Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/359

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Билгүүжин,

Хохирогч: Б.Б-,

Шүүгдэгч: Г.А- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000000599 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.А-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.А- нь 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, 61 дүгээр байрны гадна шалтаг шалтгаангүйгээр хохирогч Б.Б- нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, дээд зүүн 1, 3, доод зүүн 2 дугаар шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.А- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Б- шүүх хуралдаанд өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед ажил руугаа явсан. 05 цаг 31 минутын буцаж ирэхэд орцны үүдэнд уйлсан сууж байхад нь гэртээ харь гэхэд чи энэ байрын хүн мөн ч юм уу, биш ч юм уу гэхэд нь би үнэмлэхээ гаргаж үзүүлсэн. Тэгээд намайг шууд л цохиод авсан. Бид хоёрын хооронд маргаан болоогүй. Надаас уучлалт гуйсан. Би шүдний хохирол төлбөр 2,686,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй гэв.” гэв.

Хохирогч Б.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр би ажил дээрээ очиж хурал хийчхээд гэртээ харих гээд 21 цагийн үед гэрийнхээ орцоор орох гэж байтал орцны үүдэнд нэг намхан залуу уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би тэр хүүхдэд хандаад “миний хүү гэртээ хариа” гэсэн чинь “та юу вэ” гэхээр нь “би энэ байрны оршин суугч байна” гэсэн чинь “би таныг энэ байрны оршин суугч гэж яаж мэдэх юм бэ” гэхээр нь би үнэмлэхнийхээ ард байсан иргэний үнэмлэхээ үзүүлсэн чинь авах гээд байхаар нь үгүй, чи зүгээр наадхаа харчих гэсэн. Тэгсэн чинь манай байрны урд талд байх саравчинд хоёр залуу нэг эмэгтэй зогсож байсан. Тэндээс нэг залуу ирээд миний нүүр рүү өшиглөсөн. Миний 4 шүд хугарсан. Зүүн талын дээд 3 шүд, доод нэг үүдэн шүд хугарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Шинжээчийн 3065 тоот дүгнэлтэд: “...Б.Б- биед дээд уруулд шарх, дээд зүүн 1.3 доод зүүн 2-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх шинэ гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт /хх-н 36-37/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...Б.Б- эдгээр хүмүүсийн зурагнаас 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр намайг өшиглөж гэмтээсэн А-нь баруун гар талаас 3 дахь эрэгтэй хүний зураг мөн байна гэж ...А- зургийг зааж байна. Би энэ хүнийг яагаад зааж байгаа вэ гэхээр 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус А-гэгч нь миний нүүр рүү өшиглөж гэмтээсэн ...би харахад өндөр туранхай, хар бэлтгэлийн хувцастай, хар гуталтай залуу байсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирэхэд А-гэгч нь өөрөө намайг таниад та хүнд зодуулж мөнгө авдаг сурцан хүн байна гэж хэлсэн. Тухайн үед түүний өмссөн хувцас, царай зүсээр нь би түүнийг таньсан” гэжээ /хх-н 25-32/,

 Яллагдагчаар Г.А- мөрдөн байцаалтад өгсөн: “...Тогтоолтой танилцсан санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 48-49/,

Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-н 2/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-н 3-4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33, 50-59/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.А- нь 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, 61 дүгээр байрны гадна шалтаг шалтгаангүйгээр хохирогч Б.Б- нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь “дээд уруулд шарх, дээд зүүн 1, 3, доод зүүн 2 дугаар шүдний хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б-: “...нэг намхан залуу уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би тэр хүүхдэд хандаад “миний хүү гэртээ хариа” гэсэн чинь “та юу вэ” гэхээр нь “би энэ байрны оршин суугч байна” гэсэн чинь “би таныг энэ байрны оршин суугч гэж яаж мэдэх юм бэ” гэхээр нь би үнэмлэхнийхээ ард байсан иргэний үнэмлэхээ үзүүлсэн чинь авах гээд байхаар нь үгүй чи зүгээр наадхаа харчих гэсэн. Тэгсэн чинь манай байрны урд талд байх саравчинд хоёр залуу нэг эмэгтэй зогсож байсан. Тэндээс нэг залуу ирээд миний нүүр рүү өшиглөсөн. Миний нүүр рүү өшиглөсөн. Миний 4 шүд хугарсан. Зүүн талын дээд 3 шүд, доод нэг үүдэн шүд хугарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/, шинжээчийн 3065 тоот дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.А- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А- нь согтуурсан үедээ хохирогч Б.Б-дүүтэй нь уулзаж байхад учир шалтгааныг нь ололгүйгээгээр нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүх хуралдаанд шүдний эмчилгээ хийлгэсэн 2.686.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийн баримт тус тус гаргаж өгсөн ба уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгчээс 2.694.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь дээрх шүүгдэгчийн учруулсан гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.А- үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.А- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.А-“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтансоёмбыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А- нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ос 2.694.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.
  6. Хохирогч нь хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР