Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/361

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Шүүгдэгч: У.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105004120411 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У.Б-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч У.Б- нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 4 тоотын үүдэнд хүүхэдтэй уулзуулахгүй гэлээ гэх шалтгаанаар маргалдаж хадам ээж Д.А-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Б- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Эхнэр, хадам ээжтэй эвлэрээд хамт амьдарч байгаа” гэв.

Хохирогч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр манай хүргэн Б- миний охин Я-г гэр бүлийн маргаанаас болоод зодсон байсан. Тэр асуудлаар цагдаад хандаад шүүх эмнэлэгт үзүүлэх гээд 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэрээсээ гарах гэж байтал хүргэн Б-гийн төрсөн ээж У- над руу залгаад шүүх эмнэлэгт битгий үзүүлээч байж байгаач гэсэн. Тэгэхээр нь би гэртээ байж байтал 16 цагийн үед худ У- хүргэн Б- хоёр манай гэрт хүрээд ирсэн. У- манай гэрт орж ирээд хоёр хүүхдээ салгая гэсэн. ...би ч гэсэн хүүхдүүдээ салгая гэж бодож байгаа харин зээ хүүгээ өөр дээрээ авна, Б-тай уулзуулахгүй гэсэн. Тэгтэл Б- “чи муу пизда, юу юм” гээд над руу дайрсан. Тэгтэл У- хүүгээ манай гэрээс түлхээд гарахаар нь би хаалга хаах гэтэл Б- хаалганы цаанаас заамдаж аваад өөр рүүгээ татаж намайг гэрийн хаалганаас гаргаад орцон дотор толгой руу 6-7 удаа цохисон. Тэгтэл худ У- арай гэж салгаад аваад гарсан. Би толгой руугаа олон цохиулсан болохоор толгой дүүрээд сууж байтал гэрийн том өрөөний цонх хагарсан. Тэгтэл охин Я- “чи муу тэр чигээрээ зайлаарай, цонх хагалдаг юу вэ” гэсэн би хагарсан цонхоороо хартал Б- орой ирж та нарыг бүгдийг чинь хүйс тэмтэрнэ гэж орилж хашхирч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,

Шинжээчийн 1999 тоот дүгнэлтэд: “...Д.А-ийн биед баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 47-48/,

Яллагдагчаар У.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хадам ээж А-ийн толгой руу гараараа 2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 58-62/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-н 23-24/, хохирлын баримт /хх-н 38/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 39-40/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 64-69/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Яллах дүгнэлтэд улсын яллагчаас яллах нотлох баримт болгон оруулсан  насанд хүрээгүй гэрч О.С-гаас авсан мэдүүлгийг нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Насанд хүрээгүй гэрч О.С-гаас мэдүүлэг авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байна.

          Энэ нь тухайн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул нотлох баримтаар тооцох боломжгүй.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч У.Б- нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 4 тоотын үүдэнд хүүхэдтэй уулзуулахгүй гэлээ гэсэн шалтгаанаар маргалдаж хадам ээж Д.А-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.А-ийн: “...Б- “чи муу пизда, юу юм” гээд над руу дайрсан. Тэгтэл У- хүүгээ манай гэрээс түлхээд гарахаар нь би хаалга хаах гэтэл Б- хаалганы цаанаас заамдаж аваад өөр рүүгээ татаж намайг гэрийн хаалганаас гаргаад орцон дотор толгой руу 6-7 удаа цохисон. Тэгтэл худ У- арай гэж салгаад аваад гарсан. Би толгой руугаа олон цохиулсан болохоор толгой дүүрээд сууж байтал гэрийн том өрөөний цонх хагарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/, шинжээчийн 1999 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хадам ээж Д.А-тэй “хүүхэдтэй уулзуулахгүй гэлээ” гэх шалтгаанаар маргалдан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас түүний толгой руу цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ба гэрийн бүлийн харилцан хамаарал бүхий этгээдүүд хэн нэгэндээ гэмтэл учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, заалт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Б- нь хохирогч Д.А-ийг “хүүхэдтэй уулзуулахгүй гэсэн” гэх шалтгаанаар толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт бичгээр ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч У.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.Б-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу өөрийн эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зөрчил гаргасан, уг асуудалтай холбоотойгоор хадам ээжийг зодож гэмтэл учруулсан, урд мөн тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийдвэрт заасан хугацаанд төлөөгүй шүүх хуралдааны өмнө төлсөн зэргийг харгалзан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх  ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч У.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б- нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР