Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/445

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.З хөтлөн,

улсын яллагч Б.Тэгшбаяр /томилолтоор/,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Цолмон /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Мид холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805024750074 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***,

Урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг биелүүлсэн, М.М /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.М нь үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Оад “БНХАУ руу адууны мах гаргах квот гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, түүнээс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 100.000 төгрөгийг,

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Лд “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1.584.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 3.984.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

  1. Шүүгдэгч М.М нь үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Оад “БНХАУ руу адууны мах гаргах квот гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг  нуух замаар төөрөгдөлд оруулан, түүнээс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 100.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Мтой би утсаар яриад “адууны махны квот авах гэсэн юм, тэрэн дээр шаардлагатай ямар бичиг баримт бүрдүүлдэг юм бэ, өөрчлөгдсөн үү? Заавар өгөх хүн байна уу” гэж асуухад эргээд залгая гээд утсаа тасалсан. Удалгүй залгаад “ер нь бол бүрдүүлэх материал адилхан гэж байна, яг одоо энэний дагуу бүрдүүлээд аваад ирээрэй гэхээр нь би мессежээр явуулсан материалыг нь бүрдүүлээд Мтой очиж уулзсан. Би материалыг цуглуулах гээд бага зэрэг удсан, энэ хугацаанд над руу байнга яриад “юу болж байна вэ” гээд байдаг байсан. Очиж уулзахад намайг 2 эрэгтэй хүнтэй уулзуулсан ба тэдгээр хүмүүс нь надад ерөөсөө нэрээ хэлээгүй. Нэг залуу нь өөрийгөө хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд ажилладаг мэргэжилтэн, нөгөөх нь өөрийгөө нэг намд ажилладаг, танил талтай гэж хэлж байсан. Би тэр хоёр залууд өөрийнхөө бүрдүүлсэн материалыг үзүүлсэн. Материал үзэж байснаа “танай Хятад талын компани чинь мах импортоор авах зөвшөөрөлтэй юм уу” гэхээр нь байгаа хуулийнхаа дагуу явж байгаа гэж хэлсэн. Гэтэл яаманд ажилладаг гэх залуу нь “зөвшөөрөлтэй юм бол асуудалгүй юм байна, энэ дээр зарим материал дутуу байна, үлдсэн материалуудыг нь би өөрөө зохицуулчихна” гээд үзэж байснаа нэг материалыг нь болохгүй юм байна гэж хэлээд боломжгүй, бүтэхгүй юм байна гээд бид нар салцгаасан.  Удалгүй нэг цаг орчмын дараа М над руу залгаад “би сая нөгөө хэдтэйгээ ярилаа, энэ асуудлыг нь зохицуулж болохгүй юм уу гэхэд асуудал нь бага зэрэг юм байна гэж байна, зохицуулъя гэвэл 3 сая төгрөг, 2.5 сая төгрөгийг нь энэ 2 аваад 500.000 төгрөгийг нь би зуучилсны хөлс гэж авах юм байна, тэгээд чи яах юм” гэхээр нь би асуудалгүй болно гэж байгаа юм бол ажлын хөлс гэж наадах мөнгийг чинь өгч болно гэж хэлсэн. Тэгээд М тэр өдрөө ганцаараа ирж надаас материалуудыг аваад мөнгөө одоо яаралтай шилжүүл гэж хэлээд явсан. Тэгээд мөнгөө яаралтай шилжүүл гээд шаардаад байхаар нь “өгсөн авсан гэсэн баримт байхгүй бол би баримтгүй шилжүүлж чадахгүй” гэхэд “санаа зоволтгүй манай сайн найз байгаа юм, өмнө нь хориотой байхад ийм квот авч өгч байсан, би өөрөө харж байсан” гээд байхаар нь би ээжтэйгээ хамт явж байхдаа Өргөөгийн урд талаас өөрийнхөө Хаан банкны *** гэсэн данснаасаа эхнэр нь гэх эмэгтэй болох Долгормаа гэгчийн *** данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө авсны дараа М залгаад “оны өмнө гэхэд болчихно, ажлаа дууссаны дараа үлдсэн мөнгөө авна” гэж хэлсэн. Тэгээд 12 дугаар сарын сүүлээр шинэ жил болох гэж байхад М над руу залгаад “шинэ жил болох гэж байгаа юм чинь үлдсэн мөнгөө авъя, тэртээ тэргүй манай ажил бүтэж байгаа юм чинь” гэхээр нь би зөвшөөрөөгүй, та нар хугацаандаа гаргаж чадаагүй гэж хэлээд мөнгө өгөөгүй. Гэтэл М над руу байнга залгаад үлдсэн мөнгөө өгчих гээд нэхээд ятгаад байсан ба би мөн л өгөөгүй. Гэтэл дахиж яриад “чи надад 500.000 төгрөг өгчих, би жолоочийнхоо цалинг өгье, шинэ жил болж байгаа юм чинь” гээд байсан. Тэгээд за яах вэ гэж бодоод надад байгаа нь энэ гээд 300.000 төгрөгийг мөн л эхнэрийнх нь данс руу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Ингээд он гараад утсаа авахгүй байсан. Нэг утсаа авахдаа удахгүй гэсэн гээд хойшлуулаад яваад байсан. Тэгснээ  2018 оны 01 дүгээр сарын 15-д гараад “бараг зөвшөөрөл гарч байна, үлдэгдэл мөнгөө авна гээд байна, чи тэр мөнгийг нь өгчих” гэхээр нь яагаад юу ч хийгээгүй, квот гараагүй байхад мөнгөө нэхээд байгаа юм бэ гэхэд “нэг дэх өдөр гэхэд гарчихна, квот гарчихаар мөнгөө авч чадахгүй гээд яриад байна” гээд байхаар нь мөн л нөгөө данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд залгахаар утсаа авахгүй байсаар цагаан сар өнгөрөөгөөд 3 сарын үед М “манай эхнэр эмнэлэгт хэвтэнэ гэж байна, эмчилгээний мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь би 100.000 төгрөг шилжүүлээд “миний асуудал юу болж байна, хагас жил болж байна, бүтэхгүй байсан бол миний мөнгийг өгөөч гэхэд одоо нэг гарын үсэг л үлдсэн байгаа гэж байна, тэрийг зурахаар гарчихна” гэж мөн л худлаа хэлсэн. Тэгээд тэрнээс хойш таг чиг, утсаа авахгүй байсан. Сүүлд 4 сар дөнгөж гараад адууны мах гаргах бизнес хэцүү болоод ирэхээр нь Мид хэлээд “больё, мөнгөө авъя” гэхэд “угаасаа тэгж байгаа байх, мөнгийг чинь би аваад өгье” гэж хэлээд ямар нэгэн сураггүй алга болсон. ...Би хохирлын мөнгийг бүрэн хүлээж авсан. Одоо  надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30, 193  дугаар хуудас/,

 

Хохирогч Ж.Оын Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн “*** дугаарын дансанд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 300.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 100.000 төгрөг” гэх тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга  /хэргийн 83-86 дугаар хуудас/,

 

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/444 дугаартай “...2017 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд “Титан эдвэрзтайнмент” ХХК нь мах экспортлохтой холбоотой хүсэлт ирүүлсэн мэдээлэл байхгүй байна...” гэх албан бичиг /хэргийн 117 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

  1. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Лд “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдад 1.584.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

           Хохирогч Э.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сард БНСУ руу виз гаргуулахаар хөөцөлдөж, хүнээс асууж явж байгаад өөрийн хүргэн ах Энхбатаар дамжуулж М гэх хүнтэй уулзахад визийг найдвартай гаргаж өгнө, урьдчилгаа болгож 100 доллар авна, харин виз гарсны дараа 1.500.000 төгрөг авна” гэж тохиролцоод тухайн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” дэлгүүрийн гадна уулзалдаад тэр даруйдаа мөнгөө өгсөн. Түүнээс хойш виз юу болж байгаа талаар асуухад “одоо удахгүй” гэж хэлээд сүүлдээ миний дугаарыг авахаа больсон. Би М гэх хүнд 6 хүний виз гаргуулахаар хүн тус бүрийн 100 ам.доллар, гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг зэргийг хүлээлгэж өгсөн. Тухайн хүнд монгол мөнгөөр 1.584.000 төгрөг өгсөн. ...Би хохирлын мөнгийг бүрэн хүлээж авсан. Одоо  надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хэргийн 164, 194 дүгээр хуудас/,

 

            Гэрч Л.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сард шиг санагдаж байна төрсөн ах Зын эхнэр Л нь “Солонгос улс руу явуулах найдвартай хүн байна” гэж хэлсэн. Эгч чиний өмнөөс мөнгийг чинь өгчихсөн, гадаад паспортоо аваад ирээрэй гэхээр нь би паспортоо аваад Гандангийн тэнд очиход М гэх залуу байсан бөгөөд би паспортоо өгчхөөд явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 198 дугаар хуудас/,

 

            Гэрч Л.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай эхнэр Л Солонгос улс руу явмаар байна гэж ярьж байгаад 2018 оны намар шиг санагдаж байна Э гэх хүнээр дамжуулан М гэх хүнтэй уулзахаар болсон. Ингээд би эхнэрийн хамт хороололд байрлах “Алтантөгрөг” дэлгүүрийн гадна 11 сард уулзахад М гэх залуу ярихдаа “эхний ээлжинд 100 доллар паспортын хамт хэрэг болно, найдвартай” гэж  хэлсэн. Нийт 1.594.000 төгрөгийг эхнэр өөрөөс гаргаж Мид өгсөн. Хүнээр дамжуулж виз гаргана гэж ярьж байгаагүй, зөвхөн өөрөө бичиг баримт, материалыг бүрдүүлнэ гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 201 дүгээр хуудас/,

 

            Гэрч Э.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны намар байсан шиг санаж байна 10, 11 сарын үед Солонгос улс руу явуулж чадах хүн байна гэж З ах хэлсэн. Тухайн үед би гадаад паспорт, цээж зураг зэргийг З ахад өгсөн. З ахын эгч нь эхлээд бид нарын өмнөөс мөнгийг нь өгчихсөн байсан ба эхний ээлжид 100 доллар гэж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 204 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 39-40 дүгээр хуудас/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 57 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 130-133 дугаар хуудас/, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3/16297 дугаартай албан бичиг /хэргийн 173 дугаар хуудас/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн “Э.Лд хохирол болох 1.584.000 төгрөг, Ж.Оад хохирол болох 2.400.000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгөв” тэмдэглэл /хэргийн 205 дугаар хуудас/.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

 

         Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.М нь үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Оад “БНХАУ руу адууны мах гаргах квот гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг  нуух замаар төөрөгдөлд оруулан, түүнээс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 100.000 төгрөгийг,

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Лд “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1.584.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 3.984.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Оын Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх зэрэг аргаар үйлдэгддэг бөгөөд  гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

           “Хуурч авах” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг хэлнэ. 

            Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.М нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна. Энэ гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсгөл болдог хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Цолмон нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

Тиймээс шүүгдэгч М.Мийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Оад 2.400.000 төгрөгийн хохирол, хохирогч Э.Лд 1.584.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн “Э.Лд хохирол болох 1.584.000 төгрөг, Ж.Оад хохирол болох 2.400.000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгөв” тэмдэглэл /хэргийн 205 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.М нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 93 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх санал нь эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Улсын яллагчаас шүүгдэгч М.Мид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Г.Цолмон нар нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

         Шүүгдэгч М.М нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Мид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Мийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүртэл цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.

Түүнчлэн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 240 цагийг эдлэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 260 цагаар тогтоов.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч М.Мид шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулав.

 

  1. Бусад асуудлаар:

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мид урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.Мийг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мийн цагдан хоригдсон 30 хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон 240 цагийн ялыг хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 260 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Мид анхааруулсугай.  

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Мид урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО