Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Н.Анхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805031660679 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

         Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн, Э.М /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.М нь  2018 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гурвалжин-1” зах дотор байрлах ** тоот хохирогч Г.Дгийн түрээслэн худалдаа эрхэлдэг агуулахын цонхыг эвдэн нэвтэрч үл буцах, хог шүүгч, тоолуурын чөмөг, хаалт зэрэг сантехникийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Г.Дд 1.908.800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 9 цагийн үед архи ууж явж байгаад Гурвалжин захын тэнд нэг складны цонхоор 2 хайрцагтай сангийн эд зүйл авч явж 30-40 мянган төгрөгөөр зараад архи ууж байгаад дахиж ороод хайрцагтай зүйл авч байгаад цагдаад баригдсан”  гэв.

 

        Шүүгдэгч Э.М нь 2018 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гурвалжин-1” зах дотор байрлах 10 тоот хохирогч Г.Дгийн түрээслэн худалдаа эрхэлдэг агуулахын цонхны хаалтыг эвдэн нэвтэрч үл буцах, хог шүүгч, паарны хаалт, тоолуурын чөмөг зэрэг сантехникийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Г.Дд 1.908.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2006 оноос хойш Гурвалжин зах дээр лангуу түрээслэн ажиллуулж байгаа. Манай складны дугаар 10 тоот склад. Манай складанд 40-50 сая төгрөгийн бараа байнгын байдаг. 2018 оны 06 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед Гурвалжин захын зохион байгуулагч Э над руу залгаад “Танай складанд хулгай орчихлоо, хурдан ир” гэж хэлсэн. Манай складны цонхны хаалтыг хөшиж онгойлгоод орсон байсан.1 ширхэг нь 6.000 төгрөгийн үнэтэй 20-ын хог шүүгч 80 ширхэг нийт 480.000 төгрөг, 1 ширхэг нь 6000 төгрөгийн үнэтэй 20-ын үл буцах 40 ширхэг нийт 240.000 төгрөг, 1 ширхэг нь 9.000 төгрөгийн үнэтэй 25-ын үл буцах 40 ширхэг нийт 360.000 төгрөг, 1 ширхэг нь 20.000 төгрөгийн үнэтэй 40-ийн хог шүүгч 8 ширхэг нийт 160.000 төгрөг, 1 ширхэг нь 20.000 төгрөгийн үнэтэй 40-ийн үл буцах 10 ширхэг нийт 200.000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Миний  алдагдсан бараанууд нийт 1.440.000 төгрөг болж байна. ...Туранхайдуу, хар царайтай, 168 см орчим өндөртэй, согтуу халтар хувцастай эрэгтэй хүн манай склад руу орж сантехникийн үл буцах, хог шүүгч гэх мэт зүйлс авч гарч байгаад цагдаад баригдсан байсан. Би тухайн үед алдагдсан эд зүйлсийнхээ талыг нь авч гарын үсэг зурсан, үлдэгдэл алдагдсан эд зүйл нь олдоогүй байсан. Тэгээд складаа очиж үзэхэд цонхны төмөр хаалтыг хөшиж салгаад, цонхыг нь түлхэж ороод тавиур дээр байсан хайрцагтай эд зүйлсээс авсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 37, 41-42 дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 71-75 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №БГ2-21-337 дугаартай “.... нийт 1.908.800 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 77-78 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 81-84 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2018 оны дунд үеэр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Гурвалжин захын барилгын материалын хэсэгт хааяа очиж грушиг хийдэг байсан. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан бөгөөд тэр өдөр би өглөөгүүр Гурвалжин захын хажуугаар архи уугаад явж байтал захын хойд талын складны жижиг цонх нь онгорхой байх шиг байхаар нь явж очоод гаднах хаалт төмрийг нь таттал онгойхгүй байхаар нь захын хойд хэсгийн төмрийн хэсгээс нь 1.5 метрийн урттай төмөр аваад складны цонхны гаднах төмөр хаалтыг хөшиж эвдлээд дотогш ороход хайрцагтай сантехникийн эд зүйлүүд тавиур дээр өрсөн байсан. Тэгээд хамгийн захын тавиур дээр хайрцагтай сангийн хаалтууд байхаар нь 1 хайрцгийг аваад буцаад орсон цонхоороо гарсан. Тэгээд тэр хайрцагтай зүйлээ авч яваад Хорооллын эцсийн барилгын материал дээр 30.000-40.000 төгрөгөөр зараад уг мөнгөөрөө архи авч уугаад мөнгө дуусахаар нь дахин Гурвалжин зах руу очиж нөгөө эвдэж онгойлгосон цонхоороо ороод дахиад хайрцагтай эд зүйлүүдээс нэг хайрцаг эд зүйл аваад гарч байгаад цагдаад баригдсан. Тухайн үед эргүүлийн 2 цагдаа ирж миний авч гарч байсан эд зүйлийг хураан авч эзэн нь гэх эмэгтэйд хүлээлгэн өгсөн. ...Мөрдөгч намайг 1 дэх өдөр ирээрэй гэхээр нь би тэр мөрдөгчид худлаа хэлээд ирэлгүй тэр чигтээ зугтаад хөдөө Хэнтий аймгийн Жаргалтхаан сум руу мал маллахаар явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 91-92 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 95 дугаар хуудас/, мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 96 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 97 дугаар хуудас/, нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хэргийн 98 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хэргийн 105 дугаар хуудас/,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 107 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдэж байсан тогтоолын хуулбарууд /хэргийн 110-112 дугаар хуудас/, оргодол эрэн сурвалжлах асап сангийн мэдээлэл /хэргийн 120 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Э.М нь 2018 оны 06 дугаар сарын 01-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гурвалжин-1” зах дотор байрлах *** тоот хохирогч Г.Дгийн түрээслэн худалдаа эрхэлдэг агуулахын цонхны хаалтыг эвдэн нэвтэрч үл буцах, хог шүүгч, паарны хаалт, тоолуурын чөмөг зэрэг сантехникийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Г.Дд 1.908.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

 Харин хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэхээр байна.  

 

“Үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэдэгт эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, ...үйлдвэрлэлийн эд хөрөнгө агуулах зориулалттай байр зэргийг хамруулан ойлгохоор бол Тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн” гэдэгт гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсныг ойлгоно.  

 

    Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.М нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар урьдчилсан хэлэлцүүлэг дээр гаргасан “хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү” гэсэн хүсэлтээсээ татгалзаж, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

    Тиймээс шүүгдэгч Э.Мыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

         Хохирлын талаар:

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Дд 1.908.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Э.М нь нийт 612.800 төгрөгийн үнэ бүхий сантехникийн эд зүйлсийг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөн ба үлдсэн хохирол болох 1.296.000 төгрөг буюу 1.300.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.         

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч хохирол төлбөр барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан боломжит хөнгөн ял оногдуулж, өршөөлийн тухай хуульд хамааруулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Э.Мын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Мыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ... бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Мт оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

 

  Харин шүүгдэгч Э.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

 

  1. Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Э.Мыг  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Мыг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мт оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхиГ.йн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО