Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/446

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Ганхөлөг,

хохирогч М.С,

шүүгдэгч О.П түүний хууль ёсны төлөөлөгч П.Б, өмгөөлөгч Л.Очбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын П-д холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 16-ны *************** суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, **************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-ын П /РД: **********************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.П нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” дэлгүүрийн орчимд иргэн М.С-гийн биед хүч хэрэглэж довтлон цүнхтэй эд зүйлс болон самсунг жи-5 гар утсыг дээрэмдэн авч, 299.695 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ М.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Б мэдүүлэхдээ: “...Миний төрсөн хүү болох О.П-г миний асрамжид үлдээж өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.С мэдүүлэхдээ: “...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хэрэг газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 8-9, 11-12/,

2. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 22/,

3. Эд хөрөнгө үнэлсэн тайлан /1 хх 89-90/,

4. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1027 дугаартай:

“...О.П-гийн сэтгэцийн байдалд гаргасан 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 127 дугаар дүгнэлтийн 2 дугаар хэсэг үндэслэлтэй харин 1, 3, 4 дүгээр хэсгүүд үндэслэл багатай байна. О.П нь гэмт хэрэг хийх үедээ болон одоо сэтгэцийн хувьд Р71.1 оюуны хүндэвтэр хомсдол шинж тэмдгийн уналт таталт эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадваргүй. О.П нь цаашид өөртөө болон орчиндоо аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй. О.П-д эмнэлгийн чанартай албадлагын араг хэмжээ авах шаардлагатай. О.П нь сэтгэцийн хувьд Р71.1 /Ю 35-49/ оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт эмгэгтэй...” гэсэн дүгнэлт /1 хх 205-207/,

5. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 409 дугаартай:

“...О.П нь сэтгэцийн хувьд өөрт болон орчиндоо аюул учруулж болзошгүй. О.П нь сэтгэцийн хувьд Р71.1 /Ю 35-49/ оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт эмгэгтэй учир өөртөө болон орчиндоо аюул учруулж болзошгүй байна. Оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт эмгэгтэй этгээд өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадваргүй. Дээрх эмгэг нь эмчилгээний үр дүнд засрал сайжралын байдалд орох боломжтой. Харин бүрэн эдгэрэх боломжгүй болно. О.П-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сэтгэцийн эмнэлэгт, 3 сар хүртэл хугацаагаар хийж гүйцэтгэх саналтай...” гэсэн нэмэлт дүгнэлт /2 хх 8-9/,

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8939 дугаартай шинжээчийн:

“...М.С-гийн биед зүүн хацар ясны цөмөрсөн далд хугарал, тархи доргилт, доод нэг шүдний эмтрэл, уруул, толгойн хуйх, дух, баруун нүдний зовхи, зүүн хацар, шанаа, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун зүүн сарвуунд шарх зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1 хх 56-57/,

7. Хохирогч М.С-гийн:

“...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өөрийн ажилдаг CU гэх нэртэй сүлжээ дэлгүүрээс касчины ажлаа хийж байгаад 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 01 цагийн үед тараад найз М-ын гэр рүү явсан. Би 3-4 дүгээр хорооллын эцэс дээр 2 цагийн үед очиход над руу найз О залгаад чи хаана явж байна гэхэд би хорооллын эцэс дээр явж байна очиж байна гэж хэлсэн. Б дэлгүүрийн хажууд явж байхад дэлгүүрийн хажуу талд зогсож байсан цагаан цамцтай, 175 см өндөртэй эрэгтэй хүн намайг хараад шороон зам руу дагаад орчихсон. Тэр залуу намайг хурдан гүйцээд Б дэлгүүрийн гудамжнаас дээд талын 2 дахь гудамжны өнцөгт суучихсан хажуугаар нь гараад явахад араас дагаад эхэлсэн. Гурван гудамж өгсөөд найзынхаа гэрийн гудамж руу эргээд арагшаа харахад гартаа чулуу бариад араас гүйж ирээд чулуугаар миний толгой руу цохиод унагаачихсан. Би ухаан алдаад сэргэсэн чинь миний үүрээд явж байсан үүргэвчийг татаад аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 127/,

8. Гэрч Э.О-ийн:

“...С хэсэг байж байгаад сэрснээ дэлгүүрээс дээшээ өгсөөд гудамжаар явж байхад араас нэг залуу чулуугаар цохиод тэгээд уначихсан. Цагаан цамцтай жинсэн өмдтэй хүн байсан гэж хэлчхээд ухаан алдчихсан. Толгой хэсгээс нь цус гоожчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 39/,

9. Иргэний нэхэмжлэгч П.О-ийн:

“...Би 2019 оны 08 дугаар сарын эхэн үеэр гар утасгүй байсан ба хямдхан гар утас таньж мэддэг хүмүүсээс асууж сурахад 22-ын товчооны наана байрлах Өнчин цагааны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах авто угаалгын газар ажилладаг Болор гэж хүүхдээс Самсунг жи-5 маркийн утас худалдан авсан. Гэхдээ мөнгөө тухайн үедээ өгөөгүй 50.000 төгрөгөөр худалдан авахаар бол мөнгөө цалин буух үеэр өгөх болсон. Тэгээд цагдаагаас ярихаар нь өөрийн худалдан авсан утсыг хулгайн утас болохыг мэдэж авсан. Би өөр эд зүйл худалдан авч байгаагүй. Надад Б-оос худалдан авсан гар утас байгаа. Уг утас нь бичлэг үзэхээр дэлгэц нь харлаад байдаг. Дэлгэцийг нь хүүхэд унагаагаад хагалсан. Өөр эвдрэл гэмтэл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 44/,

10. Гэрч Б.Б-ын:

“...2019 оны 08 дугаар сарын үеэр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо товчооны замын 1-1 тоотод байх гэртээ байж байхад ах П нь урагшаа айл оччихоод ирлээ гээд манай гэрээр орж ирсэн. Тэгээд халааснаасаа нэг шаргал өнгийн гар утас гаргаж ирээд чи энэ утсыг авах уу гэсэн. Тэгэхээр нь би хэний утас юм бэ гэж П ахаас асуусан чинь олсон юм гэж надад хэлсэн. Тухайн гар утас нь самсунг жи-5 загварын шаргал өнгийн ардаа наалттай байсан яг ямар наалт гэдгийг нь мэдэхгүй байна. Би гар утсыг О гэж хүнд зарсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Пд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч О.П нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх”, “бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.П-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч О.П нь: 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” дэлгүүрийн орчимд иргэн М.С-гийн биед хүч хэрэглэж довтлон цүнхтэй эд зүйлс болон самсунг жи-5 гар утсыг дээрэмдэн авч, 299.695 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн дээрэмдэх үедээ М.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч М.С-гийн “... “Б” дэлгүүрийн хажууд явж байхад дэлгүүрийн хажуу талд зогсож байсан цагаан цамцтай, 175 см өндөртэй эрэгтэй хүн намайг хараад шороон зам руу дагаад орчихсон. Тэр залуу намайг хурдан гүйцээд “Б” дэлгүүрийн гудамжнаас дээд талын 2 дахь гудамжны өнцөгт суучихсан хажуугаар нь гараад явахад араас дагаад эхэлсэн. Гурван гудамж өгсөөд найзынхаа гэрийн гудамж руу эргээд арагшаа харахад гартаа чулуу бариад араас гүйж ирээд чулуугаар миний толгой руу цохиод унагаачихсан. Би ухаан алдаад сэргэсэн чинь миний үүрээд явж байсан үүргэвчийг татаад аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Э.О-ийн “...С хэсэг байж байгаад сэрснээ дэлгүүрээс дээшээ өгсөөд гудамжаар явж байхад араас нэг залуу чулуугаар цохиод тэгээд уначихсан. Цагаан цамцтай жинсэн өмдтэй хүн байсан гэж хэлчхээд ухаан алдчихсан. Толгой хэсгээс нь цус гоожчихсон байсан...” гэсэн мэдүүлэг,

- Иргэний нэхэмжлэгч П.О-гийн “...Б гэж хүүхдээс Самсунг жи-5 маркийн утас худалдан авсан. Гэхдээ мөнгөө тухайн үедээ өгөөгүй 50.000 төгрөгөөр худалдан авахаар бол мөнгөө цалин буух үеэр өгөх болсон. Тэгээд цагдаагаас ярихаар нь өөрийн худалдан авсан утсыг хулгайн утас болохыг мэдэж авсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Б-ын “...Халааснаасаа нэг шаргал өнгийн гар утас гаргаж ирээд чи энэ утсыг авах уу гэсэн. Тэгэхээр нь би хэний утас юм бэ гэж П ахаас асуусан чинь олсон юм гэж надад хэлсэн. Тухайн гар утас нь самсунг жи-5 загварын шаргал өнгийн ардаа наалттай байсан яг ямар наалт гэдгийг нь мэдэхгүй байна. Би гар утсыг О гэж хүнд зарсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №8939 дугаартай шинжээчийн “...М.С-гийн биед зүүн хацар ясны цөмөрсөн далд хугарал, тархи доргилт, доод нэг шүдний эмтрэл, уруул, толгойн хуйх, дух, баруун нүдний зовхи, зүүн хацар, шанаа, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун зүүн сарвуунд шарх зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Хэрэг газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Эд хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн амь биед, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгоогоор төгсдөг.

Тухайн хэргийн үйл баримтыг үзвэл шүүгдэгч О.П нь хохирогчийн толгой руу чулуугаар цохиж хүч хэрэглэсэн үйлдлүүдийг хийж, хохирогчийн эд зүйлийг дээрэмдэж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч М.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал болон эд зүйл бусад гэм хорын зардалд хохирогч М.С-гийн нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч О.П-гийн ар гэрээс төлж барагдуулсан, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч О.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн энгийн тасагт 3 сарын хугацаагаар авах” гэсэн дүгнэлтийг,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч О.П-д заавал эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр өөрийн төрсөн эх болох П.Бэд асран халамжлуулахаар шилжүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ”-г хуульчилсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж заасан байна.

Шүүгдэгч О.П нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1027 дугаартай дүгнэлтээр “О.П нь гэмт хэрэг хийх үедээ болон одоо сэтгэцийн хувьд Р71.1 оюуны хүндэвтэр хомсдол шинж тэмдгийн уналт таталт эмгэгийн улмаас хэрэг хариуцах чадваргүй. О.П нь цаашид өөртөө болон орчиндоо аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй. О.П-д эмнэлгийн чанартай албадлагын араг хэмжээ авах шаардлагатай. О.П нь сэтгэцийн хувьд Р71.1 /Ю 35-49/ оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт эмгэгтэй...” гэсэн дүгнэлт,

Мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 409 дугаартай дүгнэлтээр “О.П нь сэтгэцийн хувьд өөрт болон орчиндоо аюул учруулж болзошгүй. О.П нь сэтгэцийн хувьд Р71.1 /Ю 35-49/ оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт эмгэгтэй учир өөртөө болон орчиндоо аюул учруулж болзошгүй байна. Оюуны хүндэвтэр хомсдол, шинж тэмдгийн уналт таталт эмгэгтэй этгээд өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадваргүй. Дээрх эмгэг нь эмчилгээний үр дүнд засрал сайжралын байдалд орох боломжтой, харин бүрэн эдгэрэх боломжгүй болно. О.П-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сэтгэцийн эмнэлэгт, 3 сар хүртэл хугацаагаар хийж гүйцэтгэх саналтай” гэж дүгнэжээ.

Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх...” хууль зүйн үндэслэл бүрдсэн. Нөгөө талаас шүүгдэгчид шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэнтэй холбогдуулан түүнд авсан албадлагын арга хэмжээний төрлийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн энгийн тасагт авч, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 409 дугаар дүгнэлтийг үндэслэн албадлагын арга хэмжээний хугацааг 3 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлэхээр тогтож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг харгалзан шүүх шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *************дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч О.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 19.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О-ын П-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн”, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч О.П-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Шүүгдэгч О.П-д авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн энгийн тасагт 3 /гурван/ сарын хугацаагаар авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч О.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ДАЛАЙХҮҮ