Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 128

 

А.Батсайхан, Н.Даваадорж нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Г.Гэрэлтуяа,

шүүгдэгч А.Батсайханы өмгөөлөгч П.Адъяасүрэн,

шүүгдэгч Н.Даваадоржийн өмгөөлөгч Б.Батсайхан,

нарийн бичгийн дарга С.Баяртуяа нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол,

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар магадлалтай, 201615000251 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Батсайханы өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Адъяагийн Батсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсэг хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Нацагдоржийн Даваадорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Н.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, А.Батсайханыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, Н.Даваадоржийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, А.Батсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 18 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял, Н.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар А.Батсайханы хөнгөн ялыг хүндэд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 18 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Батсайханд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Даваадоржид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Батсайхан болон өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч П.Адъяасүрэн, Б.Батсайхан нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Батсайхан өмгөөлөгч П.Адъяасүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 94 дүгээр зүйлийн 94.1, 95 дугаар зүйлийн 95.1, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь заалтуудыг буруу хэрэглэж, шүүгдэгч А.Батсайханд хууль бусаар хүнд ял оногдуулсан тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хохирогч нар шүүгдэгч А.Батсайханы гэр оронд нь ирж архидан согтуурч улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж, хүндээр доромжлон эрүүл мэндэд нь хор уршиг учруулснаас А.Батсайханы санаа сэтгэл нь хүчтэй цочирон давчидаж, энэ хэргийг үйлдсэн байхад хууль шүүхийн байгууллагууд зөвхөн хохирогчдын талд илт ажиллаж шийдвэр гаргасан нь “хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх” Үндсэн хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн.

Шүүгдэгч А.Батсайханы үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, шалтгаан нөхцөлийг анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоосонгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлгийг дангаар үнэлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчсөн.

Иймд шүүгдэгч А.Батсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Даваадоржийн өмгөөлөгч Б.Батсайхан хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь Н.Даваадоржоос бус А.Батсайханы өөрөөс нь болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг шүүгдэгч Н.Даваадорж биечлэн эдлээд гарсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч А.Батсайхан, Н.Даваадорж нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч А.Батсайхан нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 21-08 тоотод оршин суух өөрийн гэртээ О.Дорждагва, Н.Даваадорж нартай согтуурсан үедээ маргалдаж танхайн сэдэлтээр Н.Даваадоржийн зүүн ташаанд нь хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, О.Дорждагвын баруун хөлийн гуянд хутгалж санаатай алсан,

шүүгдэгч Н.Даваадорж нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 04 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 21-08 тоотод А.Батсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хөлийн шагайн тус газар өшиглөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэргийг зөв зүйлчилсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Н.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан “догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Н.Даваадоржийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, А.Батсайханыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан баривчлах болон хорих ялуудыг оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Гэмт санаа зорилго нь тухайн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинжийг илэрхийлэх үндсэн хүчин зүйл бөгөөд гэмт хэргийн бүхий л үйл явцын туршид хадгалагдан хэрэгжиж тухайн гэмт хэргийн онцгойрон ялгарах шинж чанарыг тодорхойлж байдаг. Зарим тохиолдолд гэмт этгээд санаа зорилгоо хэрэгжүүлэх явцдаа санаа бодлын чиглэлээ өөрчилснөөс тухайн үйлдэл, эс үйлдэхүй өөр гэмт хэрэг болон хувирч үргэлжлэх явдал гарч болно.

А.Батсайхан өөрт нь хөнгөн гэмтэл учруулсан Н.Даваадоржийн зүй бус үйлдэлд дургүйцэн анх маргалдсан байх боловч тэдгээрийн маргаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй О.Дорждагвыг ямар ч шалтгаангүйгээр хутгалж алсан, Н.Даваадоржийг мөн хутгалж араас нь хөөж олон нийтийг хамруулан үймүүлж нийгмийн хэв журам зөрчсөн үйлдлээ удтал үргэлжлүүлсэн, хашааны хаалгыг хоёр талаас хутгаар сийчэн дүрж эвдэж гэмтээсэн явдал нь танхайн сэдэлтээр хүнийг алах болон зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иймд шүүгдэгч А.Батсайханы өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн “хэргийн зүйлчлэлийг өөрчлөх” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч А.Батсайханы өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Т.УРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Ч.ХОСБАЯР