Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/483

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Д.Даваадорж,

шүүгдэгч Э.Б,

шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Э.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000001086 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, А.С /РД:***/.    

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа, Э.Б /РД:***/.   

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  1. Шүүгдэгч А.С нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И март” худалдааны төв дотор иргэн С.Бын эзэмшлийн Самсунг галакси Эс-9 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 845.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” гэх дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн Т.Дий эзэмшлийн Айфон Икс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороололд үйл ажиллагаа явуулдаг “Сансар” худалдааны төв дотор иргэн М.Аийн хүрэмний халааснаас түүний эзэмшлийн Айфоне 11 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Г.Ттэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” худалдаа, үйлчилгээний төвийн орчимд иргэн А.Хгийн халааснаас түүний эзэмшлийн Самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 470.000 төгрөгийн хохирол, нийт 6.365.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн,

 

            Мөн шүүгдэгч А.С нь Э.Бтэй бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 20 дугаар байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Г.Цг байрны орц руу дагуулан оруулж, улмаар халаасыг нь нэгжих зэргээр биед нь халдаж 21.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа маркийн гар утас, 2.000 төгрөгийн хамт байсан хэтэвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч хохирогчид 23.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            2.Шүүгдэгч Э.Б нь А.Стэй бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 20 дугаар байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Г.Цг байрны орц руу дагуулан оруулж, улмаар халаасыг нь нэгжих зэргээр биед нь халдаж 21.000 төгрөгийн үнэ бүхий Нокиа маркийн гар утас, 2.000 төгрөгийн хамт байсан хэтэвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч хохирогчид 23.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

  1. Шүүгдэгч А.С нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И март” худалдааны төв дотор иргэн С.Бын эзэмшлийн “Самсунг галакси Эс-9 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 845.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

  Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 22-ны орой 21 цагийн орчим 2 хүүхэдтэйгээ Сансарын “И март” орсон. Тэгээд цүнхэндээ байсан гар утсаа дэлгүүр дотор үйлчлүүлж байгаад алдсан. Самсунг галакси Эс-9 плас маркийн саарал өнгийн гар утас байсан. Хяналтын камерт улаан куртиктэй хүн хулгайлж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 216 дугаар хуудас/,

 

           “Дамно” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №БЗД2-19-674 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Самсунг галакси Эс-9 плас загварын гар утас – 845.000 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 222 дугаар хуудас/,

 

   Шүүгдэгч А.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...үл таних хүн түрдэг тэргэн дээр цүнхээ тавьсан цүнх нь онгорхой байхаар нь цүнхнээс нь Самсунг галакси Эс-9 плас маркийн гар утсыг нь хулгайлсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 201 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

           2. Шүүгдэгч А.С нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” гэх дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн Т.Дий эзэмшлийн “Айфон Икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Т.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 19 цаг 30 минутын үед гэрийн хажууд байрлах Миний дэлгүүрт ороод юм авах гээд зогсож байхад миний хажууд үл таних эрэгтэй байсан. Юм худалдаж авчхаад гэртээ ороод гар утсаа гадуур хувцасны халааснаасаа авах гэхэд алга болсон байсан тул буцаж Миний дэлгүүрт очиж хяналтын камерын бичлэг шүүж үзсэн. ...Миний гар утсыг нэг залуу авч байсан, тэр залуу нь жижиг биетэй, саарал өнгийн куртиктэй байсан. Миний гар утсыг бүлэглэж авсан юм байхгүй, миний гар утсыг авчхаад үүдэнд очиж халааснаасаа гаргаж харчхаад буцааж халаасандаа хийгээд шууд ганцаараа гараад явж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 13, 16 дугаар хуудас/,

 

           “Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №БЗД2-19-810 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Айфоне Икс загварын гар утас – 2.550.000 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 20 дугаар хуудас/,

 

 Шүүгдэгч А.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...үл таних хүний халааснаас Айфоне Икс загварын гар утас хулгайлсан. Хулгайлсан гар утсаа 3 найздаа хэлээгүй, ганцаараа Монтел яваад зарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 230 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         3. Шүүгдэгч А.С нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороололд үйл ажиллагаа явуулдаг “Сансар” худалдааны төв дотор иргэн М.Аийн хүрэмний халааснаас түүний эзэмшлийн “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

   Хохирогч М.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төв дотор хүүхдийн бэлэг авчхаад гараад явж байсан чинь миний халаасанд байсан гар утас алга болсон байсан. Сансар худалдааны төв орохоосоо өмнө би гар утсаа ашиглаж байгаад хүрэмнийхээ халаасанд хийгээд орсон...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 113 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С надад 7 хоногийн өмнө найз нь хүний гар утас хулгайлсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, чи очоод уулзчих гэж хэлсэн. Өөр зүйл ярьж хэлээгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 129 дүгээр хуудас/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...17:43:58 секундэд хар өнгийн хүрэмтэй, цэнхэр өнгийн өмдтэй, улаан алаг өнгийн гуталтай 165 см орчим өндөртэй залуу гар утас барьж байгаад өмднийхөө халаасанд хийж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв.  ...Тухайн этгээд А.С мөн болохыг тэмдэглэлд дурдав...”гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 100-101 дүгээр хуудас/,

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №19/139 дугаартай “Айфоне-11 гар утас - 2.500.000 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 132 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Сансар худалдааны төв дотор 17 цагийн орчим хулгай хийж мөнгөтэй болох зорилгоор явж байтал миний хажуугаар 25-30 орчим насны эмэгтэй гар утсаар яриад өнгөрөхөөр нь араас нь дагаж гар утсаа хаашаа хийхийг нь хартал нөгөө эмэгтэй гар утсаараа ярьж дуусаад гар утсаа зүүн талынхаа халаасанд хийхээр нь хажуугаар зөрөхдөө халааснаас нь сэмээрхэн баруун гарын долоовор болон дунд хуруугаараа хавчиж аваад өмднийхөө халаасанд хийгээд шууд тухайн худалдааны төвөөс гарч яваад төв замаас такси бариад Талбайн хажуу талын Монтел гар утас худалдааны төв орж гудамжинд гар утас авна, зарна гэсэн хүнд 300.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 91 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         4. Шүүгдэгч А.С нь Г.Ттэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” худалдаа, үйлчилгээний төвийн орчимд иргэн А.Хгийн халааснаас түүний эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

  Хохирогч А.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 13 цаг өнгөрч байхад гадуур цайндаа орчхоод өөрийн ажил болох Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза төв рүү орж байхдаа гар утсаа алдсан. Хамгийн сүүлд Гранд плаза төвийн гадна гар утсаа шалгаад өмсөж явсан куртикныхаа баруун халаасанд хийсэн. ...Камер шүүж үзэхэд үл таних нэг эрэгтэй миний араас дагаж явж байгаад өөр нэг хүнд гар утас дамжуулж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 173 дугаар хуудас/,

 

            Гэрч Г.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...найз Сийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза төвийн орчим явж байгаад нэг эмэгтэй явж байхыг харсан бөгөөд гадуур хувцасных нь халаасанд гар утас байхыг харсан. Тухайн үед гар утас нь ил харагдаад авахад амархан санагдсан учраас үүдээр орж байхад нь хулгайлж аваад найз Сд дамжуулчихсан. Тэр эмэгтэй гар утсаа баруун талын халаасандаа хийсэн байсан...” мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 180 дугаар хуудас/,

 

           “Ашид Б” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №ТХҮ-720/204 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Самсунг А-50 гар утас – 470.000 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 185 дугаар хуудас/,

 

           Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...01 минут 32 секундэд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээд бусдад эд зүйл дамжуулан өгч байгаа, хохирогч хаалгаар орж байгааг, ...01 минут 35 секундэд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээд хохирогчийг дагаж явж байх бөгөөд эд зүйл дамжуулан авсан этгээд нь хаалгаар гарч байгааг... харуулав” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 160-162 дугаар хуудас/,

 

           Эд зүйл /Самсунг А-50 загварын гар утас/ хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 163-164 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

          5. Шүүгдэгч Э.Б А.С нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 20 дугаар байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Г.Цг байрны орц руу дагуулан оруулж, улмаар түүнийг айлган сүрдүүлж халаасыг нь нэгжих зэргээр 21.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа” маркийн гар утас, 2.000 төгрөгийн хамт байсан хэтэвч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авч хохирогчид 23.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн үед найз Доржсамбуутай Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Улаанбаатар их дэлгүүрийн ойролцоо эгчийнхээ ажил руу очих гээд явж байтал явган хүний зам дээр миний цүнхнээс үл таних эрэгтэй хүн татаад “манай дүүг нэг хүн зодчихсон, зодсон хүнийг нь хайж байгаа юм, чамайг дүүдээ харуулаадахъя” гэсэн. Тэгтэл Доржсамбуу “би эгчийнхээ ажил руу ороод мөнгө авчихаад ирье” гээд гүйгээд явсан. Тэгтэл тэр эрэгтэй хэдүүлээ тэнд очоод байж байя гээд хажуу талын 20 дугаар байрны урдуур зүүн эргээд 4 дүгээр орц руу нь ороод 4 давхарт гараад миний цүнхнээс татсан эрэгтэй “дүү рүүгээ залгачихъя утсаа өгчих” гэхээр нь би гар утас байхгүй гэж хэлтэл халаасанд чинь юу байгаа юм гэсэн тэгэхээр нь түрийвч байгаа гэж хэлтэл түрийвчийг маань зүүн талын халааснаас аваад доторх мөнгийг нь гаргасан. Тэгснээ намайг нэгжээд баруун талын халааснаас гар утсыг маань авсан. Тэгээд “чи бид хоёрт 5.000 төгрөг өг, тэгээд бид хоёр явлаа” гэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлээд байж байтал цагдаа нар орж ирээд тэр хоёр хүүхдийг бариад цагдаагийн газарт авчирсан. ...Тэр хоёр эрэгтэй намайг цохиж, зодоогүй. Гэхдээ намайг айлгаж, нэгжиж эд зүйлүүдийг минь авсан. Би эд зүйлээ буцааж авсан, миний хэтэвч хуучин хэрэглэж байсан учир үнэлүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 58-59 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Цгийн хамт Улаанбаатар их дэлгүүрийн хажууд явж байхад нэг жижиг туранхай биетэй хүүхэдтэй таарсан. Тэр хүүхэд бид хоёрыг дуудаж уулзаад “манай дүү өчигдөр хүнд зодуулчихсан юм, зодсон хүүхэд нь та хоёртой адилхан байсан, та хоёр надтай хамт урагшаа яваадах” гэж хэлсэн. Тэгтэл цаанаас нь бас нэг танихгүй саарал өнгийн саравчтай малгайтай хүүхэд ирсэн. Тэгэхээр нь би тэр хоёр хүүхдийг дээрэмдэх гэж байна гэж ойлгоод тэр хоёрт хандаж “бид хоёр ийшээ ойрхон яваад эгчээсээ мөнгө аваадахъя, та хоёр эндээ хүлээж байх уу” гэж хэлтэл “та хоёр хоёулаа явах хэрэггүй нэг нь үлдээд, нэг нь яваад эгчээсээ мөнгө аваад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд Ц тэндээ үлдээд би ганцаараа яваад Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байрлах Ган зүү эмнэлгийн байр луу орсон. ...Дөлгөөн ах Ц руу залгахад “би Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байна” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 61 дүгээр хуудас/,

 

2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 51-53 дугаар хуудас/,

 

2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн хошууч С.Хүрэлчулууны “...15 цаг 30 минутад “Тамир 69” станцаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 20 дугаар байрны 4 дүгээр орцонд сэжиг бүхий 3 хүүхэд орлоо гэсэн мэдээллийг шалгахад “Б нь Сийн хамтаар Цг дээрэмдэж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоосон” гэх илтгэх хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 54 дүгээр хуудас/,

 

2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Телекамерын хяналтын цагдаа, ахлах ахлагч Б.Лхагвын “...15 цаг 32 минутад үүрэг гүйцэтгэж байхдаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 20 дугаар байрны 4 дүгээр орцонд сэжиг бүхий 3 хүүхэд орсныг Тамир 114 чиглэлээр шалгуулахад ...Г.Цг Э.Б нь бусадтай бүлэглэн бичиг баримт бүхий түрийвчийг дээрэмдсэнийг илрүүлсэн” гэх илтгэх хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 5 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №СБ1-19-341 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Нокиа загварын гар утас 21.000 төгрөг” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 67 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч А.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Б бид хоёр Их дэлгүүрийн тэр хавьд явж байгаад 2 хүүхэд тааралдахаар нь “манай дүү хүнд зодуулчихсан, та хоёр царайгаа шалгуулчих” гээд дагуулж явах гэхэд нэг нь яваад өгсөн, нөгөө нэгийг нь орц руу дагуулж ороод “утсаа өгч бай, ярья” гэхэд Нокиа гар утас гаргаж ирсэн. Өөр юу байна гэхэд 1.500 төгрөгтэй түрийвч гаргаж ирсэн. Тэгж байтал хамт явж байсан хүүхэд нь гаднаас 2 цагдаа дагуулж ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 237-238 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Бий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тэр хоёр хүүхдийг “манай дүүг зодсон байна” гээд дагуулж яваад орц руу явсан. С тэр хоёр хүүхэдтэй юм ярьж байгаад бууж байхад цагдаа орж ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 240 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгч Э.Бий иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 69 дүгээр хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 2 дугаар хавтас 72-74 дүгээр хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 75 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 2 дугаар хавтас 80-154 дүгээр хуудас/, ялын тооцооны тодорхойлолт /хэргийн 3 дугаар хавтас 3 дугаар хуудас/,  

Шүүгдэгч А.Сийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 2 дугаар хавтас 157 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 159 дүгээр хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 2 дугаар хавтас 162-164 дүгээр хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 165 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 2 дугаар хавтас 169-173 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

 

           Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

 

  1. Шүүгдэгч А.С нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И март” худалдааны төв дотор иргэн С.Бын цүнхнээс түүний эзэмшлийн “Самсунг галакси Эс-9” плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 845.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

            2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” гэх дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн Т.Дий гадуур хувцасны халааснаас түүний эзэмшлийн “Айфон Икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

            2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороололд үйл ажиллагаа явуулдаг “Сансар” худалдааны төв дотор иргэн М.Аийн хүрэмний халааснаас түүний эзэмшлийн “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

            Г.Ттэй бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” худалдаа, үйлчилгээний төвийн орчимд иргэн А.Хгийн халааснаас түүний эзэмшлийн “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 470.000 төгрөгийн хохирол, нийт 6.365.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.       

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

   Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч А.С нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

   Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид заасан “...нэвтэрч үйлдсэн” гэх ойлголтод нийтийн үйлчилгээний газар /дэлгүүр, музей, үзэсгэлэнгийн танхим гэх мэт/ хууль ёсоор нэвтрэн орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг нэвтэрсэн гэж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

      Тиймээс шүүгдэгч А.Сийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

         2. Шүүгдэгч Э.Б, А.С нар бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 20 дугаар байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч Г.Цг байрны орц руу дагуулан оруулж, улмаар түүнийг айлган сүрдүүлж халаасыг нь нэгжих зэргээр 21.000 төгрөгийн үнэ бүхий “Нокиа” маркийн гар утас, 2.000 төгрөгийн хамт байсан хэтэвч зэрэг эд зүйлийг дээрэмдэн авч хохирогчид 23.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч, насанд хүрээгүй гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, эргүүлийн цагдаагийн илтгэх хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.        

 

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа өмчлөгч, эзэмшигчийн эсэргүүцлийг хүч хэрэглэж бие махбодод нь хохирол учруулах байдлаар дарах, няцаах зорилготой халдсан, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон авсан” буюу дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна. 

 

   Улсын яллагч шүүгдэгч нарыг “хүч хэрэглэж” дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтдээ дурдсан байх боловч нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч нар дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогчид хүч хэрэглэсэн шинжтэй үйлдэл хийсэн гэх үйл баримт тогтоогдоогүй ба харин шүүгдэгч нар дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлж, хараалын зүй бус үг хэлж заналхийлсэн үйл баримт тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

   “Хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авахаар довтлох” гэж гэмт этгээд эд хөрөнгөө өгөхгүй бол түүнийг ална, эрүүл мэндэд хохирол учруулна, эрх, эрх чөлөөг хязгаарлана гэх зэргээр айлган сүрдүүлж, довтолсон байхыг ойлгоно.

 

    Дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь бусдын эд хөрөнгийг авч чадсан эсэхээс үл хамааран хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог гэмт хэрэг юм.

 

 Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба /давхар объекттой/ шүүгдэгч Э.Б, А.С нар нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

         Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

        Шүүгдэгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

        Тиймээс шүүгдэгч Э.Б, А.С нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

           Хохирлын талаар:

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.  

            Гэмт хэргийн улмаас хохирогч А.Хд 470.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдсөн /хэргийн 1 дүгээр хавтас 163-164 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Г.Цд 23.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлөгдсөн /хэргийн 1 дүгээр хавтас 58-59 дүгээр хуудас/,

            Харин хохирогч С.Бт 845.000 төгрөгийн хохирол, хохирогч Т.Дд 2.550.000 төгрөгийн хохирол, хохирогч М.Ат 2.500.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирол төлөгдөөгүй байна.  

           

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Сээс 5.895.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Бт 845.000 төгрөг, хохирогч Т.Дд 2.550.000 төгрөг,  хохирогч М.Ат 2.500.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

         Улсын яллагчаас шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийн цагдан хоригдсон 229 хоногийг уг ялаас хасаж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, 

         шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ял болох 1 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 9 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бий цагдан хоригдсон 102 хоногийг уг ялаас хасаж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

          Шүүгдэгч А.С, Э.Б нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй.

 

  Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж,

 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Э.Б, А.С нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан нь төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтаар тогтоогдсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан үндэслэл журмыг баримталж ял оногдуулах нь зүйтэй байна.

 

   Шүүхээс шүүгдэгч А.Сийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

Бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан А.Сд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

 

Шүүгдэгч Э.Бийг бүлэглэж Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан Э.Бд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 4 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэв. 

 

Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Сийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 229 /хоёр зуун хорих ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 1 сар 11 хоногийн хугацаагаар,

Шүүгдэгч Э.Бий 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх нийт ялыг 3 жил 10 сар 05 хоногийн хугацаагаар тус тус тогтоов.

         Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

  Шүүгдэгч Э.Б, А.С нарын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Өсвөр насны хүн ...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийг, цагдан хоригдсон 102 хоногийг тус тус хасаж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 сар 18 хоногийн хугацаагаар,  

  Шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд “Шүүх эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ... ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлнэ...”, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Өсвөр насны хүн ...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заасны дагуу гэмт хэрэг тус бүрээс хоёр жилийг, цагдан хоригдсон 229 хоногийг хасаж, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 сар 11 хоногийн хугацаагаар тогтоов.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “...энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн өсвөр насны хүнд оногдуулсан ялаас хоёр жилийг өршөөн хасаж, эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан.  

Иймд шүүгдэгч Э.Бий эдлээгүй үлдсэн нийт 2 сар 18 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч А.Сийн эдлээгүй үлдсэн нийт 1 сар 11 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймгаас явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Э.Бд урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ял нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Э.Б, А.С нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг,

Мөн түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “...Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэж, хэрвээ шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэхийг анхааруулав.

 

  1. Бусад асуудлаар:

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, А.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А.Сийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

                 Шүүгдэгч А.С, Э.Б нарыг бүлэглэж Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон авсангэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сийг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

                 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Э.Б нарыг тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан шүүгдэгч А.Сийн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан шүүгдэгч А.С, Э.Б нарын эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялыг 4 жил 9 сарын хугацаагаар,

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт хорих ялыг 4 жил 1 сар 17 хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай.    

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Сийн цагдан хоригдсон 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 229 /хоёр зуун хорин ес/ хоногийг хасаж, биечлэн эдлэх нийт ялыг 4 жил 1 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.Бий 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг хасаж, биечлэн эдлэх нийт ялыг 3 жил 10 сар 05 хоногийн хугацаагаар тус тус тогтоосугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч А.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас тус бүр хоёр жилийг,

   Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийг тус тус өршөөн хассугай.

 

  1.  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Сд оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 11 хоногийг мөн хугацаагаар, “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймгаас явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар,

   Шүүгдэгч Э.Бд оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 18 хоногийг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бд дүйцүүлэн сольж оногдуулсан 2 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 17 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Э.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Сд  “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Сээс 5.895.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Бт 845.000 төгрөг, хохирогч Т.Дд 2.550.000 төгрөг, хохирогч М.Ат 2.500.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

                 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Сд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ЗОЛБОО