Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2017/01107

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр

     Дугаар 182/ШШ2017/01107

       Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

            Нэхэмжлэгч: Г.Ц 

            Хариуцагч: К ХХК

            662.700 төгрөг нэхэмжилсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Нэхэмжлэгч Г.Ц нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Г.Ц миний бие К япон хэлний сургалтын төвд Япон улсад сонингийн ажил болон япон хэлний сургалтаар гэрээ байгуулсан. Захирал Н.Н нь сургалтанд сууж байгаа хүүхдүүд, эцэг эх болон батлан даагчидтай ярилцлага хийн 4 сард хичээл эхэлдэг учраас 3 сарын 15-ны өдөр гэхэд Японд очсон байна. Тийм учраас бичиг баримт явуулж байж 2 сард хариу ирнэ. Яаралтай гэрээ байгуулж байж хүүхдүүдийн материалыг би авч явна. Учир нь бичиг баримт явуулахад бас мөнгө ордог гэж хэлсэн. Иймд 2016 оны 10 сарын 18-ны өдөр бүх бичиг баримтаа бүрдүүлэн 30.000 иенийг төлж зуучлалын гэрээ байгуулж, “К” япон хэлний сургалтын төвд хэлний бэлтгэлд 10-р сараас 2-р сарыг дуусах хүртэл суралцан N5 түвшингийн шалгалтаа өгсөн. Гэтэл багш нар орчуулга хийгээд материалыг бэлдсэн байхад авч яваагүй байсан. Тэр ч бүү хэл 4-р сард явуулна гэж хэлчихээд одоогоор нэг ч хүн явуулаагүй байна. Удаа дараа шалтаг хайж, биднийг 7-р сард явуулна гэж хэлчихээд материал дутуу, ярилцлаганд тэнцээгүй, дүн тааруу гэсэн шалтаг хэлдэг. Жолооны А ангиллын үнэмлэхийг 4 дүгээр сард буюу Япон руу явахад бэлэн байхад болно гэсэн атлаа түүнээс болж бичиг баримтыг Япон руу явуулаагүй юм шиг ярьж байна. Өвөл жолооны курсууд мотоциклын буюу А ангиллын үнэмлэх олгодоггүйг өөрсдөө мэдэж байгаа. Захирал нь хэлсэндээ хүрэхгүй, бүх буруугаа багш сурагчид руу чихэж гэрээний мөнгөөр залилан хийж байна гэж үзэж байна. Иймд гэрээний төлбөрт өгсөн 662.700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Кохаги япон хэлний сургалтын төв нь 2004 оноос эхлэн япон хэлний сургалт явуулах, япон хэлний тодорхой түвшний мэдлэгтэй хүмүүсийг япон улсад хэлний бэлтгэл сургуульд зуучлах гэсэн 2 төрлийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлж байна.

Япон улсын “Майничи шинбүн” гэх сонингийн компаниас суралцагчийн хэлний бэлтгэлийн төлбөрийг 100 хувь япон хэлний сургуульд төлж, сонингийн ажлыг хийнгээ япон хэлийг сурах бас сургалтын төлбөрөөс гадна байрлах байраар үнэгүй хангагдаж, мөн сар бүр цалин тогтмол 80.000 иен буюу 1.600.000 төгрөг авч суралцах тэтгэлэгт хөтөлбөр байдаг. Манай сургалтын төвтэй хамтран ажилладаг япон улсын “Майничи шинбүн” компаниас манай төвөөр зуучлуулан Монголоос ажилчин авах тохиолдолд 10-12 сарын өмнө мэдэгддэг ба тухайн компанийн зүгээс хэд хэдэн шаардлага тавьдгийг бид яг энэхүү хөтөлбөрийг сонгож буй суралцагч нартаа танилцуулж, тэд зөвшөөрөн зуучлалын гэрээг байгуулдаг. Тухайн суралцагчийн зүгээс элсэн суралцах хүсэлт, хувийн анкет, сүүлд төгссөн сургуулийн дүнгийн жагсаалт, япон хэлний түвшин тогтоох шалтгалтын сертификат, жолооны А ангиллын үнэмлэх зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлж өгдөг. Г.Ц-ийн хувьд сонингийн тэтгэлэгт хөтөлбөрт суралцахаар сонингийн компанийн шаардлагуудыг тогтоосон хугацаанд нь биелүүлнэ гэж амлалт өгч гэрээ байгуулсан байдаг. Тэрээр 2017 оны 04 сарын элсэлтэнд багтан орох боломжтой байсан ч өөрийнхөө зүгээс бэлдэх дээрх материалуудаа бэлдэж чадаагүйгээс 4 сарын элсэлтээс хойшилсон. Тухайн тэтгэлгийг авч ажиллахын тулд мотоциклийн үнэмлэх зайлшгүй хэрэгцээтэй байдаг ба тухайн элсэгч мотоциклийн үнэмлэхээ өөрийн материалуудын хамт сургууль руугаа явуулж амжаагүй тохиолдолд япон улсад мотоциклийн үнэмлэх авах шалгалтанд орох боломжгүй байдаг буюу тухайн элсэгч тэрхүү сонингийн тэтгэлгийг авч чадахгүй гэсэн үг. Нөгөөтэйгүүр тэрээр 2016 оны 10 сараас 2017 оны 02 сар хүртэл япон хэлийг манай төвд суралцсан боловч 2 удаа анхан шатны доод түвшний шалгалтанд тэнцээгүй. Энэ нь түүний материалыг япон улсын хэлний бэлтгэл сургууль руу явуулах боломжгүй байдалд хүргэсэн дараагийн шалтгаан болсон. Манай төвөөс нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ одоо ч хүчин төгөлдөр бөгөөд түүнд түвшний шалгалтандаа 3 дахь удаагаа шамдан хичээгээд өгч тэнцэн, жолооны А ангиллын үнэмлэхээ шинээр авах нь зөвхөн өөрөөс нь шалтгаалаад байгааг анхааруулдаг байсан.

Гэтэл тэрээр буруугаа манай сургалтын төвийн үйл ажиллагаа руу чихэж, залилан хийж байгаа хэмээн нэхэмжлэлдээ бичсэн нь нотлох баримтгүйгээр байгууллагын нэр хүндэд халдаж байгаа хэрэг гэж үзэж байна. Өнгөрсөн 2016 онд гэхэд 25 суралцагч манай төвөөр дамжуулан япон зуучлуулан амжилттай суралцаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Шүүх нэхэмжлэл, иений ханшийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, гүйцэтгэх захирал томилох тухай ерөнхий захирлын тушаал, мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээ, Г.Ц-ийн жолооны үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г.Ц Япон улс руу явахад зуучлуулахаар өгсөн хөлс гэж 662.700 төгрөгийг хариуцагч Кохаги ХХК-аас буцаан нэхэмжилж байна.

            Хариуцагч “К” ХХК нь Г.Ц түвшний шалгалтанд тэнцээгүй, жолооны А ангиллын үнэмлэхгүй, материал бүрдүүлэлт дутуу байснаас түүний материалыг Япон руу явуулах боломжгүй байсан, нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйлдлээс шалтгаалж явах ажил саатсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

            Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч “К” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Зуучлалын гэрээ” гэгчийг байгуулж, зуучлалын хөлсний урьдчилгаанд 30.000 иенийг төлжээ.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Гэрээнээс харахад хариуцагч “К” ХХК нь нэхэмжлэгчийг зуучилж холбож буй этгээд нь тодорхой мэт боловч тухайн этгээдийн талаар ямар нэг баримт үгүй, уг этгээд  аль улсын хэн болох,  ямар ажил үйлчилгээ эрхэлдэг нь, мөн түүнчлэн зуучлагч тал хэрхэн яаж ажиллах, ямар ажлыг хэдий хугацаанд  гүйцэтгэх нь тодорхойгүй байна.

Зуучлуулагчийг Япон руу явуулахын тулд ямар бичиг баримт шаардлагатай, түүнийг гэрээ байгуулах үед бэлэн байлгах, эсхүл явц дунд бүрдүүлэх үү гэдэг нь тодорхойгүй, түүнийг тохиролцоогүйгээс маргааны үүсэх гол шалтгаан болжээ. Хариуцагч зуучлуулагчийн бүрдүүлэх ёстой баримтын жагсаалт гэх баримтыг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь талуудын хооронд хийгдсэн гэрээний хавсралт биш байх бөгөөд хэдийд үйлдэгдсэн, юуны хавсралт болох нь ойлгомжгүй байна. Зуучлагч гэрээний дагуу ямар ажил хийсэн болон цаашид ямар ажил хийх нь ч тодорхойгүй байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцохоор заажээ.

Иймд тэдний хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэхэд учир дутагдалтай, хариуцагч үндэслэл нь тодорхойгүйгээр нэхэмжлэгчээс 30.000 иенийг авсан байна.

Хэрэв талуудын хооронд гэрээ хийгджээ гэж үзэхэд, гэрээний 1.6, 2.1-ээс харахад зуучлуулагч нь зуучлагчаас өгсөн бичиг баримтыг хянаж Япон руу илгээх, 2.4-т хэлний төвийн сургалтанд хамруулж буй тохиолдолд тухайн хүнд зориулсан хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, хуваарийн дагуу эзэмшүүлж, зохих түвшинд хүргэх үүрэгтэй гэж заажээ.

Зуучлуулагч зуучлагч компани нь түүний бичиг баримтыг Япон руу явуулж хариу ирнэ гэсэн, компанид өгсөн бичиг баримтыг Япон руу илгээх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй, 2017 оны 2 дугаар сард Японоос хариу авна гэсэн боловч аваагүй, 4 дүгээр сар хүртэл сунгасан боловч материал илгээгдээгүй байна гэж тайлбарлаж байна. Хариуцагч ч материал дутуу тул нэхэмжлэгчийн бичиг баримтыг Япон руу явуулаагүй гэдгийг зөвшөөрч байна.

Хариуцагч нэхэмжлэгчид А ангиллын үнэмлэх, шалгалтын оноо шаардлагатай гэх боловч анхнаасаа А үнэмлэхгүй, шалгалтын оноо авч чадах эсэх нь тодорхойгүй байхад Япон руу явуулна гэж гэрээ хийж буй нь үндэслэлгүй байна. Шалгалтанд тэнцэхгүй бол хэрхэх талаар гэрээнд заагаагүй ажээ. Мөн хариуцагч зуучлуулагчийг хэлний зохих түвшинд хүргэх үүргээ хэрхэн яаж биелүүлэхийг зорьсон нь харагдахгүй байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.3-т хугацаа тохиролцоогүй бол зуучлуулагч гэрээг хэдийд ч дуусгавар болгох эрхтэй тухай заажээ.

К ХХК нь зөвхөн хэлний сургалт явуулах зөвшөөрөлтэй ба гадаадад ажиллаж сурах этгээдийг зуучлах үйл ажиллагаа явуулах эрх байхгүй байна.

Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид төлсөн 30.000 иен болох 662.700 төгрөгийг Кохаги ХХК-аас гаргуулж Г.Ц-т олгохоор шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

                                                                                                         ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан К ХХК-аас 662.700 төгрөгийг гаргуулж Г.Ц-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 20.460 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 20.460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД