Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 601

 

                                                       Х.М-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Р.Очирсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 873 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор А.Мөнхзулын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Х.М-д холбогдох эрүүгийн 1808016400396 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Олхонууд овгийн Х.М-, 1991 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн амраагч мэргэжилтэй, “Боса” констракшн ХХК-д автын засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            Х.М- нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 32 дугаар гудамжны 34 тоот хашааны гадна, Т.Анар-Одын толгойн тус газарт алхаар цохиж эрүүл мэндэд нь “Гавлын зулай ясны баруун талд титэм заадас дайрсан цөмөрсөн ил хугарал, зулайн баруун хэсгийн хуйханд няцарсан шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Х.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Х.М-д холбогдох хэргийн яллах дүгнэлтэд “...толгойн тус газарт алхаар цохиж...” гэж бичигдсэн байх бөгөөд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд ирүүлжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж зааснаас дүгнэвэл яллагдагч Х.М-ын дээрх үйлдэл нь тухайн зүйлийн аль хэсэгт хэрхэн хамаарч болох талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг нягтлан шалгах нь зүйтэй.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан “Хохирогч хүнд гэмтэл авч хагалгаанд орсон гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, тэдгээр нотлох баримтыг авах шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх хүсэлтэд заасны дагуу мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах шаардлагатай...” гэж дүгнээд, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор А.Мөнхзул тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хууль тогтоох байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан байна.

Хэргийн үйл баримтаар Х.М- нь өөрийн хүргэн ах Т.Анар-Одтой маргалдаж, зууралдах явцдаа машины хажууд байсан гагнуурын алхыг авч түүний толгойн тус газарт цохиж хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон ба тухайн алхыг тусгайлан бэлтгэж, засаж тохируулсан зүйл байхгүй болно.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4190 дугаартай дүгнэлтээр “Анар-Одын биед учирсан гавлын зулай ясны баруун талд титэм заадас дайрсан цөмөрсөн ил хугарал ... нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах” болохыг тогтоосон ба хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийг гэмтлийн эмнэлгээс хохирогч өөрөө очиж аван анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар гаргаж өгөх боломжтой тул хэргийг прокурорт буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурор А.Мөнхзулын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос Х.М-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгч хэргийг хүлээн авч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж “Х.М-ын гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх шинжтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг нягтлан шалгах, мөн хохирогчийн хагалгаанд орсон талаарх нотлох баримтыг хэрэгт цуглуулах зэргээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай” хэмээн дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.   

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт: Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно хэмээн тодорхойлсон.

Хэргийн материалыг судлахад, хохирогч Т.Анар-Од нь “М- бид хоёр зууралдаад нэгнийхээ нүүр лүү гараараа түлхсэн, тэгсэн чинь гартаа барьсан алхаараа миний баруун чамархайн дээд хэсэгт цохисон...” /хх-ийн 13/ гэж, гэрч Ц.Буяннэмэх нь “...М- Анар-Одтой зууралдаж байгаад хаанаас алх авсныг мэдэхгүй, жижиг алхаар түүний толгой орчимд 1 удаа цохисон...” /хх-ийн 21/ гэж, яллагдагч Х.М- нь “...Анар-Од бид хоёр зууралдаж байхад миний автомашины хажууд гагнуур хийдэг жижиг алх байхаар нь аваад толгойн баруун хэсэгт нь 1 удаа цохьчихсон...” /хх-ийн 59/ гэж тус тус мэдүүлжээ.

Хохирогчийн биед гэмтэл учруулахад хэрэглэсэн “гагнуурын алх” нь зэвсэг гэх ойлголтод хамаарахгүй бөгөөд Х.М- нь хүний биед гэмтэл учруулах зорилгоор тухайн эд зүйлийг тусгайлан бэлтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4190 дугаартай дүгнэлтэд “Т.Анар-Одын биед гавлын зулай ясны баруун талд титэм заадас дайрсан цөмөрсөн ил хугарал, зулайн баруун хэсгийн хуйханд няцарсан шарх... бүхий гэмтэл нь тогтоогдоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” /хх-ийн 59/ хэмээн хохирлын шинж чанар, хэр хэмжээг тодорхойлжээ.

            Хохирогч Т.Анар-Од нь тухайн гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, мэс ажилбар хийлгэсэн гэх бөгөөд тэрээр энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар шинээр гаргаж өгөх боломжтой тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд прокурор А.Мөнхзулын бичсэн эсэргүүцлийг бүхэлд хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Х.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 873 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Х.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                               ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

                                                                                                       Н.БАТСАЙХАН