Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/493

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  И овогт А-ын С-т холбогдох эрүүгийн **************дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслах ажил хийдэг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ********************************** тоотод оршин суух,

- урьд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,  И овогт А-ын С /РД: *******************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.С нь Баянгол дүүргийн ************ тоот буюу иргэн А Л-ийн гэрээс 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр А.Л-ийн 100.000 төгрөгийн үнэ бүхий “Моторола” маркийн гар утас 1 ширхэг, 90.000 төгрөгийн үнэ бүхий нүдний дуран 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий ноосон цамц 1 ширхэг, 10.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч 1 ширхэг, иргэн А.Ц-ы 100.000 төгрөгийн үнэ бүхий “ЛЖ” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч А.Ц-ы:

“...2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн орчимд зүс таних С гэж залуутай уулзсан юм. Тэгээд түүний найз гэх Л гэж залуутай хамт уулзаад бид 3 Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцанд нь очсон. Тэгээд архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байгаад бид нар үүрээр унтсан. Том өрөөнд нь би ганцаараа харин тэр 2 жижиг өрөөндөө унтсан. Тэгээд 13 цагийн үед босоход С байхгүй найз гэх Л нь том өрөөний шалан дээр унтаж байсан. Босоод харахад миний гар утас байхгүй, мөн Л-ийн гэрийн эд зүйлсийг онгичоод хаясан байдалтай эд зүйлс алга болсон тул бид 2 цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх 7/,

2. Хохирогч А.Л-ийн:

“...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр миний бие зүс таних С гэх залуутай 25 дугаар эмийн сангийн орчим уулзаж нэг пабад хамт орсон юм. Тэгээд тэндээ архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байгаад С гэх залуугийн Баянгол дүүрэг 16 дугаар хорооны Төв Гандангийн хажууд байрлах нэг нийтийн байранд очсон. Тэгсэн түүний найз гээд эмэгтэй ч ирсэн. Тэгээд бид 3 манай гэр болох Баянгол дүүрэг **************** тоотод очсон. Бид гурав 0.75 литрийн архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байгаад 03 дугаар сарын 08-ны өдрийн 04 цагийн орчимд унтацгаасан. Тэгээд өглөө нь 13 цагийн орчимд босоход манай гэрийн эд хогшлыг онгичсон байдалтай эмх замбараагүй болчихсон байсан. Тэгтэл миний гар утас, улаан өнгийн куртик, нүдний дуран, чемодан мөн нөгөө эмэгтэйн гар утас зэрэг алга болчихсон С байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 11/,

3. “Кости-Эстимэйт” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 20-22/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.С-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч А.С нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч А.Ц-д 100.000 төгрөгийн, хохирогч А.Л-ид 250.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Сын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч А.С нь: Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 66 дугаар байрны 34 тоот буюу иргэн А Л-ийн гэрээс 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр А.Лийн 100.000 төгрөгийн үнэ бүхий “Моторола” маркийн гар утас 1 ширхэг, 90.000 төгрөгийн үнэ бүхий нүдний дуран 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэ бүхий ноосон цамц 1 ширхэг, 10.000 төгрөгийн үнэ бүхий үүргэвч 1 ширхэг, иргэн А.Ц-ы 100.000 төгрөгийн үнэ бүхий “ЛЖ” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч А.Ц-ы “...Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах орон сууцанд нь очсон. Тэгээд архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байгаад бид нар үүрээр унтсан. Том өрөөнд нь би ганцаараа харин тэр 2 жижиг өрөөндөө унтсан. Тэгээд 13 цагийн үед босоход С байхгүй найз гэх Лхагваа нь том өрөөний шалан дээр унтаж байсан. Босоод харахад миний гар утас байхгүй, мөн Лхагваагийн гэрийн эд зүйлсийг онгичоод хаясан байдалтай эд зүйлс алга болсон тул бид 2 цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч А.Л-ийн “...Бид 3 манай гэр болох Баянгол дүүрэг 3 дугаар хороо 66-34 тоотод очсон. Бид гурав 0.75 литрийн архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байгаад 03 дугаар сарын 08-ны өдрийн 04 цагийн орчимд унтацгаасан. Тэгээд өглөө нь 13 цагийн орчимд босоход манай гэрийн эд хогшлыг онгичсон байдалтай эмх замбараагүй болчихсон байсан. Тэгтэл миний гар утас, улаан өнгийн куртик, нүдний дуран, чемодан мөн нөгөө эмэгтэйн гар утас зэрэг алга болчихсон С байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

- “Кости-Эстимэйт” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

Шүүгдэгч А.С нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч нарын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч А.С нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа бага хэмжээнээс дээш буюу 301.000 төгрөгөөс дээш 350.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Л, А.Ц нарт нийт 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.С нь хохирогч А.Л-оос хулгайлсан эд зүйлийг түүнд буцааж өгсөн байна.   

Харин хохирогч А.Ц-д учруулсан хохирол болох 100.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулж хохирогч А.Ц-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч А.С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 Шүүгдэгч А.С-ын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч А.Ст оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

  Харин шүүгдэгч А.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.С цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  И овогт А-ын С-ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-ыг 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.С-т оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-аас 100.000 /зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Ц-д олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ