| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 101/2016/06408/и |
| Дугаар | 182/ШШ2017/01045 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 182/ШШ2017/01045
| 2017 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 182/ШШ2017/01045 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: “МЗК ББСБ” ХХК
Хариуцагч: А.А
зээлийн гэрээний үүрэгт 29.968.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганбат, Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.Ам нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “МЗК ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 16.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрхи зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар А.А нь мөн өдөр “МЗК ББСБ” ХХК-тай зээлийн барьцааны гэрээг байгуулж өөрийн гар утасны 99111716 дугаар эзэмших эрхийг барьцаалсан. Зээлдэгч А.А нь “МЗК ББСБ” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дууссан боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхгүй, төлөхөөс зайлсхийсээр байна. “МЗК ББСБ” ХХК-ийн зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож уулзан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг шаарддаг боловч зээлдэгч А.Амгалан нь зээл, зээлийн хүүг төлнө гэдэг боловч одоог хүртэл төлөлт хийгдээгүй байна. “МЗК ББСБ” ХХК нь зээл, зээлийн төлбөрийг төлөхийг шаардсан шаардлагыг зээлдэгчид хүргүүлж, мөн амаар болон утсаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шүүхэд үндсэн зээл 16.000.000 төгрөг, хүү 13.968.000 төгрөг, нийт 29.968.000 төгрөг гаргуулах, өрийг барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний төлбөр нь одоог хүртэлх хугацаанд 21.168.000 төгрөгийн зээлийн хүү, 3.945.000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр хуримтлагдсан байх бөгөөд нийт зээлийн гэрээний дагуу төлөгдөх ёстой өр төлбөрийн хэмжээ 41.113.000 төгрөг болж хуримтлагдсан. Зээлдүүлэгч нь 2017 оны 01 сарын 12-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан дугаар эзэмших эрхийг 14.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан ба уг борлуулалтын орлогыг зээлийн гэрээний нөхцөлд зааснаар хүүгийн төлбөрт суутган авсан болно. Иймд А.А-аас одоо үлдсэн 27.113.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч "МЗК ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч "МЗК ББСБ” ХХК-д удаа дараа хандаж зээлийн үндсэн төлөлтөөс хасуулахаар хүсэлт тавьж байхад татгалзаж, бусдын зээлийн үүргийг шаардаж, төлсөн мөнгийг өөр зээлийн үүрэгт зөвшөөрөлгүйгээр тооцон авч, миний зээлийн үүргээс нэг ч төгрөг хасалгүйгээр зориудаар энэ удаан хугацаанд хүү тооцон, санаатайгаар өрийн дарамтад оруулж байгаад гомдолтой байна. "МЗК ББСБ” ХХК нь зээлдэгчийн тулгамдсан санхүүгийн хэрэгцээг далимдуулан нэг талыг барьсан, өөртөө давуу байдал олгосон гэрээг байгуулсан. Тухайлбал зээлийн гэрээний хүү нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын зах зээлийн дундаж хүүнээс хэт өндөр зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоосон. Гэрээ байгуулах үед Банк бус санхүүгийн байгууллагын зах зээлийн дундаж хүү 2.5-3.5 хувь байсан. Одоо ч энэ дундаж хүүний хэмжээ хэвээр байгаа. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “...Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ ...зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ...” гэж заасан бөгөөд “МЗК ББСБ” ХХК болон иргэн А.А нарын байгуулсан зээлийн гэрээ нь дээрх хуулийн зүйл, заалтад нийцээгүй байна гэж үзэх үндэслэлтэй юм. Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “...Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно...” гэсэн зохицуулалтыг хэрэглэнэ үү. Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал О.Г өөрөө зээлдэгч А.А-д зээл олгохдоо хууль болон өөрийн мөрддөг зээлийн үйл ажиллагааны журмуудыг зөрчиж олгосон. Монгол банкны Ерөнхийлөгчийн ББСБ-ын зээлийн үйл ажиллагаанд мөрдөх үлгэрчилсэн журмын 2 дугаар зүйлийн 2.11-т “...Мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчин зээл олговол хариуцлагыг зээл олгохоор шийдвэрлэсэн этгээд хүлээнэ...” гэж заасан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүүг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч хариуцагчийн 9911-тэй дугаарыг барьцаалж зээл олгосон гэх боловч дугаарыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байна. Энэ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуци байсан ба тэд дугаараараа үүргийн гүйцэтгэлийг хангаж дуусгавар болгох ёстой. Ингэж төлбөр хуримтлагдах ёсгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дугаарыг хэт хямд зарсан байна. Барьцааны зүйлийг зарж байгаа гэсэн атлаа хариуцагчид мэдэгдээгүй. Хариуцагчийг зээлээ төлөх гэж очиход нь хадам ээжийнх нь зээлтэй хамт их мөнгө нэхэж, мөнгийг авахгүй байсан гэдэг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Шүүх нэхэмжлэл, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн барьцааны гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, зээлийн өргөдөл, зээлдэгчийн анкет, зээл төлөхийг шаардсан мэдэгдэл, зээлдэгчийн хяналтын карт, зээлдэгчид барьцаа хөрөнгийг бусдад худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийн тодорхой хэсгийг хангуулахыг мэдэгдсэн мэдэгдэл, үйлчилгээний гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МЗК ББСБ” ХХК нь А.А-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29.968.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг 27.113.000 төгрөг болгон, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өдийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 16.000.000 төгрөг, 21.168.000 төгрөгийн зээлийн хүү, 3.945.000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт зээлийн өрийн хэмжээ 41.113.000 төгрөг болж хуримтлагдсан ба үүнээс барьцааны 9911-тэй дугаарын үнэ 14.000.000 төгрөгийг хасаж нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч А.А нь “МЗК ББСБ” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 4,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 16.000.000 төгрөгийг зээлдэн авсан, үүргийн гүйцэтгэлд Мобикомын 99******6 дугаар эзэмших эрхийг 16.000.000 төгрөгөөр үнэлэн барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, мөнгийг хүлээн авсан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.
Хариуцагч зээлээс эргэн төлөлт хийгээгүй ба зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч үндсэн зээл 16.000.000 төгрөг, хүү 13.968.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.505.600 төгрөг төлөх тооцоотой болсон ба нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг хасаж, нийт 29.968.000 төгрөгийг нэхэмжилжээ. Энэ мөнгийг хариуцагчаар нэхэмжлэгчид төлүүлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр үндсэн зээлээс гадна одоо хүртэл хугацааны хүү 21.168.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.945.000 төгрөг, нийт 41.113.000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлийг ярьж шийдвэрлүүлэх гэж буй нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бичгээр нэмэгдүүлж гаргаагүй, тэмдэгтийн хураамжийг төлөөгүй тул нэмж нэмэгдүүлж тооцож буй шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм.
Хариуцагч гэрээний дагуу 16.000.000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлдэн авснаа хүлээн зөвшөөрдөг боловч үүргийн гүйцэтгэлд 9911-тэй дугаар эзэмших эрхийг барьцаалсан биш, фидуцийн гэрээний дагуу дугаарыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн гэрээний хугацаа дуусмагц зээл төлөх үүргийг нэхэмжлэгч дуусгавар болгох байсан гэж тайлбарлаж байна.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай талуудын хоорондын гэрээг харахад хуульд зааснаар хийгдсэн барьцааны гэрээ байх бөгөөд фидуцийн гэрээ гэж эргэлзэх зүйл алга байна. Фидуцийн гэрээ гэж үзэхэд 9911-тэй дугаарыг хэдэн төгрөгт тооцож авах нь тодорхойгүй, нөгөө талаар зээлдэгч буюу хариуцагч гэрээний хугацаа дууссанаас хойш зээл, хүүгийн өрийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж баталж байсан нь түүний бичсэн бичгүүдээс харагдаж байна. Үүргийг дуусгавар болгох талаар хариуцагч ер харилцаж байгаагүй байна. Зээлдэгч 9911-тэй дугаарыг бусдад шилжүүлж болзошгүй гэдэг үүднээс дугаарын эзэмшлийг нэхэмжлэгч шилжүүлж авч, ашиглалтыг зээлдэгч дээр байлгаж байсныг нэхэмжлэгч тайлбарлаж байна. Иймд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээгээр 9911-тэй дугаарыг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзсан, хариуцагч барьцааны хөрөнгийг нэхэмжлэгч захиран зарцуулсан гэх болон энэ нь үндэслэлтэй эсэх дээр шаардлага гаргаж мэтгэлцэж оролцоогүй тул энэ тал дээр шүүх дүгнэлт өгөөгүй, зөвхөн хариуцагчийн төлөх зээлийн өрийн хэмжээг тогтоосон болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан хариуцагч А.А-аас 29.968.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МЗК ББСБ” ХХК-д олгосугай.
2. Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 307.790 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307.790 төгрөгийг, гаргуулж нэхэмжлэгч “МЗК ББСБ” ХХК-д олгосугай.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба 7 хоногт бэлэн болох шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ С.БУД