Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/500

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Г.Намжил /томилолтоор/,

шүүгдэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Чд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105006910860 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Ч.Ч /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Ч нь 2021 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын *** тоот өрөө рүү хохирогч Х.Бийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байх үед нь нэвтэрч Самсунг Эс-21 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ч.Ч нь 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын *** тоот өрөө рүү хохирогч Х.Бийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байх үед нь нэвтэрч “Самсунг Эс-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө би нөхөр Г болон найзуудын хамт *** зочид буудлын *** тоот өрөөнд орж архи уусан. ...02 цаг өнгөрч байхад сэрээд гар утсаа хайтал байхгүй байсан. ...Миний алдсан гар утас Самсунг Эс-21 маркийн гар утас байсан. Би гар утсаа буцаагаад бүрэн бүтнээр нь хүлээж авсан учраас надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 8, 28 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ломбардны программ дээрээ хайлт хийж үзэхэд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б, Ч гэх 2 хүн цагаан өнгийн Эс-21 загварын гар утас 350.000 төгрөгөөр барьцаанд тавиад 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр буцаагаад авсан байна. Манай байгууллагад ямар нэгэн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Бын мөрөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** дугаар миний нэр дээр байдаг ба манай эхнэр Ч барьж байгаа. Манай эхнэр “манай найзын утас байгаа юм” гэж хэлээд Самсунг Эс-21 загварын гар утсыг миний бичиг баримтаар ломбардад тавиулсан. Би ямар учиртайг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хэргийн 33 дугаар хуудас/,

 

“Цасан бороо” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /хэргийн 16 дугаар хуудас/,

 

         “Дамно” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №БГ2-21-447 дугаартай “.... Самсунг Эс-21 загварын гар утас – 2.100.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 20 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

 

“Юнител” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 05-01/2329 дугаартай “...352859302310233 имей кодтой утсанд *** дугаарыг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хийж ашигласан байна. ***-Б.Б /***/...” гэх албан бичиг /хэргийн 43 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Чы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өрөөнд нь ганцаараа зогсож байгаад хартал ширээн дээр цагаан өнгийн нимгэхэн Самсунг Эс-21 загварын утас байсан. Уг утсыг аваад өөрийн өрөөгөөр ороод хувцас цүнхээ аваад шууд гэр лүүгээ явсан. Маргааш өглөө нь би нөхөртөө уг гар утсыг манай найзын утас байгаа юм бичиг баримтаараа ломбардад тавиад өгчих мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. ...Тэгээд нөгөө утсаа ломбарднаас авч өөрөө барихаар аваад байж байтал цагдаагаас дуудсан” гэх мэдүүлэг /хэргийн 65 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 46 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 54 дүгээр хуудас/,  цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 48 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

 

Шүүгдэгч Ч.Ч нь 2021 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын *** тоот өрөө рүү хохирогч Х.Бийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байх үед нь нэвтэрч “Самсунг Эс-21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, “Юнител” ХХК-ийн албан бичиг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, барьцаат зээлийн гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Харин хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан боловч шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн аутентик /хууль тогтоогчийн/ тайлбар хэсэгт: “Орон байр” гэж хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, зуслангийн байр, амралт, сувиллын газар, майхан зэргийг хамруулан ойлгоно гэж  тайлбарласан бөгөөд “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр” гэдэгт зочид буудал хамаарахаар байна. 

 

Хэдийгээр шүүгдэгч Ч.Ч нь зочид буудал руу орохдоо хууль бусаар ороогүй буюу тухайн зочид буудлаар үйлчлүүлж байсан боловч хохирогч Х.Бийн үйлчлүүлж байсан *** тоот өрөөнд эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр түүний орон зайд хууль бусаар нэвтрэн орж ширээн дээр байсан хохирогчийн гар утсыг авч байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

 

 Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ч.Ч нь гэмт хэрэг үйлдэхийг урьдаас хүсээгүй, урьдчилан төлөвлөөгүй, харин гэмт хэрэг үйлдэх гэсэн гэмт санаа нь гэмт хэрэг үйлдэх тэр цаг үед гэнэт үүссэн байх боловч гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилго нь  хулгайлах гэмт хэргийн субьектив талын заавал байх шинж биш бөгөөд гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, харин гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдал болохыг дурдах нь зүйтэй байна.     

 

    Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ч.Ч нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

    Тиймээс шүүгдэгч Ч.Чыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

         Хохирлын талаар:

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

      Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Бт 2.100.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Ч.Ч нь хохирогчийн алдсан гэх гар утсыг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөн /хэргийн 41 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.              

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч бага насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрийг барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Ч.Чы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдсон.

 

  Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Чыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Ч.Чы хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалт/, ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан ... бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Чд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Харин шүүгдэгч Ч.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

 

  1. Бусад асуудлаар:

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ч.Чыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ч.Чыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.Чд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО