Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/794

 

 

 

 

                                                           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Одбаяр, улсын яллагч Б.Энх-Эрдэнэ (томилолтоор), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00000 0025 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.М, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Саян уул” ХХК-д махны шулагч ажилтай, ам бүл хоёр, эмээгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Малчин ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 443 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Өршөөлийн тухай хуульд хамрагдан 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр уг ялаас чөлөөлөгдсөн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.М нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 3-35 тоотод М.Ч-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд тархины баруун дух, чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины судаслаг бие, баруун чамархайн дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, тархи дарагдал, баруун даланд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Д.М нь 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 3-35 тоотод М.Ч-г “гэрээсээ хөөлөө” гэсэн шалтгаанаар толгой руу нь тохойгоороо цохиж, бие махбодод нь “...тархины баруун дух, чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины судаслаг бие, баруун чамархайн дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, тархи дарагдал, баруун даланд зулгаралт гэмтэл... бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “...01 дүгээр сарын 02-ны өдөр Ч-ийн гэрт Э, М, З нарын хамт очиж, архи пиво уусан. Хохирогч “гэрээс яв” гээд хөөгөөд байсан тэрнээс болоод ор луу нь түлхэж толгой руу нь 1-2 удаа тохойгоороо цохисон. Гэрч нарын мэдүүлдэг шиг хохирогчийг хөнжлөөр бүтээгээгүй. Гэхдээ хохирогчид шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “....Манай ах солонгос хэлний орчуулагч хийдэг, олонтой харьцаад сурсан хүн. Архи дарс уусан ч хүнд гэм буруу хийдэггүй, агсан согтуу тавьдаггүй байсан. Одоо биеийн байдал нь баруун тал нь тэр чигээрээ мэдээгүй болсон, баруун талын нүд нь бараг юм харахгүй байгаа. Хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан гэж тогтоогдсон ч 100 хувь хүний асаргаанд орсон, баас, шээсээ хүнээр цэвэрлүүлж, босож, суухдаа хүнээр түшүүлдэг болсон. Тэргэнцэр дээр суулгаж салхинд гаргаж байгаа. Бие засъя, юм идье гэдгээ бага зэрэг илэрхийлж байгаа. Эмч нар 3 сарын л нас байна даа, асаргааны газар өгчих гэж зөвлөсөн. Гэхдээ бид хүчин чармайлт гаргасны дүнд босоод суудаг болсон. Манай аав, ээж хоёр 01 дүгээр сарын 3-аас хойш бүтэн нойртой хоноогүй өдийг хүрсэн. Манай ах 2 сар ухаангүй байсан. Энэ хугацаанд шүүгдэгч нэг ч удаа холбогдоогүй, ямар ч гэмшсэн шинж байдаггүй. Миний гаргаж өгсөн баримтууд бол эмчилгээний л зардал. Гэмтсэн хүн нь насан туршдаа хохирчхоод байна. Шүүгдэгч манай ахад хоол унд дөхүүлдэг гэж ярьж байна. Энэ худлаа, би 12 дугаар сарын 15-ны өдөр идэш ууш бэлдэж өгсөн. Гадаа амбаарт нь үхрийн өрөөл мах байсан, хэзээ ч хүнээс хоол гуйхгүй. Олсон орлогоороо аав ээждээ түлээ түлш, цайны сүү, тавгийн идээ бэлдэж өгдөг хүн байсан. Олонтой нийцтэй, ажилласан газраа нэр хүндтэй хүн байсан. Тэр үед хөл хориотой, эм тариа аваад ир гэхэд аваачаад өгдөг байсан, баримт цуглуулах боломж байгаагүй. Байгаа баримтаа л өгснөөс хүнээс мөнгө авах гээд улайраад зүтгээд байгаа юм биш. Өмнөх шүүх хуралдаанд 6,287,000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Өнөөдөр мөн 280,000 төгрөгийн баримт шинээр гаргаж өгсөн. Нийт 6,567,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-9 дүгээр хуудас);

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн орчим манай ээж Л над руу залгаад Ч ах чинь цус харваад гэмтлийн эмнэлэг дээр очсон байна гэж хэлсэн. Сая над руу Ч ахын чинь талаар мэдээлэл өгсөн хүн ингэж хэллээ гэж ээж хэлж байсан. Ингээд би шууд гэмтлийн эмнэлэг дээр очоод түүнээс хойш ахыгаа сахиж хамт байсан. Тухайн үед манай ахын баруун нүд нь хөхөрсөн байсан, бас баруун далны хэсэгт зулгарсан байсан. Өөр бусдаараа ил харагдах шарх байгаагүй. Манай ах эмнэлгээс гараагүй, одоог болтол ухаан ороогүй хэвтэж байна. Би ахдаа маш их эмчилгээ хийлгэж байна. Одоогоор манай ахын биеийн байдал нь тогтвортой байгаа. Би ахдаа 4,000,000 орчим төгрөгийн эмчилгээ, эм тариа хийсэн. Цаашид ч эмчилгээ хийлгэх болно. Эмчилгээний баримтууд нь хагас хугас байгаа байх. Би тэрийг олж авчирч өгнө. Маш их гомдолтой байна. Манай ахыг ийм байдалд оруулсан гэх хүнээс эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Ахыгаа эрүүл саруул болгуулж авмаар байна. Тэр хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас);

5. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”.. 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 08-09 цагийн орчимд би ажлаасаа буугаад гэртээ ирсэн байсан. Яг тэр үеэр Ч миний гар утас руу залгаад “Амарсанаа бид хоёр байна шартаж үхэх гээд байна, ганц шил архи аваад өгчих” гэхээр нь би тэгье гэж хэлээд дэлгүүр ороод архи авах гэсэн чинь архи зарахгүй байхаар нь 2.5 литрийн нийслэл пиво аваад Ч-ийн гэрт очсон. Ч, А хоёр байсан өөр хүн байгаагүй. Ингээд бид гурав нөгөө пиво хувааж уусан. А, Д-г дуудсан. Удалгүй Д хоёр том Сэнгүр пиво бариад ороод ирсэн. Ингээд бид дөрвүүлээ болоод нөгөө пиво хуваагаад ууж байхад гаднаас Чинбат орж ирээд миний машиныг гуйгаад замын цагдаа орчхоод ирье гээд байхаар нь машинаа өгөөд явуулсан. 10-11 цагийн орчимд Алтанбагана, эхнэр Н-ийн хамтаар орж ирсэн. араас нь М, Э, нүдэн З, хар М гэдэг залуу найз эмэгтэйн хамтаар орж ирсэн. Ингээд бид нар бүгдээрээ архи, пиво хувааж ууцгаасан. Тэгтэл З зүүн салаанд гэрээсээ юм авна гээд М, Д хоёртой тэр гурав гараад явсан. Тэгээд байж байтал гаднаас Ч орж ирээд А бид гурав Ч-ийн гэрээс гарч явсан. Ч-ийн гэрт Ч сандал дээрээ суугаад үлдсэн. Бас Э, А, эхнэр Н-ийн хамтаар, харка буюу хар М найз эмэгтэйтэйн хамтаар үлдэцгээсэн. А, Ч бид гурав манай гэрт очоод ахиж архи уусан, би ч согтоод унтаад өгсөн байсан. Би тэр өдөртөө Ч-ийн гэрт ахиж очоогүй. Маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн орчим манай гэрт Э, М хоёр ирээд бид гурав Ч-ийн гэрээр оръё гэж ярьсан. Тухайн үед М, Э хоёр М-ын талаар юу ч яриагүй. М, Э бид гурав Ч-ийн гэрт ороход Ч- байшингийн зүүн талын буйдан орон дээр дээшээ харсан, нэг гар нь газар унжчихсан, ухаангүй байдалтай байхаар нь би цус харвачихсан байна гэж бодоод М 103 дуудуулсан. Бас ар гэрийнхэнд нь хэлүүлсэн. Бид нар 103 ирэхээр нь Ч-г 103-ын эмчид хүлээлгэж өгөөд явсан. Тэгээд Э, М бид гурав зүүн салаанд А-ийн гэрт очоод пиво уусан. Тэр үеэр миний гар утас руу цагдаагаас залгаад Э, М бид гурав цагдаа дээр ирж уулзсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас);

6. Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Э, Ч ах, А ах эхнэрийн хамтаар, хар М найз охины хамтаар байсан. Ороод удаагүй байхад Э хэлэхдээ “Ч ах, хар М хоёр маргалдаад М Ч ахын толгой дээгүүр хөнжлөөр бүтээж байгаад гараараа цохисон” гээд инээгээд яриад байсан. Би тухайн үед бодохдоо Ч ах өөрөө архи уучихаар тавтиргүй учраас нь өөрөөсөө болоод цохиулсан байх гэж бодсон. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ яг энэ зодооныг хараагүй болохоор сайн мэдэхгүй зүйлээ яриад яах вэ гэж бодсон юмаа. Тэгээд тухайн үед би тэндээс Э, З, М түүний найз охин, Д ах нарын хамт гараад явцгаасан. Ч ах орон дээрээ хэвтээд үлдсэн. Маргааш нь би Б ах, Э нарын хамтаар 12-13 цагийн орчим Ч ахын гэрт орсон чинь Ч ах орон дээрээ ухаангүй байсан. Б ах “наад хүн чинь харвачихсан байна 103 дууд” гэсэн ингээд би өөрийнхөө утсаар 103 дуудсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36, 38 дугаар хуудас);

7. Гэрч О.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... манай гэрт ирээд бид хоёр шууд Ч ахын гэрт очсон чинь А ах, Ч ах, Д ах, Б ах, Нүдэн /З/, Б ах эхнэрийн хамтаар, бас хар М найз хүүхний хамтаар нийслэл пиво ууж байсан. Тухайн үед Баяраа ах ахин хоёр пиво аваад бид нар ууцгаасан. Тэгтэл М, З, Д ах нар зүүн салаанаас ажлын хувцсаа авна гээд гараад явсан. Удалгүй гаднаас Ч ах орж ирээд Б ах, А ах нар гараад яваад өгсөн. Ч ахын гэрт Ч ах, Б ах эхнэрийн хамтаар, Хар М түүний найз хүүхэн бид нар үлдээд, үлдсэн пиво ууж байсан чинь Ч ах согтчихоод “зайлцгаа та нар одоо явцгаа даа” гээд байсан чинь М Ч ахыг ор луу түлхээд “одоо явлаа шүү дээ” гээд хажууд нь байсан хөнжлийг Чинзоригийн толгой дээгүүр нь бүтээгээд толгой хэсэг рүү нь баруун гараараа хоёр удаа тохойлдсон. Тэгэхээр нь Б ах бид хоёр одоо болио хөөе, яагаад байгаа юм бэ гээд хэлсэн чинь Хар М больсон. Тэгээд байж байтал гаднаас Нүдэн З, Д ах, М нар орж ирсэн. Тэгэхээр нь бид нар тухайн үед хар М, Ч ахыг хөнжил нөмөргөөд цохисон гэж яриад инээлдэж байсан. Өөр зүйл болоогүй ингээд бид нар гараад явсан. Харин Ч ах М-д цохиулаад орон дээр хэвтэж байсан яг тэр янзаараа орон дээрээ согтуу байдалтай үлдсэн. Ч ах бид нарыг гарахад юу ч яриагүй. Би бодохдоо Ч ахыг орон дээрээ унтаад үлдлээ гэж бодсон. Маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12-13 цагийн орчим ороход Ч ах яг өчигдрийн янзаараа орон дээрээ ухаангүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46, 48 дугаар хуудас);

8. Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2021 оны 01 сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо Одонт 3-35 тоотод Ч-ийн гэрт байж байгаад Нүдэн, М 2-той цуг Зүүн салаа руу өөрийнхөө машинаар явчхаад буцаад Ч-ийн гэрт ирэхэд Э “хар М шорон зантай гэдэг нь Ч-г бага зэрэг агсраад байхаар нь толгой дээр хөнжил нөмрүүлж байгаад гараараа цохиод байсан” гэж хэлсэн, хоорондоо инээлдээд юм яриад сууж байсан. Ч орон дээрээ хэвтсэн чигээрээ ганцаараа үлдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51, 54 дүгээр хуудас);

9. Гэрч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”....14-15 цагийн орчим Ч гэнэт уурлаад агсраад “та нар одоо гэрээс зайлцгаа, би унтаж амармаар байна” гэсэн чинь хар М гэдэг залуу одоо явлаа шүү дээ гээд Ч-ийн орон дээрээ сууж байхад нь түлхээд орон дээр нь хэвтүүлээд толгой дээгүүр нь хөнжлөөр бүтээгээд толгой хэсэг рүү нь баруун гараараа хоёр гурван удаа тохойлдоод цохиод байхаар нь болио гэж хэлсэн чинь болихгүй ахиад олон удаа бараг 7-8 удаа баруун гарын тохойгоороо толгой руу нь цохиод байхаар нь би очоод салгаж болиулсан. М нь Ч-ийн толгойг хөнжлөөр бүтээж байгаад тохойгоороо маш хүчтэй бараг нийт 10 орчим удаа цохиод байсан. Би болиулах гээд бараг М-тэй маргалдах юм болсон. Тэгж байж М больсон. Удалгүй гаднаас М, Д, З гурав орж ирсэн. Ч-г хар М-ээс өөр цохиж зодсон хүн байхгүй. Харин Ч М-д зодуулснаас хойш орон дээрээсээ босоогүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57-59 дүгээр хуудас);

10. Гэрч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Тэгтэл гэрийн эзэн Ч хүн болгоныг “яв яв” гээд гэрээсээ хөөгөөд байсан. Тэгээд энэ асуудлаас болж хар М уурлаад “явах гэж байх чинь хөөлөө, одоо явах гэж байна” гээд Ч-тэй хэрэлдэж байснаа орон дээр сууж байсан Ч-ийн толгойг хөнжлөөр ороож байгаад толгой руу нь баруун гарын тохойгоороо хоёр гурван удаа цохиод авсны дараа манай нөхөр А очоод салгах гэсэн чинь хар М, Ч-ийн толгой руу ахиад 3-4 удаа цохиод авсан, бараг 7-8 удаа цохисон. Тэгээд хар М манай нөхөртэй маргалдах гээд байхаар нь би нөхрийгөө аваад тэндээс явсан. Ч-г Хар М-ээс өөр цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 61, 63 дугаар хуудас);

11. Шинжээч Ц.Бадралын мэдүүлэг (хх-ийн 72-75 дугаар хуудас),

12. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 490 дугаартай:”....М.Ч-ийн биед тархины баруун дух, чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины судаслаг бие, баруун чамархайн дэлбэнгийн эдийн цусархаг няцрал, тархи дарагдал, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 79-81 дүгээр хуудас);

13. Шүүгдэгч Д.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 116 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 118 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 122-125 дугаар хуудас), шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5б/16 тоот алба тоот (хх-ийн 127 дугаар хуудас), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хх-ийн 131 дүгээр хуудас), Хас, Төрийн банк, Хаан банкнуудад данс эзэмшдэггүй талаарх албан тоот (хх-ийн 133-136 дугаар хуудас), АСАП сангийн лавлагаа (хх-ийн 197-199 дүгээр хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 129 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Ч-ийн бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.М-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед халдан хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.М нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нийт 6,567,024.0 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх 6 сарын хөдөлмөрийн хөлс болох 2,520,000.0 төгрөгийн нэхэмжлэлээс Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт гарах хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлс болох 840,000.0 төгрөгийг хангаж, тэтгэмжийн зөрүүг тооцох боломжгүй байх тул үлдсэн хэсгийг хэлэлцэхгүй орхив. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэмжийн зөрүүг тодорхойлох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгч Д.М нь хохирогчийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлсийг үл маргах журмаар нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч М.Ч-ийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний төрсөн дүү хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болсонтой холбогдуулан өмгөөлөгч авсныг хор уршиг буюу шууд бус хохирол гэж үзэн гаргуулахаар тогтов.

Иймд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг нийт 4,887,024.0 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-д олгохоор шийдвэрлэж, хохирогч М.Ч-ийн эмчилгээ, асаргаатай холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирол төлбөрийг нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын хоёр өдрөөр завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч Д.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2,000,000.0 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 4 жил 6 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А 4,887,024 төгрөгийн хохирол учирснаас шүүхийн явцад 2,000,000 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 2,887,024  төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих, уг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Манай ах дахиж хөл дээрээ босох нь өнгөрсөн. Хорих ялын хугацаа бага байна. Хагас жил болж байхад ч хохирлоо барагдуулаагүй, шүүхээс хугацаа өгсөн ч бүрэн барагдуулсангүй. Гэм буруугаа шүүгдэгч ойлгохгүй байна...” гэв. 

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Хохирогчид маш хүнд гэм хор учирсан. Уг гэм хороо одоог хүртэл арилаагүй, ер нь арилах үгүй нь тодорхойгүй байгаа. Хохирлоо бүрэн төлөөгүй мөн нөхөн төлөхөө бодитоор илэрхийлээгүй. Иймд ялыг хөнгөрүүлэх нөхцөл байхгүй гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Миний үйлчлүүлэгч яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол төлбөрийг барагдуулах гэж хичээж байсан. Хохирол төлөх гэж завсарлага авсан боловч боломжгүй нөхцөл байдлын улмаас тодорхой хэмжээгээр барагдууллаа. Хохирогч талыг ямар нөхцөл байдалтай байгааг ойлгож байна. Шалтаг тоочих гээгүй, бодит үнэнээр хэлэхэд шүүгдэгчийн ээж нь уушгины хорт хавдартай, химийн эмчилгээ хийлгэж байгаа ч сүүлийн үед мөнгө төгрөгийн шалтгаанаас хийлгэж чадахгүйд хүрээд байна. Үйлчлүүлэгч маань хувийн компанид мах шулагч хийдэг байсан боловч ковид-19 улмаас компани нь ажиллахгүй болж цалингаа олгож чадахгүйд хүрсэн. Иймд хохирлыг бүрэн барагдуулж амжсангүй. Гэхдээ цаашид хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй, хохирол төлбөрөө тодорхой хэмжээгээр төлсөн, мөн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгөөч гэж хүсэж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.М-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх хуулийн шаардлагыг хууль тогтоогч тогтоосон бөгөөд шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөртэй, мөн хохирогчийн эрүүл мэндийн байдал хэвийн болоогүй буюу хор уршиг арилаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол (хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан)-ыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.М-д зургаан жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хохирол бүрэн төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ гэж үзэв.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан ... хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж зааснаар өршөөлийн хуульд хамрагдаж байх тул шүүгдэгч Д.М-д оногдуулсан зургаан жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх хорих ялын хэмжээг дөрвөн жилээр тогтоолоо.

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн байгааг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаархүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д зургаан жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан зургаан жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийг өршөөн хасаж, түүний биечлэн эдлэх хорих ялын хэмжээг дөрвөн жилээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Д.М-д оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ээс 2,887,024.0 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А нь хохирогч М.Ч-ийн эмчилгээ, асаргаатай холбоотой цаашид гарах зардал болон цалингийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2,000,000.0 төгрөг нөхөн төлсөн, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА