| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 188/2018/0342/Э |
| Дугаар | 602 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 602
Э.М-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Т.Отгонтөгс,
шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Л.Батаа,
нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.М-т холбогдох эрүүгийн 1808013470293 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Э.М-, 1996 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан /РД:/,
Э.М- нь 2018 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан дэглий” зочид буудлын 214 тоот өрөөний цонхоор нэвтрэн орж, хохирогч Н.Бат-Эрдэнийг унтаж байхад хоолойг нь гараараа боож ухаан алдуулан хүч хэрэглэн довтолж, “Самсунг Эс-8”, “Самсунг Эс-6” загварын 2 ширхэг гар утас, куртик, бэлэн 30.000 төгрөг, түрийвч зэргийг дээрэмдэн авч, нийт 1.715.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Э.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Э.М-аас 129.000 төгрөгийг гаргуулан Н.Бат-Эрдэнэд олгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний бие өмнөх шийтгэх тогтоолоор 2 жилийн тэнсэн харгалзах ял авч байсан. Уг ял нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хэрэгсэхгүй болсон. Ийм байхад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна...” гэв.
Шүүгдэгч Э.М-ын өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Э.М-ын хувьд гэм буруу дээрээ маргадаггүй. Тэрээр өөрийн гэм буруугаа ойлгон, гэмшдэг. Түүний ар гэрийнхэн шийтгэх тогтоолоор хохирогчид олгохоор заасан 129.000 төгрөгийг хохирогч Н.Бат-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5068233180 дугаартай дансанд шилжүүлж, хохирлыг барагдуулсан. Дээрх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэн шүүгдэгч Э.М-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Э.М-т оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх үйл ажиллагааг хянахад, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Э.М- нь 2018 оны 3 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан дэглий” зочид буудлын 215 тоот өрөөнд бусадтай нийлэн архидан согтуурч байхдаа, зэргэлдээх өрөө буюу 214 тоот өрөөний цонхоор нэвтрэн орж, хохирогч Н.Бат-Эрдэнийг унтаж байхад нь хоолойг нь гараараа боож ухаан алдуулан, түүний “Самсунг Эс-8”, “Самсунг Эс-6” загварын 2 ширхэг гар утас, куртик, бэлэн 30.000 төгрөг, түрийвч зэрэг нийт 1.715.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээрэмдэн авсан гэмт хэргийн үйл баримт нь;
- хохирогч Н.Бат-Эрдэнийн “...доошоо хараад хэвтэж байтал гэнэт миний хоолойны ар хэсгээр гарын шуу, бугуй хэсэг орж ирээд боолт хийсэн... ухаан алдаад буцаад сэргэхэд дахин хоолой боосон. Би балмагдаж зөөгчөө гээд орилсон чинь тэр залуу цонхоор гараад зугтаасан... тэр залууг араас нь харахад миний хувцсыг өмсчихсөн байсан. Миний 2 ширхэг гар утас, түрийвч, куртик, бэлэн 30.000 төгрөг зэрэг алдагдсан...” /хх-ийн 28-29, 31-32/,
- иргэний нэхэмжлэгч Ц.Бат-Амгалангийн “...М- нь “та утас авах уу, манай эхнэрийнх байгаа юм, ямар нэгэн асуудалгүй” гээд “Самсунг Эс-8”, “Самсунг Эс-6” загварын 2 ширхэг гар утас үзүүлэхээр нь 500.000 төгрөгөөр худалдаж авсан... дараа нь эдгээр гар утас хулгайн эд зүйл болохыг мэдээд байцаагчид өгсөн...” /хх-ийн 58-59/,
- яллагдагч Э.М-ын “...хажууд өрөөний цонх онгорхой байхаар нь орж харъя гэж бодоод дамжаад орсон. Орон дээр нэг залуу унтаж байхаар нь өмдний халаасыг нь ухаж 2 ширхэг гар утсыг нь авсан. Гарах гэтэл тэр залуу сэрсэн. Тэгэхээр нь сандарсандаа дээр нь гараад хоолойг нь гараараа боож ухаан алдуулаад гарахдаа сандал дээр байсан куртикийг нь өмсөөд гарсан... хохирогчоос 2 ширхэг гар утас, куртик зэргийг авсан. Куртикны халаасанд түрийвч байсан ба түрийвчин дотор 20.000 төгрөг байсан. Маргааш нь 2 ширхэг гар утсыг нь танил Бат-Амгалан ахад 500.000 төгрөгөөр худалдсан... өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх-ийн 56/ гэсэн мэдүүлгүүд,
- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-21/, алдагдсан эд зүйл болох “Самсунг Эс-8”, “Самсунг Эс-6” загварын гар утаснуудыг Ц.Бат-Амгалангаас хураан авч, хохирогч Н.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-23/, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 46/ зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.
Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйлд зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 6 жилийн хугацаагаар тогтоосон нь хуульд нийцсэн ба Эрүүгийн хуулийн зөв хэрэглэсэн байна.
Харин давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, шүүгдэгчийн ар гэрээс үлдэх хохирол төлбөрийг нөхөн төлсөн гэх бөгөөд энэ нь шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргаж өгсөн “хохирогч Н.Бат-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкны 5068233180 дугаартай харилцах дансанд нийт 132.000 төгрөг шилжүүлсэн” тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, орлогын мэдүүлэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэв.
Иймд шүүгдэгч Э.М-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, ял шийтгэлийн талаар гаргасан шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.М-ыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.М-ыг 2 /хоёр/ жилийн хугацагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
- 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.М-т энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 175 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.М-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.М-, түүний өмгөөлөгч Л.Батаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Э.М- нь хохирогч Н.Бат-Эрдэнэд төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.МЯГМАРЖАВ
Н.БАТСАЙХАН