Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/470

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч М.Ж,

шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Жд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Лд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005029780079 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, М.Ж /РД:***/.    

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Б.Л /РД:***/.   

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  1. Шүүгдэгч М.Ж нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны-2 автобусны буудлын орчим иргэн Ж.Оыг “гар утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2. Шүүгдэгч М.Ж нь Б.Лтай бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” дэлгүүрийн арын гудамжинд иргэн Э.Бийг түлхэж унаган улмаар хамран тус газарт нь цохиж, хүч хэрэглэж, Самсунг А-10 загварын гар утас, цүнхтэй эд зүйлс зэргийг илээр, хууль бусаар авч нийт 342.740 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ж мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

  1. Шүүгдэгч Б.Л, М.Ж нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” дэлгүүрийн арын гудамжинд хохирогч Э.Бийг түлхэж унаган, улмаар хамар тус газар нь цохиж, Самсунг А-10 загварын гар утас, цүнхтэй эд зүйлс зэргийг хүч хэрэглэж довтлон авч нийт 342.740 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны шөнө 05 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхбаярын замаар гэр лүүгээ алхаад явж байхад үл таних хүн ардаас түлхэж унагаагаад дээрээс хамар луу цохисон. Тэр хооронд өөр нэг үл таних эрэгтэй хүн миний саарал өнгөтэй 2 үүргэвчтэй цүнхийг авсан. Тэгээд тухайн үл таних 2 эрэгтэй хүн зугтаагаад явсан. Миний хамраас л цус гарсан, өөр ямар нэг гэмтэл учраагүй. ...Саарал өнгөтэй reebok гэсэн бичигтэй цүнх, цүнхэн дотор улаан өнгөтэй, хар гэртэй Самсунг А-10 маркийн гар утас, гар утасны цагаан өнгөтэй цэнэглэгч, хар өнгөтэй утас цэнэглэдэг повербанк, саарал өнгөтэй чихэвч, бор өнгөтэй түрийвч, хар өнгөтэй нүдний шил, хичээлийн 2 ширхэг дэвтэр байсан. Миний түрийвчинд иргэний үнэмлэх, МУИС-ийн оюутны үнэмлэх, хаан банкны карт, 40.000 төгрөг байсан. ...Тухайн үед намхан нь буюу Ж нь түлхэж унагаагаад, хамар луу цохиод цус гарсан, өндөр буюу Л гэгч нь миний үүргэвчийг булааж аваад зугтсан. Намайг оны өмнө цагдаагаас дуудаад миний алдсан Самсунг А-10 гар утсыг буцааж өгсөн. Харин эд зүйлс нь олдоогүй. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 10-11, 14 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед гэртээ байхдаа би фейсбүүк дээр гар утасны зарын групп дээр “өөрийнхөө барьж байсан Самсунг Галакси Нөте-8 гар утсыг утсаар солино” гэсэн зар оруулсан байсан. Тэгээд фейсбүүкээр Л гэдэг хүн холбогдоод Самсунг Галакси А-10 гар утас байна сольё” гэхээр нь тэр залуутай *** гэсэн дугаараар нь холбогдож байгаад Хүннү малл худалдааны төвийн замын урд талд баригдаж байсан барилгын гадаа уулзахаар болоод өдөр 15 цагийн үед уулзаж өөрийн Самсунг Галакси Нөте-8 гар утсаа уг залууд өгөөд, Самсунг Галакси А-10 загварын утсыг нь авч тулсан. Би 2019 онд хүнээс 350.000 төгрөгөөр хуучин барьж байсан утас авч байсан. Тухайн үед уг залуутай солиход дэлгэц нь анивчаад байдаг болсон байсан. Өөр ямар нэгэн гэмтэл сэв байгаагүй. ...Тэр залуу өөрийгөө оюутан, тоглоом тоглохоор миний утас болохгүй болохоор нь өөр утсаар сольж байна гэж хэлж байсан. Тэгээд сарын дараа над руу цагдаагаас яриад хулгайн утас гэж хэлээд миний сольсон Самсунг Галакси А-10 загварын гар утсыг хурааж авсан. Би өөрийнхөө сольж өгч явуулсан Самсунг Галакси Нөте 8 загварын гар утсаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 207 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №БГ1-20-366 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Reebok гэсэн бичигтэй үүргэвчтэй цүнх-16800 төгрөг, Самсунг А-10 гар утас-221.400 төгрөг, Андройд гар утасны цэнэглэгч-9.000 төгрөг, Эхлэл брендийн чихэвч-8.940 төгрөг, Хан өнгийн арьсан түрийвч-10.800 төгрөг, Эхлэл брендийн чихэвч-8.940 төгрөг, Повербанк-15.000 төгрөг, Хар өнгийн нүдний шил-15.000 төгрөг, Арьсан түрийвч-10.800 төгрөг, иргэний үнэмлэх-43.800 төгрөг, хаан банкны карт-5.000 төгрөг, Оюутны үнэмлэх-3.000 төгрөг нийт 342.740 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 39 дүгээр хуудас/,

 

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 43 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 45 дугаар хуудас/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-921/199 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Самсунг Нөте-8 гар утас 250.000 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 212 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Лын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед Ж над руу залгаад “манайд ирээд хоночих” гэсэн. Тэднийд очиход Ж ээжтэйгээ хамт байсан. Тэгээд ор засаад унтаж байхад Ж шөнө 00 цагийн үед намайг сэрээгээд гадаа гаръя гээд байрных нь гадаа Жтай сааданд сууж байсан. Тэндээсээ автобусны буудал дээр очиж шорлог авч идэж байгаад би мухар гудамж руу ороод бие засчхаад ирэхэд Ж байхгүй болсон байсан. Тэгээд хүлээгээд зогсож байхад Ж нэг согтуу залуу сугадаад найз гээд танилцуулсан. Тэгээд уг залуу гэр нь хол хонох газар байхгүй гээд уг залуутай Ж урд гараад юм яриад манай хоноё гээд дагуулаад явж байсан. Тэгээд Таац дэлгүүрийн арын нарийн гудамж руу ороод уг залууг Ж түлхэж унагаагаад хамар луу нь цохиод уг залуугийн хамраас цус гарсан. Тэгээд тухайн залуугийн үүрч байсан цүнхийг авч надад өгөөд зугтаарай гээд бид хоёр зугтаж байгаад цүнхнээс нь гар утсыг нь аваад бусдыг нь цүнхтэй нь хаяад Жы гэрт орж хоносон. Тэгээд маргааш нь Жтай хамт 3,4 хороололд ломбардад 120.000 төгрөгөөр тавиад мөнгөө хувааж авсан. 2 хоногийн дараа уг ломбардад очоод 128.000 төгрөгөөр уг утсыг авсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчийн хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг /хэргийн 61 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.Жы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Лтай хамт 3,4 дүгээр хорооллын ахуйн үйлчилгээний автобусны буудал дээр зогсож байхад 1 халамцуу залуу явж байсан. Тухайн залуутай уулзахад хонох газар байхгүй гэр нь хол байдаг гэхээр нь манайд хоноё гээд уг залууг дагуулж яваад Таац дэлгүүрийн арын харанхуй гудамжинд очоод тухайн залууг хөл өвдөөд байна гээд хагас явган суухаар нь би уг залууг түлхээд унагаасан. Тэгээд уг залууг утсаа өг гэж хэлээд утсыг нь авахад Л үүргэвчийг нь булаагаад зугтаасан. Маргааш нь 3,4 дүгээр хороололд ломбардад уг залуугийн Самсунг А-10 загварын гар утсыг  100.000 төгрөгөөр тавиад мөнгөө хуваагаад авсан. ...Тухайн залуугаас гар утсаа өг гэхэд гаргаж өгөхгүй орилоод байхаар нь би амыг нь дарж байгаад цүнхийг нь булаагаад зугтсан. Тэгээд цүнхнээс нь утсыг нь аваад Л надад өгсөн. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 67-68 дугаар дүгээр хуудас/,

 

  1. Шүүгдэгч М.Ж нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны-2 автобусны буудлын орчим хохирогч Ж.Оыг “гар утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

   Хохирогч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө 04 цагийн үед Тэнгис кино театр орчмоос нэг үл таних эрэгтэй хүнтэй хамт такси барьсан. Тэгээд таксинаас буусны дараа хамт такси барьсан залуу гар утсаараа яриулаач гэхээр нь гар утсаараа яриулаад байж байтал манай найз М гэрээсээ гараад ирсэн ба намайг найзтайгаа юм яриад байж байгаад манай найз гэр лүүгээ орсон. Тэгээд би утсаа санаад эргээд хартал миний гар утсаар ярьж байсан залуу зугтаагаад явсан байсан. Би Самсунг А-51 маркийн гар утсаа залилуулсан. Миний хохирлыг барагдуулчихвал гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 106, 110-111 дүгээр хуудас/,

 

   Гэрч С.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 3,4 дүгээр хорооллын Өргөө кино театрын замын урд байрлах “Кейс” нэртэй ломбардаас 550.000 төгрөгөөр Самсунг А-51 маркийн гар утсыг худалдаж авч хот хоорондын тээврийн хэрэгслээр Увс аймаг руу хүргэн дүү Д.Т луу явуулсан. Тухайн  Самсунг А-51 гар утас нь хар хөх өнгөтэй, ар хэсэгтээ бага зэрэг сэвтэй байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 116-117 дугаар хуудас/,

 

   Гэрч О.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кеш” ломбардад сууж байсан. Тухайн өдөр Ж гэх хүүхэд Самсунг А-51 маркийн гар утсыг өөрийнхөө бичиг баримтаар 14 хоногийн хугацаанд 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн гар утсыг “үнэгүй.мн” сайт дээр зар тавьж байгаад 550.000 төгрөгөөр зарсан. Ломбардад гар утас тавихдаа Ж ганцаараа байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 118-119 дүгээр хуудас/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №ТХҮ-720/446 дугаартай “Самсунг А-51 гар утас-750.000 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 130 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Жы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 3,4 хороололд явж байгаад танихгүй халамцуу ахтай хамт шөнө 03 цагийн үед “Энжое” баарны гадаа тааралдсан. Тэгээд найзындаа орж архи ууя гээд байхаар нь анх таарсан ахаас “утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлээд Самсунг А-51 маркийн гар утсаар нь ярьж байгаа дүр эсгээд зогсож байсан. Тэгээд тухайн 2 ах найзынх руугаа яваад өгөхөөр нь би тухайн гар утсыг аваад явсан. Би тухайн гар утсыг 3,4 хороололд ломбардад 500.000 төгрөгөөр тавиад мөнгийг нь үрээд дуусгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хэргийн 142-143 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгч Б.Лын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 73 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 74 дүгээр хуудас/, сургуулийн тодорхойлолт /хэргийн 77 дугаар хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 172 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Жы төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 146 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 147 дугаар хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 148 дугаар хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

 

        Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

 

         1. Шүүгдэгч М.Ж нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны-2 автобусны буудлын орчим хохирогч Ж.Оыг “гар утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлддэг бөгөөд  гэмт этгээд эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

          “Хуурч авах” гэдэг нь бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө олж авахын тулд үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, өмчлөх эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг хэлнэ. 

  Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.Ж нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

      Тиймээс шүүгдэгч М.Жыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

         2. Шүүгдэгч М.Ж, Б.Л нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таац” дэлгүүрийн арын гудамжинд хохирогч Э.Бийг түлхэж унаган улмаар хамар тус газарт нь цохиж Самсунг А-10 загварын гар утас, цүнхтэй эд зүйлс зэргийг хүч хэрэглэж довтлон авч нийт 342.740 төгрөгийн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг хүч хэрэглэж бие махбодод нь хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилготой халдсан, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтлон авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба /давхар объекттой/ шүүгдэгч М.Ж, Б.Л нар нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

         Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

        Шүүгдэгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

        Тиймээс шүүгдэгч М.Ж, Б.Л нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

           Хохирлын талаар:

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.От 750.000 төгрөгийн, хохирогч Э.Бт 342.740 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар хохирлыг төлж барагдуулсан байна.  

           

          Харин иргэний нэхэмжлэгч Б.Нт 250.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлбөр төлөгдөөгүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Ж, Б.Л нараас тус бүр 125.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Нт 250.000 төгрөгийг олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг тус тус гаргасан.   

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

 Шүүгдэгч М.Ж, Б.Л нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй.

 

  Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч М.Ж нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр залилах гэмт хэрэг үйлдэхдээ 17 нас 11 сар 25 хоногтой буюу насанд хүрээгүй байсан нь төрсний гэрчилгээний хуулбар, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан үндэслэл журмыг баримталж ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.Жыг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Шүүгдэгч М.Ж, Б.Л нарыг бүлэглэж Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтлон авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан М.Ж, Б.Л нарт тус бүр  3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

  Шүүгдэгч М.Ж, Б.Л нарын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч М.Жыг  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлж,

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ... бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч  М.Ж, Б.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

  Харин шүүгдэгч М.Ж, Б.Л нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулав.

 

  1. Бусад асуудлаар:

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Жд урьд авсан цэргийн ангид хянан харгалзах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М.Жыг “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

                 Шүүгдэгч М.Ж, Б.Л нарыг бүлэглэж Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтлон авсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Жыг 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Ж, Б.Л нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Жд оногдуулсан 360 /гурван зуун жаран/  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  М.Ж, Б.Л нарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж, Б.Л нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Ж, Б.Л нараас тус бүр 125.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Нт олгосугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Жд урьд авсан цэргийн ангид хянан харгалзах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Жд урьд авсан цэргийн ангид хянан харгалзах таслан сэргийлэх аргаж хэмжээ, Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЗОЛБОО