Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0201

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0201

Улаанбаатар хот

 

 

“АЧ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0001 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “АЧ” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У

 

Хэргийн индекс: 128/2022/0893/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0001 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйл, 7 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АЧ” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “АЧ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...“АЧ” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Хүрэлтогоотын ам нэртэй газарт 2.52 га талбайг ашиглах эрхтэй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй цуцалж, хүчингүй болгосон гэжээ.

Ингэхдээ хариуцагчаас нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрх авсан “ӨЖ” ХХК-д газрын давхцалтай бодит байдал дээрээ газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа маргаантай явсаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны 890 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны ..... дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн .... тогтоолоор “ӨЖ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дараа нь “АЧ” ХХК газрын давхцалыг нэг мөр шийдвэрлүүлэхээр нийслэлийн Засаг даргын газар давхцуулан олгосон захирамж илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд хандаж гарган, Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны .. дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны ... дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн .... дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гуравдагч этгээдээс Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн албан бичгээр “хүлээн авах үндэслэлгүй” гэсэн хариуг өгсөн. Мөн энэ хугацаанд авто замын бүтээн байгуулалтын ажилд зориулан Нийслэлийн авто зам хөгжлийн газраас газрыг ашиглаж, машин тоног төхөөрөмж, хэрэглэх материалаа байрлуулж байсан тул зориулалтын дагуу газраа ашиглах боломжгүй байсан болно. Гэтэл газрын маргаан дуусаад удаагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Дээрх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас “АЧ” ХХК газар газраа ашиглах боломжгүй байсан болохыг анхан шатны шүүхээс “...газар ашиглах эрх авч, ...удаа дараа газрын давхцалын асуудлаар шүүхэд маргаж байсан буюу газраа зориулалтын дагуу өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ашиглах боломжгүй байсан гэдэг нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч газрын төлбөрийг 2018 оныг хүртэл төлсөн тухай газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар өгч шүүхээс үүнийг дүгнэсэн. Гэвч тухайн хугацаанаас хойш газрын маргаантай байсан, түүнчлэн Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын улмаас Засгийн газраас тогтоосон хөл хорионы нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд өөрөөс нь үл хамаарах Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар газрын төлбөрөө хугацаанд төлж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг анхаарч үзсэнгүй. Түүнчлэн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй, эрх нь зөрчигдөх этгээдийн оролцоог хангаагүй. Үүнээс гадна, А/79 дугаар тушаалд "...Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 11/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосугай” гэжээ.

Гэтэл эдгээр нэр заасан байгууллагууд нь газар ашиглах эрхийг хүчингүй болгох санал дүгнэлт гаргах эрхгүй бөгөөд тухайн саналын дагуу газар ашиглагчийн эрхийг зөрчсөн нь маргаан бүхий тушаалыг хууль зөрчсөн, хууль зүйн бодит үндэслэлгүй болохыг нотолж байна.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1. Нэхэмжлэгч “АЧ” ХХК-аас гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2. Тус компанийн хүчингүй болгуулахаар маргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалд заасан тус компанийг “үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй, бусдын үйл ажиллагаанаас хамаарч шүүхээр маргаж байсантай холбоотой хүндэтгэн үзэх шалтгаанаар ашиглаагүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар гомдол гаргаагүй.

3. Харин дээрх тушаалын “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон нь үндэслэлтэй талаар дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой давж заалдах гомдолд “...нэхэмжлэгч газрын төлбөрийг 2018 он хүртэл төлсөн, ..Коронавирусын халдварын улмаас аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг анхаарч үзээгүй...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3.1. Учир нь 2019 онд болон 2020 оны 11 сар хүртэл нийтийг хамарсан халдварт өвчний улмаас хорио цээр тогтоогүй мөн хугацаанд төлбөрөө төлөөгүй, маргаан бүхий акт гараагүй байх хугацаанд компанийн эрх бүхий ажилтнууд бүгдээрээ газрын төлбөрийг төлөх боломжгүйд хүрсэн өвчтэй байсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул Татварын ерөнхий хуулийн “6.1.41-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар төлбөрөө төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй. 

3.2. Мөн давж заалдах гомдолд “...бодит байдал дээр газрын давхцалтай маргаантай байсан....” гэжээ.

3.2.1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 7.2-т “Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно”, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул шүүхийн маргаантай үед уг үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

3.2.2. Энэ талаар анхан шатны шүүх маргааны үйл баримтад дээрх хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3.3 Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...газрын маргаантай байсан, цар тахал гарсан” зэрэг шалтгааныг энэ тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамааруулж үзэх, ....маргаан бүхий тушаалд нэр заасан байгууллагууд нь санал дүгнэлт гаргах эрхгүй  гэснийг хүлээн авах үндэслэлгүй, учир нь газар эзэмшигч, ашиглагч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүйгээс газар ашиглах эрхийг цуцалсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40.1.5-д заасныг зөрчөөгүй захиргааны актыг хүчингүй болгох нөхцөл болохгүй.

4. Түүнчлэн хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09/8233 дугаар “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, гардуулсан баримт байхгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн боловч сонсох ажиллагаа явуулсан бол “төлбөр төлөөгүй” гэх нөхцөл байдлыг үгүйсгэх баримт байхгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... сонсох ажиллагаа хийгээгүй, эрх нь зөрчигдөх этгээдийн оролцоог хангаагүй..” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

5. Мөн давж заалдах гомдолд “...Нийслэлийн авто замын хөгжлийн газраас газрыг ашиглаж, машин тоног төхөөрөмж, хэрэглэх материалаа байрлуулж байсан тул газраа ашиглах боломжгүй байсан ...” гэх боловч энэ талаар баримт байхгүйн дээр тухайн үед нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон этгээдийн талаар холбогдох газарт гомдол гаргах, эсхүл тухайн хугацаанд газар ашиглах гэрээнд заасан эрх, үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаар холбогдох газруудад хандаж шийдвэрлүүлэх боломжтой атал ийнхүү хандаагүй байх тул энэ нь “газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй”-г зөвтгөж энэхүү гомдлыг хангах үндэслэл болохгүй. 

6. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2023/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “АЧ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.а-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА

                    ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

      ШҮҮГЧ                                                      С.МӨНХЖАРГАЛ