үл ойлголцол үүсээгүй. Талийгаач дүү бид хоёр 10 гаруй жил хамт амьдарсан бөгөөд хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэж байгаагүй. Энэ талаар бидний ахан дүүс болон найз нөхөд мэдэх зүйлээ мэдүүлсэн байдаг. Хэрэг гардаг өдөр талийгаач дүү 2 удаа хутгалуулж нас барсан байдаг ба талийгаачийн өмссөн байсан бүх хувцас нь хэвтэж байсан ор гудас, хөнжил нил цус болсон байсан. Хэрвээ миний бие дүүгээ хутгалсан бол миний өмсөж байсан хувцас, гар цус болсон байх ёстой. Хэргийн газраас би тухайн өдөр өмссөн хувцастайгаа цагдаагийн газарт очсон. Миний бие болон хувцасанд ямар нэгэн цус байгаагүй. Хэрэг гардаг шөнө хаалгаа онгойлгож өгөхдөө ч дүүгээ нас барсан байгааг мэдээгүй байсан бөгөөд гаднаас орж ирсэн Б.Чимэд “...хүүш энэ чинь бие нь хөрчихсөн байна шүү дээ, хүйтэн болчихсон байна үхчихсэн юм биш үү” гэж хэлэхэд нь хүртэл үнэмшээгүй. Хэрвээ би дүүгээ алсан бол айж түгшсэн байдалтай байх байсан.  Тэр хүмүүст хаалгаа тайлж өгөхгүй байх байсан. Энэ хэрэгт цагдан хоригдож шалгуулсан үеэс эхлэн миний бие энэ хэргийг үйлдээгүй талаар удаа дараа мэдүүлж, хүсэлт гаргаж байсан. Гэрч Ж.Батбаярын “..архи дууссаны дараа Эрка бид хоёр хамт гараад манай гэрт очсон. Надаас кобой гутад Эрдэнэбат авсан” гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр Ж.Батбаяр, В.Батбаяр нар архи ууж дуусаад гараад явсан гэсэн миний мэдүүлэгтэй Ж.Батбаярын мэдүүлэг тохирч байна. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд талийгаач М.Э Ж.Батбаяраас авсан гэх кобой гутлаа гэрт авч ирсэн бол гэрт гутал байсан эсэхэд үзлэг хийж өгөх тухай хүсэлт гаргасныг шалгаж өгөөгүй. Талийгаач М.Э Ж.Батбаярын гэрээс кобой гутлаа аваад хаашаа хэнтэй уулзсан, хэдэн цагт гэртээ ирсэн, тэр гутлаа яасан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Миний бие талийгаач дүү М.Эын амь насыг хөнөөгөөгүй. Бидний хооронд тэр өдөр ямар ч хэрүүл маргаан үүсээгүй. Энэ талаар тэр өдөр хамт архи ууж байсан бүх хүмүүс гэрч нар тодорхой мэдүүлсэн. Надад дүүгээ хөнөөх ямар ч санаа, шалтгаан байхгүй. Би одоо 60 настай, Зүрхний архаг цус хомсрох өвчтэй, сахарын хүнд хэлбэрийн өвчтэй, артерийн даралт ихсэлт 2 дугаар үе оноштой эмчийн хяналтанд байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний авга ах М.Т нь талийгаач аавтай минь хориод жил нэг гэрт хамт амьдарсан. Энэ хугацаанд хөршүүд болон найз нөхөддөө хоёр загал хэмээн хүндлэгдэж найз нартаа тус дэм болон амьдарч байсан. Аав болон М.Т нар нь хоорондын харьцаа сайн байсан. М.Т энэ хэргийг хийх хүн биш бөгөөд хэргийг хянан шалгах явцад миний бие хэргийн материалтай хэд хэдэн удаа танилцаж байсан. Хэргийн материал дээр М.Т ахыг маань энэ хэргийг хийчихсэн гэх баримт нотолгоо олж хараагүй бөгөөд энэ хэргийг дутуу шалгасан гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Тийн өмгөөлөгч Ж.Жавзандулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие прокурорын яллах дүгнэлтийг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, мөн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал” гэдгийг сайтар анхаарах ёстой гэж үзэн гомдол гаргаж байгаа. Хууль ёсны өмгөөлөгчөөр өчигдөр солигдож хавтаст хэргийн материалтай танилцсан. Эрүүгийн хуульд заасан хууль ёсны байх гол зарчим нь хүн гэмт хэрэг, гэмт санаа бодлоо өөрийн тодорхой үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэн гаргаагүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн онолын үндэслэл байдаг. Бас гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн гэм бурууг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан. Мөн гэм буруугийн байдал бол гэмт этгээдийн оюун санааны хүсэл зоригийн шинж ухамсарт агуулагдаж үйлдэл эс үйлдэхүйгээр илэрдэг. Шүүгдэгч М.Т гэм буруугаа хүлээж гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл нотлох баримтаар хөдлөшгүй тогтоогдох ёстой. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг прокурор, мөрдөгч нь хөтөлбөргүй тогтоох үүрэгтэй гэж заасан. Тэгэхээр хэргийн бодит байдлыг үндэслэлийг тал бүрээс нь сайтар нягтлан шалгаж тогтоосны эцэст ял өгөх нь хуульд нийцнэ. Уг хэрэгт эргэлзээ бүхий бүрэн шалгаж тогтоогоогүй дараах үйл баримтууд хавтаст хэрэгт байна. Үүнд: Талийгаач 2 удаа хутгалуулж нас барсан гэж байгаа боловч яг хутгалсан хутга мөн эсэхийг нарийвчлан тогтоогоогүй. Зурагт авагдсан хутганы зузаан, өргөн, нимгэнийг тогтоогоогүй. Зөвхөн урт хэсгийг тогтоосон харагддаг. Хавтаст хэргээс харахад шархны хэмжээ 2.7 мм хутганы ир орсон гэж байгаа боловч хэрэгт авагдсан хутганы хэмжээ 2.2 мм байсан. Шинжээч шархны гүнд ямар хэмжээтэй мэс орсон гэдгийг тогтоож чадаагүй. Өөрөөр хэлбэл уг хутга нь хэдийгээр бохирлогдсон ч талийгаач биед ямар ул мөр үлдсэн гэдгийг нарийвчлан тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Гэрч В.Батбаатар нь хэрэг үйл явдалд оролцож байсан бүх хүмүүсийн өмсөж явсан хувцсыг хэлдэг. Тухайлбал талийгаачийг саарал цэнхэр өнгийн усан цэнхэр өнгийн даавуун өмд өмссөн байна гэж мэдүүлдэг. Гэтэл хэргийн газрын үзлэгээр цайвар шаргал өнгийн подволк хураагдсан. Үүний гол ялгаа нь цайвар шаргал өнгийн подволк хаана байна, үүний ялгааг тогтоогоогүй байна. Мөн үүнийг шүүгдэгч М.Тоос нэг ч удаа асуугаагүй байдаг. Уг хэрэг нь 4 дүгээр сарын 25-ны өдөр үйлдэгдсэн. Үүнээс өмнө цагаан сарын үеэр буюу 2 дугаар сард Дэнгээ буюу Мөнх-Эрдэнэ нь хулгай хийхээр амбаар гэр хоёрын дундуур орж ирсэн гэж шүүгдэгч мэдүүлсэн. Мөнх-Эрдэнэ нь ч гэсэн орсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл туршилт хийхэд энэ завсар хүн орох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Зургаас харахад энэ хоёрын дунд хүн орох зайтай мэт давуугаар бүтээгээд цохьчихсон харагдаж байгаа юм. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй байна. Чимэд буюу нэр бүхий хүмүүс 23 цагийн үед М.Тийн хаалгыг тогшоод эргэж ирэх үедээ гэрт хоёр хүн байгааг мэдсээр байтал зөвхөн Оёоо гэж дуудаж, Оёоо нь 2-3 минутын дараа яагаад Эрдэнэбат гэж дуудахгүй Оёоо гэж дуудаад байгаа юм бэ гээд хаалгаа нээж өгдөг. Шууд нас барсан Эрдэнэбат дээр очоод босооч ээ гээд энэ хүний бие чинь хөшчихсөн хүйтэн болчихсон байна шүү дээ, үхчихсэн юм уу гэж асуудаг нь Эрдэнэбатад гэмтэл учруулсан гэх эргэлзээ байгаа нь хавтаст хэргээс харагдаж байна. Үүнийг нарийвчлан шалгаагүй. Хавтаст хэргээс цогцосыг харахад өмд хэсэгт цус урсан байдалтай харагддаг. Энэ нь талийгаач босоо байдлаас хутгалуулсан байж болохыг нотолж байгаа юм. Босоо байдлаас хутгалуулсан бол гэдэс хэвлий хэсэг рүү цус дагаж урсах ёстой. Гэтэл гэдэг хэвлий рүү огт цус толбо байдаггүй. Үүнийг хэн нэгэн цэвэрлэсэн байж магадгүй гэж үзэж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд заавал шалгаж тогтоох ёстой байсан. Хэрвээ шүүгдэгч уг цусыг цэвэрлэсэн гэж үзвэл шүүгдэгчийн хоёр гарт ямар нэгэн цусны үлдэгдэл байх ёстой байсан. Зүүн гарт нь шарх бүхий цус байдаг. Уг цус хэний цус вэ гэдгийг тогтоогоогүй. Мөн гэрийн тооноор хүн орж болох эсэхийг шалгах ёстой байсан. Хэргийн газрын үзлэгээр тоон нь гурван цонхтой. Зүүн талын цонх нь шилгүй. Хоёр цонхны нэг нь шилтэй нэг нь яндан гарсан байдалтай. Энэ онгорхой цонхоор хүн орж болох уу, ямар хэмжээтэй эсэхийг шалгах ёстой байсан. Хашаан дотор 2 гэр байдаг. Хоорондоо 2-3 метр зайтай гэж мэдүүлсэн байсан. М.Тийн хажуу айлын хүн Оюунгэрэлийн мэдүүлэгт “намайг 20 цагийн орчим ажлаасаа гараад гэртээ ирээд хоол хийх гэтэл тог тасарсан байсан. Үүнийг мэдээд тогны утсаа шалгах гээд гэрээсээ гарахад М.Тийн зүүн талд утас тасарсан байсныг залгаад ороход тэдний гэрэл асаалттай байсан” гэдэг мэдүүлэг өгсөн байсан. Шүүгдэгч М.Тоос энэ талаар асуухад манайх өдөр шөнөгүй гэрэлтэй байдаг. Яагаад гэвэл манайд унтраалга байхгүй учир гэрэл байнга асаалттай байдаг гэсэн мэдүүлэг өгсөн. Хэрвээ уг хэргийн үйлдэхдээ гарч тогтоо тасалж байгаад төрсөн дүүгээ хутгалах уу гэдгийг шалгах ёстой. Тэгээд ч өндөр согтолттой унтаж байсан хүн гэрлээ унтраагаад хүн алах нь эргэлзээтэй. Мөн Оюунгэрэлээс та М.Тийн амбаарыг хүн түлхэж орж байсан уу гэдгийг мэдэх үү гэхэд ямар ч байсан үүдний амбаарыг түлхэж хүн орох зай гарсан байсан гэдгийг мэдүүлдэг. Тэгэхээр гэр амбаар хоёрын завсар хүн ордог байсан үгүйг тогтоох ёстой байсан. Мөн хэргийн газраас улаан шонхор гэх тамхины 2 иш гарч ирсэн. Энэ тамхины ишнээс шинжилгээгээр 2 дугаар бүлгийн цустай хүнийн цус илэрдэг. Гэтэл шүүгдэгч Эрдэнэбат, М.Т нь ийм бүлгийн цусгүй. Үүнийг хэн татсан бэ гэдгийг шалгаж үзээгүй. Прокурор насанд хүрээгүй гэрч Б.Хулан, Ж.Батбаяр нарын мэдүүлгээр тэр хоёроос өөр хүн гэрт байхгүй байсан, туршилтаар гэр дотор орох ямар ч боломжгүй. Тиймээс М.Т үйлдсэн нь нотлогдож байна гэж яллах дүгнэлт бичсэн. Гэтэл М.Т согтуу тухайн үед архи нь гараагүй унтаж байсан хүн төрсөн дүүгээ ямар зоригоор хутгалсан гэдгийг тогтоогоогүй. Үүнийг харсан юм шиг ингэж ярьж яллах дүгнэлт үйлдэж болохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгийн хамгийн гол шинж нь субъектив санаа зорилго нь санаатай үйлдэл байдаг. Гэрчийн мэдүүлэгт санаатай алсан гэх үйлдэл нь холбоогүй байгаа юм. Дээрх байдлаар М.Тийг хохирогчийг санаатай алсан гэх нөхцөл байдал бүрэн дүүрэн нотлогдохгүй байна. Зөвхөн ах дүү хоёр байсан гэж яллаж болохгүй. Нөгөө талаар хохирогчийн ар гэрийнхэн, гэрч Л.Хүдэрбат зэрэг хүмүүс шүүгдэгчийн хувийн байдлыг хүн алах хүн биш гэдгийг олон удаа тодорхойлсон байдаг. Энэ ах, дүү хоёрыг 20 жил эвтэй хамт амьдарсан гэдгийг нотолдог. Тиймээс гэм буруу нь гарцаагүй нотлох баримтуудаар нотлогдсон этгээд л ял өгөх зарчим эрүүгийн хуульд байдаг. Тэгэхээр эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар энэ хэргийг М.Т үйлдсэн нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Тиймээс энэ хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч М.Тийн өмгөөлөгч Д.Алтантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг зөрчсөн. Мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасныг хэрэглээгүй. Үүнээс болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн тус зүйлийн 2 дахь хэсэгт “мэдээлэлд гэрчийн мэдүүлэг орно” гэж заасан байдаг. Гэрчийн мэдүүлгийг харьцуулан шинжлэн судлах аргаар шинжлэн судалж үзсэн. Тэгэхэд 2 хүний эргэлзээ бүхий мэдүүлэг байна. Ж.Батбаяр нь мэдүүлэхдээ “би хамгийн сүүлд М.Т, Эрдэнэбат нарын гэрээс гараад явсан. Гэхдээ 15 цагийн үед гарсан” гэж мэдүүлдэг. Дараа нь 15 цаг 40 минутын үед гарсан гэдэг. Мөн дахин мэдүүлэг өгөхдөө би 17 цаг 30 минутын үед гарсан гэж мэдүүлэг өгдөг. Үүнийг Дэнгээ хочтой Мөнгөн-Эрдэнэ баталдаг. Тухайн мэдүүлэг далан дээр зогсож байх үед хөхөө хүрч ирээд тасрахнээ гээд орилоод байсан. Тэгэхэд Чимэд надтай цуг байж байгаад тэр хүнийг Чимэд гэрт нь хүргэж өгсөн гэдэг. Ж.Батбаярын мэдүүлгийг харахад хэрэг болсон цаг хугацаа руу дөхөж байна. Гэтэл насанд хүрээгүй гэрч Хулангийн мэдүүлэгт би 17 цагийн үед гэртэй ирсэн. Гэртээ ирээд байж байхад хашааны хаалга дугарах  шиг болохоор нь гараад харсан чинь 3 эрэгтэй хүн байсан. Тухайн хүмүүс нь гэрт ороод 5-10 минут болоод гараад явсан. Би дараа нь харсан чинв Эрдэнэбат ах хашааны хаалгаа түгжиж байгаа юм шиг харагдсан гэдэг. Мөрдөгч нь Хулан гэрчээс яг энэ хэдэн цагийн үед болсон асуудал вэ гэхэд 18 цагийн үед болсон. Чи 18 цагийн үед болсон гэж андуураад байгаа юм биш үү гэхэд тухайн үед 18 цагаас Солонгос кино гардаг. Кино гарах үед би зурагтаа асаасан. Зурагтын цаг 18 цаг 5 минут болсон байна гэж мэдүүлэг өгдөг. Тэгэхээр яг 17 цаг 30 минутын үед Ж.Батбаяр нь гарч явсан байдаг. Харин далан дээр Чимэд, Дэнгээ нар хохирогчтой байсан байна. Чимэдийн мэдүүлэгт “би 17 цагаас Данзандаржаа гэдэг хүний гэрт ажил хийж байсан. Шон нь уначихаар нь шонг засаж байгаад 17 цагийн үед гэртэй хариад 18 цагийн үедд дэлгүүрийн үүдэнд очсон. Тэгээд би хүргэж өгсөн юм” гэж эхний мэдүүлдэг өгдөг. Яг тэр үед Дэнгээ, Хөхөө, Чимэд гурав уулзаж байсан нь тогтоогдож байна. Тэгэхээр Чимэд, Ж.Батбаярыг гэрт нь хүргэж өгсөн эсэх нь эргэлзээтэй. Мөн Хулангийн мэдүүлэгт “Халзан толгойтой шар подволктой хүн байсан. Харах юм бол танина” гэж мэдүүлэг өгдөг. Гэрчүүдийг мэдүүлгийг бүгдийг нь уншаад үзэхээр Ж.Батбаяраас өөр халзан толгойтой хүн байгаагүй. Мөн 4 дүгээр сарын 25-ны 18 цагийн үед хариу бүрий болчихсон байсан. Гэхдээ Хулангаас М.Э хаалга түгжиж байсан гэдгийг харсан юм уу гэдгийг асууж шалгаагүй байдаг. Тэгэхээр яагаад М.Эын подволк нь тайлагдсан байсан юм бэ гэдэг нь эргэлзээтэй. Эсвэл тэр охиныг харсан учраас магадгүй тухайн охинд М.Э байна гэх ойлголт төрүүлэх зорилгоор М.Эын подволк малгайг нь өмсөөд гарсан байж магадгүй. Тэгэхээр Хулан гэх гэрчээс яг ойроос харсан юм уу, мөн байсан юм уу гэдгийг тодруулах шаардлагатай байсан. Эдгээр нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн үзээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу шүүгдэгч М.Тид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Тийг цагаатгаж, жинхэнэ гэмт этгээдийг тогтоохоор хэргийн мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Р.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь талийгаач М.Эад шинжилгээ хийсэн 788 дугаартай дүгнэлтээр “М.Э нь цээжний хөндийд нэвтэрч зүүн уушги, үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн шарх гэмтлийн улмаас нас барсан. Энэ гэмтэл нь хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Гэмтлийн улмаас зүрх судас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан” гэж дүгнэлт гарсан байсан. Уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Мөнхбаяр нь мөрдөн шалгах ажиллагаанд дүгнэлттэй холбоотой мэдүүлэг өгсөн. Уг дүгнэлтээр талийгаачийг нас барсан цаг хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 19-20 цагийн орчим нас барсан байх боломжтой талаар мэдүүлсэн. Мөн талийгаач нь уг гэмтлийг өөртөө үүсгэх боломжгүй гэж мэдүүлсэн байдаг. 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 19-20 цагийн орчимд буюу М.Э нь нас барсан байх боломжтой цаг хугацаанд М.Э нь хаана хэнтэй ямар байдалтай байсан талаар нөхцөл байдалтай байсныг мөрдөн шалга ажиллагаагаар шалгаж тогтоосон. Шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдсон.  Өмгөөлөгч нар нь гаргаж буй санал хүсэлтдээ насанд хүрээгүй гэрч Хулангийн мэдүүлгийг үндэслэж байна. Хулангийн мэдүүлэгт “тухайн өдөр 17 цаг өнгөрч байхад гэртэй ирсэн. Гэртээ ирээд хашааны хаалга дугарахаар нь гэрийнхээ үүдээр харсан. Харахад М.Э ах өөрөө хашааны хаалгаа түгжээд орсон. Энэ цаг хугацаанаас хойш энэ айлд ямар нэгэн хүн орж ирээгүй” талаар мэдүүлсэн. Мөн туахйн гэрч нь 20 цагийн үед эцэг, эх хоёрыгоо ирсэн талаар мэдүүлсэн. Түүний ээж нь мэдүүлэгтээ “20 цагаас хойш гэртэй ирснээс хойш М.Тийн гэрт ямар нэгэн хүн гаднаас орж ирээгүй, гараагүй” талаар мэдүүлсэн байсан. Мөн энэ хэргийн гэрч Ж.Батбаяр нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр М.Э, М.Т хоёртой хамт юм ярьж сууж байгаад 17 цагийн үед М.Э нь намайг хашаанаас гаргаж өгсөн гэж хэлдэг. М.Э, М.Т хоёр хамт гэртэй үлдсэн гэдгийг мэдүүлсэн. Дээр дурдсан гэрчийн мэдүүлгээс харахад талийгаачийн нас барсан байж болох цаг хугацаа буюу 19-20 цагийн хооронд гэмт хэрэг үйлдэгдсэн газарт М.Э, М.Т нараас өөр хүн байгаагүй. Тухайн цаг хугацаанд гаднаас гэрт ороогүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн туршилт хийсэн тэмдэглэл байдаг. Энэ туршилтыг яагаад хийсэн гэхээр мөрдөн байцаалтын шатанд М.Т нь Дэнгээ буюу Мөнгөн-Эрдэнэ гэдэг хүн цагаан сарын үеэр манай гэрийн урд байрлах амбаарыг ухаж асуудал үүсгэж байсан талаар мэдүүлж байсан. Тухайн амбаарыг хөдөлгөж орох гаднаас ямар нэгэн байдлаар дотроос нь цоожтой байх үед хүн орох боломжтой юу гэдэг талаар мөрдөн байцаалтын шатанд туршилтыг хийсэн. Туршилтаар цоожийг М.Тоор өөрөөр нь цоожлуулж ямар хугацаанд онгойлгох боломжтой талаар хийсэн байдаг. Тэгэхэд замган цоож байрлуулсан хаалгыг дээш өргөхөд бүрэн хаагддаг, гаднаас онгойлгох ямар нэгэн зай завсар байхгүй. Өөрөөр хэлбэл онгойлгох боломжгүй нөхцөл байдал тогтоогддог. Хаалганы дээд хэсэгт 15 см өргөнтэй 65 см урттай сараалжин хаалттай байсан. Уг хаалтаар гараа ороод онгойлгох ямар нэгэн нөхцөл байдал тогтоогддоггүй. Мөн Дэнгээ буюу Мөнгөн-Эрдэнэ гэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн байж магадгүй гэж шалгасан. Энэ гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт тогтоогдохгүй байсан учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх нотлох баримтуудаар М.Тийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.Т нь 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-16б тоотод өөрийн төрсөн дүү М.Эыг цээжний зүүн урд болон зүүн ард хэсэгт хоёр удаа хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй гэрч Б.Хулангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагийн үед гэртээ ирээд сууж байтал хашааны хаалга дугараад би гэрийн үүдээр харахад 3 хүн М.Э ахын гэр рүү явж ороод 5-10 минут болоод буцаад гарч явсан тэр үед би харахад М.Э ах өөрөө хашааны хаалга түгжээд буцаад гэртээ орж байсан. Үүнээс хойш ямар нэгэн хүн хашаанд орж ирээгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас/,

гэрч Ж.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ...М.Э, М.Т хоёртой ям ярьж сууж байгаад 17 цаг өнгөрч байх үед М.Э намайг хашаанаас гаргаж өгөөд М.Э, М.Т хоёр л гэртээ үлдсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,

гэрч Г.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2015 оны 4 дүгээр сарын 25-ны орой 23 цагийн орчимд гэрээсээ гарч дэлгүүр орж 0.33 граммын хараа архи 1 шилийг аваад гарч явах үедээ Батбаяр, Жаахнаа, Чимэд ах нартай тааралдсан. ...Хаалгыг нь нүдтэл 2-3 минут орчим хаалгаа онгойлгоогүй. Чимэд ах Оёо гээд дуудтал хаалгаа онгойлгож өгсөн. Бид 3 дотогш ороход Оёо гэгч хойд талын орон дээр Эрдэнэбат гэж яриад байгаа хүн баруун талын орон дээр унтаж байгаа харагдсан ба дээгүүрээ нүцгэн доод талын өмдний хэсэг нь цус болсон харагдаж байсан. Чимэд ах очсоноо “босоорой” гэснээ “бие нь хөрчихсөн байна шүү дээ, хүйтэн болчихсон байна үхчихсэн юм биш үү” гэхэд Ооёо “юу гэж үхэх юм” гээд уурлаад байсан. Чимэд ах “утсаа өг түргэн дуудах хэрэгтэй байна” гэхэд “байхгүй пизда минь Эрдэнэбатад байгаа” гэж орилсон... Чимэд ах хажуу айлын хүний утсаар түргэн цагдаа дуудсан ингээд цагдаа нарыг иртэл нь би хэргийн газарт байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

гэрч Н.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...23 цагийн үед танихгүй 3 хүн орж ирээд “хажуу айлын Эрдэнэбат нил цус нөж болсон байна. Ар гэрийн хүнийг дуудах шаардлагатай” гэхээр нь 103 дуудсан. Өөрийн дүү гэх Цогоо руу нь залгахад утсаа авахгүй байсан тэгээд цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-63 дугаар хуудас/,

гэрч Б.Чимэдийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цаг 20 минутын үед Эрдэнэбат ах Хөхөөг хашаанаасаа гаргаж өгч  байсан. Энэ үед бор өнгийн цамцтай байх шиг байсан, согтолт гайгүй байх шиг байсан. ...тэгээд би Эрдэнэбатын гэрт 23 цаг 35 минутад очиход нас барчихсан байсан юм тэгээд л түргэн болон цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 92-101 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач М.Эын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч, зүүн уушги, үнхэлцэг, зүрхийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач М.Э нь дээрх гэмтлийн улмаас зүрх, судас, амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ.” гэх 788 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 8-14 дүгээр хуудас/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/, туршилт хийсэн тухай тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 30-31 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр М.Тийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул шүүгдэгч М.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар нарын гаргасан “...хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Т нь “...намайг унтсан хойно Эрдэнэбат хэзээ, хэнтэй орж ирсэн мэдэхгүй, ...би дүүтэйгээ хэрүүл маргаан үүсгэж байгаагүй, ...миний биеэс цус илрээгүй, ...орой хаалга онгойлгохдоо дүүгээ нас барсан байгааг мэдээгүй” гэж давж заалдах гомдол гаргасан боловч энэхүү тайлбарууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Тэрээр мөрдөн байцаалтын шатанд “...гахайн толгойг хэн шулахаас болж хоорондоо маргалдсан. Би болохоор толгойг нь шулахгүй усандаа явна гэж хэлсэн юм. Тэгээд үүнээс хойш юу болсон талаар ер мэдэхгүй байна. Нэг мэдсэн хүн хаалга нүдээд байсан... Би гарч онгойлгоход Чимэд, Батбаяр хоёр орж ирсэн, Чимэд баруун орон дээр хэвтэж байсан дүү Эрдэнэбат дээр очсоноо хөшчихсөн байна ш дээ гэсэн... Амбаарын хаалгыг зөвхөн дотор талаас л түгждэг, хүн гаднаас хаалгыг түгжих боломжгүй... Би дүү М.Этай жаахан таарамж муутай. Учир нь дүү маань архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаг тул хоорондоо маргалддаг юм... Би хамгийн сүүлд дүү М.Этай үлдсэн нь үнэн. Учир нь орой Чимэд хаалга тогшиход би өөрөө онгойлгосон. Энэ үед дүүгээс маань өөр ямар ч хүн байгаагүй... Би талийгаачийн амь насыг хөнөөсөн нь үнэн. Миний хувьд манай гэрт надаас өөр хүн байгаагүй юм” гэж, “...Чи өөрөө шул, би усанд явна гэж маргаад байснаа санаж байна... үүнээс хойшхи асуудлыг санахгүй байна” гэж удаа дараа мэдүүлж байжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Тийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр 8 жил 1 сар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч М.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Тийн гаргасан давж заалдах гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээж авсан атлаа хэргийн хамт давж заалдах шатны шүүхэд ирүүлэхгүй үндэслэлгүйгээр дарагдуулж, 35 хоногийн дараа буюу 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн зөрчил гаргасан болохыг энэхүү магадлалд дурдаж шалтгааныг тодруулж, зохих арга хэмжээг авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Батбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                                                                                    Ц. ОЧ