Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/465

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Намжил,

хохирогч Э.О, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт О-ын Бт холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ************ төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ************** дэлгүүрт худалдагч ажилтай, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар ******************** тоотод оршин суух,

- урьд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан, Ц овогт О-ын Б /РД: *******************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт 20 дугаар сургуулийн баруун урд байрлах зогсоол дээр ********** УАК улсын дугаартай ************ маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Э.О--тай “гар утас авлаа” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, үсдэж хөлөөрөө өшиглөн “эрүү ясны зүүн булангийн агтраа дайрсан ташуу зөрөөтэй хугарал, эрүү, баруунд гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 12 цагийн үед О над руу залгаад хаана байгаа юм гээд хоёр найзынхаа гэр үү явж байна гэж хэлсэн. О ууцан байна гэж ярьсан. Хамт явах юм уу гэхэд тэгье гээд шөнийн 2 цаг өнгөрч байхад Т, Д хоёртой ирээд 2.5л 5 ширхэг пиво хувааж уугаад гэр гэрүүгээ яваад унтсан. Маргааш нь 17-ны орой 17 цагт О над руу яриад Төмөр зам дээр байна гээд нөгөө гуравтай өчигдрөөс хойш хамт явж байна гээд тэнд тэд нартай хамт пиво хувааж уугаад Т, Д хоёр харих гээд явсан Э гэртээ орсон, бид хоёр байрны гадаа хүлээж байсан би буугаад бие засаад машинд ороод ирэхэд надаас утсаа нэхсэн тэгээд миний мөр рүү гараараа цохисон тэгээд би хулгайчтай ярьж байгаа биш гээд маргалдаад нүүр рүү нь гараараа цохисон, намайг цохихоор нь би бууж очоод нүүр рүү нь өшиглөсөн. Цагдаа дуудна гээд цагдаа дуудаад эгч нь удалгүй ирэхэд мөн цагдаа нар ирээд намайг аваад явсан. Надад утсыг нь авах шалтгаан байхгүй. Олон жил найзалсан, гар утасных нь кодыг ч би мэдэхгүй, тийм болохоор ашиглах боломжгүй. Харин эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.О мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Т, Д, Э бид 4 уугаад явж байсан. Б руу 12 цагийн алдалд залгасан. 17 цагийн үед Б ирсэн, бид нар 3 ширхэг 2,5л Сэнгүр пиво ууж дуусгаад тэр хэд гэртээ орцгоосон. Б бид хоёр үлдээд байж байхад Б нэг шил юм авчих гээд утсаа оролдоод байж байтал Б миний гар утсыг булааж аваад нүүр рүү цохисон. Б машинаас бууж ирээд мөн эрүү рүү цохисон. Тэгээд цагдаа дуудъя гэхэд намайг дахиад цохисон. Мөн утсаа өгч бай өөрийнхөө утсыг олъё гэхэд утсаа өгөөд Б-ын утсаар залгахад дуудаж байгаад холбогдохгүй болсон. Машин дотор суугаад хүлээж байтал Б тэр байрны хавиар яваад байсан. Тэгтэл эгч ирээд Баас утсыг нь өг гэхэд аваад дэвссэн гэж хэлсэн. Бид хоёр 10 жилийн ангийн хүүхдүүд. Б миний гар утсыг дээрэмдэж авсан. Гомдолтой байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Э.О-ы:

“...Би 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20-р сургуулийн урд өөрийн машиндаа найз Б-тай 2-3 лааз Сэнгүр пиво уусан. Би өөрийн ээжийн хамгийн бага дүү Э-ыг дуудаад ...гэр лүүгээ харих гэж байсан. Тухайн үед миний Ая фоне Экс маркийн гар утас алга болчихлоо гээд найздаа хэлээд миний утсыг хамт олчихоо гэхэд Б учир зүггүй нүүр нүдгүй зодсон, ...зодож байхад манай Энхмандах эгч ирж болиулсан, ...миний гар утас Б-тай хамт байхад алга болсон. Эгч Э руу ярьсны дараа гар утас алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх 9-15/,

2. Гэрч Н.Э-ын:

“...2021 оны 01 дүгээр сарын 16-ны 20 цагийн орчимд манай төрсөн эгчийн хүү О эгчээ жолоо бариад өгөөч ...20 дугаар сургуулийн урд талын зогсоол дээр гэж хэлсэн би очиж байх замдаа О луу залгасан боловч утсаа огт авахгүй байсан, ...сүүлдээ гар утас нь холбогдохгүй байсан, ...20 дугаар сургуулийн урд ирэхэд өндөр цэнхэр хөх куртиктэй цагаан царайтай залуу манай дүүг жолооны ард сууж байхад нь хаалгыг нь онгойлгочихсон нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж байхаар нь би очоод салгасан. ...тэр залуу миний өөдөөс хэрэлдээд байсан, ...дүүг зодсон залуугаас гар утсыг нь яасан бэ гэж асуухад би гар утсыг нь дэвсээд хаясан гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх 26-28/,

3. Гэрч Н.А-ийн:

“...Тухайн дуудлагад дэд ахлагч Г-ын хамт очиход ....хоёр эрэгтэй хоорондоо маргалдаж хэрэлдсэн байдалтай нэг эрэгтэй хүн нь энэ миний гар утсыг авсан, зодсон гэж байсан, ...гар утас авсан гэх Б-ын биед үзлэг хийхэд хулгайлсан гэх Ая фоне гар утас гарч ирээгүй, зодуулсан гэх залуугийн машин дотор гар утсыг хайсан боловч олдоогүй, ...Б гэх залууг машин дотроо суулгаж авч яваад эрүүлжүүлсэн, ...зодуулсан гэх залуу нэлээн согтуу ...зодсон гэх залуу би утсыг нь аваагүй гээд маргалдаад байсан. Ойр орчим хяналтын камер байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 31-32/,

4. Гэрч М.Г-ын:

“...тухайн дуудлагад ахмад А-ийн хамт очсон, цаг хэд болж байсныг санахгүй байна. Бид хоёрыг очиход нэг залуу энэ миний гар утсыг аваад зодсон гээд нүүрээ дарсан байж байсан, ...зодуулсан гэх залуугийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд гар утас хайсан боловч олдоогүй. Зодсон гэх залуугийн биед үзлэг хийхэд хар өнгийн нокиа гар утас байсан. Зодсон гэх залуу нэлээн согтуу юу ч байсан хөл дээрээ зогсох чадвартай, ...зодуулсан гэх залуу хир согтолттой байсныг мэдэхгүй байна. ...машины эргэн тойронд хайж үзсэн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 34-35/,

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №765 дугаартай:

“...Э.О-ы биед эрүү ясны зүүн булангийн агтраа дайрсан ташуу зөрөөтэй хугарал, эрүү, баруунд гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 54-55/,

6. Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай “яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /хх 118-120/,

7. Хохирогч Э.О-ы 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан гомдол /хх 121-123/,

8. Хохирогч Э.О-ы хохирогчоор болон гэрчээр өгсөн мэдүүлгүүд, гэрч Н.Э, М.Г нарын мэдүүлэг, үүрэн холбооны компаниудын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Бт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч О.Б нь хохирогч Э.О-ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шүүгдэгч О.Б-ын хохирогч Э.О-ы гар утсыг дээрэмдсэн асуудлыг шалгуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч О.Б нь: 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт 20 дугаар сургуулийн баруун урд байрлах зогсоол дээр ************ улсын дугаартай Тоёото Приус маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Э.О-тай “гар утас авлаа” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, үсдэж хөлөөрөө өшиглөн “эрүү ясны зүүн булангийн агтраа дайрсан ташуу зөрөөтэй хугарал, эрүү, баруунд гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Э.О-ы “...Би 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 20-р сургуулийн урд өөрийн машиндаа найз Б-тай 2-3 лааз Сэнгүр пиво уусан. Би өөрийн ээжийн хамгийн бага дүү Э-ыг дуудаад, ...гэр лүүгээ харих гэж байсан. Тухайн үед миний Ая фоне Экс маркийн гар утас алга болчихлоо гээд найздаа хэлээд миний утсыг хамт олчихоо гэхэд Б учир зүггүй нүүр нүдгүй зодсон...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Н.Э-ын “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны 20 цагийн орчимд манай төрсөн эгчийн хүү О эгчээ жолоо бариад өгөөч гээд ...20 дугаар сургуулийн урд талын зогсоол дээр гэж хэлсэн би очиж байх замдаа О луу залгасан боловч утсаа огт авахгүй байсан, ...сүүлдээ гар утас холбогдохгүй байсан, ...20 дугаар сургуулийн урд ирэхэд өндөр цэнхэр хөх куртиктэй цагаан царайтай залуу манай дүүг жолооны ард сууж байхад нь хаалгыг нь онгойлгочихсон нүүр лүү нь хөлөөрөө өшиглөж байхаар нь би очоод салгасан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Н.-ийн “...Тухайн дуудлагад дэд ахлагч Г-ын хамт очиход, ...хоёр эрэгтэй хоорондоо маргалдаж хэрэлдсэн байдалтай нэг эрэгтэй хүн нь энэ миний гар утсыг авсан, зодсон гэж байсан, ...гар утас авсан гэх Б-ын биед үзлэг хийхэд хулгайлсан гэх Ая фоне гар утас гарч ирээгүй, зодуулсан гэх залуугийн машин дотор гар утсыг хайсан боловч олдоогүй, ...Б гэх залууг машин дотроо суулгаж авч яваад эрүүлжүүлсэн, ...зодуулсан гэх залуу нэлээн согтуу, ...зодсон гэх залуу би утсыг нь аваагүй гээд маргалдаад байсан. Ойр орчим хяналтын камер байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч М.Г-ын “...нэг залуу энэ миний гар утсыг аваад зодсон гээд нүүрээ дарсан байж байсан, ...зодуулсан гэх залуугийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд гар утас хайсан боловч олдоогүй. Зодсон гэх залуугийн биед үзлэг хийхэд хар өнгийн нокиа гар утас байсан. Зодсон гэх залуу нэлээн согтуу юу ч байсан хөл дээрээ зогсох чадвартай, ...зодуулсан гэх залуу хир согтолттой байсныг мэдэхгүй байна. ...машины эргэн тойронд хайж үзсэн байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №765 дугаартай “...Э.О-й биед эрүү ясны зүүн булангийн агтраа дайрсан ташуу зөрөөтэй хугарал, эрүү, баруунд гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч О.Б-ын хохирогч Э.О-ы эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Б-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Харин хохирогчийн өмгөөлөгчөөс “Хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгч О.Б нь хохирогч Э.О-ы гар утсыг дээрэмдсэн гэх асуудлыг шалгах шаардлагатай” гэсэн дүгнэлтийг гаргасан боловч энэхүү байдал нь бусад баримтаар нотлогдоогүй тул өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзсэн болно.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.О-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт нэхэмжилсэн төлбөрийг шүүгдэгч О.Б нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Э.О нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч О.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч О.Б-ын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч О.Б-ыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн **************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт О-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.О нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ