Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: К.К-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд Их сургуулийн захиралд холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн А/123 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай,

“Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ны А/24 дугаар “Диплом хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-ийг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1987 онд Баян-Өлгий аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1988 оны 02 сарын 9-нд Баян-Өлгий аймгийн 7-р цэцэрлэгт туслах багшаар анх ажилд орсон. Ажиллах хугацаандаа 1989 онд Хөдөө аж ахуйн яамны бригад фирмийн дарга нарыг бэлтгэх давтан сургах курст суралцаж хөдөө аж ахуйн нягтлан бодох мэргэжлээр 90 хоногийн курс төгссөн.

Мөн Баян-Өлгий аймгийн 7-р цэцэрлэгт ажиллаж байхдаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багшлах 400 цаг, 20 кредитийн сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлж сертификат авсан. 2000 онд 186 дугаартай гэрчилгээ, 2006 онд 26 дугаартай гэрчилгээ, 2011 онд 791 дугаартай сертификат, 2005 онд 2005/35 дугаартай сертификат, 2005 онд 2005/08 дугаартай сертификат, 2006 онд 27/06 дугаартай гэрчилгээ, 2005 онд 312 дугаартай гэрчилгээ, 2004 онд батламж, 2009 онд 03/7001 дугаартай сертификат, 2013 онд багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын технологийн сургалтаар гэрчилгээ, 2015 онд 2015120560 дугаартай Боловсролын байгууллагын бодлого хэрэгжүүлэх, мэргэжлийн эрэлт хэрэгцээ, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан цэцэрлэгийн туслах багш ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт болон кредитийн сургалтад тус тус хамрагдсаар ирсэн.

2013 онд Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлээр Боловсрол судлалын ухааны бакалавр зэрэгтэйгээр D201304887 дугаартай дипломтой төгссөн. 2016 оны 08 сарын 10-ны      Багшийн мэргэжил дээшлүүлэх институт суралцаж багшлах эрх авсан. 2016 оны 08 сарын 15-ны 24 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7-р цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан К.К-г 2016 оны 08 сарын 15-аас нэмэгдсэн бүлгийн багшийн ажил албан тушаалд томилсон. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7-р цэцэрлэгт туслах багшаар 28 жил, үндсэн багшаар 1 жил нийт 29 жил ажилласан.

Гэтэл Ховд их сургуулийн захирлын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалаар миний бакалаврын дипломын хүчингүй болгосон ба би уг асуудлаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд их сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/102 дугаар тушаалаар Ховд их сургуулийн захирлын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болгосон тул миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан.

Гэтэл Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/123 дугаар тушаалаар Ховд их сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/102 дугаар тушаалыг хүчингүй болгож надад чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна.

Иймд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/123 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч К.К шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Ховд их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, Ховд их сургуулийн захирал В.С шүүхэд гаргасан тайлбартаа: К.К нь 2013 онд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын /СӨБ/-ийн багшийн бакалавр зэргийн диплом авсан байна.

Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр 1 жилийн хугацаатайгаар суралцаж, бакалаврын боловсролын зэргийн диплом авах эргийг өмнө нь багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшиж бакалаврын зэрэг эзэмшсэн хүнд суралцах эрх олгохоор журамлагдсан байна. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу түүний дипломыг хүчингүй болгосон Ховд их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалыг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/102 дугаар тушаалаар хүчингүй болгосон боловч БСШУСЯ-ны Дээд бодлогын боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалангийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3/10197 дугаар албан бичиг ирүүлсний дагуу Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 сарын 30-ны өдрийн А/123 дугаар тушаал гаргасан болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч К.К нь 2012-2013 онд Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн хөрвөх нэг жилийн сургалттай ангид суралцаж Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн бакалаврын диплом авсан байдаг. Уг дипломыг Ховд Их сургуулийн захирал нь хуурамч баримт бүрдүүлж, тус сургуульд элссэн, элсэлтийн журам зөрчсөн гэх үндэслэлээр тушаал гаргаж хүчингүй болгосон байдаг. Нэхэмжлэгч нь Ховд Их сургуулийн захирлын тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрч, Ховд Их сургуулийн захирал 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/102 дугаар тушаал гаргаж, өмнөх 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 дүгээр тушаалыг хүчингүй болгосон үйл явдал болсон байдаг.

Нэхэмжлэгч К.К нь Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн хөрвөх нэг жилийн сургалттай ангид элсэхээсээ өмнө журамд заасан болзол буюу өөр мэргэжлийн бакалавр зэрэг эзэмшээгүй гэж үзэж Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас Ховд Их сургуулийн захиралд албан бичиг ирүүлсэн ба уг албан бичгийг үндэслэж 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/102 дугаар тушаалыг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгчийн Ховд их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагын хувьд нэхэмжлэгч нь хариуцагчтай эвлэрч, уг тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэрийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан ба уг захирамж нь одоо ч хүчин төгөлдөр байгаа юм.

Иймд нэхэмжлэгч нь дахин уг асуудлаар шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/123 дугаар тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн хөрвөх 1 жилийн сургалттай ангид элсэхдээ элсэлтийн журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн дипломыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчээс Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/123 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлага гаргасан ба үүнийг бүхэлд нь дэмжиж байна.

Ховд Их сургууль оюутны элсэлт авахдаа элсэгчдийн материалыг шалган авч, оюутан элсүүлэх тухай захирлын тушаал гаргасан бөгөөд уг тушаал нь өнөөдөр хүчин төгөлдөр байгаа юм.

 К.К нь сургалтын төлбөрөө төлж, сургуулиа төгссөний дараа ажиллаж байх хугацаанд буюу Ховд Их сургуулийн захирал 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаал гаргаж К.К-ийн бакалаврын дипломыг хүчингүй болгосон байдаг.

Уг тушаал гаргаснаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан К.К-ийн сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрсөн юм. К.К нь тус сургуульд сурсан нь үнэн, төгссөн нь үнэн юм. Гэтэл үндэслэлгүйгээр дипломыг хүчингүй болгосон нь хууль бус байх тул Ховд Их сургуулийн захирлын тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Ховд Их сургуулийн захирал В.С нь 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалаа хүчингүй болгосон тул нэхэмжлэлээ татан авсан юм. Нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ татан авсан тул шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хэлж болохгүй.

Хуурамч диплом гэх асуудлыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар шалгаж хуурамч гэдгийг тогтоогоогүй. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь Ховд Их сургуульд сурсан, төлбөр төлсөн гэдэг дээр хариуцагч тал маргахгүй. Харин нэхэмжлэгчийг Ховд Их сургуульд элсэх, төгсөх үед тус сургуулийн захирлаар Ж.Ванчинхүү ажиллаж байсан ба сургуулийн удирдлага солигдож, Алтанбагана захирлаар ажиллаж байхдаа нэхэмжлэгчийн бакалаврын дипломыг хүчингүй болгосон.

Нэхэмжлэгч нь Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн хөрвөх нэг жилийн сургалттай ангид сурч, төгссөн нь үнэн юм. Гэхдээ К.К-ийн хувьд элсэлтийн журмын дагуу бакалаврын дипломтой иргэд сурах ёстой байхад К.К нь хуурамч материал бүрдүүлж элссэн гэж үзээд байгаа юм.

Анх К.К нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ховд их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд их сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/102 дугаар тушаалаар 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авсан юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/197 дугаар албан бичгээр К.К-ийн дипломыг хүчингүй болгохыг Ховд Их сургуулийн захиралд даалгасан ба Дээд боловсролын тухай хуульд зааснаар Ховд Их сургуулийн захирал нь төрийн захиргааны дээд байгууллага буюу шууд харъяалагдах байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг биелүүлэхээс өөр аргагүй байсан.

Ингээд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/123 дугаар тушаалаар тус сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/102 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч К.К нь Ховд их сургуулийн захиралд холбогдуулан “Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн А/123 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр “Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ны А/24 дугаар “Диплом хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан дээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “...Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн хөврөх 1 жилийн сургалттай ангид элсэлт авахдаа элсэгчдийн материалыг шалган авч, Ховд их сургуулийн захирлын “Оюутан элсүүлэх тухай” тушаал гарган элсүүлсэн, уг тушаал өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Үүний дагуу сургалтын төлбөрөө төлж, сургуулиа төгссөний дараа Ховд Их сургуулийн захирлын тушаалаар диплом хүчингүй болгосон нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрсөн...” гэж,

Хариуцагчаас “...Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн нэг жилийн хөрвөх ангид элсэх иргэн нь өмнө нь өөр мэргэжлийн бакалавр зэрэгтэй байхаар журамласан ба  К.К-ийн тухайд уг ангид элсэхдээ журамд заасан ерөнхий шаардлагыг хангаагүй тул түүний бакалаврын дипломыг нь хүчингүй болгосон...” гэж тус тус мэтгэлцэжээ.

Нэхэмжлэгч К.К нь 2012-2013 оны хичээлийн жилд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн хөврөх 1 жилийн сургалттай ангид элсэн суралцахаар холбогдох материалаа бүрдүүлэн Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн сургалтын албаар дамжуулан Ховд их сургуульд хүргүүлж, Ховд их сургуулийн сургалтын албанаас К.К-г Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн “Багш, Сургуулийн өмнөх насны хүүхдийн мэргэжлээр эчнээ” ангид элсүүлсэн болох нь

гэрч Х.Едилханы “... уг ангид элсэн суралцахад тухайн иргэний цахим үнэмлэх, ажил байдлын тодорхойлолт, ...тус сургуульд элсэн суралцах хүсэлт зэргийг бүрдүүлж сургалтын албанд авч ирж өгдөг, зарим тохиолдолд олон жил ажилласан, кредит цагийн сургалтанд хамрагдаж, сертификат авсан, байгууллагын олон удаагийн аварга болсон, олон жил үр бүтээлтэй ажилласан талаар байгууллагын тодорхойлолт авч ирсэн, тус сургуульд элсэн суралцах хүсэлтэй хүмүүс ирж уулздаг байсан. Тэр үед сургалтын алба нь уг материалыг хүлээн авч Ховд их сургуульд хүргүүлдэг, Ингээд Ховд их сургуулийн захирлын тус ангид элсэн суралцах оюутны нэрсийг баталсан тушаал гаргаж манай сургуульд ирүүлдэг байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Х.Алмасбекийн “...90 кредит багц цаг хангасан, өөрөөр хэлбэл дипломын дээд боловсрол эзэмшсэн иргэн тус сургуульд энэ талаарх материалаа бүрдүүлж ирүүлдэг. Ингээд бид холбогдох материалыг хүлээн авч,  Ховд их сургуульд хүргүүлдэг. Ховд их сургуулиас тэдгээр материалыг хянаж, тус ангид элсэх оюутнуудын нэрсийн жагсаалтыг тушаалаар баталж ирүүлдэг. Үүний дагуу бид нэр нь ирсэн оюутнуудыг уг ангид элсэн суралцуулдаг байсан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

К.К-ийн Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн хөврөх 1 жилийн сургалттай ангид элсэн суралцахаар бүрдүүлсэн материалыг хүлээн авч хянаад, Ховд их сургуулийн захирал Ж.Ванчинхүүгийн 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/128 дугаар “Оюутан элсүүлэх тухай” тушаалын 6 дугаар хавсралтаар Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн “Багш, Сургуулийн өмнөх насны хүүхдийн мэргэжлээр эчнээ” ангид Кабар овогтой К-г элсүүлсэн байна.

Улмаар К.К нь 2012-2013 оны хичээлийн жилд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн хөврөх 1 жилийн сургалттай ангид суралцаж, төгссөн болох нь Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн “Заасан хичээл ба оюутны ирцийг бүртгэх дэвтэр”, 2012 оны 11 сарын 26-ны өдөр 450.000 төгрөг, 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 457000 төгрөгийг сургалтын төлбөр төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, гэрч Ш.Мөнхцэцэгийн “...К.К нь Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2012-2013 оны хичээлийн жилийн сургуулийн өмнөх боловсролын 1 жилийн хөрвөх анги төгссөн...” гэх мэдүүлэг, гэрч С.Гаурагийн “...К.К нь 2012-2013 оны хичээлийн жилд Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын 1 жилийн хөврөх ангид элсэн суралцаж, төгссөн байдаг...” гэх мэдүүлэг, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар “Оюутан төгсгөх, бакалаврын диплом олгох тухай” тушаалын хавсралт “Төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгосон тухай нэгдсэн бүртэл”, Ховд их сургуулийн захирлын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/82 дугаар “Төгсөгчдөд мэргэжлийн зэрэг, диплом, энгэрийн тэмдэг олгох тухай” тушаал, К.К-ийн D201304887 дугаартай “Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш” мэргэжлийн бакалаврын диплом зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Гэтэл Ховд их сургуулийн захирал нь Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь хэсэг, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 480 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Дээд боловсролын диплом олгох журам”, Ховд их сургуулийн дүрмийн 3.14.2, 3.15, 5.3.10 дахь заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 3/10197 дугаар албан бичиг зэргийг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/123 дугаар тушаалаар К.К-г элсэлтийн журам зөрчсөн гэж буруутгаж “Диплом хүчингүй болгох тухай” тушаал гаргасан нь буруу байна.

Учир нь нэхэмжлэгч К.К нь Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн хөрвөх нэг жилийн сургалттай ангид элсэхээр холбогдох материал бүрдүүлэн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн сургалтын албаар дамжуулан Ховд их сургуульд хүргүүлж, Ховд их сургуулийн захирал Ж.Ванчинхүү 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/128 дугаар “Оюутан элсүүлэх тухай” тушаалаар К.К-г уг ангид элсүүлсэн нь Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д  “Суралцагч элсүүлэх, төгсгөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх” гэж заасантай нийцэж байна. Мөн Ховд их сургуулийн захирлын 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/128 дугаар “Оюутан элсүүлэх тухай” тушаал одоо хүчин төгөлдөр үйлчилж байхад нэхэмжлэгчийн D201304887 дугаар дипломыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзлээ.

Иймд Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/123 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Ховд их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ховд их сургуулийн захирлын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалаар “...2012-2013 оны хичээлийн жилд тус сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын 1 жилийн ангид хуурамч материал бүрдүүлэн элсэн орж, төгссөн...” гэх үндэслэлээр К.К-ийн D201304887 дугаартай дипломыг хүчингүй болгожээ.

Дээрх тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч К.К нь Ховд их сургуулийн захирлын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд их сургуулийн захирал нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн А/102 дугаар тушаалаараа Ховд их сургуулийн захирлын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч К.К нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж маргаанаа дуусгавар болгосон нь тус хэрэгт авагдсан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 31 дүгээр “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн “Ховд их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

ТОГТООХ нь:

1. Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд их сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/123 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Ховд их сургуулийн захирлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/24 дүгээр “Диплом хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.СОНИНБОЛОР