Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00457

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01721 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2285 дугаар магадлалтай,

Л.Бгийн нэхэмжлэлтэй

“С”ХХК-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгах, хохиролд 800 403 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Л.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч нь 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “С”ХХК-тай худалдаа, үйлчилгээний барилгын хөрөнгө оруулалтын 12/0106 дугаартай гэрээг байгуулан, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын 12 дугаар давхрын 1207, 1208 тоотод байрлах нийт 212,6 м.кв оффисын зориулалттай талбайг 1 м.кв-ыг нь 2 700 ам.доллараар тооцож, нийт 574 020 ам.доллараар худалдаж авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу урьдчилгаа төлбөр болох 155 367 ам.доллар буюу 220 127 073 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бэлнээр төлж, үлдсэнийг графикийн дагуу бүрэн төлж дуусгасан. Мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д ... энэ гэрээний 1.1-д дурьдсан барилгын 12 давхарын 7, 8 тоот, 212,6 м.кв-ыг иж бүрэн, чанар сайтай барьж 2012 оны 01 дүгээр улиралд багтаан хөрөнгө оруулагчид өгнө ... гэж заасан боловч гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захиалагчийн зүгээс төлбөрөө бүрэн төлж худалдаж авсан талбайгаа ашиглах боломжийг олгохгүй бүтэн нэг жил гаруй хугацаанд хүлээлгэн чирэгдэл учруулж сэтгэл санааны болон эдийн засгийн хувьд маш их хохироосон. “С”ХХК-ийн зүгээс 12/0106 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьсны дагуу талууд нэмэлт гэрээ байгуулсан. Энэхүү нэмэлт гэрээгээр гүйцэтгэгч буюу “С”ХХК нь ... үндсэн гэрээний 3.1-д заасан ажлын үр дүнг хөрөнгө оруулагчид 2013 оны 3 дугаар сарын 15-нд хүлээлгэж өгөх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгөх ба хэрэв тогтсон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0,1 хувиар алдангийг хөрөнгө оруулагчид төлнө гэж тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч буюу “С”ХХК нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид гаргаж өгөхгүй чирэгдүүлсээр байгаа бөгөөд оффисын гэрчилгээгээ авахаар удаа дараа шаардсан боловч ...аливаа асуудлаар шүүхэд гомдол гаргахгүй гэж гарын үсэг зурсан тохиолдолд бичиг баримтыг хүлээлгэж өгнө ... гэсээр өнөөдрийг хүргээд байна. Захиалагч буюу нэхэмжлэгчийн зүгээс дээрх оффис, үйлчилгээний талбайн хэмжилтийг 9011121029 улсын бүртгэлийн дугаартай, 5168465 perистрийн дугаартай, ЗТ19-136/13 тусгай зөвшөөрлийн дугаартай Инжкон ХХК-иар 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэмжилт хийлгэхэд цэвэр ашигтай талбайн хэмжээ 182,72 м.кв буюу гэрээнд заасан хэмжээнээс даруй 29,88 м.кв талбай дутуу байгаа нь тогтоогдсон. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дутуу олгогдсон 29,88 м.кв талбайг худалдаж авахад зориулж Улаанбаатар хотын банктай 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр №ОСЗГ0001/130528 зээлийн болон барьцааны гэрээг тус тус байгуулан 230 000 000 төгрөгийг жилийн 15.60 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд энэхүү зээлийн гэрээний хүүд 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 31 cap буюу 2 жил 7 дугаар сарын хугацаанд нийт 33 980 ам.долларын хүү төлсөн. Энэ нь гүйцэтгэгч талын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэж байна. Учир нь худалдан авсан оффис, үйлчилгээний талбай нь 212,6 м.кв бус 182,72 м.кв хэмжээтэй гэдгийг мэдсэн бол 230 000 000 төгрөгийн зээл авах хэрэгцээ, шаардлага захиалагчид гаргахгүй байсан. Мөн нэмэлт гэрээний 1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0,1 хувиар алданги тооцож, хөрөнгө оруулагчид төлнө гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн хоногийг 2013 оны 7 дугаар сарын 15-аас хойш тооцвол 860 хоногийн 493 657.2 ам.долларын алдангийг захиалагчид төлөхөөр байгаа хэдий ч хуульд заасны дагуу үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа учраас гэрээний үнийн дүн болох 574 020 ам.долларын 50 хувь болох 287 010 ам.долларын алдангийг гүйцэтгэгч нь захиалагчид төлөх үүрэгтэй байна. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хэмжээнээс дутуу талбайг хүлээлгэн өгсөн учраас захиалагчаас буюу Л.Бгаас 29,88 м.кв дутуу талбайн үнэд илүү төлсөн 80 676 ам.долларыг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч “С”ХХК-иас худалдаа үйлчилгээний талбайн м.кв-ын зөрүүд илүү төлсөн 80 676 ам.доллар буюу 160 763 871 төгрөг, гэрээний дагуу алдангид 287 010 ам.доллар буюу 571 927 697 төгрөг, хохирол 33 980 ам.доллар буюу 67 712 285 төгрөг, нийт 401 666 ам.доллар буюу 800 403 850 төгрөгийг гаргуулж, 7, 8 тоот оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 182,72 м.кв талбайтайгаар захиалагчийн нэр дээр гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү. Бид ам.долларын ханшийг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийнхөө буюу Монголбанкны албан ёсны ханш болох 1 992.71 төгрөгөөр тооцсон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын 2012 оны 01 дүгээр сарын 06-нд хийсэн гэрээнд барилгын 12 дугаар давхрын 7, 8 тоот 212,6 м кв талбайг /үүнд нь нийтийн эзэмшлийн талбай орж байгаа/ авахаар тохиролцсон. Талууд 2015 оны 3 дугаар сарын 11-нд гэрээгээ дүгнэж акт үйлдэж, түүнд нэхэмжлэгч гарын үсгээ зурсан. Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сарын 25-нд Инжкон ХХК-иар талбайн хэмжилт хийлгүүлсэн байдаг боловч тус компани нь нормын дагуу хэмжилт хийгээгүй, оффис үйлчилгээний зориулалттай барилгын талбайд хөлийн өрөөний талбайг оролцуулж тооцоогүй. Шүүхээс талбайн хэмжээг гаргуулахаар шинжээч томилсон боловч хэмжих багаж нь баталгаажсан нь харагдахгүй, ямар багажаар хэмжсэн нь тодорхойгүй, мөн баримталбал зохих норм дүрмийг баримтлаагүй байна. Нэхэмжлэгч нь 2013 оны 7 дугаар сараас талбайгаа ашиглаж эхэлсэн нь хэрэглээний төлбөр төлж байсан баримтаар тогтоогдож байгаа. Өмчлөх эрхийн гэрчилгээний хувьд нэхэмжлэгч өөрөө гэрчилгээгээ хөөцөлдөж авах байсан. Бид өөрсдийн зүгээс холбогдох бичиг баримтыг Эрхийн бүртгэлийн газарт 2013 оны 12 дугаар сард явуулсан бөгөөд энэ үед тооцоогоо нийлж гэрчилгээгээ гаргуулж авах талаар худалдан авагчиддаа хэлж байсан. Манайхыг ямар бичиг баримт өгөөгүй гээд байгааг ойлгохгүй байна, авъя гэсэн үед нь тооцоо дууссан гэсэн бичиг, гэрээ дүгнэсэн актыг өгсөн. Өөр биднээс нэхсэн зүйл ч байхгүй. Одоо өөрсдөө хүсэлтээ гаргаад өмчлөх эрхээ бүртгүүлэх ёстой. Уг барилгыг 2013 оны 7 дугаар сарын 24-нд улсын комисс хүлээн авсан. Манай компани санхүүгийн хямралаас болж компани хүнд нөхцөлд орсныг Худалдаа аж үйлдвэрийн танхим нотолсон байгаа. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан учраас хуульд заасан доголдлын талаар гомдол гаргах хугацаа дууссан учраас манай компанийн хувьд нэхэмжлэгчийн м.кв-ын зөрүүд илүү төлсөн 80 676 ам.доллар, гэрээний дагуу алдангид 287 010 ам.доллар, хохирол 33 980 ам.доллар, нийт 401 666 ам.доллар буюу 800 403 850 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 7, 8 тоот буюу 1207, 1208 тоот оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 182,72 м.кв талбайтайгаар би анх гэрээ хийсэн 212,6 м.кв талбайтайгаар Л.Бгийн нэр дээр гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01721 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.4-т тус тус зааснаар Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс товер оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 12 дугаар давхрын 7, 8 буюу 1207, 1208 тоот талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг 182,72 м.кв талбайн хэмжээтэйгээр нэхэмжлэгчид гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж, хариуцагч “С”ХХК-иас 639 639 979 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160 763 871 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60,1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 159 970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С”ХХК-иас 3 356 149 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан шүүхийн нөхөн төлүүлэх зардал шинжээчийн дүгнэлтийн төлбөр 3 000 000 төгрөгийг хариуцагч “С”ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2285 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01721 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч “С”ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгах, хохиролд нийт 800 403 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 356 149 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн нар хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. ...Магадлалын хянавал хэсэгт: “Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах гэж тодорхойлсон боловч хариуцагч “С”ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгох үүргийг гэрээгээр хүлээгээгүй бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээг олгох эрх бүхий этгээд нь “С”ХХК биш юм...” гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай байхаас гадна баримтанд /гэрээ болон нэмэлт гэрээ/ тулгуурлаагүй гэж үзнэ. Учир нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-нд зааснаар хариуцагч “С”ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Пийс Товерын оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 12 давхарын 7, 8 тоот (1207, 1208) тоот нийт 212.6 м.кв талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээж, нэхэмжлэгч нь уг талбайн үнэ болох нийт 574 827 ам долларыг төлөх үндсэн үүргийг хүлээсэн бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээнд заасан 212.6 м.кв талбайг хүлээлгэн өгөх үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор хэрэгжүүлээгүй байхад давж заалдах шатны шүүхээс “...хариуцагч “С”ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ...” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй, хэрэгт авагдсан баримтаар үүргээ биелүүлсэн гэдэг нь хангалттай нотлогдохгүй байхад илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийж хууль бус шийдвэрийг гаргаж, мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргалаа. /1-р хавтас хэргийн 7-9 тал/ Мөн хөрөнгө оруулалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар: “...гүйцэтгэгч нь 1.1-т дурьдсан барилгын 12 давхарын №7,8 тоот, 212.6 м.кв-ыг иж бүрэн, чанар сайтай барьж 2012 оны 1-р улиралд багтаан Хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө...” гэж заасан боловч энэ үүргээ биелүүлээгүй, энэ үүргээ дутуу биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Инжкон” ХХК болон “Талын гурван чулуу” ХХК-иудын шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад энэ үйл баримтын талаар давж заалдах шатны шүүх огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 212.6м метр кв талбай худалдан авсан гэж үзэж, уг хэмжээс бүхий талбайн үнэ болох 574 827 ам долларыг 200...оны ...сарын ....нд бүрэн гүйцэд төлсөн. 212,6 м кв талбайн үнэ төлчихөөд гэрээнд зааснаас дутуу талбай хүлээн авахгүй гэсэн Л.Бгийн гомдлыг энэ компани өнөөдрийг хүртэл шийдэж өгөлгүй тохуурхлаа. Магадлалын хянавал хэсэгт: “...нөгөө талаар 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан ба уг өөрчлөлтөөр “С”ХХК нь Л.Бд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх бус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт баримт бичиг гаргаж өгөх үүргийг хүлээсэн байна...” гэж (бүтэн цамцны зурагтай хайрцганд өрөөсөн ханцуйтай цамц зарсантай ижил үйлдлийг, зөвтгөсөнтэй адил) илт үндэслэл муутай дүгнэлт хийжээ. Хүлээлгэн өгөх үүргийн хувьд хариуцагч нь “...биет байдлын болон эрхийн доголдолгүй...” эд хөрөнгийг худалдан авагч талд хүлээлгэн өгөх, дагалдах үүргийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн талаарх төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн баримт, Чингэлтэй дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандсан дээрх талбайнуудыг (212.6 м.кв) өмчлөгч мөн болохыг болон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Л.Бгийн нэр дээр гаргуулах албан бичиг, барилгын 1207, 1208 тоот барилган план зураг, барилгын 12 давхарын дөрвөн талаас харуулсан зураг зэрэг баримтуудыг бүрдүүлэн өгөх үүргийг хэлж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ийм бичиг баримт байхыг заавал нотлох шаардлагагүй байхад үүнийг нотлоогүй гэж үзсэн нь давж заалдах шатны шүүх хэний талд ичгүүр сонжуургүй үйлчилж ийм магадлал гаргав гэж хардахад хүргэж байна. Нэхэмжлэгч Л.Бгийн зүгээс улсын бүртгэлийн гэрчилгээ авах асуудлаар улсын бүртгэлийн байгууллагад хандахаар “С”ХХК-ийхантай уулзсан тэр үеэс “С”ХХК-ний гэрээгээр хүлээлгэн өгөх ёстой нийт 212.6 м.кв талбайгаас нь 30.35 м.кв талбай дутуугаас гадна, “С”ХХК уг талбайн талаар гомдол, тэмцэл гаргаагүй тохиололд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэдгээр шалтаглан хохироосоор байсан тул 2015 оны 12 сард арга буюу шүүхэд хандсан бөгөөд энэ талаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тодорхой тайлбарласан боловч шүүх үүнийг огт анхаарч үзээгүйгээс харахад шүүгч нар хуульд биш өөр ашиг сонирхолд захирагдан ийм шударга бус шийдвэр гаргалаа гэж үзэх өөр нэг үндэслэл болж байна. Шүүхийн нэрийн өмнөөс ийм хууль бус шударга бус шийдвэр гаргаж байгаа шүүгч нарт туйлын гомдолтой байна. Магадлалын хянавал хэсэгт: “...Өөрөөр хэлбэл, хариуцагч “С”ХХК нь нэхэмжлэгч Л.Бг төлбөр тооцоогүй болохыг 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 03/03 дугаар албан бичгээр тодорхойлж байсан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр талууд гэрээ дүгнэсэн акт үйлдэж байсан зэргээс дүгнэвэл хариуцагч “С”ХХК нь нэхэмжлэгч Л.Бгийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол урчуулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна... /1-р хх-ийн 1-12-р тал/...” гэж дүгнэсэн нь хууль бус болсон байх ба хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны үйл баримтыг илт үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, бодит байдалд байгаа байдлыг үгүйсгэж шударга бусаар шийдвэр гаргасан давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа, Г.Даваадорж нар нь мэргэжлийн хувьд ноцтой алдаа “санаатай”-гаар гаргаж байгаа тул дээд шүүхийн хуралдааны тэмдэглэл болон Улсын дээд шүүхээс гаргах тогтоолд уг шүүгч нарын мэргэжлийн алдааны талаар тусгаж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Тухайлбал, 1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар талд талуудын хооронд 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “Худалдаа, үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 12/0106 дугаартай гэрээнд” нэмэлт өөрчлөлт оруулах тухай №ХНГ 12/0106-01 дугаартай гэрээ авагдсан. Уг гэрээний 1 дүгээр зүйлд “С”ХХК нь ажлын үр дүнг хөрөнгө оруулагч буюу Л.Бд 2013 оны 3 дугаар сарын 15-нд хүлээлгэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгөх үүргийг хүлээсэн ба хэрэв тогтсон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0.1 хувиар алданги төлөх үүргийг нэмэлт гэрээний дагуу хүлээсэн. Харин хөрөнгө оруулагч Л.Б нь үлдэгдэл төлбөр болох 160 735 ам долларыг 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд энэ үүргээ гэрээний хугацаанд бүрэн биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан “С”ХХК нь нэхэмжлэгчЛ.Бг төлбөр тооцоогүй болохыг болохыг 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 03/03 дугаар албан бичгээр нотлогдох бөгөөд харин “С”ХХК нь нэмэлт гэрээний дагуу үүргээ хэрхэн биелүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байгаа ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болно. Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдааныг Ц.Ичинхорлоо шүүгч даргалж байсан бөгөөд магадлалын тогтоох хэсгийн агууллагыг танилцуулсны дараа үндэслэлийг тайлбарлахдаа зөвхөн хэрэгт авагдсан “...Сандай ХХК нь нэхэмжлэгч Л.Бг төлбөр тооцоогүй болохыг 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 03/03 дугаар албан бичиг хэрэгт авагдсан байна. Энэ албан бичгээс үзэхэд хариуцагч үүргээ бүрэн биелүүлсэн байна, тийм нэхэмжлэгч талбайн зөрүү төлбөр, алданги, хохирол, гэрчилгээ гаргуулахыг шаардах ёсгүй, шаардах эрхгүй...” гэх зэргээр тайлбарлаж, улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байх ба шүүх бүрэлдэхүүн ямар субьектив шалтгаанаар хэргийн бодит байдлыг үгүйсгэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл “Зүүдээ ярихдаа хулгайгаа ярина” гэдэг шиг тухайн дүгнэлт хийсэн үйл явдал нь Л.Б үүргээ биелүүлснийг нотолсон. “С”ХХК үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэг нь хэвээр хадгалагдаж байгааг гэрчилсэн нотлох баримт болно. Гэтэл энэ нотлох баримтыг “С”ХХК-ний талд ашигтайгаар тайлбарласныг юу гэж ойлгох вэ. Магадлалын хянавал хэсэгт: “...хариуцагч нь Иргэний хуулийн 219.1, 232.6 дэх хэсэгт зааснаар үүргээ зөрчсөн гэх үндэслэлгүй байх тул 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөд зааснаар алданги 571 927 697 төгрөг, хохиролд 67 712 285 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна...” гэж нь илт үндэслэл муутай дүгнэлт бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг энэ гурван шүүгч огт уншсангүй эсхүл илтэд “С”ХХК-ний талд шийдвэр гаргана гэсэн “сохор” итгэл үнэмшлээр хандлаа гэж үзэх үндэслэлтэй. Энэ хэсэгт шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэх ба дээрх байдлаар дүгнэж байгаа тохиолдолд үүргийн эрх зүйн харилцаа иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу дуусгавар болсон байх ёстой. Гэтэл талууд өнөөдрийг хүртэл гэрээний үүргийн биелэлтийг шаардаж маргаж байгаа тохиолдолд үүрэг хэрхэн биелэгдсэн бэ гэдэгт шүүх дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай болно. Мөн зохигчдын хэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөнөөс болж нөгөө талд ямар хэмжээний бодит хохирол учирсан гэх зэрэг нөхцөл байдалд хэрэгт цугларсан баримтыг харьцуулан хууль зүйн дүгнэлт хийх ёстой байсан боловч энэ талаар огт дүгнэлт хийгээгүй болно. Болсон бодит уйл явдлын талаар: 1. “С”ХХК Л.Бтай анх гэрээ байгуулахдаа баригдаж байсан барилгын 12 дугаар давхрын (“сууц /өрөө/хоорондын талбай”-гаас) 1207, 1208 тоот хаалга бүрийн ханаар бусдаас тусгаарлагдсан доторхи зай нь нийт 212.6 м.кв бүхий талбайг гэж итгүүлэн гэрээнд гарын үсэг зуруулсан. 2. “С”ХХК-ныхан болон гэрээ, гэрээнд хавсаргасан барилгын зурганд нь итгэснээсээ болж энэ компанид 81945 ам доллар илүү төлж хохирсноо мэдсэн. Нэхэмжлэгч Л.Бгийн Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр бичигдэх, одоо бодитоор эзэмших талбай нь 182. 25 м.кв байгаа. Иргэний хуульд заасан дангаар өмчлөх эрхтэй ч өөрт олгогдоогүй 30,35 м.кв талбайнхаа төлөө илүү төлсөн мөнгөө гэрээ нэрийн дор залилсан хүмүүсээс гаргуулан авч хохиролгүй болох үүднээс анх энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Хэрэв анхнаасаа 212.6 м.кв талбай биш 182.25.мкв талбай хүлээж авахаа мэдсэн бол /огт худалдаж аваагүй 30.35м.кв талбайд шаардагдах /30.35x2700$/=117 254 424 төгрөгийг банкнаас зээлж энэ компанид төлөхгүй байх байсан. Л.Б гэрээгээр захиалсан талбайгаас 30.35 м.кв дутуу гэдгийг мэдсэн бол сүүлд байгуулсан нэмэлт гэрээний үүргийн дагуу банкнаас зээл авах хэрэгцээ, шаардлага нэхэмжлэгч талд үүсэхгүй байсан юм. Бид илүү юу ч хүсээгүй. Шүүх нэрээр бидний маргааныг шударга шийдээд өгөөч гэж гуйж байна. Бид 2 ханцуйтай цамцны зурганд итгээд өрөөсөн ханцуйтай цамц авчихсан байна. Өрөөсөн ханцуйных нь төлөө 81 945 ам доллар мэдэлгүй төлчихсөн. Энэ огт байхгүй ханцуйны төлөө банкнаас баахан зээл авч зээлийн хүү төлсөн. Гэвч одоо болтол өрөөсөн ханцуйтай цамцаа өөрийн болгож чадахгүй бна. Ойлгомжтой байх үүднээс энгийн жишээ авлаа. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Ийм бодит үнэнг илтэд гуйвуулдаг шударга бус шүүгчид мөнгө хөрөнгөтэй аргатай зальтай хэн нэгний эрх ашигт багтаж, хүсэл сонирхолд нийцүүлэн хуулийг буруутны талд тайлбарлаж хохирсныг хохироож, ил цагаан луйвардсаныг нь өөгшүүлж “Төрийн нэрийн өмнөөс” шийдвэр гаргаж байгаад туйлын харамсаж байна. Өөрсдийгөө бусдын оронд нэг удаа ч болов тавьж үзэхийг та бүхнээс хичээнгүйлэн гуйя гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч “С”ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгах, талбайн зөрүү буюу эд хөрөнгийн доголдолд 160 763 871 төгрөг, алданги 571 927 697 төгрөг, хохирол 67 712 285 төгрөг, нийт 800 403 850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Талууд 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “С”ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, үйлчилгээний зориулалттай 12 давхар барилгаас 212.6 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь 574 020 ам.долларыг хариуцагчид төлөх үүргийг хүлээсэн, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, “С”ХХК нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад шаардагдах баримт бичгийг 2013 оны 7 сарын 15-ны өдөр гаргаж өгөх, хэрэв тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам үндсэн төлбөрийн 0,1 хувийн алдангийг төлөх, Л.Б нь үлдэгдэл 160 735 ам.долларыг 2013 оны 06 дугаар сарын 15-ны дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн бол ..:хоногт 0,1 хувийн алданги төлөх нөхцөлийг гэрээнд тусгаж, талууд гарын үсгээ зуржээ./хх-7-10/

Зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Гэрээг байгуулах үед барилга баригдсан, засал чимэглэлийн ажил хийгдэж байсан байх ба барилгыг ямар байдлаар, хэрхэн гүйцэтгэх талаар талууд тохиролцоогүй тул ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

1.Гэрээний зүйл доголдолтой гэж үзэж, дутуу талбайд төлсөн 160 763 871 төгрөг, хохирол 67 712 285 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн талаар

Гэрээнд зааснаар “С”ХХК нь 212,6 мкв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үүрэгтэй боловч 182,72 мкв талбай бүхий хөрөнгийг шилжүүлсэн байна. Худалдагч “С”ХХК талбайн хэмжээг тайлбарлахдаа нийтийн эзэмшлийн талбайг худалдан авагч нарт хувааж талбайн хэмжээг гаргасан гэснээс гадна зохигчдын байгуулсан гэрээний 1.1-д “Чингэлтэй дүүрэг 3-р хорооны нутаг дэвсгэрт баригдах “Р Т”офисс, үйлчилгээний зориулалттай барилгаас 12-р давхарын №7,8 тоот, Нийт 212,6м2 /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ талбайг доорх нөхцөлөөр захиалагчтай хөрөнгө оруулалт хийхээр тохиров...” гэж заасан тул зөвхөн ашигтай талбайг хэмжиж, талбайн зөрүү тодорхойлж байгаа нэхэмжлэлийн үндэслэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, талбайн зөрүү 160 763 871 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна. Л.Б нь 2013 оны 03 сарын 15-ны өдөр гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг хүлээн авч, эзэмшиж ашигласан, 2015 оны 12 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, доголдолтой холбоотой хохирлыг шаарджээ.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д “худалдан авагч эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана.” гэж заасан байна. Гэрээнд 212,6м2 талбайн хэмжээнд нийтийн эзэмшлийн талбай багтсан гэж тусгаснаас үзэхэд талбайн хэмжээ, хэмжээг тодорхойлсон үндэслэлийг нэхэмжлэгч мэдэх ёстой байсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан зохицуулалт нь худалдан авагч эд хөрөнгийг хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн, мэдэх боломжтой байхад авсан бол шаардлага гаргах эрхээ алдах агуулгатай бөгөөд доголдлыг хүлээж авах үедээ илрүүлэх, хүлээж аваад нэн даруй доголдлыг илрүүлэх аль аль тохиолдол хамаарна. Нэхэмжлэгч нь 2013 оны 03 сарын 15-ны өдөр эд хөрөнгийг хүлээж аваад талбайн хэмжээ дутуу болохыг худалдагч талд мэдэгдээгүйгээс гадна гэрээний зүйлийг доголдолтой гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Зохигчдыг гэрээ байгуулах үед үл хөдлөх баригдаж дууссан, нэхэмжлэгч эд хөрөнгийг байгаа байдлаар нь сонгосноор талууд гэрээний зүйлийг тохирсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь дутуу талбайн үнийг төлөхийн тулд банкнаас 230 000 000 төгрөгийн зээл авч, 33 980 ам.долларын хүү төлж хохирсон гэж 33 980 ам.доллар буюу 67 712 285 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн атлаа хариуцагчаас доголдолтой холбоотой хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөрчилтэй болсноос гадна Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд “С”ХХК нь гэрээгээр тохирсон эд хөрөнгийг шилжүүлсэн, энэ үүргээ зөрчөөгүй тул хохирлыг хариуцах үндэслэлгүй байна.

2. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн талаар

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь гэрээнд заасан эд хөрөнгийг шилжүүлэхээс гадна эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байдаг тул уг үүргийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх уг шаардлагын талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан боловч шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын хувьд алдаатай заасан тул залруулах боломжтой гэж үзэв.

“С”ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт гэрээний 1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахад шаардлагатай баримтыг худалдан авагч талд хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн тул уг үүргийг хангуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулна.

3. Хариуцагч нь өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр алданги 287 010 ам.доллар буюу 571 927 697 төгрөг шаардсан нэхэмжлэлийн талаар

“С”ХХК нь 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт гэрээний1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхэд шаардлагатай баримтыг 2013 оны 07 сарын 15-ны дотор худалдан авагч талд хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг үгүйсгэж, үүргээ биелүүлснээ нотлох үүрэгтэй байхад давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч Л.Б нь улсын бүртгэлийн гэрчилгээ авах талаар улсын бүртгэлийн байгууллагад хандсан эсэх нь тодорхойгүй, гэрчилгээ гаргахад ямар баримт бичиг дутуу байгаа, “С”ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах ямар баримт бичгийг өгөөгүй гэдэг нь нотлогдоогүй”, нэхэмжлэгчийг нотлох үүрэгтэй гэж дүгнэсэн нь нотолгооны үүрэг, нотолгооны хуваарилалтад нийцээгүй байна. Л.Бг төлбөр тооцоогүй болох тухай тодорхойлсон 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 03/03 дугаар “С”ХХК-ийн албан бичиг, 2015 оны 3 сарын 11-ний өдрийн гэрээ дүгнэсэн акт нь өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардлагатай баримтыг бүрэн өгсөн гэх үндэслэл болохгүй байна.

Хариуцагч “С”ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн нь хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ. 

Иймд хариуцагч нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгэх ёстой 2013 оны 07 сарын 15-наас нэхэмжлэл гаргасан 2015 оны 12 сарын 28 хүртэл хугацаанд 581 хоногт алданги тооцоход хариуцагч нь 185 242 321 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

Алдангийн хэмжээ гэрээний нийт үнийн дүн болох 574 020 ам.долларын 50 хувиас хэтрэх ёсгүй хуулиар тогтоосон хязгаарыг баримталж, үлдэгдэл төлбөр 160 735 ам.долларын 0,1 хувиар алдангийг бодоход хоногт 160 ам.доллар, 581 хоногоор бодоход 92 960 ам.доллар буюу 185 242 321 төгрөгийн алдангийг төлөх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2285 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01721 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсгийг баримтлан хариуцагч “С”ХХК-иас 185 242 321 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгож, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө “Р Т”1207, 1208 тоот талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг авахад шаардлагатай баримтыг нэхэмжлэгчид шилжүүлэхийг “С”ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс 615 161 529 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дах заалтад “...3 356 149 ...гэснийг 1 084 161...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. .

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 360 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                  П.ЗОЛЗАЯА