Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/362

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

Улсын яллагч: Г.Намжил,

Хохирогч: Б.Б-,

Шүүгдэгч: А.Г- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Г-эд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005031730110 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Г-, ....... тоот регистртэй,

Шүүгдэгч А.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр орой 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50/б байрны баруун урд талд иргэн Б.Б- эзэмшлийн Самсунг Нөт 8 маркийн гар утсыг хүч хэрэглэн, дээрэмдэж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн А.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50/б байрны баруун урд талд иргэн Б.Б- эзэмшлийн Нөт 8 маркийн гар утсыг хүч хэрэглэн, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Б- нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохиж, түлхэн унгаасны улмаас хохирогчийн биед зүүн зулайн ясны цөмөрсөн хугарал, зүүн зулайн хуйх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зовхинд цус хуралт, уруулд шарх” гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Г- шүүх хуралдаанд: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж мэдүүлэг өгөх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Б- шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр ажлаа тараад хүүгийндээ очоод буцаад гарсан. Би гар утсаа гартаа бариад явж байхад энэ залуу миний гар утсыг булаасан. Тэгэхдээ намайг түлхэж унагаасан” гэв.

Хохирогч Б.Б- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдөр ажлаа тараад Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 42 дугаар байранд хүүгийнхээ гэрт ороод хэсэг хугацааны дараа буцаж гараад гэрээс нь урагшаа 10 дугаар хороолол орох гээд явж байхад үерийн далан руу буудаг хэсэг дээр урдаас нэг эрэгтэй хүн бололтой нэг хүн сүйтэгнээд ирсэн. Тухайн үед 20 цаг өнгөрч гадаа харанхуй болсон байсан. Хар бараан хувцастай дунд зэргийн нуруутай хог түүж тэнэмэл амьдралаар амьдардаг гэмээр залуу миний зүүн гар талаар зөрж явах үедээ намайг мөрлөж миний баруун гартаа бариад явж байсан Самсунг Нөт 8 загварын гар утсыг минь булаагаад авсан. Би гар утсаа буцаагаад булаагаад авсан чинь миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисон. Миний суулгасан байсан 6 ширхэг хиймэл шүд салж унаад миний амнаас цус гарсан, нөгөө залуу намайг түлхэж газар унагаагаад миний гар утсыг булаагаад авсан. Тэр хооронд миний хүү гүйж ирээд надаас юу болсон талаар асуухаар нь би миний гар утсыг булааж авсан залууг зааж миний гар утсыг булаагаад намайг зодож түлхэж унагааж толгой хагалчихлаа гэж хэлсэн. Манай хүү нөгөө залуугийн халаасыг нэгжээд гар утас нь хаана байна гээд нэгжээд байсан. Миний гар утсыг авч намайг зодсон залуутай хамт явж байсан нэг эрэгтэй болон эмэгтэй зүгээр хараад зогсоод байсан. ...миний гар утсыг авч намайг цохисон залуу аавын чинь гар утас энэ ойр орчмоор унасан байх, чи хамт хайгаач гээд манай хүүтэй хамт хайж байгаа дүр гаргаж байгаад зугтаасан. Цагдаа нар ирэхгүй байхаар нь Гэмтэл Согог судлалын Үндэсний төв дээр очиж толгойдоо оёдол тавиулсан. Тэгээд гэртээ харьж байгаад үүрээр ухаан санаа орж гараад ...гэрийнхэн Гэмтэлд үзүүлэхэд гавал тархиндаа гэмтэлтэй байна, яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн. ...Энэ бүх гэмтлийг миний гар утсыг надаас хүч хэрэглэн авсан залуу учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-20/,

Гэрч Б.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай аав Б.Б- 2020 оны 10 дугаар сарын 21-ний орой ажлаа тараад манай гэрт ...архи уучихсан согтуу ирсэн. Би гэрт хүмүүс ирэх гэж байна гэж хэлтэл би тэгвэл явлаа гээд гэрээс гарсан. Аавыгаа ахын гэрт хүргэж өгөх гээд араас нь гартал ахын гэрт очихгүй гээд надаас зөрөөд манай байрны баруун талд байдаг 10 дугаар хорооллын үерийн далан буудаг хэсэг рүү ганцаараа алхаад явсан. Аав байрны хашааны цаагуур ороод алга болсон. Би тэр үед араас нь яваад очтол аав газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Чамтай зөрж явсан 4 хүн аавыг нь цохиж унагаагаад халаасанд байсан гар утас авч явсан гэсэн. Би тэр 4 хүний араас нь очиж нэг эрэгтэйг нь татаж унагаад бас нэг эрэгтэйг цохиж унагаасан. ...Нөгөө 4 хүний 2 нь бид нарыг цагдаа нар тоодоггүй гээд надтай маргалдсан. 4 хүний нэг нь танай аавын гар утас энд унасан байх хамт үзэх үү гээд эрж байснаа зугтаагаад явсан. Тэгтэл үлдсэн хүмүүс нь наад хүн чинь бид нараас түрүүлж дулааны худаг дотроос гарч ирсэн. ...танай аавыг цохиж гар утсыг нь аваад зугтаачихлаа гээд байсан. Би аавыгаа босгож аваад гэртээ ороод ар дагзны хэсгийг нь хартал ...толгойноос нь цус гарсныг гэртээ цэвэрлэсэн. ...үүдний 4 хиймэл, өөрийн 2 шүд, нийт 6 шүд нь унаж амнаас нь цус гарсан байсан. ...2 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. Нэг эрэгтэй нь ногоон эрээн өнгийн байгалийн гэмээр хүмүүс анд болон аялалд өмсөж яваад байдаг мөрөвчтэй өмдтэй, дээгүүрээ хар өнгийн ноосон цамцтай 160-165 см орчим өндөртэй нүүр нь хавдсан, сорвитой залуу байсан. ...Нөгөө зугтаадаг манай аавыг цохисон гээд байсан залуу нь царай төрхийг нь харж чадаагүй, 175 см орчим өндөртэй цэнхэр жинсэн өмдтэй хар нимгэн куртиктэй байсан. ...Тэр зугтааж явсан залууг сайн хараагүй, бусад хүмүүсийг харвал танина” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/,

Гэрч Б.Ү-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...10 дугаар хорооллын үерийн далангийн ард байдаг дулааны худаг дотор унтаж байхад гаднаас М-, З-, С-, Г- нар 2 шил Сэржим нэртэй 0.75 граммын архитай хамт орж ирээд бид 5 нийлж 1 шил архины талыг нь уугаад байж байтал тэр 4 үлдсэн тал шил архийг нэг шил архитайгаа хамт аваад явсан. ...Тэр өдөр Г- хагас түрийтэй гутал, цэнхэр жинсэн өмд, урт дисант куртиктэй байсан. ...М- бол ногоон эрээн мөрөвчтэй дисант өмдтэй, дээгүүрээ улаан эрээн ажлын куртик өмссөн байсан. ...Дулааны худгаас хамгийн эхэнд Г- гарсан, араас нь М- тэгээд С-, сүүлд нь З- гарч явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр траншейнд бид нар орж Үүрийнцолмонтой хамт архи уусан. Согтоод тэндээ унтаж сэрээд М- ах, С- эгч хоёртой хамт гадуур гарч лааз түүх гээд траншейнаас гарах үед гадаа харанхуй болсон байсан. Тэгээд тэр хоёртой гадаа хамт сууж байтал нэг залуу учиргүй намайг цохиод манай аавыг гээд нэг юм яриад байсан. Би согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. ...Цаанаас нь аав нь бололтой тархи толгой нь цус болчихсон хүн гараад ирсэн. ...Тэр хүнийг Г- цохиод гар утсыг нь авсан гэж М- ах, С- эгч хоёр хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 33/,

Гэрч Г.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г- гэдэг хүнийг танина. Урьд нь амралтын газар танилцаж байсан. ...10 дугаар сарын дундуур дэлгүүр дээрээ байхад. ...Г- 1 эрэгтэй хүнтэй орж ирсэн. ...Самсунг Нөт-8 загварын гар утас ...манай найзын утас ...найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа ...бараа аваад үлдсэн мөнгийг нь бэлэн өгчих гэж хэлсэн. ...Архи ундаа, бялуу, талх, хиам зэрэг зүйл аваад зөрүү 70.000 төгрөг бэлнээр аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/,

Гэрч Д.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид 4 хамгийн сүүлд С-гийн төрсөн өдөр гээд 10 дугаар сарын 21-ний өдөр уулзсан. ...шил лааз цуглуулаад түүхий эд авах цэгт тушааж мөнгөтэй болсон. ...2 шил архи аваад Нархажид сүмийн зүүн талын траншейнд бид 4 архи уух гэж орсон. ...Цоомоо ганцаараа унтаж байсан. ...Тэр траншейнаас гарах үед ...Г- түрүүлээд гарсан ...араас нь З- бид 2 гараад ирсэн чинь нэг углааштай залуу гэнэт гарч ирээд Г-ийг цохиод бид нарын зургийг утсаараа аваад байсан. ...энэ залуу манай аавын гар утсыг авсан байна гээд Г-ийг заагаад байсан. ...Бид 3 урд зүг рүү үерийн далан дагаад явж байтал Г- миний үүрээд явж байсан шуудайг наадахаа өгөөдөх гээд хар өнгийн гар утас гаргаад ирсэн. ...Тухайн үед хэний гар утсыг яаж авсан гэдгийг хараагүй. Г-ийг зодож байхыг хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/,

Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр миний төрсөн өдөр байсан. 10 дугаар хорооллын Нархажид сүмийн хажуу талын траншейнд М-, З-, Г- бид хэд архи уугаад ...траншейнаас Г-, М- 2 эхлээд араас нь З- бид 2 гарсан. Г- эрэгтэй хүнтэй барьцалдаад зогсож байсан. М- “болиоч наад хүн чинь настай хүн байна” гэсэн Г- тэр хүнийг цохиж байгаа харагдсан. Тэгтэл хаанаас ч юм бэ нэг тавчик өмссөн залуу гарч ирээд та нар яаж байгаа юм бэ гээд байсан. Тэгтэл М-, З- бид хоёрыг цаашаа явж бай гэсэн. Траншейндаа ирээд байж байтал М-, Г- 2 архи, вино барьсан ирсэн. ...Ер нь бол согтуу байсан, байнга ууж явдаг байсан болохоор зарим зүйлийг орхигдуулж ярьж байж магадгүй. Г-ийг гар утас авсныг мэдээгүй, хавирга З-гаас сонсоход Г- тухайн үед хүний утас авсан юм шиг байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 57/,

Шинжээчийн 13073 тоот дүгнэлтэд: “...Б.Б- биед зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, зүүн зулайн хуйх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зовхинд цус хуралт, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 61-62/,

Шинжээч эмч Ц.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бат-Эрдэний биед учирсан зүүн зулайн ясны цөмрөл хугарал нь дангаараа хүнд гэмтэлд хамаарна. ...унах, савж унах, цохиулах зэрэг үйлдлийн аль алинд нь үүснэ” гэсэн мэдүүлэг /хх-н 75/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...хохирогч Б.Б- ...би энэ дөрвөн хүний зургийг сайн харлаа. 41 дугаартай мөн байна. Би энэ хүнийг хөмсөг болон царайгаар нь таньж байна. Тухайн үед хар өнгийн хувцастай өндөр нуруутай залуу байсан гэснээр тань олуулах ажиллагааг дуусгав” гэжээ /хх-н 109-110/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-8/, хохирлын баримтууд /хх-н 23-24/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 42/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 44/, хохирогчийн өвчний түүх /хх-н 63-73/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 102-108, 111-125/,  хохирогчийн өргөдөл /хх-н 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 25-31/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 42-43/, хохирлын баримтууд /хх-н 63-65/, хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 66-76/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч А.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр орой 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50/б байрны баруун урд талд иргэн Б.Б- эзэмшлийн Самсунг Нөт 8 маркийн гар утсыг хүч хэрэглэн, дээрэмдэж, 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн А.Г- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 50/б байрны баруун урд талд иргэн Б.Б- эзэмшлийн Нөт 8 маркийн гар утсыг хүч хэрэглэн, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Б- нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохиж, түлхэн унгаасны улмаас хохирогчийн биед зүүн зулайн ясны цөмөрсөн хугарал, зүүн зулайн хуйх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, зовхинд цус хуралт, уруулд шарх” гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б-: “...Хар бараан хувцастай дунд зэргийн нуруутай хог түүж тэнэмэл амьдралаар амьдардаг гэмээр залуу миний зүүн гар талаар зөрж явах үедээ намайг мөрлөж миний баруун гартаа бариад явж байсан. Самсунг Нөт 8 загварын гар утсыг минь булаагаад авсан. Би гар утсаа буцаагаад булаагаад авсан чинь миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохисон. Миний суулгасан байсан 6 ширхэг хиймэл шүд салж унаад миний амнаас цус гарсан, нөгөө залуу намайг түлхэж газар унагаагаад миний гар утсыг булаагаад авсан. Тэр хооронд миний хүү гүйж ирээд надаас юу болсон талаар асуухаар нь би тэнд миний гар утсыг булааж авсан залууг зааж миний гар утсыг булаагаад намайг зодож түлхэж унагааж толгой хагалчихлаа гэж хэлсэн. ...Энэ бүх гэмтлийг миний гар утсыг надаас хүч хэрэглэн авсан залуу учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-20/, гэрч Б.Ж-ийн: “...Аав байрны хашааны цаагуур ороод алга болсон. Би тэр үед араас нь яваад очтол аав газар дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Чамтай зөрж явсан 4 хүн аавыг нь цохиж унагаагаад халаасанд байсан гар утас авч явсан гэсэн. Би тэр 4 хүний араас нь очиж нэг эрэгтэйг нь татаж унагаад бас нэг эрэгтэйг цохиж унагаасан. ...Нөгөө 4 хүний 2 нь бид нарыг цагдаа нар тоодоггүй гээд надтай маргалдсан. 4 хүний нэг нь танай аавын гар утас энд унасан байх хамт үзэх үү гээд эрж байснаа зугтаагаад явсан. Тэгтэл үлдсэн хүмүүс нь наад хүн чинь бид нараас түрүүлж дулааны худаг дотроос гарч ирсэн. ...танай аавыг цохиж гар утсыг нь аваад зугтаачихлаа гээд байсан. ...Нөгөө зугтаадаг манай аавыг цохисон гээд байсан залуу нь царай төрийг нь харж чадаагүй 175 см орчим өндөртэй цэнхэр жинсэн өмдтэй хар нимгэн куртиктэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/, гэрч Б.Ү-гийн: “...Тэр өдөр Г- хагас түрийтэй гутал, цэнхэр жинсэн өмд, урт дисант куртиктэй байсан. ... Дулааны худгаас хамгийн эхэнд Г- гарсан араас нь М- тэгээд С-, сүүлд нь З- гарч явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/, гэрч Б.Э-ын: “...Тэр өдөр траншейнд бид нар орж Үүрийнцолмонтой хамт архи уусан. Согтоод тэндээ унтаж сэрээд М- ах, С- эгч хоёртой хамт гадуур гарч лааз түүх гээд траншейнаас гарах үед гадаа харанхуй болсон байсан. Тэгээд тэр хоёртой гадаа хамт сууж байтал нэг залуу учиргүй намайг цохиод манай аавыг гээд нэг юм яриад байсан. Би согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. ...Цаанаас нь аав нь бололтой тархи толгой нь цус болчихсон хүн гараад ирсэн. ...Тэр хүнийг Г- цохиод гар утсыг нь авсан гэж М- ах, С- эгч хоёр хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 33/, гэрч Г.Г-гийн: “...10 дугаар сарын дундуур дэлгүүр дээрээ байхад. ...Г- 1 эрэгтэй хүнтэй орж ирсэн. ...Самсунг Нөт-8 загварын гар утас ...манай найзын утас ...найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгаа ...бараа аваад үлдсэн мөнгийг нь бэлэн өгчих гэж хэлсэн. ...Архи ундаа, бялуу, талх, хиам зэрэг зүйл аваад зөрүү 70.000 төгрөг бэлнээр аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 40-41/, гэрч Д.М-ын: “...З- бид 2 гараад ирсэн чинь нэг углааштай залуу гэнэт гарч ирээд Г-ийг цохиод бид нарын зургийг утсаараа аваад байсан. ...энэ залуу манай аавын гар утсыг авсан байна гээд Г-ийг заагаад байсан. ...Бид 3 урд зүг рүү үерийн далан дагаад явж байтал Г- миний үүрээд явж байсан шуудайг наадахаа өгөөдөх гээд хар өнгийн гар утас гаргаад ирсэн. ...Тухайн үед хэний гар утсыг яаж авсан гэдгийг хараагүй. Г-ийг зодож байхыг хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47/, гэрч Б.О-ын: “...траншейнаас Г-, М- 2 эхлээд араас нь З- бид 2 гарсан. Г- эрэгтэй хүнтэй барьцалдаад зогсож байсан. М- “болиоч наад хүн чинь настай хүн байна” гэсэн Г- тэр хүнийг цохиж байгаа харагдсан. Тэгтэл хаанаас ч юм бэ нэг тавчих өмссөн залуу гарч ирээд та нар яаж байгаа юм бэ гээд байсан. Тэгтэл М-, З- бид хоёрыг цаашаа явж бай гэсэн. Траншейндаа ирээд байж байтал М-, Г- 2 архи, вино барьсан ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 57/, шинжээчийн 13073 тоот дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”,

Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Г- нь согтуурсан үедээ хохирогч Б.Б- гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж авах явцдаа түүнийг цохиж, улмаар газар унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б- биед хүнд хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь Самсунг Нөт 8 маркийн гар утсаа буцаан авсан ба эрүүл мэндэд учирсан хохиролд хавтаст хэрэгт авагдсан баримтаар 313.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага авч, эрүүгийн хариуцлагын хуралдаан эхлэх үед хохирогч хохирлын 315.000 төгрөгийг хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж  мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.Г-ийг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийг хохирогчид учруулсан хохирлыг төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 03 жил 5 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 03 жил хорих ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэх санал, хохирогч нь шүүгдэгч нь залуу хүн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч А.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-эд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, түүний урьд цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч А.Г-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд,

              - “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ийг 02 жил хорих ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жилийн хугацаагаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-эд оногдуулсан 04 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ийн урьд цагдан хоригдсон 13 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР