Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 056

 

О.Амангүлийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар шийдвэртэй, О.Амангүлийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч Б.Бахытгүлнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Өлгий сумын нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан хүүхдийн 16 дугаар цэцэрлэгт гэрээт туслах тогоочийн ажилд орсон боловч удалгүй ажлаас халагдсан юм. Миний бие уг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гомдол гаргасан. Шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 612 дугаар шийдвэр гарч намайг урьд эрхэлж байсан гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Гэтэл Өлгий сумын 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй.

Тийм учраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр тус шүүхэд хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх журмын дагуу туслах тогоочийн ажилд орохоор болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Бахытгүл нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авч ажиллуулаагүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан боловч Хариуцагч Б.Бахытгүл чамайг ажилд буцаан авахаар болж гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон юм.

Одоо чамайг ажилд эгүүлэн аваагүй бол шүүхэд дахин гомдлоо гаргах ёстой хэмээн хариу өгсөн юм. Шүүхээс намайг хуучин эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Бахытгүл нь шийдвэр гүйцэтгэх газарт байгаа гүйцэтгэх ажлыг хаалгахын тулд намайг ажилд эгүүлэн авахаар тохиролцсон дүр эсгэж гүйцэтгэх ажиллагааг хаалгасан боловч бодит байдалд намайг ажилд аваагүй юм. Надад шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд авсан талаарх тушаал, ажлаас халсан тушаалаа ч өгөөгүй, ажлын байрандаа ойртуулахгүй байна. Эрхлэгч Б.Бахытгүл нь бидэнд хандаж хэлэхдээ ажилд авна гэсэн ойлголт байхгүй, шүүхийн шийдвэр надад хамаагүй, би та нарт нэг сарын хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан та нар зөвшөөрөөгүй, шүүхийн шийдвэрт хөдөлмөрийн гэрээний хугацааг заагаагүй тул би нэг сараар юм уу нэг хоногоор юм уу хэдий хугацааны гэрээ байгуулахыг өөрөө мэднэ" гэж хэлдэг юм. Шүүхээс намайг ажилдаа эгүүлэн тогтоохдоо ажил олгогчийн хугацаатай гэрээ байгуулсан тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан хэмээн намайг ажлаас халсан тушаалыг хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байх ёстой гэж үзэж гомдлыг ханган шийдвэрлэсэн юм.

Гэвч эрхлэгч Б.Бахытгүл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бидэнтэй заавал нэг сарын хугацаатай гэрээ байгуулна хэмээн зүтгэж гарын үсэг зуруулахыг завдсан тул үүнийг зөвшөөрөөгүй тул биднийг ажлаас халагдсан гэж хэлэх боловч ажлаас халсан тушаалыг гардуулан өгөөгүй юм. Намайг ажилд томилсон болж дүр эсгэсэн боловч бодит байдалд ажлаас дахин чөлөөлсөн тушаал гаргасан байна. Иймд Өлгий сумын 16 дугаар хүүхдийн цэцэрлэгийн туслах тогоочоор эгүүлэн тогтоож өгнө үү.гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: О.Амангүл тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 612 дугаар шийдвэрээр тус цэцэрлэгт гэрээт туслах тогоочоор ажилд эгүүлэн тогтоосны дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 60 дугаар тушаалаар гэрээт туслах тогоочоор ажилд авсан боловч хөдөлмөрийн гэрээний хугацаанд марган ажилд ирээгүй, ажил тасалсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэгч ирж миний гаргасан тушаал, хөдөлмөрийн гэрээг үзээд шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзсэн. Миний бие О.Амангүлийг чөлөөлөх тушаал гаргаагүй, урьд гарсан шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр байгаа гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар шийдвэрээр:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:ТЕ88040742 Санырау овогт Оношбайн Амангүлийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: О.Амангүл нь 2016 оны 03-р сард тус цэцэрлэгт гэрээт туслах тогоочийн ажилд орж, 3 сар ажиллаад чөлөөлөгдсөнийг түүний гомдлоор анхан шатны шүүх хянаж үзээд 2016 оны 10-р сарын 13 -ны өдөр 612 -р шийдвэр гаргаж ,тус цэцэрлэгт гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон билээ.

 

Бид шүүхийн шийдвэрийг үндэслэн О.Амангүлийг тус цэцэрлэгт гэрээт туслах тогоочийн ажилд хугацаатай гэрээ байгуулан ажиллуулах санал тавьсан боловч тэрээр зөвшөөрөөгүй .Өөрөөр хэлбэл тэрээр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулахыг шаардсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба анхан шатны шүүхийн шийдвэр хангагдсан байна гэж үзээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан О.Амангүл нь шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй гэж үзвэл дээд шатны шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гаргах ёстой атал анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн тогтоолгохоор гомдол гаргасан бөгөөд түүнийг гэрээт туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон тус шүүхийн 2016.10-р сарын 13-ны өдрийн 612-р шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байхад 2017 оны 02-р сарын 16-ны өдрийн 125-р шийдвэр гаргаж 2-дахь удаагаа ажилд эргүүлэн тогтоосон нь ИХШХШ тухай хуулийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д ноцтой зөрчигдсөн гэж үзнэ. О.Амангүлийг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гараагүй бөгөөд шүүх түүний гомдлыг шууд хүлээн авсан нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн тул холбогдох хэргийг хянан үзэж О.Амангүлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 60 дугаартай тушаалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 612 дугаар шийдвэрийг үндэслэн О.Амангүлийг тус цэцэрлэгийн туслах тогоочийн ажилд томилсон байна.

 

Ажил олгогч О.Амангүлийг ажилд томилох тухай 60 дугаартай тушаал гаргасан боловч ажилтан О.Амангүлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй ажил олгогчийн үйлдлийг анхан шатны шүүх ажилтан О.Амангүлийг Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн туслах тогоочийн ажлаас чөлөөлсөнтэй адилтган үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь ажилтан О.Амангүлтэй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгаа ажил олгогчийн дээрх үйлдлийг хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй байхад шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдээгүй байна гэж анхан шатны шүүх үзсэн нь хуульд нийцсэн байна.

 

Иймээс давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ