Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 053

 

Б.Бауыржаны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух Жантекей Хангелди овогт Борбаны Бауыржаны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Б.Бауыржан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч байгууллагын дарга С.Алтынай, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн  Зоонозын өвчин судлалын төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Б.Бауыржан би Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тус байгууллагын даргаар томилогдсон С.Алтынай нь өнгөрсөн хугацаанд намайг хэд хэдэн удаа хууль бусаар ажлаас халж байсан ба шүүхээр өмнөх эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоогдож байсан юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар тушаалаар Б.Бауыржан намайг нягтлан бодогчийн ажлаас гэнэт чөлөөлсөн явдалд гомдолтой байна. 

Ажил олгогч Б.Бауыржан намайг байгууллагын данснаас хууль бус аргаар мөнгө авч байгууллагад хохирол учруулсан асуудал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. Тухайн маргаан бүхий зөрчлийг асуудлыг байгууллагын дарга С.Алтынай анх 2016 оны 7 дугаар сарын үед тус аймгийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгсөн. Үүнээс үзэхэд уг зөрчлийг ажил олгогч нь 2016 оны 7 дугаар сард илрүүлсэн. Нэгэнт ажил олгогч нь тухайн зөрчлийг 2016 оны 7 дугаар сарын үед илрүүлсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 1 сарын дотор надад сахилгын шийтгэх ногдуулах ёстой. Гэтэл ажил олгогч нь зөрчлийг илрүүлснээс хойш 4 сарын дараа сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн. Иргэн Б.Бауыржан надад холбогдох өмч хөрөнгийн асуудалд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн одоо хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна. Шүүхээс Б.Бауыржан намайг гэм буруутайд тооцсон эцсийн шийдвэр одоогоор хуулийн байгууллагаас гараагүй. Энэ нь Үндсэн хуулийн Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн зарчимд нийцэж байна. 

Иймд Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар тушаалыг хүчингүйд тооцон, төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Б.Бауыржаны Зоонозын өвчин судлалын төвийн даргатай байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 12 тоот хөдөлмөрийн гэрээг цуцалж тус төвийн даргын 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 26 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан журмын 4.1, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.2-ын д, ж, Хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.11; 1,12; 1.13; 3-р бүлгийн 3.2-т тус тус заагдсан заалтууд болон Төсвийн ахлах нягтлан бодогчийн хүлээх үүргийг удаа дараа ноцтой зөрчсөнтэй холбоотой.

Б.Бауыржан нь Үндсэн хууль, Иргэний хуулиудад заагдсан иргэнийхээ үүргийг ухамсарлан 2014-2015 онуудад Аудитын байгууллага болон хууль хяналтын байгууллагын зүгээс албан шаардлага, мэдэгдлүүдээр хүргүүлсэн анхааруулга санамжуудыг хайхралгүй байгууллагын удирдлага хамт олны итгэлийг алдаж хууль, дүрэм, журмыг зөрчсөн үйлдлээрээ 2015 оны 4 дүгээр сарын 06-ны 11, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 15 , 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 04 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээж байсан. Тун удалгүй 2016 оны 6, 7 дугаар саруудад үргэлжилсэн үйлдлээр холбогдох хууль, журмын заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдлийг 2 дахь удаагаа давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан журмын 3 дугаар бүлгийн 3.5.1, 3.5.2, Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.2-ын д, ж, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-ын "г" дахь заалтуудыг тус тус үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 тоот тушаалаар Б.Бауыржантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Б.Бауыржаны 2016 оны 6, 7 дугаар саруудад үргэлжилсэн үйлдлээр гаргасан зөрчлийг 7 дугаар сард илрүүлэн тогтоолгох үүднээс шалгуулахаар 2016 оны 7 дугаар сарын 20-нд Цагдаагийн газарт хандсан. 

Уг хэргийн мөрөөр Цагдаагийн газраас Зоонозын өвчин судлалын төвийн санхүүгийн холбогдох баримтуудад хөндлөнгийн Аудит болон аймгийн шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт гаргуулан иргэн Б.Бауыржантай холбогдол бүхий 201604000189 тоот хэрэг үүсгэн цаашид үргэлжлүүлэн шалгаж байгаагаа танилцуулсан. Нэгэнт Б.Бауыржаны давтан гаргасан зөрчил нь байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан журмын 3 дугаар бүлгийн 3.5.1 болон 3.5.2 дугаар заалтын дагуу, тус журмын 3.5-д заасан "Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчийг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль (11.5; 13; 15.1.7; 26.1; 26.2) заалтууд болон дараах үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах буюу төрийн албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлнө" гэсэн заалтад нийцэж байгаа тул хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Иймд Б.Бауыржаны гаргасан гомдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заагдсан заалтыг зөрчиж байна гэсэн нь үндэслэлгүй болох ба санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчсөн үйлдлийг илрүүлэн хуурамч эсэхэд шууд дүгнэлт хийж тогтоох боломжгүй тул холбогдох байгууллагаар тогтоолгохоор хүсэлт гаргаж 4 сарын дараа хуурамч бичиг баримт үйлдэн мөнгө завшсан үйлдэл нь шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт болон хөндлөнгийн Аудитын дүгнэлтээр тогтоогдсон учраас байгууллагын зүгээс хууль зүйн үндэслэлтэй арга хэмжээ авагдсан юм. Гомдолд аймгийн Прокурорын газраас иргэн Б.Бауыржаныг байгууллагын өмч хөрөнгийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг дурдаж, энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14-д заагдсан зарчимд нийцэж байна гэж дурдсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д "Энэ хуулийн 15-р зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасан заалтад харшилж байна гэж үзэж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд Б.Бауыржаны санхүүгийн сахилга батыг ноцтой зөрчиж байгууллагад хохирол учруулсан зөрчил нь он дараалан дахин давтагдсан үйлдэл тул дээрх дурдагдсан хууль журмын дагуу үндэслэлтэй арга хэмжээ авагдсан гэж үзэж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагаас энэ хэрэгтэй холбогдуулан ямар шийдвэр гаргах нь Б.Бауыржаныг ажлаас чөлөөлөх шийдвэртэй ямар ч холбогдолгүй болох нь дээрх хууль зүйн үндэслэлүүдээр тайлбарлагдаж байна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 159 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Борбаны Бауыржаныг Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоожээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Алтынай миний бие Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 159 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген нь Төлек овогт Шакиртбайн Кадирбекийн охин байдаг ба нэхэмжлэгч Б.Бауыржаны төрсөн бэр эгч болох Төлек овогт Шакиртбайн Шарбенхантай төрөл садангийн холбоотой учир ашиг сонирхлын хамаарал бүхий этгээд байжээ. Хэргийн оролцогч бид энэ талаар тухайн үед мэдээгүй байсан учраас татгалзах хүсэлт гаргаж байгаагүй ч шүүгч нь өөрөө татгалзах үүрэгтэй байжээ. Шүүгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Урьд нь мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн асуудлыг Б.Бауыржанд ашигтайгаар шийдвэрлэж байсан бөгөөд энэ нь Б.Бауыржаны дахин гэмт хэрэг гаргах нөхцөл шалтгаан, үндэслэл болсон гэж ойлгогдохоор байна. Тийм учраас хэрэг шийдвэрлэгдэх үйл ажиллагаанд шүүгч шударга бусаар хандсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Бауыржан нь гэмгүй царай гаргаж, бараг гэмт хэрэг үйлдээгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байсан хэдий ч шүүгч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодит дүгнэлт хийгээгүй байгаа нь ашиг сонирхолтой холбоотой гэж үзэж байна. Шүүгч зөвхөн хуулийн цоорхойтой байдлыг ашиглан тайлбарлаж хэт нэг талыг баримтлан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген нь шийдвэрийн үндэслэх хэсэгт /шийдвэрийн 9-р талд/ Хариуцагч тушаалдаа Шүүхийн шинжилгээний албаны дүгнэлтийг үндэслэн: Нэхэмжлэгч Б.Бауыржаны гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа харин нөгөө хэсэгт нь ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан зөрчлийг шалгасан талаар материал, хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг ач холбогдол бүхий баримтыг ажил олгогч өгөөгүй байгаа нь тушаалын үндэслэл нотлогдохгүй гэж дахин өрөөсгөл дүгнэсэнд гомдолтой байна. Хэрэв нотлох баримт шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулан хариуцагчаас шүүх шаардах байлаа. Эдгээр дүгнэлтийн талаар Прокурорын хүчин төгөлдөр тогтоол, мэдэгдэлд дурдагдсан байхыг шүүх олж хараагүй өнгөрч байсан ба ач холбогдол өгч дүгнэхийг хүсээгүй байгаа нь харамсалтай байна.

Шүүгч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарлахдаа хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох үндэслэл илэрсэн бөгөөд заавал шалгаж тогтоогдохыг шаардах гэснийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Мэдээж шалган тогтоогдоогүй байхад Б.Бауыржаныг шууд ажлаас чөлөөлсөн бол энэ талаар маргах нь тодорхой. Тийм учраас Шүүхийн шинжилгээний албаны болон Аудитын дүгнэлтийг үндэслэл болгож тушаал гаргах нь хуульд нийцнэ. Байгууллагын дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тодорхой тусгагдсан байгаа болно. Шүүх шийдвэрийн үндэслэл болгосон өөр нэг асуудал нь Сангийн Сайдын 294 тоот тушаалаар батлагдсан Төсвийн ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 3-р зүйлийн 3.5.1, 3.5.2-р заалтууд болон Хөдөлмөрийн гэрээний 2.1.3.Г-д, мөн дотоод журмын 4.1.4, 2.4.3-р зүйл заалтуудын аль нэгийг ноцтой зөрчсөн тохиолдолд... гэсэн нь хоорондоо зөрүүтэй байна гэж нэхэмжлэлийн гадуур шаардлага гаргаагүй асуудалд дүгнэлт хийж хэт нэг талыг баримталсан. Хэрэв тухайн үед нэхэмжлэгч уг гэрээ өөрийн эрх ашгийг зөрчсөн байдалтай хийгдсэн гэж үзвэл хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахгүй байсан байх ба гомдлын шаардлага гаргах байсан. Шүүх нь ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохироогүй, хөдөлмөрийн гэрээнд энэ талаар нэрлэн заасан байхыг шаардана гэж хууль журамд заагдаагүй асуудалд дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч ямар ноцтой зөрчил гаргасан асуудлын талаар Прокурорын тогтоол, мэдэгдэлд тодорхой дүгнэгдсэн байгаа ба Б.Бауыржан нь хуурамч бичиг баримт үйлдэн байгууллагын данснаас мөнгө авсан үйлдлээ мөрдөн байцаалтын явцад Мөнгө хэрэгтэй болоод авсан маань үнэн,гэмшиж байна хэмээн хүлээн зөвшөөрсөн нь хавтаст хэрэгт тодорхой байгаа билээ.

Шүүгч нь Ажил олгогч нь ажилтан Б.Бауыржантай Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Мөн хуулийн 135.4-т эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэсэн заалтыг хэрэглэн тайлбарласан байжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэсэн байх ба мөн хуулийн 21-р зүйлийн 21.6-д зааснаар талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно гэсний дагуу гэрээнд зөвхөн сахилга хариуцлагын асуудлыг талууд харилцан тохиролцон байгаа юм. Энэ дүгнэлт зөвхөн хариуцагч талын ирүүлсэн нотлох баримтууд болох Прокурорын болон Аудитын байгууллагын, дүгнэлт зэргийг үгүйсгэх байдалтай гаргасан шүүгчийн өөрийн далд бодлого гэж үзэхээр байна. Шийдвэрийн хамгийн сүүлийн хэсэгт Прокурорын болон Аудитын байгууллагын мэдэгдэл, дүгнэлтийг иш татаж тусган бичсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж Зоонозын Өвчин Судлалын Төвийн даргын 26 тоот тушаалыг хүчингүй болгож Б.Бауыржаныг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хариуцагчийг илт тохуурхсан гэж ойлгогдохоор байна. Иймд анхан шатны шүүхийн 159 тоот шийдвэр болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дээрх үндэслэлүүдээр үнэн бодит, шударгаар судлан, магадлан шинжилж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 159 тоот шийдвэрийг хүчингүй болгон, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх эсвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүх Б.Бауыржаны нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын хэргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихыг хүсэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бауыржан нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдуулан тус төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар тушаалыг хүчингүй болгож, ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Бауыржаныг тус төвийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 2.1.3.-ийн г-д заасныг тус тус үндэслэн байгууллагын данснаас хууль бус аргаар мөнгө авч, хуурамчаар бичиг үйлдэн гарын үсэг, тамга ашигласан нь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр Зоонозын өвчин судлалын төвийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Бауыржантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байх тул ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

Тухайлбал, ажил олгогчийн шийдвэр Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар шинжээчийн дүгнэлтэд үндэслэгдсэн боловч /хэргийн 90 дүгээр тал/ ажил олгогч тус дүгнэлттэй 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр танилцаж, мэдсэн учраас /хэргийн 92 дугаар тал/ ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах журамтай байх тул 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 26 дугаар тушаалаар түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т нийцээгүй байна.

 

Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 12 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2.1.3.-ийн г-д байгууллагын нягтлан бодогч, нярав Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтууд, мөн Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 294 дүгээр тушаалаар батлагдсан журмын 4.1, 4.2, 4.3.-р зүйл, заалтуудын аль нэгийг ноцтой зөрчсөн тохиолдолд гэж заасан бөгөөд энэ хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, ямар зөрчлийг ноцтойд тооцох талаар тодорхой тусгаагүй байх тул ажил олгогчийн тушаалын уг үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т нийцээгүй гэж үзнэ.

 

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасныг тушаалд үндэслэл болгосон бөгөөд мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан буюу нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Бауыржан нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 68 дугаар шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 2-т ...төвийн ажилчдын цалингийн 2016 оны 6, 7 дугаар сард баталсан Алтынай гэх 2 хуудас бичиг баримтад зурагдсан гарын үсэг С.Алтынайн гарын үсэгтэй тохирохгүй байна. Мөн дарагдсан тэмдэг нь харьцуулах загвараар ирүүлсэн тэмдгийн загвартай тохирохгүй байна. гэж зааснаар, түүнчлэн Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар албан бичгээр тогтоогдож байгаа боловч ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан журмыг зөрчсөн байх тул ажил олгогчийн дээрх тушаалыг хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй.

Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5/02 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор /хэргийн 58 дугаар тал/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1.-т заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Бауыржанд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2.-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан долоон үндэслэлийг хэрэгт байгаа материалын хүрээнд судлан үзвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүд тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 159 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК