Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Г.Намжил /томилолтоор/,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.Эод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905047070212 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:   

 Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 499 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 480.000 төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Т.Э /РД:***/.   

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арина” электрон барааны дэлгүүр дотор хохирогч Д.Гийн эзэмшлийн Самсунг А-70 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.009.960 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

           Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арина” электрон барааны дэлгүүр дотор хохирогч Д.Гийн эзэмшлийн “Самсунг А-70” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.009.960 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

         Хохирогч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Арина электроникс дэлгүүр дээрээ ажлаа хийж байсан. Өдөр 15-16 цагийн үед дэлгүүр хүн ихтэй, үйлчлүүлэгч нарт бараагаа танилцуулаад байж байсан ба гар утсаа үүдний хэсгийн кассын ширээн дээр тавьсан байсан. Тэгээд хүмүүст үйлчилж байгаад ширээн дээрээ ирэхэд миний Самсунг А-70 маркийн гар утас байхгүй болсон байсан. Ингээд камерын бичлэгийг үзэхэд 40 гаруй насны гэмээр эрэгтэй хүн аваад гарч байсан....” гэсэн мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,

 

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 12-15 дугаар хуудас/,

 

         “Дамно” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №БГ2-20-1202 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Самсунг галакси А-70 маркийн гар утас 1.009.960 төгрөг” гэх тайлан /хэргийн 32 дугаар хуудас/,

 

         Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

         Камерын бичлэгт үзлэг хийсэн “...хар өнгийн саравчтай малгайтай, хар савхин куртик, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн лангууны урд талын хэсэгт эргэн тойрноо харж байгаад лангууны цаад хэсэг доороос эд зүйл аваад халаасандаа хийгээд шууд гарч байгаа бичлэг байв” гэх тэмдэглэл /хэргийн 146-147 дугаар хуудас/,

 

         Таньж олуулах ажиллагаа явуулсан “...хохирогч Д.Г “1” дугаар барьсан залуу мөн байна, уг залуу камерын бичлэг дээрх хүн мөн байна, би нүд болон биеийнх нь онцлогоор танилаа” гэх тэмдэглэл /хэргийн 148-151 дүгээр хуудас/,

 

         Шүүгдэгч Т.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Арина электроникс дэлгүүр лүү ороод кассын ширээн дээр Самсунг маркийн гар утас байхаар нь би тэр ойр орчимд нь хүн харж байгаад хүн байхгүй болохоор нь ширээн дээрээс нь аваад шууд дэлгүүрээс нь гараад явчихсан юм. Би дэлгүүрээс гарч явахдаа тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор хулгайлсан гар утсаа гээгдүүлчихсэн. Өөрийн хийсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 59-60 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

         Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 61 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа  /хэргийн 68 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 72 дугаар хуудас/, ялын тооцооны хуудас /хэргийн 76 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар  /хэргийн 97-103 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

 

   Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

 

  Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арина” электрон барааны дэлгүүр дотор хохирогч Д.Гийн эзэмшлийн “Самсунг А-70” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.009.960 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээний тайлан, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Т.Э нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч Д.Гт хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

        Шүүгдэгч Т.Э болон түүний өмгөөлөгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

        Тиймээс шүүгдэгч Т.Эыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Гт 1.009.960 хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.Э нь хохирол төлбөр төлөөгүй болох нь тогтоогдсон ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Эоос 1.009.960 төгрөг гаргуулж хохирогч Д.Гт олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

          Шүүгдэгч Т.Эын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй.

 

  Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Эыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Т.Эод 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялыг 2 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

             Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Эын 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх нийт хорих ялыг 1 жил 10 сар 1 хоногийн хугацаагаар тогтоов.

 

             Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

 Шүүгдэгч Т.Эын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Эод оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялаас цагдан хоригдсон 111 хоногийг хасаж 8 сар 9 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг,

 Мөн түүнд урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүний эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг мөн хугацаагаарэрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах нийт ялыг 1 жил 10 сар 1 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна. 

 

  Харин шүүгдэгч Т.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

 

 

  1. Бусад асуудлаар:

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

   Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т.Эыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Эод оногдуулсан 1 жилийн хорих ял дээр урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт хорих ялыг 2 жил 1 сар 22 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эын 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, биечлэн эдлэх нийт хорих ялыг 1 жил 10 сар 1 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

 

  1. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх зааснаар шүүгдэгч Т.Эод оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 1 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Т.Эоос 1.009.960 төгрөг гаргуулж хохирогч Д.Гт олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Эод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ЗОЛБОО