Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Г.Намжил,

хохирогч “***” ХХК-ийн өмгөөлөгч Т.Багахүү,

шүүгдэгч Ө.Ц, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө.Цод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005017191474 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Ө.Ц /РД:***/.   

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ө.Ц нь “***” ХХК-ий зогсоолын манаач ажилтай өөрийн төрсөн дүү Ө.Гыг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд чөлөөтэй байх хугацаанд түр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-4 урд байрлах “***” ХХК-ийн барьцааны эд зүйл хадгалах зориулалттай хашаанд байсан *** улсын дугаартай 40 тонны даацтай, 12R20 гэсэн хэмжээтэй 12 ширхэг шинэ дугуйтай контейнер ачих зориулалттай чиргүүлийн 10 ширхэг шинэ дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “***” ХХК-д 6.460.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ц мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

           Шүүгдэгч Ө.Ц нь “***” ХХК-д зогсоолын манаач ажилтай өөрийн төрсөн дүү Ө.Гыг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд чөлөөтэй байх хугацаанд түр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-4 урд байрлах “***” ХХК-ийн барьцааны эд зүйл хадгалах зориулалттай хашаанд байсан *** улсын дугаартай 40 тонны даацтай, 12R20 гэсэн хэмжээтэй 12 ширхэг шинэ дугуйтай контейнер ачих зориулалттай чиргүүлийн 10 ширхэг шинэ дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “***” ХХК-д 6.460.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг хашааг манаач Г гэж хүн хөдөлмөрийн гэрээ байгуулж, сүүлийн 10 гаруй жил эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг. Манаач Гыг ажиллаж байх хугацаанд “***” ХХК-д *** улсын дугаартай чиргүүлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10 сая төгрөгт Н гэж хүн барьцаалж, зээл авч байсан ба Н нь зээлээ хугацаандаа төлөөгүй учир барьцаа хөрөнгө болох чиргүүлийг барьцааны гэрээний дагуу компанийн өмчлөлд авч байсан. Ингээд манай байгууллагын хөрөнгө учраас зарж борлуулах хүртлээ компанийн эзэмшлийн хөдлөх эд хөрөнгүүдийг байлгадаг хашаанд байрлуулсан. Хашаанд анх байрлуулж тавихдаа уг чиргүүл нь контейнер ачих зориулалттай, 3 голтой, 17 метрийн урттай, 40 тонны даацтай, 12 дугуйтай бөгөөд хятад улсад үйлдвэрлэсэн, 12R20 гэсэн хэмжээтэй 12 ширхэг шинэ хээ сайтай дугуйтай нь хамт тавьсан. ...2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хашаан доторх эд хөрөнгүүдийг шалгаж үзэхэд *** улсын дугаартай чиргүүлийн байх ёстой 12 дугуйнаас 2 ширхэг нь л байсан, бусад 10 ширхэг шинэ дугуйг сольж хуучин дугуйнууд тавьсан байсан. Манаач Гаас тодруулахад “дугуйг сольж тавиад, шинэ байсан дугуйнуудыг манай ах солиод зарчихсан байна, гэхдээ би хохирлыг барагдуулна” гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Уг үнэлгээгээр тогтоогдсон 240.000 төгрөгийг хохирлын үнэлгээнээс хасаж тооцох боломжтой. Үлдэгдэл хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хэргийн 194 дүгээр хуудас/,

 

         Гэрч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 4 дүгээр сард манай эгч Алимаа бурхан болоод гачигдлаар явах шаардлагатай болоод захирал Гэрэлээгээс чөлөө авч Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум руу яваад ирсэн. Энэ хугацаанд өөрийн төрсөн ах Цогтыг түр хугацаанд ажиллуулсан. ...2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “***” ХХК-аас хүмүүс ирж шалгалт хийсэн. Энэ үедээ *** улсын дугаартай чиргүүлийг зарж борлуулахаар болж, уг чиргүүлийг хүлээлцэх явцад 12 дугуйны 10 дугуй солигдож, хуучин, муу дугуй тавигдсан байсныг мэдсэн. Тэгээд Цогт ахаас асуухад “мөнгөний хэрэг гараад байсан учраас солиод тавьчихсан байсан дугуйнуудыг нь хүмүүст зарчихсан, ямар хүнд зарснаа мэдэхгүй байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,

 

         Гэрч Я.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ө.Г гэж хүнийг танина. Манай “***” ХХК-д харуулаар 2015 оны 1 дүгээр сард ажилд орж байсан. Ө.Ц гэж хүнийг танихгүй. Ө.Г надад өөрийн эгч болох Алимаа нас барсан талаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/,

 

          Гэрч Я.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ө.Г нь авто зогсоолын харуул ажилтай байсан. ...Гыг чөлөөтэй байх хугацаанд оронд нь хүн томилоогүй. Би орондоо үлдээх найдвартай хүн байгаа юу гэсэн чинь өөрөө манай ах байгаа найдвартай гэж хэлсэн. Хэрэв байхгүй байсан бол манай байгууллагаас хүн томилох байсан. Ө.Цыг ажиллуулах талаар эрх зүйн баримт бичиг үйлдээгүй. Гад найдвартай бол ахыгаа үлдээгээд явах зөвшөөрөл амаар өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 209 дүгээр хуудас/,

        

          Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

         “Дамно” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №БГ2-20-484 дугаартай хөрөнгийн үнэлгээний “12R20 гэсэн хэмжээтэй 10 ширхэг дугуй– 6.460.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 38 дугаар хуудас/,

 

         “Дамно” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №БГ2-21-414 дугаартай хөрөнгийн үнэлгээний “12R20 гэсэн хэмжээтэй 80% эдэлгээтэй 2 ширхэг дугуй– 160.000 төгрөг, 12R20 гэсэн хэмжээтэй ашиглах боломжгүй 8 ширхэг дугуй – 80.000 төгрөг, нийт 240.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 199 дүгээр хуудас/,

 

         “***” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 20/1-100 дугаартай“...Ө.Гад 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл чөлөө олгосон болно” гэх албан бичиг /хэргийн 77 дугаар хуудас/,

 

         Хохирол төлсөн тооцооны баримт /хэргийн 91, 108-109 дүгээр хуудас/,

 

         Шүүгдэгч Ө.Цын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 4 дүгээр сарын дундуур өөрийн төрсөн дүү болох Гын ажиллаж байсан “***” ХХК-ны барьцааны хөрөнгүүдийг байлгадаг хашаанд түр хугацаанд дүү Ө.Гын гуйснаар 10 хоногийн хугацаанд ажиллаж байхдаа *** улсын дугаартай чиргүүлийн 10 ширхэг сайн чанарын дугуйг өөр муу 10 ширхэг дугуйгаар сольж, зарсан. Мөнгө олох санаа, зорилготой байсан. ...Уг дугуйг зарсан 5 залууг одоо харвал танихгүй. Тухайн өдөр дугуй зарах уу, солих уу гэхээр нь зарна, өөрсдөө солиод тавьчих гээд зарж борлуулсан. Компанийн дугуй гэдгийг хэлээгүй, 10 ширхэг дугуйг 1.500.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 43, 212 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

        Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

         Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 45 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 57 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 58 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа  /хэргийн 59 дүгээр хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл  /хэргийн 61-63 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн баримт.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

 

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

 

  Шүүгдэгч Ө.Ц нь “***” ХХК-д зогсоолын манаач ажилтай өөрийн төрсөн дүү Ө.Гыг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд чөлөөтэй байх хугацаанд түр ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр ТЭЦ-4-ийн урд байрлах “***” ХХК-ийн барьцааны эд зүйл хадгалах зориулалттай хашаанд байсан *** улсын дугаартай 40 тонны даацтай, 12R20 гэсэн хэмжээтэй 12 ширхэг шинэ дугуйтай контейнер ачих зориулалттай чиргүүлийн 10 ширхэг шинэ дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “***” ХХК-д 6.460.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, “***” ХХК-ийн албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

         Харин эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ө.Ц нь “***” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй буюу компанийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээгээгүй байх тул тус гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж шүүх дүгнэв.

 

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ө.Ц нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

         Шүүгдэгч Ө.Ц болон түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

           

         Тиймээс шүүгдэгч Ө.Цыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “***” ХХК-д 6.460.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ө.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед 5.146.259 төгрөгийг төлсөн ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үлдэгдэл хохирол төлбөр болох 1.315.000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Цод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр барагдуулсан, гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Ө.Цын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. 

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно

 

Шүүхээс шүүгдэгч Ө.Цыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ө.Цод 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

  1. Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ө.Цыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Цыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Ө.Ц нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ө.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Цод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО