| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбосүрэнгийн Сонинболор |
| Хэргийн индекс | 125/2017/0059/З |
| Дугаар | 032 |
| Огноо | 2018-05-02 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 032
НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН
ШААРДЛАГЫН ЗАРИМ ХЭСГЭЭС ТАТГАЛЗСАН,
НЭХЭМЖЛЭГЧ, ХАРИУЦАГЧ НАРЫН ЭВЛЭРЛИЙГ
БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 02-ны өдрийн А/179 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, 2017 оны 11 сарын 08-ны өдрийн Б/102 дугаар “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 376 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 23-ны өдрийн Б/05 дугаартай Б.Б-г ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хамтран хариуцагч М.П-ийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1996 оноос 2003 онд Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгийн багш, 2003-2007 онд Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр, 2007-2016 оны 11 сар хүртэл тус сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр, 2017 оны 11 сараас 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажилласан. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/179 дүгээр захирамжийн тухайд 2017 оны 4 болог 5 саруудад би ажил таслаагүй, энэ нь жижүүр багшийн цагийн бүртгэлээс харагдана. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/102 дугаар захирамжийн хувьд миний үр дүнийн гэрээ дүгнээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар ажлаас халсанд гомдолтой байна. Хуулийн уг заалт нь ажилтан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах заалт юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж хөдөлмөрийн гэрээг цуцлана гэх хуулийн шаардлага байхгүй. Иймд Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 02-ны өдрийн А/179 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, 2017 оны 11 сарын 08-ны өдрийн Б/102 дугаар “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Мөн Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 376 дугаар албан бичгээр Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г.О-д сахилгын шийтгэл ногдуулах саналыг хүргүүлэх үндэслэлгүй юм. Иймд Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 376 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
2017 оны 11 сарын 08-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/102 дугаар захирамж гарсанаас хойш цалин хөлс авах эрхээрээ хохирч байх тул 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас сонгон шалгаруулалтын үр дүнг үндэслэн санал гаргах эрхтэй байхад сонгон шалгаруулалт явуулалгүй Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь зүйлийг зөрчиж Б.Б-г Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилсонд гомдолтой байх тул 2018 оны 1 сарын 23-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.О нь Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан ба Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан юм. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй төрийн үйлчилгээний албан хаагчийг ажлаас чөлөөлөх харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлээр зохицуулсан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах үндэслэл байхаар заасан байна. Нэхэмжлэгч Г.О нь хуулийн дээрх заалтад дурдсан “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” тул аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/102 дугаар захирамжаар Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхэлэгчийн ажлаас халсан.
Нэхэмжлэгч Г.О нь Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхэлэгчээр ажиллаж байхдаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Засаг даргад мэдэгдэж чөлөө авалгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан сахилгын зөрчилд нь аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/179 дүгээр захирамжаар цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Уг захирамжийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас нэхэмжлэгч Г.О-д 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гардуулсан нь баримт бичиг хүлээлцэх дэвтэрт зурагдсан гарын үсгээр нотлогддог. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууллийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/179 дүгээр захирамжид холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглодог байтал нэхэмжлэгч Г.О нь Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байрандаа ажлын цагаар архидан согтуурсан сахилгын зөрчил гаргасан. Уг сахилгын зөрчил нь цагдаагийн албан хаагчийн согтолтыг тодорхойлсон тэмдэглэл, 2 дугаар цэцэрлэгчийн эрхлэгч Ц.Уранбилэг, 11 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Х.Нарангэрэл, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн О.Балжинням нарын тайлбараар бүрэн нотлогддог, мөн нэхэмжлэгч нь архидан согтуурсан сахилгын зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/102 дугаар захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга М.П шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Г.О нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлын байрандаа архидан согтуурч, ажлын хариуцлага алдсан. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цаг 00 минутад Г.О-ийн согтолтын зэргийг шалгахад 2,28 хувьтай хүнд зэрэгт хамаарах согтолттойгоор аймгийн Цагдаагийн газрын согтолтыг тодорхойлсон тэмдэглэлд тодорхойлогдсон байна. Тиймээс Ховд аймгийн Засаг даргад 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 376 дугаар албан бичгээр эрхлэгч Г.О-д сахилгын шийтгэл ногдуулах саналыг хүргүүлсэн. Г.О нь нэхэмжлэлдээ архи уусан асуудлаараа ямар нэгэн тайлбар гаргахгүй байгаа нь тухайн сахилгын ноцтой зөрчлөө гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Цэцэрлэг, сургууль нь хүүхдийн сурч хүмүүжих, боловсрох, хөгжих орчин бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч Г.О нь ажлын байрандаа албан өрөөндөө, бага насны хүүхдийн орчинд архи ууж, хүнд хэлбэрийн согтолттой байсан нь хамт олныг удирдан зохион байгуулах, цэцэрлэгийн хүүхдийн цэвэр аюулгүй орчинд байлгах үүргээ зөрчсөн, өөрийн эрхэлж буй ажил албан тушаал, ажлын хамт олон, хүүхдийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлэхүйц ноцтой зөрчил гэж үзэж байх тул аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/102 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 376 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг аргын 2017 оны 05 сарын 02-ны өдрийн А/179 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж, 2017 оны 11 сарын 08-ны өдрийн Б/102 дугаар “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, “Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 376 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 23-ны өдрийн Б/05 дугаартай Б.Б-г ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг гаргажээ.
Уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Г.О нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 02-ны өдрийн А/179 дүгээр захирамж, 2017 оны 11 сарын 08-ны өдрийн Б/102 дугаар захирамж, 2018 оны 01 сарын 23-ны өдрийн Б/05 дугаар захирамжууд, Ховд аймгийн Боловсролын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 376 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудаасаа хэсэгчлэн татгалзаж, татгалзсан тухайгаа бичгээр илэрхийлсэн байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсныг баталж, үлдсэн “...урд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд
нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хоорондоо тохиролцон “...Хариуцагчаас нэхэмжлэгчийг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Жаргалант сумын цэцэрлэгт аргазүйчээр ажиллуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг үндсэн цалингаар нь тооцон олгох, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газраар дамжуулан хэрэгжүүлэх...”-ээр харилцан буулт хийж, эвлэрлийн гэрээг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бичгээр байгуулж, гарын үсэг зуран баталгаажуулж, маргаанаа дуусгавар болгожээ.
Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар Г.О-ийн Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 02-ны өдрийн А/179 дүгээр захирамж, 2017 оны 11 сарын 08-ны өдрийн Б/102 дугаар захирамж, 2018 оны 01 сарын 23-ны өдрийн Б/05 дугаар захирамжууд, Ховд аймгийн Боловсролын газрын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 376 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар “...урд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай...” нэхэмжлэлийн шаардлагын тухайд “Хариуцагчаас нэхэмжлэгчийг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Жаргалант сумын цэцэрлэгт аргазүйчээр ажиллуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг үндсэн цалингаар нь тооцон олгох, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газраар дамжуулан хэрэгжүүлэх...”-ээр эвлэрсэн эвлэрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.СОНИНБОЛОР