Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/476

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Ч.Батбаатар /тээвэр/,

шүүгдэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Ч-ийн Ч-д холбогдох эрүүгийн *********************дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ************** төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бүжгийн жүжигчин мэргэжилтэй, **************************** ажилтай, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар  хороолол, 2-32 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А овогт Ч-ийн Ч. /РД: **********************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Ч нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 02 цаг 28 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “****************” худалдааны төвийн урд замд “Тоёота приус-20” маркийн ******************- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Иийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг тус тус зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-16/,

2. Хохирогч А.И--ийн:

“...2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед найзынхаа төрсөн өдөрт очсон. 1 цаг өнгөрөөд ресторанаас гараад гэр рүүгээ харих замд Баянгол дүүргийн баруун 4 зам “Max mall” худалдааны төвийн урдаасаа хойшоо зам хөндлөн гарах гэж байгаад автомашинд мөргүүлсэн. ...Би явган хүний гарцаар гараагүй, явган хүний гарцаас зайдуу газраар зам хөндлөн гарах гэж байсан. ...Гадаа харанхуй, зам гэрэлтүүлэгтэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 29/,

3. Гэрч В.Э-ын:

“...Би шөнө 2 цагийн үед таксинд явж байгаад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байдаг гэр рүүгээ харих гээд өөрийн Тоёота приус-20 маркийн ********дугаартай автомашинтай баруун дөрвөн зам “Max mall” худалдааны төвийн урд замд 1 дүгээр эгнээгээр явж байхад юм мөргөх шиг чанга чимээ гарсан. Урагшаа харахад хүн унаж харагдсан. Нэг машин цаашаа чигээрээ яваад өгөхөөр нь би тэр машиныг мөргөчхөөд зугтаачихлаа гэж бодоод араас нь дагаад явтал дараагийн гэрлэн дохион дээр зогссон. Миний хажууд сууж байсан хүн буугаад очиход хаалгаа онгойлгохгүй хөдлөөд яваад өгсөн. Би араас нь дахиад дагаад явахад Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хашаа руу нөгөө машин орсон. Би очоод жижүүрийн цагдаад нь явган зорчигч мөргөчихсөн хүн энд ирээд зогсчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 51/,

4. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Г-ийн:

“...Ч.Ч гэх залуу 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн үед залгаад түрээслэх машин байгаа юу, 3 хоног түрээсэлмээр байна гэж асуусан. Манай компаниас түрээслэх машин байгаа гэж хэлээд шаардлагатай бичиг баримтуудыг шалгаад 3 хоногийн хугацаатай 150.000 төгрөгийн барьцаа, 100.000 төгрөг аваад нийт 250.000 төгрөгийг Ч.Ч-ын данснаас шилжүүлэн авсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манай компаниас автомашин түрээслэх гэрээ гэж түрээслэгчтэй хийдэг. Энэ гэрээн дээр тухайн автомашин түрээслэн авч байгаа хүн энэ хохирлыг хариуцан талаар тусгагдсан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 33/,

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1823 дугаартай шинжээчийн:

“...А.Ш-ийн биед дух ясны баруун хэсгийн гадна, дотно ялтас дайрч баруун ухархайн дотор хана, элхэгийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, дух, элхэгийн хөндийд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний шаант ясны далд хугарал, баруун шилбэнд цус хуралт, духны баруун хэсэг, баруун хөмсгөнд шарх, дух, хамрын нуруу, дээд уруул эрүүний төвгөр, духны зүүн хэсэг, зүүн хацар, баруун, зүүн савруу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 67-68/,

6. Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 75-78/,

7. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн:

“...Тоёота приус-20 маркийн ********* УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч-ийн Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ. Энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 3.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хассаны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээ хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа /хх 91-92/,

8. Дуудлага лавлагааны хуудас /хх 4/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-9/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 10/,

9. Гэрч В.Э, Э.М, Э.Н нарын мэдүүлэг /хх 51, 56, 60-61/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1331 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 60-62/,

10. Шүүгдэгч Ч.Ч-ын хувийн байдалтай холбоотой болон хохирогчид хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд танилцуулсан нотлох баримтаас Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадалгаа-/хх 91-92/-г нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд талуудаас нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Чад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ч.Ч нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн”, мөн “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Чад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ч.Ч нь: 2021 оны 02 дугаар сарын 27-ны шөнө 02 цаг 28 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Макс молл” худалдааны төвийн урд замд “Тоёота приус-20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч А.И-ийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг тус тус зөрчин осол, хэргийн газрыг зориуд орхин зугтаасан болох нь:

- Хохирогч А.И-ийн “...2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед ...Баянгол дүүргийн баруун 4 зам “Max mall” худалдааны төвийн урдаасаа хойшоо зам хөндлөн гарах гэж байгаад автомашинд мөргүүлсэн. ...Би явган хүний гарцаар гараагүй, явган хүний гарцаас зайдуу газраар зам хөндлөн гарах гэж байсан. ...Гадаа харанхуй, зам гэрэлтүүлэгтэй байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч В.Э-ын “...Би шөнө 2 цагийн үед таксинд явж байгаад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байдаг гэр рүүгээ харих гээд өөрийн Тоёота приус-20 маркийн ********дугаартай автомашинтай баруун дөрвөн зам “Max mall” худалдааны төвийн урд замд 1 дүгээр эгнээгээр явж байхад юм мөргөх шиг чанга чимээ гарсан. Урагшаа харахад хүн унаж харагдсан. Нэг машин цаашаа чигээрээ яваад өгөхөөр нь би тэр машиныг мөргөчхөөд зугтаачихлаа гэж бодоод араас нь дагаад явтал дараагийн гэрлэн дохион дээр зогссон. Миний хажууд сууж байсан хүн буугаад очиход хаалгаа онгойлгохгүй хөдлөөд яваад өгсөн. Би араас нь дахиад дагаад явахад Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хашаа руу нөгөө машин орсон. Би очоод жижүүрийн цагдаад нь явган зорчигч мөргөчихсөн хүн энд ирээд зогсчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1823 дугаартай шинжээчийн “...А.Шинэгэрэлийн биед дух ясны баруун хэсгийн гадна, дотно ялтас дайрч баруун ухархайн дотор хана, элхэгийн хөндий рүү үргэлжилсэн хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, дух, элхэгийн хөндийд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний шаант ясны далд хугарал, баруун шилбэнд цус хуралт, духны баруун хэсэг, баруун хөмсгөнд шарх, дух, хамрын нуруу, дээд уруул эрүүний төвгөр, духны зүүн хэсэг, зүүн хацар, баруун, зүүн савруу, баруун, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 75-78/,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “...Тоёота приус-20 маркийн ********улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч-ийн Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа /хх 91-92/,

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Г-ийн “...Ч.Ч гэх залуу 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн үед залгаад түрээслэх машин байгаа юу, 3 хоног түрээсэлмээр байна гэж асуусан. Манай компаниас түрээслэх машин байгаа гэж хэлээд шаардлагатай бичиг баримтуудыг шалгаад 3 хоногийн хугацаатай 150.000 төгрөгийн барьцаа, 100.000 төгрөг аваад нийт 250.000 төгрөгийг Ч.Ч-ын данснаас шилжүүлэн авсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Манай компаниас автомашин түрээслэх гэрээ гэж түрээслэгчтэй хийдэг. Энэ гэрээн дээр тухайн автомашин түрээслэн авч байгаа хүн энэ хохирлыг хариуцан талаар тусгагдсан байгаа...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд энэхүү зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч А.И-ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хүндрүүлэх шинжийг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэсэн шинжийг хангажээ.

Түүнчлэн “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд уг гэмт хэрэг нь жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн буруутай үйл ажиллагаагаа мэдсээр байж холбогдох арга хэмжээг авалгүйгээр, хариуцлагаас зайлсхийх санаа зорилгоор хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Ч-ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч А.И-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ, асаргаатай холбоотойгоор хохирогчоос гарч буй болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болно.

Хохирогч А.И нь өөрт учирсан гэмтэл болон бусад хохирол төлбөрт 3.756.126 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ч.Ч нь хохирогчид 5.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч А.И гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Ч.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоох, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Ч.Ч-ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад хамаарч байх тул түүнд оногдуулах ялыг өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ч.Ч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба, түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Ч-ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх  ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 1 сарын  хугацаагаар хорих ялаар тогтоов.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Ч.Ч-ын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч Ч.Чыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 1 сарын  хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ч.Чын В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн *************дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож, хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Ч-ийн Ч-ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Ч.Ч-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

- мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Ч.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх  ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ч-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Ч.Ч-ын В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ******* дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Чад буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.И нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ч.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ