Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 18

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом суманд байрлах, “У.Р.Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

         Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн А/125 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, захиргааны актын улмаас учирсан хохиролд 18595101 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “У.Р.Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч “У.Р.Э” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“У.Р.Э” ХХК-нь 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А\49 тоот тогтоолоор Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажпын албатай Увс аймгийн Улаангом суманд байрлах хүнсний худалдааны "Мини зах"ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах тухай гэрээ байгуулж, уг захыг шилжүүлж авсан. Гэрээ байгуулахдаа барьцаанд 20.652.000 төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулсан. "Мини зах"-ыг манай компанид хүлээлгэн өгөхдөө 4 лангууны хагас хулсан хаалт дутуу, 27 лангуунаас 16 лангууны цахилгаан залгуур суурилагдаагүй, мөн барилгын оройн хэсэг цоорхой гэрэлтэж харагдаж байсан, галын хорны хугацаа дууссан, дээврийн усны хаялга байхгүйгээс болзошгүй аюулаас сэргийлэх боломжгүй байсан. “У.Р.Э” ХХК-ийн зүгээс "Мини зах"-ыг хүлээн авах үедээ эдгээр зөрчлүүдийг засах талаар шаардлага тавихад уг шаардлагыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хүлээн авч, засварын асуудлыг бүрэн шийдвэрлэж өгнө хэмээн хөрөнгө хүлээлгэн өгөх тухай актад тусгуулсан. Үүнээс хойш манай компанийн зүгээс зөрчлийг засуулах талаар байнга мэдэгдэж, хүсэлт тавьж байсан боловч засаж янзалж өгөөгүй. Эдгээр зөрчил, дутагдал гэрээний үүргийн биелэлтэд маш ноцтой сөрөг нөлөө үзүүлж байсан.

          "Мини зах"-ын цахилгааны хангамжийн талаар дүгнэлт гаргуулахаар Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандсаны дагуу эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 20\07\033\01 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд дүгнэлтээр захын дотор цахилгаан монтаж нь холбогдох норм, дүрмүүдийн шаардлагыг хангахгүй байгааг тогтоосон юм. Ингээд менежментийн гэрээний дагуу "Мини зах"-ын лангууг хүнсний худалдаа эрхлэгч нарт түрээсэлсэн боловч барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан монтаж, разетка, унтраалга ажиллагаагүй.тоног төхөөрөмж ажиллуулах боломжгүй, хүчдэл даахгүй зэрэг байдлаас болж түрээслэгч нар түрээсээ төлөхгүй гарцгаасан, дахин худалдаачид түрзэслээгүй учраас орлого олж, ашипгай ажиллах боломжгүй болсон. Гэрээг хэрэгжих явцад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 3 удаагийн ажпын хэсэг томилогдон дүгнэлт гаргаж байсан. Ажпын хэсэг дүгнэлтдээ 16 лангууны цахилгаан дутуу, заалны гэрэлтүүлэг болон цахилгааны хүчин чадал муу зэргээс манай компанийг үйлчлүүлэгчээ алдахад хүрч ашиггүй ажиллах болсон гэж үзээд дутуу ажпыг Б  ХХК-аар гүйцээн хийлгэж, цаашид ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллах зөвлөмж гарган, гэрээг үргэлжлүүлэх саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн хуралд танилцуулснаар хурлаас бидний хооронд байгуулагдсан гэрээг 2 жилийн хугацаагаар сунгах шийдвэр гарсан. Хурлын шийдвэрийн дагуу менежментийн гэрээний зарим нэг заалтад өөрчлөлт оруулан 2011 оны 11 сарын 06-ны өдөр дахин шинэчилж байгуулсан. Шинэчлэн байгуулснаас хойш өмнөх зөрчил дутагдлыг арилгаж өгөөгүйн дээр гэрээний хугацаа дуусахаас өмнө манай үйл ажиллагааг зогсоож хохироосон. Үндсэндээ гэрээг 2 жилээр сунгасан боловч 1 жил 7 сарын хугацаанд манай үйл ажиллагааг зогсоосон. Үүний дараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас менежментийн гэрээний үүргийн биелэлтэд дүгнэлт хийх дараагийн ажлын хэсэг 2017 оны 4 сарын 4-ний өдөр гэрээний үүргийн биелэлтийг нийт 100 оноогоор дүгнэн, манай компанид 50 оноо өгч гэрээний үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн А\116 дугаартай тогтоолоор менежментийг гэрээг цуцалж, дэнчинг улсын орлого болгож шийдвэрлэсэн.

           Хурлын тэргүүлэгчдийн дээрх шийдвэрийг манай компани эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн А\166 дугаар тогтоолыгхүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрт талууд гомдол гаргаагүй ба шийдвэр хүчин төгөлдөр болсон.

         Гэтэл үүнээс сарын дараа Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн А\125 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрийг үндэслэн "Мини зах"-ын менежментийн гэрээг гэрээний хугацаа дууссан үндэслэлээр цуцалж, дэнчингийн 20 сая төгрөгийг улсын орлогод үлдээж манай компанийг дахин хохироолоо.

              Манай компанийн зүгээс менежментийн гэрээг дуусгавар болгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасны дагуу ажпын хэсэг томилон дүгнэлт гаргуулж, дэнчинг буцаан олгохгүй гэх хариуг 2019 оны 5 сарын 22-ны өдөр өгснийг иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс өөрсдийн гаргасан тогтоолоо зөв гэж үзэж манайд өгсөн албан ёсны хариу гэж ойлгож байна. Гомдлын хариуг Увс аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2019 оны 5 сарын 14-ний өдрийн 117 дугаар албан бичгээр манайд ирүүлэхдээ ажпын хэсгийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар тэмдэглэл зэрэг баримтуудыг хавсарган 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Ус рашаан эрдэнэ компанид хүлээлгэн өгсөн болно.

          Бидний хооронд байгуулагдсан менежментийн гэрээнд зааснаар менежментийн гэрээний үүргийн биелэлтийг "хангалттай" гэж үзсэн тохиолдолд уг гэрээг дуусгавар болсон тухай баримтад талууд гарын үсэг зурах, "хангалтгүй" гэж үзсэн тохиолдолд менежментийн гэрээг цуцлах шийдвэр гаргахаар зохицуулсан байгаа.

         Гэтэл аймгийн иргэдийн хурлын Тэргүүлэгчид хугацаа дууссан буюу гэрээнд заагдаагүй үндэслэлээр гэрээг дуусгавар болгож, манай компанийн барьцаанд төлсөн 20.652.000 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцлага тооцох шийдвэр гаргасан нь менежментийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна. Гэрээний хугацаа дууссан явдал нь манай компанид хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм.

         Гэрээг хэрэгжих явцад Иргэдийн төлөөлөгчдийн ажлын албанаас 3 удаагийн ажлын хэсэг томилогдож дүгнэлт гаргаж байсан ба анх манай багийн менежментийн гэрээний үр дүн, үүргийн биелэлтийг хянаж, танилцуулах ажлын хэсэг 2015 оны 2 сарын 24-ний өдөр дүгнэлт гаргаж, 16 лангууны цахилгаан дутуу. заалны гэрэлтүүлэг болон цахилгааны хүчин чадлыг бууруулж тавьсан зэргээс манай компанийг үйлчлүүлэгчээ алдахад хүрч ашиггүй ажиллаж байна гэсэн дүгнэлтийг гаргаж байсан.

          2019 оны 4 сарын 15-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр байгууллагыг анх хүлээж авснаас хойш учруулсан мөнгөн хохирлын (элэгдэл, хорогдол) хэмжээг 2.004.899 төгрөг гэж тогтоосныг бид хүлээн зөвшөөрсөн ба үүнийг нэмэгдүүлсэн шаардлагаас хасаж тооцсон болно.

           Иймд Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А\125 дугаар тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн А\125 тоот "Мини зах"-ын менежментийн хувьчлал дуусгавар болгох тухай тогтоолын улмаас учирсан хохиролд 18.595.101 (Арван найман сая таван зуун ерэн таван мянга нэг зуун нэг) төгрөгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс гаргуулж өгнө үү” гэв.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба болон нэхэмжлэгч “У.Р.Э” ХХК-ийн хооронд хүнсний худалдааны мини захыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ байгуулагдсан. 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мини захын барилгыг “У.Р.Э” ХХК-д хүлээлгэн өгч хөрөнгө шилжүүлэх акт үйлдсэн. Хөрөнгийг хүлээлгэн өгөх үед 4 лангууны хагас хулсан хаалт дутуу, 16 лангууны цахилгааны резетк дутуу, дээврийн орой хэсэг гэрэлтэж харагдаж байсан. Галын хорны хугацаа дууссан. Усны хаалт байхгүй байсан учир болзошгүй аюулаас сэргийлэх боломжгүй байна гэсэн хүсэлтийг холбогдох байгууллагад тавьж байсан. Хүсэлт тавьж байсан талаар хөрөнгө шилжүүлсэн актаас харах боломжтой. Эдгээр зөрчлийг арилгуулах талаар нэхэмжлэгч талаас удаа дараа холбогдох байгууллагад хандаж хүсэлт тавьж байсан боловч тэр дор нь арга хэмжээ авч өгч байгаагүй. 2016 оны 11 дүгээр сарын үед 16 лангууны цахилгааны асуудлыг шийдвэрлэж өгсөн. Энэ хугацаанд гэрээг 1 удаа шинэчлэн байгуулсан. Гэрээг хэрэгжих явцад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас 3 удаа ажлын хэсэг томилогдож, менежментийн гэрээ үр дүнтэй байгаа эсэхэд дүгнэлт гаргаж байсан. Эхний ажлын хэсэг 2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдаж байсан. Ажлын хэсэг дүгнэлтдээ менежментийн гэрээ үр дүнгүй байна гэсэн дүгнэлт гаргаж байсан. Яагаад үр дүнгүй менежментийн гэрээ байгуулсан гэх дүгнэлт гарах болсон шалтгаан нь анхнаасаа цахилгааны асуудлыг шийдэж өгөөгүйтэй шууд холбоотой. Худалдагч тал анхнаасаа үүргээ биелүүлээгүйн улмаас худалдан авагч тал менежментийн гэрээгээ үр дүнтэй хэрэгжүүлэх боломжгүй болсон учраас гэрээг сунгасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “У.Р.Э” ХХК-ийн зүгээс мини захын үйл ажиллагаанд зайлшгүй авах арга хэмжээний талаар удаа дараа хандаж байна. Анх хүлээлгэж өгсөн дутуу зүйлс огт засагдаагүй учир 23 түрээслэгчээс 11 түрээслэгч үлдсэн. Худалдагч тал гэрээний үүргээ хангалттай сайн биелүүлэхгүй байгаа учир гэрээ цуцлахаар албан тоотыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Ажлын албанаас 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр менежментийн гэрээний үр дүнгийн биелэлтийг дүгнэхээр 2 дахь ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг мөн адил менежментийн гэрээ үр дүнгүй ажиллаж байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Барилгыг хүлээн авснаас хойш 2 сарын дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас барилгын цахилгааны ажил шаардлагын түвшинд байхгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Худалдагч тал дутуу барилга хүлээлгэн өгсөн учир худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон. 3 дахь ажлын хэсэг 2017 оны 4 дүгээр сард байгуулагдаад 100 онооны системээр гэрээг дүгнэж, түүнээс “У.Р.Э” ХХК-д 50 оноо өгөөд хангалтгүй гэж үзэж дэнчинг улсын орлого болгосон байдаг. “У.Р.Э” ХХК-ийн зүгээс дэнчинд 20.652.000 төгрөг төлсөн байсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч “У.Р.Э” ХХК-иас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Уг шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай шийдвэрээр 2017 оны менежментийн гэрээг цуцлах тухай тогтоолыг хүчингүй болгосон. Сарын дараа 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/125 тоот тогтоолоор менежментийн гэрээний хугацаа дууссан учир дуусгавар болгоно гэж захиргааны акт гаргасан. Уг захиргааны акт гаргахдаа захиргааны байгууллагаас ямар нэгэн байдлаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа явуулж, албан ёсоор тайлбар авч мэдэгдсэн зүйл байхгүй. Хэргийн материалд сонсох ажиллагаа явуулсан тухай нотлох баримт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл болон 27 дугаар зүйлийг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэрээг дуусгавар болгож байгаа үндэслэлээ хугацаа дууссан мөн менежментийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн өмнөх шүүхийн шийдвэрийг баримтлан Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Орон нутгийн өмчийн тухай хуулиудыг тус бүр баримталсан  байдаг. Гэтэл өмнөх шүүхийн шийдвэр нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон болохоос биш гэрээг дуусгавар болсон гэх дүгнэлт хийгээгүй. Гэрээ дуусгавар болж буюу ойлголт нь талуудын хэн нэгний оролцоогүйгээр тухайн гэрээний хугацаа дууссанаар гэрээний үйлчлэл зогсож байгаа хууль зүйн ойлголт байгаа. Гэтэл гэрээний хугацаа дууссан энэ асуудал нь “У.Р.Э” ХХК-иас болоогүй. Гэрээний хугацаа дууссаны төлөө худалдан авагч талд хариуцлага хүлээлгэж, дэнчинг улсын орлого болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамаарч худалдагч тал гэрээг цуцалсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр шинэчлэн 2 жилийн хугацаатай байгуулсан байтлаа 2017 онд гэрээг цуцалсан. Гэрээг дуусгавар болгосон бол гэрээг дүгнэж, үнэлгээ өгөх ёстой байсан. Хангалтгүй гэж үзсэн бол яагаад ямар үндэслэлээр ямар журмыг баримтлан гэрээг дүгнэсэн эсэхээ тодорхой байлгах ёстой байсан. Гэрээний хугацаа дууссан бол гэрээг дуусгавар болгож, дэнчинг улсын орлого болгож, нэхэмжлэгч талд хариуцлага тооцно гэсэн хуулийн заалт гэрээнд байхгүй. Төр гэрээний үүргээ зөрчсөн байтал хариуцлагаа иргэн хуулийн этгээдэд тохож болохгүй. Гэрээг цуцлах шаардлага бий болсон бол яагаад эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааг явуулаагүй болох нь мөн адил тодорхойгүй байна. “Ус рашаан эрдэнэ” ХХК-ийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 14-ий өдөр гарсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг мэдээгүй байж байгаад хүнээс сонсоод 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн гомдол гаргасан. Хурал уг гомдлыг хүлээн аваад ажлын хэсэг байгуулж шалгасан боловч ажлын хэсгийг дүгнэлтийг нэхэмжлэгч талд өгөөгүй учир өөрөө хөөцөлдөж байгаад 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажлын хэсгийн дүгнэлтийн хариуг авсан. Сонсох ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэрээг дуусгавар болгож байгаа үндэслэл нь гэрээтэйгээ нийцээгүй. Захиргааны хууль бус актын улмаас “Ус рашаан эрдэнэ” ХХК-д хохирол учирсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

           Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Э.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дугаар сарын 16-ны А/49 дүгээр тогтоолоор “У.Р.Э” ХХК-д хүнсний худалдааны "Мини зах"-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлахаар шийдвэрлэж "Мини зах"-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах" гэрээ байгуулан тус компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. “Мини зах”-ын барилгыг улсын комиссоос хүлээж авсан актын дагуу "Мини  зах”-ын менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээний 1.1.2-т заасан батламж бичгийн дагуу акт үйлдэн хүлээлгэн өгсөн.

          "Мини зах"-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Төрийн өмчит хуулийн этгээдийг удирдах үйл ажиллагааг /менежмент/ удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай, үйлдвэрлэлийг үр ашигтай зохион байгуулах ур чадвартай, хувийн өмчит хуулийн этгээд, хувь хүнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэсэн зохицуулалтыг баримталсан байхаас гадна бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэн явуулах талаарх харилцааг зохицуулсан онцлог шинжтэй акт юм. Тус компанитай "Мини зах”-ыг хувьчлах гэрээ байгуулахдаа менежментийн гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгон Төрийн сан дахь орон нутгийн өмчийн сангийн дансанд 20.652.000 төгрөгийн дэнчинг гэрээнд заасан нөхцлийнхөө дагуу төлөх ёстой байдаг. “У.Р.Э” ХХК нь гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, мөн 9.7-д заасан хөрөнгө оруулалт хийх үүргийнхээ үйл ажиллагаа эрхэлж байх хугацаандаа тухайн барилгын гэрэлтүүлэг, цахилгаан. дээвэр зэрэг нь үйл ажиллагаа хэвийн явуулахад шаардлага хангахгүй байгаа талаарх асуудлаа өөрөө шийдэх ёстой байсан.

         Мөн “У.Р.Э” ХХК-тай байгуулсан 2015 оны 11 сарын 06-ны А/146 тоот тогтоолын 1 дэх хэсэгт "Мини зах"-ыг "Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ"-нд өөрчлөлт хийж гэрээний 9.4.1-т заасан худалдан авагч нь байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй бөгөөд үйлчилгээний хүрээг сайжруулна гэснийг Хүнс барааны худалдаа гэж өөрчлөх, 9.4.2 Хүнсний худалдаанд харшлахгүй бэлэн бүтээгдэхүүн худалдах, ажил үйлчилгээ үзүүлэх гэж нэмж үйлчилгээний төрөлд өөрчлөлт оруулсан шийдвэрийг хүртэл гаргаж гэрээний хугацааг дахин 2 жилээр сунгаж шийдвэрлэсэн.

           Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэдэг асуудал өөрөө тухайн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтайгаар удирдан зохион байгуулах, засаж сайжруулах талаар тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой байдаг. Гэтэл “У.Р.Э” ХХК нь "Мини зах"-ын үйл ажиллагааг ашигтайгаар удирдан зохион байгуулж менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээний үүргээ биелүүлж ажиллаж чадаагүй.

           Иймд “У.Р.Э” ХХК-ийн хүсэлт бүрийг шийдвэрлэж захын ундсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөн гэрээг шинэчлэн байгуулж, үр ашигтай ажиллах боломж бололцоог олгох шийдвэр гаргаж байсан. Өөрийн үйл ажиллагаагаа зөв менежментээр удирдан зохион байгуулж ажиллаж чадаагүй, мөн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний харилцааг дуусгавар болгосон.

           Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58 4.1-д удирдах үйл ажиллагааг гүйцэтгэгч /менежер/ этгээдээс үйлдвэрийн зохион байгуулалт, технологийн үйл ажиллагааг өөрчлөн байгуулах болон үр ашиг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа, үе шат, дүгнэж үнэлэх шалгуур үзүүлэлттэй байх талаар зохицуулсан байдаг.

              Мөн хуулийн 58.1. 4-д гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйд хүлээлгэх ариуцлага, учруулсан хохирлыг нөхөн төлөх хэлбэр, хэмжээ, түүнд барьцаалах хөрөнгө байхыг тус тус шаардсан байдаг тул "Мини зах"-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ байгуулахдаа менежментийн гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгон Төрийн сан дахь орон нутгийн өмчийн сангийн дансанд байршуулсан 20.652.000 төгрөгийн дэнчинг буцаан олгох үндэслэл байхгүй болно. Гэрээний 12 дугаар зүйлийн 12.2.2-т гэрээг дуусгавар болгосонтой холбоотой асуудлыг зохицуулсан болно.

        Иймээс “У.Р.Э” ХХК-иас танай шүүхэд хандаж гаргасан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/125 тоот тогтоолыг хүчингүй болгохыг даалгуулах тухаы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Увс аймгийн Тамгын газар болон аймгийн хурлаас“У.Р.Э” ХХК-тай гэрээ хийхдээ сонгон шалгаруулалт хийх журам түүний гэрээг танилцуулаад албан ёсоор 2 компани өрсөлдсөн ба тухайн сонгон шалгаруулалтаас “Ус рашаан эрдэнэ” ХХК шалгарсан учир сонгон шалгаруулалт хийх журам, гэрээний төслийг танилцуулаад албан ёсоор санал авахаар өгсөн. “У.Р.Э” ХХК нь сонгон шалгаруулалт явуулах журам болон гэрээтэйгээ танилцаад гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрч гэрээг хийсэн. Төрийн өмчийн хороотой тохиролцсоны дагуу сонгон шалгаруулалт явуулах гэрээ, журмыг боловсруулсан. “Ус рашаан эрдэнэ” ХХК-ийн зүгээс сонгон шалгаруулалтын гэрээ, журмыг хүлээн зөвшөөрсөн хариу саналыг ирүүлсэн.Гэрээнд заасан үүргийн дагуу “У.Р.Э” ХХК-ийн зүгээс дэнчинд 20.000.000 төгрөгийг байршуулсан. Мөн гэрээнд заасны дагуу тухайн компаниас 2014-2016 оны хооронд хэрэгжүүлэх менежментийн гэрээ байгуулах бизнес төлөвлөгөөг гаргасан. “У.Р.Э” ХХК-ийн зүгээс гэрээ хийхдээ барилгын нөхцөл байдалтай танилцаж, дэнчинг байршуулаад менежментийн гэрээ байгуулах бизнес төлөвлөгөөг гаргасан. Тухайн барилгыг аваад ямар үйлчилгээ явуулж, цаашид ямар байдлаар ашигтай ажиллах талаарх асуудлыг худалдан авч буюу тал хариуцдаг. “У.Р.Э” ХХК-ийн зүгээс барилгын цахилгааны асуудлыг шийдэж өгнө үү гэсэн албан тоот ирүүлсний улмаас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлаар тухайн асуудлыг хэлэлцүүлээд барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн “Б” ХХК-тай холбогдож холбогдох засвар үйлчилгээг хийж гүйцэтгүүлсэн. 2015 онд “У.Р.Э” ХХК-ийн зүгээс гэрээг цуцлах санал өгсөн гэдэг боловч албан ёсоор санал өгч гэрээг цуцлах асуудлыг хэлэлцээгүй. Албан ёсоор гэрээ цуцалсан бол иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлаас гэрээг цуцлах шийдвэр гарах ёстой байсан. “У.Р.Э” ХХК-ийн зүгээс тайлбарлахдаа “Хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нь хангалтгүй байна. Үүнийг өргөжүүлээд олон төрлөөр үйл ажиллагаа явуулах саналтай байна” гэсэн хүсэлт гаргасан учир хүсэлтийг хүлээн авч хүнс бараа, худалдаа үйлчилгээ явуулах эрхээр нь хангаж, 2 жилийн хугацаатай буюу 2017 он хүртэл гэрээ сунгагдсан. Жилд хэдэн төгрөг төлөх талаар хуваарь гаргасан боловч “У.Р.Э” ХХК-ийн зүгээс 2-3 жилийн хугацаанд ямар нэгэн төлөлт хийгдээгүй. Яагаад төлөхгүй байгаа талаар асуутал төлбөр төлөх боломжгүй байна гэсэн хариуг өгч байсан. 2016 оноос хойш бизнес төлөвлөгөөг дахин боловсруулж сунгуулсан зүйлгүй явсаар байж 2018 он хүрснээр та нараас болж алдагдалтай ажиллахад хүрсэн гэж хэлээд барилгыг хүлээлгэж өгөх асуудалд маргаан үүсэж эхэлсэн. Гэрээний үүргийн дагуу “У.Р.Э” ХХК-ийн байршуулсан дэнчин болох 20.000.000 төгрөгийг улсын орлого болгосон. Анх 4 жилийн өмнө өгсөн барилга нь цоо шинэ ямар нэгэн байдлаар элэгдэл хорогдолд орсон зүйлгүй барилга өгсөн. Барилгыг 4 жилийн дараа хүлээн авахдаа тусгай төсөвчин томилуулж, хохирлын хэмжээг гаргуулсан. Төрийн хөрөнгийг хэн нэгэн ашиглаад хаяж болохгүй. Тодорхой хэмжээний хариуцлагын асуудал байх ёстой” гэв.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мини захын барилгыг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 64 тоот актаар барилгыг анх улсын комисс хүлээн авсан. Уг барилгыг орон нутгийн өмчийн газар хүлээн аваад тухайн барилга байгууламжийг яаж ашиглах вэ гэсэн асуудлаар Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал тавьж байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн хөрөнгийг хувьчлах 8 арга хэлбэр байдаг. Тухайн арга хэлбэрээс 30 хоногийн хугацаагаар дуудлага худалдаа хийх, мөн түрээсээр ашиглуулах, менежментийн хувьчлалаар хувьчлах гэсэн 3 арга хэлбэрийг сонгож аймгийн хуралд танилцуулж байсан. Түрээсээр тухайн объектыг ажиллуулсан тохиолдолд аймгийн хурлаас батлагдсан түрээсийн журмын дагуу 1 м/кв 5000 төгрөгөөр түрээслүүлэх журмын дагуу жилд 16.500.000 төгрөгийн түрээсийн орлого олох боломжтой юм байна. Худалдан борлуулбал төсөвт өртгөөр нь худалдан борлуулж 275.000.000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэх боломжтой юм байна. Менежментийн хувьчлалаар хувьчилсан тохиолдолд хуульд зааснаар 3 жилийн хугацаагаар хувьчлах боломжтой юм байна. Хувьчлан авсан аж ахуй нэгж нь цаашид шинээр орж байгаа барилга байгууламжид нэмж тоноглолоо хийхээр гэрээнд тусгасан байгаа. Ингээд энэ 3 арга хэлбэрээс менежментийн хувьчлалаар хувьчлах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж сонгон шалгаруулалт зарлаж 2 компанийн дундаас “Ус рашаан эрдэнэ” ХХК шалгарч, сонгон шалгаруулалтын журам болон гэрээний төслийг танилцуулсны үндсэн дээр барилга объекттой танилцуулж, 3 жилийн менежмент төлөвлөгөөг нь харгалзан үзээд гэрээг байгуулж байсан. Хувьчлалын журамд зааснаар гэрээнд өөрчлөлт оруулах санал байвал ирүүлээрэй гэдгийг хэлж, барилгын гадна дотно байдлыг М.Оюунболдод танилцуулж, гэрээ байгуулж гарын үсэг зуруулж байсан. Ус рашаан эрдэнэ ХХК-ийн зүгээс гэрээг хүлээн зөвшөөрч ямар нэгэн саналыг тухайн үед ирүүлж байгаагүй. Хувьчлалын журмын 11.7 дугаар зүйлд гэрээний барьцаа болох дэнчинг олгох эсэхийг заасан байгаа. 206.000.000 төгрөгөөр уг барилгыг хувьчлахаар тооцоолол гарсан байсан. “Ус рашаан эрдэнэ” ХХК-ийн хувьд гэрээнд заасан үүргээ хангалттай сайн биелүүлсэн тохиолдолд дэнчинд байршуулсан 20.000.000 төгрөгийг гэрээний үүргийн биелэлтэд тооцож, үлдэгдэл 180.000.000 төгрөгийг төлөх боломжтой гэсэн зохицуулалтыг журамд зааж өгсөн. Хэрвээ үлдэгдэл 180.000.000 төгрөгийг хийгээгүй тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй гэж зааж өгсөн байдаг. Бид тухайн барилгыг хувьчлахаас өмнө дэнчингийн асуудлыг харилцан тохиролцоод шийдсэн байгаа. Уг журмын дагуу 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Ус рашаан эрдэнэ” ХХК-ийн зүгээс батламж бичиг гаргаж өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлөлтийн хувиар гаргаж өгсөн. 2016 оны 12 дугаар сард 85.400.000 төгрөг төлнө. 2017 оны 12 дугаар сард 100.000.000 төгрөгөө төлнө. Нийт 185.400.000 төгрөгийг төлнө гэсэн төлбөрийн хуваарийг“У.Р.Э” ХХК-ийн зүгээс ирүүлсэн. Энэ хуваарийн дагуу 2016 оны 12 дугаар сард 185.400.000 төгрөгийн төлбөр төлөх ёстой байсан боловч гэрээний 2 жилийн хугацаанд 1 ч төгрөгийн төлбөр төлөөгүй учир гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Гэрээний 9.7 дугаар зүйлд хөрөнгө оруулалт хийж болно гэж заасан байгаа. Худалдан авагч нь бизнес төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалт хийх үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байгаа. Тухайн байгууллага өөрсдөө бизнес төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулах бүрэн боломжтой байсан. Бид 2018 оны 10 дугаар сард тухайн барилгыг хүлээн авах үед Ус рашаан эрдэнэ ХХК-ийн зүгээс лангуугаа өөрчилж, хаалт таславч хийсэн байсан учир хийсэн хөрөнгө орлогын тооцож баталгаажуулаад 1.060.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сард төрийн сангийн данснаас “У.Р.Э” ХХК-ийн данс руу хийсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2015 онд гэрээ цуцлах санал өгсөн. Тухайн саналыг 2015 оны 12 дугаар сард аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар цуцлах саналыг хэлэлцүүлж, Ж.М-ыг өөрийг нь хуралд оролцуулж саналыг нь сонсож, хүнсний худалдаа байсан гэрээг хүнс, барааны худалдаа болгож өөрчилсөн тогтоол гаргасан. Мини захын барилгын цахилгааны асуудлыг гүйцэтгэгч компани болох “Б” ХХК-д санал хүргүүлж, цахилгааны асуудлыг шийдэж өгсөн. Гэрээний үүргийг биелүүлээгүй мөн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй учир гэрээний 12.2 дахь хэсэгт зааснаар дэнчинг улсын орлого болгосон. Төрийн хөрөнгийг үнэгүй ашиглуулах боломжгүй учир дэнчинг улсын орлого болгох шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “У.Р.Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-аас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн А/125 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны актын улмаас учирсан хохиролд 18595101 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг гаргасан болно.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч,хариуцагч талын тайлбар,шүүх хуралдаанд нэхэмжлэгч,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

            “У.Р.Э” ХХК-д маргаан бүхий актыг 2019.06.14-ний өдөр гардуулан өгсөн нь Орон нутгийн өмчийн газрын 2019 оны явуулсан баримт бичгийн бүртгэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан гэж үзлээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “гэрээний хугацаа дуусгавар болсон нь худалдан авагч талд хариуцлага хүлээлгэх үндэслэл болж дэнчинг улсын орлогод үлдээсэн нь хууль бус” гэж тодорхойлж маргаж байна.

            Хариуцагчийн зүгээс“У.Р.Э” ХХК нь төлбөрөө бүрэн төлөөгүй гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Маргаан бүхий акт буюу Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн А/125 дугаартай тогтоолоор Мини захын менежментийн хувьчлалын гэрээний хугацаа дуусаж,төлбөр бүрэн төлөгдөөгүй тул хувьчлалыг дуусгавар болсонд тооцсон байна.

          Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 сарын 16-ны өдрийн А/49 тоот тогтоолоор “Мини зах”-ыг менежментийн үр дүнг харгалзан  хувьчлахаар шийдвэрлэж 2014 оны 10 сарын 17-ны өдөр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон “У.Р.Э” ХХК-ийн хооронд хүнсний худалдааны “Мини зах”-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээг байгуулжээ.

        2014 оны 10 сарын 28-ны өдөр Улаангом сумын 3-р багт байрлалтай “Мини зах”-ын барилгыг “У.Р.Э” ХХК-д хүлээлгэн өгч акт үйлджээ.

          Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн А/146 дугаартай тогтоолоор “Мини зах”-ын үйл ажиллагааны хүрээг өргөтгөн нэмэгдүүлэх зорилгоор менежментийн гэрээний 9-р зүйлийн 9.4 дэх заалт Үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх гэснийг үндсэн үйл ажиллагааны чиглэл гэж, 9.4.1-д худалдан авагч нь байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл,хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй бөгөөд үйлчилгээний хүрээг сайжруулна гэснийг Хүнс,барааны худалдаа гэж өөрчлөх, 9.4.2-д Хүнсний худалдаанд харшлахгүй бэлэн бүтээгдэхүүн худалдах,ажил үйлчилгээ үзүүлэх гэж нэмж гэрээний холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж баталж,гэрээнд өөрлөлт орсонтой холбогдуулан гэрээг шинэчлэн байгуулах талаар шийдвэрлэсэн байна.

           Гэрээний үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2015 оны 11 сарын 06-ны өдөр гэрээг шинээр байгуулан холбогдох өөрчлөлтийг оруулж, гэрээний хугацааг 2 жил байхаар тогтоожээ.

                Маргаан бүхий акт буюу Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн А/125 дугаартай тогтоолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 81 дүгээр зүйлийн 81.1, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 10 сарын 01-ний өдрийн 30 дугаартай шийдвэр, “У.Р.Э” ХХК-тай байгуулсан “Мини” захыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээний 12.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэжээ.

          Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн А/116 дугаартай тогтоолоор “У.Р.Э” ХХК-ийг гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн менежментийг гэрээг цуцалж,дэнчинг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

          Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 01-ний өдрийн 30 дугаартай шийдвэрээр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А/116 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

         Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийн талаарх зохицуулсан байх бөгөөд  Мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “ Орон нутгийн өмчийг хувьчлах арга, хэлбэр, журмыг энэ хуулийн зургадугаар бүлэгт заасныг удирдлага болгон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно “ гэж заасан байна.

         Мини захыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээний 12.2.2 дахь хэсэгт гэрээг дуусгавар болгосноор хүлээх хариуцлагыг дурдсан байх бөгөөд дэнчинг улсын орлого болгох,байгууллагад хийсэн хөрөнгө оруулалтыг тооцож худалдан авагчид нөхөн олгож болох тухай заажээ.

          Хариуцагч талаас “Мини зах”-ын хөрөнгийг “У.Р.Э” ХХК-иас 2018 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авсан байх ба энэ талаар акт үйлдэгдсэн байна. Одоо уг барилгыг төрийн үйлчилгээний нэгдсэн төв болгон ашиглаж байгаа талаар талууд тайлбар гаргасан болно.

        Мини захын менежментийн хувьчлалын гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан байгуулагдсан ажлын хэсэг байгууллагыг хүлээж авахад анх хүлээлгэн өгсөн байдлаас дордуулж учруулсан хохирлын хэмжээг 2004899 төгрөг гэж тооцсон дүгнэлтийг 2019.04.15-ны өдөр гаргасан байх ба уг дүгнэлтийг “У.Р.Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-т танилцуулахад уг дүгнэлтийг зөвшөөрч, харин дэнчингийн тодорхой хэсгийг буцааж өгөх тухай хүсэлтийг гаргасан нь 2019.04.15-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагджээ.

          Дээрх дүгнэлтийг 2019.04.18-ны өдөр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулагдсан байх ба дэнчинг буцаан олгох боломжгүй гэж үзсэн талаар тэмдэглэл үйлджээ.

          Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д “ Менежментийн гэрээг төсөл сонгон шалгаруулалтын үндсэн дээр хуульд өөрөөр заагаагүй бол З хүртэл жилийн хугацаагаар бичгээр байгуулна” гэж заасан бөгөөд талууд гэрээний хугацаа дууссаны дараах харилцааг зохицуулсан зохицуулалтыг гэрээнд зааж тохиролцсон байна.

          2015.11.06-ны өдрийн “Мини зах”-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээний 12 дугаар зүйлд менежментийн гэрээ дуусгавар болох талаар зохицуулсан байх ба худалдан авагч нь гэрээний хугацаа дуусгавар болоход “Менежментийн гэрээний үр дүнгийн нэгдсэн тайлан” бичиж худалдагчид хүргүүлж, гэрээний үүргийн биелэлтийг хянаж дүгнэх ажлын хэсэг тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэн хуралдаанаас гэрээний үүргийн биелэлтэд холбогдох дүгнэлтийг өгч дэнчинг буцаан олгох эсэх тухай асуудлыг шийдвэрлэхээр байна.

        Гэтэл 2018 оны 11 сарын 14-ний өдрийн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дээр дурдсан гэрээний зохицуулалтын дагуу менежментийн гэрээний үр дүнгийн тайланг хэлэлцэж дүгнэлт,шийдвэрийг гаргаагүй, харин мини захын менежментийн хувьчлалыг дуусгавар болгон дэнчинг улсын орлого болгох тухай асуудлыг  ОНӨГ-ын мэргэжилтэн Г.Т-т танилцуулснаар тогтоолын төслийг тэргүүлэгчид дэмжиж маргаан бүхий актыг баталсан нь хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба энэ нь гэрээний дээрх зохицуулалттай нийцээгүй байна.

          Түүнчлэн гэрээнд зааснаар гэрээг эрх бүхий этгээд хангалттай гэж дүгнэсэн тохилдолд гэрээний дагуу төлбөрийг төлөхөөр байхад маргаан бүхий актад төлбөр төлөгдөөгүй гэх үндэслэлийг дурдаж,энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргасан нь үндэслэлгүй болно.

         Иймд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хуралдаанаар менежментийн хувьчлалын гэрээний үр дүнг хэлэлцэж шийдвэр гаргах,дэнчингийн асуудлыг шийдвэрлэх, өөрөөр хэлбэл хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн А/125 дугаартай тогтоолын үйлчлэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

          Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн А/125 дугаартай тогтоол нь хүчингүй болохыг тэмдэглэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн хариуцагч байгууллагын ажлын албанаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1.11,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн А/125 дугаартай тогтоолыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 11 сарын 14-ний өдрийн А/125 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

          3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгчдийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн,хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосугай.

         4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

             

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ