Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/468

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овоо овогт Г-Г-дын Д-д холбогдох эрүүгийн 2105000000921 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 16-ны өдөр, ************хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, **************, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт ********************** оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-дын Д /РД: *******************-/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Д нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, **************тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.О-ийг хардалтын улмаас маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед баруун дээд, доод зовхи, чамархайд цус хуралт зөөлөн эдийн няцрал хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нуруунд зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн гуя, зүүн хонгонд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д.О-ийн:

“...2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед нөхөр Д нь урт цагаанд байрлах ажил дээрээс нь очиж авахад пиво уусан байдалтай байсан. 18 цагийн үед гэртээ ирээд унтсан бөгөөд 2021 оны 05 дугаар 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн үед би машин руу гараад буцаад ороод ирэхэд Д босож ирээд миний үснээс зулгаагаад буйдангийн ирмэг рүү толгойгоор 3-4 удаа цохиод гал тогооны өрөөнд чирч оруулсан. Мөн баруун гарын булчин, хөл, нурууны хэсэгт дэвсээд, 2 нүдийг чинь тэс цохино гэж хэлээд миний баруун нүд рүү гараараа цохиод байсан. Нүүрээ дараад хэвтэхэд дээрээс хөлөөрөө олон тооны удаа дэвсээд байсан. Тухайн үед миний толгой дүүрч өвдөөд би уйлаад, болиоч гэдгийг хэлж байсан бөгөөд нөхөр Д битгий “жүжээд бай” гэж хэлсэн. Хэсэг байж байгаад Дг 00 ороход нь би том охин М-д Ө эгч рүү хурдан залгаарай гэж хэлсэн бөгөөд 20 минутын орчмын дараа эгч Өлзийсайхан манай гэрт ороод ирсэн. Уг асуудлаар цагдаад эгч дуудлага өгсөн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд хохирлоо барагдуулж авсан, нөхөртэйгөө эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх 13, 15-16/,

2. Гэрч Д.Ө-ны:

“...Миний төрсөн дүү Д.О нь нөхөр Д болон 3 хүүхдийн хамт Баянголын 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****************** тоотод амьдардаг бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад буюу 05 цагт миний гар утас дуугараад *************дугаарын утаснаас дүү Д.О-ийн том охин 10 настай Мичидмаа залгаад “Аав согтуу ээжийг зодоод байна” гэж хэлэхээр нь би яаралтай гэрээсээ гараад дүүгийнхээ гэр лүү ирсэн. Тэгээд 05 цаг 20 минутын үед гэрт нь очиход нөхөр Д нь хаалгаа онгойлгосон бөгөөд “чи яагаад хүүхэд зодоод байгаа юм” гэж хэлэхэд Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай “яадаг юм, чамд ямар хамаатай юм зайл, танай дүү чинь банзалдсан” гэсэн тайлбар тавьж, харин төрсөн дүү О том өрөөнийхөө буйдан дээр нүд нь хөхөрч хавдсан, толгой нь хавдаад цус хурчихсан, үс нь сэгсийсэн байдалтай, дуу нь гарахгүй суугаад байсан. Мөн дүү О-йн иргэний иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, хаан банкны картыг нь хайчлаад шидчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 18-19/,

3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 27- ны өдрийн 4445 дугаартай:

“...Д.О-ийн биед баруун дээд, доод зовхи, чамархайн цус хуралт зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нуруунд зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн гуя, зүүн хонгонд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 28-29/,

4. Шүүгдэгч Г.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Тухайн үед би эхнэр О--ийг өөр хүнтэй явалдсан гэж уурлахдаа түүний баруун нүд рүү 2 удаа цохисон, цээж рүү нь түлхэж унахдаа буйдангийн модон түшлэг мөргөсөн, 1 удаа алгадсан. Энэ үед хоорондоо зууралдаж, эхнэр О удаа дараа газар унасан. Би урьд нь ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан асуудал байхгүй. Миний бие эхнэр О-ийн толгойд бариа хийлгэж, цус цэвэршүүлэх эмчилгээ хийлгүүлсэн, одоогийн байдлаар харилцаа маш сайн байгаа учраас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх 34-35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Д-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Г.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Д-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Д нь: 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо **************тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.О-ийг хардалтын улмаас маргалдан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний биед баруун дээд, доод зовхи, чамархайд цус хуралт зөөлөн эдийн няцрал хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нуруунд зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн гуя, зүүн хонгонд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

- Хохирогч Д.О-ийн “...Д босож ирээд миний үснээс зулгаагаад буйдангийн ирмэг рүү толгойгоор 3-4 удаа цохиод гал тогооны өрөөнд чирч оруулсан. Мөн баруун гарын булчин, хөл, нурууны хэсэгт дэвсээд, 2 нүдийг чинь тэс цохино гэж хэлээд миний баруун нүд рүү гараараа цохиод байсан. Нүүрээ дараад хэвтэхэд дээрээс хөлөөрөө олон тооны удаа дэвсээд байсан. Тухайн үед миний толгой дүүрч өвдөөд би уйлаад, болиоч гэдгийг хэлж байсан бөгөөд нөхөр Д битгий “жүжээд бай” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.Ө-ны “... “Аав согтуу ээжийг зодоод байна” гэж хэлэхээр нь би яаралтай гэрээсээ гараад дүүгийнхээ гэр лүү ирсэн. ...Д нь хаалгаа онгойлгосон бөгөөд “чи яагаад хүүхэд зодоод байгаа юм” гэж хэлэхэд Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай “яадаг юм, чамд ямар хамаатай юм зайл, танай дүү чинь банзалдсан” гэсэн тайлбар тавьж, харин төрсөн дүү О том өрөөнийхөө буйдан дээр нүд нь хөхөрч хавдсан, толгой нь хавдаад цус хурчихсан, үс нь сэгсийсэн байдалтай, дуу нь гарахгүй суугаад байсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 27- ны өдрийн 4445 дугаартай “...Д.О-ийн биед баруун дээд, доод зовхи, чамархайн цус хуралт зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, нуруунд зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн гуя, зүүн хонгонд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Г.Д нь хохирогч, гэр бүлийн хамаарал бүхий этгээд Д.О-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал болон бусад гэм хорын зардлыг шүүгдэгч Г.Д нь төлж барагдуулсан, хохирогч нь гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Г.Д-тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Г.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Д нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 145 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Г.Д-гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.Д-гийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч Г.Дг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ********************* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-г 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д-д оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ