| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 187/2018/0132/Э |
| Дугаар | 600 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 600
Х.Ж-эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Т.Жаргалсайхан,
шүүгдэгч Х.Ж-, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Х.Ж-ын өмгөөлөгч А.Кадирбек, Ж.Баасанжав нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Х.Ж-эд холбогдох эрүүгийн 1810003410101 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Жадик овгийн Х.Ж-, 1993 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, геологич мэргэжилтэй, “Морин Жолооч” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эгчийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,
Х.Ж- нь дуудлагын жолоочоор ажиллаж байхдаа 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 06 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн гаднаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхонд хохирогч Ц.Мөнхтулгын эзэмшлийн 30-50 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүргэж өгөхдөө автомашинаас “IPhone-7” загварын гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Х.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Ж-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Ж-ын өмгөөлөгч А.Кадирбек, Ж.Баасанжав нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээг ноцтой зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэж, ял оногдуулсан.
1. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Ж-ыг хэргээ хүлээн мэдүүлсэн гэж дүгнэж байгаа нь шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой судлаагүй нь тодорхой харагдана. Нөгөөтэйгүүр хохирогч хэргийн ямар нэгэн гомдол, саналгүй, хохиролгүй тухайгаа мэдүүлдэг.
Гэрч Э.Бат-Эрдэнэ нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар гэрчлээгүй, харин тухайн үйлдэл төгссөний дараах үйл баримтын талаар мэдүүлсэн байхад үүнийг шүүгдэгчийн гэм бурууд холбож, үнэлж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр авсныг, мөн Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээг шаарддаг.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол байхгүй. Мөрдөн байцаалтын явцад хулгайлсан гэх гар утасны бодит үнэлгээг бус, зах зээлийн үнэлгээг тогтоосон нь шударга ёсны зарчим, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд тус тус нийцээгүй.
3. Шүүгдэгч Х.Ж-ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэл тогтоогдож байгаа.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х.Ж-ыг цагаатгаж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Х.Ж-ын өмгөөлөгч Ж.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч А.Кадирбек бид хоёрын хувьд өөр өөр байр суурьтай байгаа. Миний үйлчлүүлэгч Х.Ж- нь хийсэн үйлдэлдээ гэмшсэн. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах бөгөөд тэрээр бусдад төлөх төлбөргүй болно. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Х.Ж- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...надад хулгай хийх санаа зорилго байгаагүй. Автомашины эзнээс өөрийн гар утсаа цэнэглэх зөвшөөрөл аваад цэнэглэсэн. Тухайн үед нойрмог байсан учраас өөрийнхөө гар утсыг авахдаа хүний гар утсыг давхар авсанаа мэдээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Ж-эд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Х.Ж- нь “Морин жолооч” ХХК-д дуудлагын жолоочоор ажиллаж байхдаа 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 06 цаг 43 минутын үед ирсэн дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн гаднаас иргэн Ц.Мөнхтулгын эзэмшлийн 30-50 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон түүнийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхонд 07 цаг 26 минутын үед хүргэж, улмаар автомашиныг нь хүлээлгэн өгөхдөө автомашин дотор цэнэглэж үлдээсэн Ц.Мөнхтулгын “IPhone-7” загварын гар утсыг хулгайлан авсан гэмт хэргийн үйл баримт нь;
- хохирогч Ц.Мөнхтулгын “...гар утсаа цэнэглээд автомашины дунд хайрцган дээр тавьчихаад байж байхад дуудлагын жолооч ирээд автомашин жолоодоод явсан... замдаа найз нарыгаа буулгачихаад Идэрчулууны хамт түүний гэр лүү хүргүүлсэн... дуудлагын жолооч өөрөө миний автомашинд гар утсаа цэнэглэж байсан бөгөөд буухдаа өөрийнхөө гар утсыг авч байгаа харагдсан. Тухайн үед би их нойрмог байсан учраас сайн анзаарч хараагүй...” /хх-ийн 5, 36/,
- гэрч М.Идэрчулууны “...13 цагийн үед сэрээд манай найз Мөнхтулга гар утсаа хайж эхэлсэн. Тэгээд гэр болон автомашин дотроо хайсан боловч олдоогүй. Ингээд бид хоёр цагдаад мэдэгдсэн... орой нь цагдаагийн байгууллагаас холбогдоод “Эзнийг нь олсон, Мөнхтулгын дугаар хэрэгтэй байна” гэж хэлсэн...” /хх-ийн 39-40/,
- гэрч Э.Бат-Эрдэнийн “...13 цагийн үед үйлчлүүлэгч залгаад танай дуудлагын жолоочоор өглөө хүргүүлсэн юм. Автомашин дотор байсан гар утас алга болчихлоо гэхээр нь Х.Ж- руу залгаж асуухад “Аваагүй” гэж хэлсэн... Х.Ж- үйлчлүүлэгчийн гар утсыг авсан талаар надад огт хэлж мэдэгдээгүй. Хэрэв үйлчлүүлэгчийн аливаа эд зүйлийг авсан тохиолдолд операторт мэдэгдэж хүлээлгэж өгөх ёстой байдаг. Эсвэл буцаж үйлчлүүлэгчид хүлээлгэж өгөх ёстой байдаг...” /хх-ийн 37-38/ гэсэн мэдүүлгүүд,
- алдагдсан эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 21/, “Морин Жолооч” ХХК-ийн “Х.Ж- нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дуудлагын жолоочоор ажиллаж байгаа” гэсэн тодорхойлолт /хх-ийн 23/, тус ХХК-д дуудлага ирүүлсэн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн бүртгэл /хх-ийн 24/ зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Шүүгдэгч Х.Ж- нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн үед үйлчлүүлэгчийн гар утсыг авснаа мэдээгүй ба сүүлд нь энэ тухай байгууллагынхаа операторт мэдэгдсэн...” гэж маргадаг боловч энэ нь түүний гэрчээр өгсөн “...өөрийн гар утсаа авахад хар өнгийн “IPhone” загварын гар утас давхар баригдахаар нь аваад гарчихсан юм. Ямар нэгэн бодолгүй авчихсан. Уг нь би зорчигчийн эд зүйлийг аваад явсан талаараа компанидаа мэдэгдэх ёстой байсан. Мөн автомашин болон эд зүйлийг нь бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн талаарх тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах ёстой байсан ч тэгээгүй. Тэр хуудас нь дуусчихсан байсан...” /хх-ийн 6/ гэх мэдүүлэг, мөн “Морин Жолооч” ХХК-ийн оператор Э.Бат-Эрдэнийн гэрчээр өгсөн “...13 цагийн үед үйлчлүүлэгч залгаад гар утас алга болчихсон байна гэхээр нь Ж- руу холбогдож асуухад “Аваагүй” гэж хэлсэн. Ж- надад гар утас авсан талаараа огт мэдэгдээгүй. Хэрвээ үйлчлүүлэгчийн аливаа эд зүйлийг авсан тохиолдолд операторт мэдэгдэж хүлээлгэж өгөх ёстой байдаг...” /хх-ийн 37-38/ гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.
Хулгайлах гэмт хэргийг гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр авч, хууль бусаар завшиж өөрт хэрэглэх буюу ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг бөгөөд гэмт этгээд тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.
Дээрх байдлаас дүгнэхэд, шүүгдэгч Х.Ж-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Түүнчлэн хөрөнгийн үнэлгээ зуучлалын үйлчилгээ явуулдаг “Damno” ХХК нь алдагдсан эд зүйл болох “IPhone 7” загварын гар утасны үнэлгээг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар тогтоосон нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад оролцогчдоос тухайн эд зүйлийн үнэлгээг дахин хийлгүүлэх талаар хүсэлт гараагүй байна.
Иймээс гэм буруу болон эд зүйлийн үнэлгээний талаар маргасан шүүгдэгч Х.Ж-ын өмгөөлөгч А.Кадирбек, Ж.Баасанжав нарын давж заалдсан гомдлыг хүлээн үндэслэлгүй гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Ж-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болсны гадна, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйлд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ж-ын өмгөөлөгч А.Кадирбек, Ж.Баасанжав нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ж-ын өмгөөлөгч А.Кадирбек, Ж.Баасанжав нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.МЯГМАРЖАВ
Н.БАТСАЙХАН