Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00556

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Баянтэс суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, малчин, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар баг Ар тархид оршин суух “Хачиг” овогт Лхүндэв Мөнхбаяр /ИБ-67060607/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Л.Мөнхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Мөнхбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Завхан аймгийн Баянтэс сумын сургуулийн 8 дугаар ангийг 1983 онд төгсөөд, эцэг, эхийн хамт малчин болж мал маллах болсон. Одоо 4 хүүхэд төрүүлсэн ба өндөр настны тэтгэвэрт орох болж ажиллаж байсан байдлаа шүүхээр сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан болно.

Иймд намайг Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх амьдрал нэгдлийн  хужирт багт 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Л.Мөнхбаяр нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Завхан аймгийн Баянтэс сумын “Дэлгэрэх Амьдрал” нэгдлийн  Хужирт бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Завхан аймгийн Баянтэс сумын тамгын газрын даргын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3/141 дугаартай “....Завхан аймгийн Баянтэс сумын харъяат Лхүндэвийн Мөнхбаяр нь 1983 онд 8 дугаар ангиа төгсөж Бужир багт илгээлтээр гарч улмаар 1990 он хүртэл туслах малчнаар ажиллаж байсан нь үнэн болно....” гэх тодорхойлолт,

Гэрч Г.Батбаярын: “....Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх амьдрал нэгдэлд 1983 оноос 1989 оныг дуустал малчин байсан. Төллөх мал малладаг байсан....” гэх мэдүүлэг,

Гэрч Т.Дашпилжээгийн: “....Л.Мөнхбаяр нь 1983 онд сургуулиа төгсөөд Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх амьдрал нэгдэлд 1991 оныг дуустал төллөх мал малладаг байсан....” гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Хачиг” овогт Лхүндэв Мөнхбаяр /ИБ-67060607/-ыг Завхан аймгийн Баянтэс сумын “Дэлгэрэх Амьдрал” нэгдлийн  Хужирт бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Мөнхбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ЭРДЭНЭБАТ