Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/487

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Г.Ганхөлөг,

хохирогч Ч.Д,

шүүгдэгч Т.Д, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105004700729 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Т.Д /РД:***/.   

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-д бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн эзэмшлийн журмын хашаанд байрлуулсан хохирогч Ч.Дийн эзэмшлийн Хьюндай Соната-6 маркийн 67-22 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хувьдаа завшсаны улмаас 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Д мэдүүлэхдээ: “...Т.Д нь Алтансан, Батмөнх гэх хоёр хүнтэй хамтарч энэ хэргийг хийсэн гэж хардаж байна. Миний машин эвдрэлгүй, зүгээр байсан, би машинаа 6.000.000 төгрөгөөр авч байсан. Одоо 18.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

           Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-д бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн эзэмшлийн журмын хашаанд байрлуулсан хохирогч Ч.Дийн эзэмшлийн “Хьюндай Соната-6” маркийн 67-22 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хувьдаа завшсаны улмаас 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

         Хохирогч Т.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн эзэмшлийн 67-22 УБК улсын дугаартай Соната-6 маркийн автомашинаа Номин их дэлгүүрийн урд талын машины зогсоол дээр 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож яваад унтраад асахгүй тэндээ орхисон. Чирээд явах гэхээр  болохгүй байсан тул тэндээ зогсоол дээр орхиод 2019 оны 03 дугаар сар хүртэл янзлуулж чадахгүй болохоор нь эргэж тойроод байсан юм. Тэгтэл 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр машин байхгүй болсон байхаар нь хайгаад үзтэл Улаанбаатар паласын журмын хашаанд 69 дүгээр хашаанд тавьсан байсан. Тээврийн хэрэгслээ авах гэхээр мөнгөний боломж байхгүй, авч чадахгүй байсан. ...Тэгж байгаад машинаа очиж авахаар болоход миний машин зогсоол дээрээ байхгүй байсан. Миний машин яасан талаар асуухад “Чулуун-Овооны агуулахад аваачсан байгаа” гэхээр нь тэнд очиход бас л байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30 дугаар хуудас/,

 

         Гэрч С.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай компани 2017 оны 09  дүгээр сараас эхлэн тээврийн хэрэгсэл түр саатуулах, ачилт зөөврийн үйлчилгээг Нийслэлийн авто замын газартай хамтран үйл ажиллагаа явуулж байгаа. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүрэг дэх тээврийн цагдаагийн хэлтсийн албан хаагч, цагдаагийн ахлах ахлагч П гэх хүний шийдвэрээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн урд талд урд, хойд талдаа улсын дугааргүй, маш их тоос шороонд дарагдсан саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг манай ажилтан Тэлмэн очиж, ачиж журмын хашаанд хийсэн. Тэрнээс хойш манай журмын хашаанд уг машиныг асууж хүн ирээгүй. Уг машин нь улсын дугаар байхгүй болохоор эзэмшигчийг нь тогтоох боломжгүй байсан тул 69 дугаарын зогсоол дээр байрлуулсан байсан. ...Манай компани хашаанд удсан, эзэн нь олдохгүй байгаа тээврийн хэрэгслүүдийг Чулуун-Овоонд байх агуулахад аваачдаг байсан. Тэнд уг Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг аваачсан эсэхийг мэдэхгүй байна. ...Манай компанид ажиллаж байсан Төмөрсүх овогтой Д нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд бүртгэгч албан тушаалд ажиллаж байсан. Орсон, гарсан тээврийн хэрэгслүүдийг төлбөр төлсөн эсэх талаар тулгаж, шалгаж гаргаж, оруулдаг байсан. Т овогтой Д нь манай компанийн хашаанаас ямар нэгэн тээврийн хэрэгслийг дур мэдэж журмын хашаанаас гаргах эрх байхгүй. ...Д нь өөрийн ажлын эрх мэдлээ ашиглаж тус компанийн хашаанд байсан тээврийн хэрэгслийг авч гарч зарсан байна. Манай байгууллагаас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Журмын хашааны төлбөр мөнгөний талаар учраа олсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35,  37, дүгээр хуудас/,

 

         Тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/ “67-22 УБК улсын дугаартай Соната-6 маркийн автомашины эзэмшигч нь Ч.Д” гэх /хэргийн 18 дугаар хуудас/,

 

         “***” ХХК-ийн “Т овогтой Дг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бүртгэлийн ажилтнаар томилж, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалсан” тухай захирлын тушаал /хэргийн 50-51 дүгээр хуудас/,

 

         “***” ХХК, Т.Д нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хэргийн 52-54 дүгээр хуудас/,

 

         “Хас үнэлгээ” ХХК-ий 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай Автомашин техникийн үнэлгээний “Hiundai Sonata-6 маркийн автомашин 5.500.000 төгрөг” гэх тайлан /хэргийн 74 дүгээр хуудас/,

 

         Шүүгдэгч Т.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Манай хашаанд улсын дугааргүй саарал өнгийн Соната-6 маркийн машин маш удсан шинжтэй 69 дугаарын зогсоол дээр байсан. Уг машиныг хэн ч асуухгүй, эзэмшигч нь тодорхойгүй байсан. Би мөнгөний хэрэг гараад уг машиныг заръя гэж бодоод 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажил дээр хүн байхгүй орой болсон байхаар нь би нэг ачигч машин унаж нөгөө саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг ачиж Дарь-Эхэд байдаг машин задалж зардаг хүнд очиж үзүүлээд 1.500.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 83-84 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтууд:

 

         Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 44 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 45 дугаар хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хэргийн 46 дугаар хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 47 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа  /хэргийн 48 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хэргийн 56-59 дүгээр хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

 

   Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

 

   Шүүгдэгч Т.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-д бүртгэгчээр ажиллаж байх хугацаандаа 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн эзэмшлийн журмын хашаанд байрлуулсан хохирогч Ч.Дийн эзэмшлийн “Хьюндай Соната-6” маркийн 67-22 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хувьдаа завшсаны улмаас 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, “***” ХХК-ийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож зарж борлуулах зэрэг аргаар үйлддэг.  

 

         Хэрэгт авагдсан “***” ХХК-ийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн бүртгэлийн ажилтнаар томилогдон холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахдаа тухайн журмын хашаанд орсон, гарсан тээврийн хэрэгслүүдийн төлбөр төлсөн эсэхийг хянаж шалгах, улмаар журмын хашаанд байгаа тээврийн хэрэгслүүдийг гаргаж, оруулах, бүртгэл хөтлөх зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул түүнийг аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

 

   Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Т.Д нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

 

        Шүүгдэгч Т.Д болон түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

 

         Харин хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгчийг бусадтай хамтран гэмт хэрэг үйлдсэн” гэж мэдүүлж байх боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч Т.Д нь гэмт хэргийг бусадтай хамтран бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүй болохыг мөн дурдах нь зүйтэй байна.

 

         Тиймээс шүүгдэгч Т.Дг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Дид 5.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Т.Д хохирогчид 5.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөр барагдуулсан, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Т.Дгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.  

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

 

  Шүүхээс шүүгдэгч Т.Дг Бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Т.Дд 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

  Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүгдэгч торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

  1. Бусад асуудлаар:

 

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т.Дг “Бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Т.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ЗОЛБОО