Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 054

 

Б.Беймбетийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэртэй, тус аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух Шеруши ожых овогт Баймухаметийн Беймбетийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Б.Беймбет, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид С.Нургайып, А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2005 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Ажилд томилох тухай 15 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын жолоочоор томилогдон 11 жил тасралтгүй жолоочоор ажилласан ба энэ хугацаанд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, бусад хууль тогтоомжид заасан ажил үүргийг чанд биелүүлэн үр бүтээлтэй ажиллаж ирсэн ба ямар нэгэн зөрчил гаргаагүй болно.

Гэвч цагдаагийн газраас намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж, 384000 /гурван зуун нян дөрвөн мянган/ төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулсан ба ажил олгогч 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халсан болно. Ажил олгогч буюу Засаг даргын Тамгын газрын даргын Б/12 дугаар тушаал нь дараах байдлаар хууль зөрчсөн үндэслэлгүй эрхийн акт гэж үзэж байна. Миний бие 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан ба уг гэрээний 20 дугаар заалтад гэрээг /ажил олгогчийн санаачилгаар/ цуцлах үндэслэлүүдийг тусгаж, харилцан тохиролцсон болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийн талаар зохицуулсан байдаг. Гэтэл миний бие хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гараагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг баримтлаагүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан нь хууль бус байна. Ажил олгогчийн Б/12 дугаар тушаал нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эрхийн акт бөгөөд аливаа этгээд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах талаар Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт хуульчилсан байна.

Харин ажил олгогч надад урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл хүргүүлэх, тайлбар гаргуулах зэрэг ажиллагаа явуулаагүйгээр шууд тушаал гарган ажлаас чөлөөлсөн нь ажил олгогч Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 25, 26, 27 дугаар зүйлүүдийг ноцтой зөрчсөн хэрэг байна. Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх ба хуульд нийцээгүй тушаал, шийдвэрийг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэл болно. Иймд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б.Беймбетийг ажлаас чөлөөлөх тухай Б/12 дугаар тушаал нь дээрх үндэслэлүүдээр хуульд нийцээгүй тул үүнийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Тус сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байсан Б.Беймбетээр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр машиныг жолоодуулан Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Х.Муратбек, нягтлан бодогч Ш.Абил, Санхүүгийн албаны дарга Х.Табигат нарын хамт аймагт явж байх замд Улаанхус сумын Согогийн гүүрний наад талд эсгий гэр барин эргүүлд ажиллаж байсан тус сумын цагдаагийн ажилтнууд биднийг зогсоон жолоочийн бичиг баримтыг шалгаж мөн согтуурлыг шалгасан юм.

Энэ үеэр манай жолооч архи уусан нь тогтоогдож согтуурлын зэрэг нь 0,61 болж тогтоогдлоо гэж хурлын тэмдэглэл хөтлөн, машиныг хураан авч хамт явж байсан Х.Муратбект хүлээлгэн өгч явуулсан юм. Тэгээд цагдаа нар бидэнд одоо энэ жолооч машин барих эрхгүй болсон, эрхийг хассан бичгийг тусдаа хүргүүлэх болно гэж хэлээд биднийг явуулсан. Энэ бүгдийг жолооч Б.Беймбет хамт байж хүлээн зөвшөөрч машинаа Х.Муратбект өгч машины арын суудалд сууж аймагт очиж оройд нь сумд очиход машины бусад домкрат болон багаж хэрэгслийг хүлээлгэж өгсөн. Дараа нь Б.Беймбет миний конторт хамт байж одоо хэцүү юм боллоо, намайг одоо нэг манаач юм уу нэг ажилд аваарай гэж ярилцаж түүнчлэн түүний хуучин барьж байсан БӨА 74-08 машиныг давуу эрхээр өөрт нь олгож өгөхийг хүсэж, өөрийн гаргасан алдаандаа гэмшиж ажлаас гарах болсныг ойлгосон байсан.

Тэгээд би чи одоо ажлаас гарах болж байна хэцүү юм боллоо цаашдаа сургууль болон цэцэрлэгийн аль нэгэнд манаач болон бусад ажилд оруулж өгөх талаар тусалъя гэж тохиролцож ярилцсан юм. Гэтэл Б.Беймбет нь юу ч үзээгүй, мэдээгүй гэж байгаа нь харамсалтай байна. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанхус сум дахь Цагдаагийн хэсгийн албан мэдэгдэл ирсэн ба үүний дагуу би Б.Беймбетэд хэлж ажлаас чөлөөлөх болсон тухайгаа мэдэгдсэн.

Цагдаагийн хэсгийн албан мэдэгдэлд Б.Беймбетийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байх тул цаашид тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх зэрэг заалтуудыг үндэслэн Б.Беймбетийг ажлаас чөлөөлсөн явдал ямар ч хуулийн заалтыг зөрчөөгүй үйлдэл гэж үзэж байна. Б.Беймбетийн хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй гэж байгаа нь ичгэвтэр асуудал болжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж хөдөлгөөнд архи ууж оролцсон жолоочийг өршөөх асуудал хэрхэвч байж болохгүй гэдгийг аль ч тал ойлгож, хүндэтгэж Б.Беймбетийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн РД:БЛ71012034 Шеруши ожых овогт Баймухаметийн Беймбетийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай; 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай; 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай; 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай; 5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух Шеруши ожых овогт Баймухаммедийн Беймбет би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 143 дугаар шийдвэрийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, уг шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ингэснээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Монгол хэл сайн мэдэхгүй учир шүүх хуралдаанд эх хэлээрээ мэдүүлэг тайлбар өгч байгаа. Анхан шатны шүүхээс орчуулагч томилсон боловч хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 101-104 дүгээр зүйлд зааснаар орчуулагчийн эрх, үүргийг тайлбарлаагүй юм. Ингэснээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй байхаар хуульчилсан байдаг. Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа ямар нэгэн хууль баримтлаагүй юм. Ингэснээр анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тушаал нь эрх зүйн баримт бичгийн хувьд эрх бүхий этгээдээс гаргахдаа зохих хууль тогтоомжуудын тохирох зүйл заалтыг заавал баримталж үндэслэсэн байх ёстой. Гэтэл хариуцагч миний үйлчлүүлэгчийг ажлаас нь халж чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зохих заалтыг баримтлаагүй юм. Ингэснээр хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн юм. Хариуцагчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн Б/12 дугаар тушаалын үндэслэх хэсгээс үзэхэд нэхэмжлэгчийг жолоочийн болон нярвын ажлаас эсхүл аль алинаас нь чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлахдаа надад жолоочийн ажил эсхүл өөр төрлийн ажил байсан ч хамаагүй хийх болно гэдгээ казахаар илэрхийлсэн байсан.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үүнийг анхаарч тодруулаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэг, 167 дугаар зүйлд зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Беймбет нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан урьд эрхэлж байсан тус Тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор ажиллаж байсан Б.Беймбетийг Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4.-т заасныг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Жолооч Б.Беймбет нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон захиргааны зөрчил гаргаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ зөрчил гаргасан өдрөөс эхлэн зургаан сарын хугацаагаар хасуулах захиргааны шийтгэл хүлээсэн нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан захиргааны арга хэмжээ авсан материал, цагдаагийн байгууллагын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн захиргааны шийтгэл ноогдуулах тухай шийдвэр, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан тухай тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ. Улмаар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Улаанхус сум дахь цагдаагийн хэсгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай албан мэдэгдлээр Б.Беймбетийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байх тул цаашид тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх талаар ажил олгогчид шаардлага хүргүүлснээр ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн /тухайн үед мөрдөгдөж байсан/ 10 дугаар зүйлийн 10.1.-т зааснаар цагдаагийн байгууллага нь хуулиар харьяалуулсан хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг сахиулж нийтийн хэв журмыг хамгаалах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1.-т зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 8.2.4.-т зааснаар замын хөдөлгөөний дүрэм, энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн этгээдэд хуульд заасны дагуу захиргааны шийтгэл оногдуулах эрх хэмжээтэй юм. Түүнчлэн цагдаагийн байгууллага нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-т заасны дагуу дээрх эрх хэмжээнийхээ хүрээнд, холбогдох хуульд заасны дагуу бичсэн албан мэдэгдлийнхээ биелэлтэд хяналт тавих эрхтэй тул Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Улаанхус сум дахь цагдаагийн хэсгийн албан мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсанаар дуусгавар болгох үндэслэлд хамааруулсан нь үндэслэлтэй.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын Тамгын газарт жолоочоор ажиллаж байсан Б.Беймбетийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4.-т зааснаар эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу хассанаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болсон учраас түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасан, анхан шатны шүүх хуралдаанд орчуулагчаар тус шүүхийн орон тооны орчуулагч А.Еркегүл оролцсон ба түүнд эрх, үүргийг нь тайлбарласан баримт хэрэгт авагдсан, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК