Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2015/0892/з |
Дугаар | 369 |
Огноо | 2016-11-07 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 369
“Бигги-Индустрис” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, гуравдагч этгээд Г.Баттөмөр, Г.Нямсамбуу, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвхүү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 513 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Бигги-Индустрис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6, 35.2, 35.3.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бигги-Индустрис ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/223 дугаар захирамжийн Бигги-Индустрис ХХК-д холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/722 дугаар захирамжийн Г.Баттөмөр, Г.Нямсамбуу нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээ, 0232137 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгийн зүүн хойд талд үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг 1725 м.кв талбайн газар эзэмших эрхийг сэргээхийг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 513 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компани нь 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр “Ти Эйч Холдингс” ХХК-иас Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 479 тоот шийдвэрийн дагуу 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Газар эзэмшүүлэх гэрээ, 0232137 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгийн зүүн хойд талд Үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшдэг нийт 1725 м.кв талбайг шилжүүлэн авч гэрээ, гэрчилгээг өөрийн компанийн нэр дээрээ гаргуулан авсан.
Гэвч 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тус газар дээр хашаа барьж буйг мэдээд Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газар дээр очиж тодруулахад Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/233 тоот газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг цуцалсан захирамжийн дагуу манай газар эзэмших эрхийг цуцалсан байх бөгөөд иргэн Г.Баттөмөр болон Г.Нямсамбуу нарт газрын нөхөн төлбөр болгон 2 хэсэг хуваан эзэмшүүлсэн болохыг олж мэдсэн.
Энэхүү Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/233 тоот газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг цуцалсан захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын "Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай" 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг үндэслэсэн байдаг.
Тус Тогтоолын 3.5 болон 3.6 дахь хэсгүүдэд "инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд норм дүрэм зөрчиж олгосон эсвэл инженерийн шугам сүлжээнд холбогдох болон холбогдохоор төлөвлөгдсөн газруудад Засаг дарга нарын хууль зөрчиж олгосон захирамжуудыг судлан үзэж хүчингүй болгох" гэж заасан байна.
Гэтэл манай компанийн эзэмшдэг 1725 м.кв талбайн зөвхөн 300 орчим м.кв талбайгаар шугам сүлжээ дайрч өнгөрөхөөр байтал тус Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор түрий барин газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Улмаар манай компанийн эзэмших эрхийг тийнхүү бүхэлд нь цуцалсан хэрнээ шугам сүлжээ дайрч өнгөрөх талбайг хасч үлдсэн 1400 гаруй м.кв талбайг 2 иргэнд хуваан эзэмшүүлсэн байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Мөн энэхүү тогтоолоор далимдуулан олон арван аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг цуцалж хохироосон байдаг нь шүүхээр тогтоогдсон байдаг.
Манай компанид газрыг шилжүүлэн өгсөн “Ти Эйч Холдингс” ХХК-д анх Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга хууль зөрчиж олгосон гэх ямар ч баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс тухайн газрын хувийн хэрэг байхгүй тул хууль зөрчиж олгогдсон нь тогтоогдож байгаа мэтээр буруу гаргалгаа гаргаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Харин ч эсрэгээрээ газрын хувийн хэрэг байхгүй байгаа нь Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны хариуцлагагүй байдалтай шууд холбоотой бөгөөд хувийн хэргийг шүүхэд гаргаж өгөхөөс зайлсхийж хэргээр үрэгдүүлсэн байх ч боломжтой юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2009 оноос нийт 13,000 м.кв талбайг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар болон иргэн, аж ахуй нэгжүүдэд хуваан эзэмшүүлсэн байдаг. Эдгээр аж ахуй нэгжүүдийн нэг нь “Ти Эйч Холдингс” ХХК юм. Мөн манай компанид шилжүүлж өгснөөс бусад эдгээр иргэн, аж ахуй нэгжүүдэд хуваан эзэмшүүлсэн газрын эзэмших эрх өнөөдрийг хүртэл бүгд хэвээр хадгалагдаж байгааг жишээ болгон хэргийн материалд авагдсан иргэн С.Нацагнямд олгогдсон газрын хувийн хэргээс харж болох юм. Ер нь төрийн байгууллага доод шатныхаа байгууллагын алдаатай үйл ажиллагааг залруулсан нь иргэн, аж ахуй нэгж байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчих үндэслэл болох ёсгүй гэсэн үндсэн зарчим алдагдаж байна.
Бид газраа хариуцан хамгаалж хашаа татсан, газрын төлбөрөө тогтмол төлж, энэ газар дээр хөрөнгө оруулж төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хийж байсан байхад манай эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн буруу дүгнэлт гаргаж байна гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Бигги-индустрис” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/233 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг, 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн А/722 дугаар захирамжийн Г.Баттөмөр, Г.Нямсамбуу нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 1725 мкв газрын эзэмших эрх сэргээхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчээс “хуулийн дагуу эзэмших эрх үүссэн газрыг үндэслэлгүйгээр хоёр иргэнд хуваан эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр маргажээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 479 дүгээр захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ботаникийн цэцэрлэгийн зүүн хойд талд, 1725 мкв газрыг “Ти эйч холдингс” ХХК-иас шилжүүлэн авсан байна.
“Ти эйч холдингс” ХХК нь дүүргийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 56 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 3053 мкв газар шилжүүлэн авснаар газар эзэмших эрх үүсчээ.
Гэвч “Ти эйч холдингс” ХХК-д газар эзэмших эрх үүсгэсэн 2010 оны 56 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг зөрчсөн, өөрөөр хэлбэл, төсвийн байгууллага нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй байна.
Иймээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд Нийслэлийн Засаг даргаас хууль зөрчсөн уг захирамжийг 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/233 дугаар захирамжаар хүчингүй болгосон байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
“Ти эйч холдингс” ХХК-д хуулийн дагуу газар эзэмших эрх үүсээгүй тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2 дахь хэсэгт зааснаар түүнээс эрх шилжүүлж авсан нэхэмжлэгч хуулийн этгээдэд хуулийн дагуу газар эзэмших эрх үүсгээгүй, “Ти эйч холдингс” ХХК-с газар эзэмших эрх “Бигги-индустрис” ХХК-д шилжсэн учир шилжүүлж авснаас үүсэх эрх үүргийг бүрэн хариуцах тул захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.
Үүний зэрэгцээ нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг маргаан бүхий газрыг зориулалтын дагуу бодит байдалд эзэмшээгүй, орхисон болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд “тухайн газартаа манаач байлгаагүй, олон газар эзэмшдэг тул орхигдсон байсан...” гэх тайлбараар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “компанийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, эрхгүй этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн зөрчилтэй байхад шүүхээс зөвтгөөгүй” тухай гомдлын хувьд:
Нэхэмжлэлийг шүүхэд “Бигги-индустрис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цолмон гаргасан, Д.Цолмонгоос Э.Уянгыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар Харрис Бенжамин бүртгэгдсэн байх боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Э.Уянгыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй” хэмээн маргаагүй байгаа нь агуулгын зөрчилтэй буюу нэгэнт эхэлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үгүйсгээгүй, өөр нэхэмжлэл гаргах байсан, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхгүй зэргээр маргаагүй учраас “хэргийн шийдэлд ноцтой нөлөөлөхгүй” гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийг зөрчөөгүй, нэхэмжлэл гаргах үйл ажиллагаа нь нэхэмжлэгчид хамааралтай болохоос шүүхийг буруутгах үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2016/0513 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ