Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/498

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ийн Б-д холбогдох эрүүгийн ************тоот дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ********* аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ********** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт *********************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Л-ийн Б /РД: ********************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б нь хардалтын улмаас 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Х-ы толгойг автомашины хаалга, автомашины суудал мөргүүлэн, зүүн хацар тус газарт гараараа цохиж, биед нь тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...Миний бие хохирогч гэх Х-ыг 2020 оны 6 дугаар сараас эхлэн манай нөхөр Н-той явалдаж байгааг мэдсэн. Тэр хоёрыг Тэрэлжид хамт байхад нь би очиж уулзаж байсан. Х-д “чиний явалдаад байгаа хүн чинь эхнэртэй 2 хүүхэдтэй хүн шүү” гэж хэлж байсан. Дараа нь согтуу манай нөхөр лүү залгадаг. Улмаар энэ асуудлаас болж нөхөртэйгөө 4 сар тусдаа амьдарч байгаад буцаж нийлсэн. Нийлэхдээ нөгөө эмэгтэй байгаа юу? гэхэд байхгүй гэж хэлсэн. Гэтэл манай нөхөр Хаатай харьцаад байсан тул тухайн үед нүүр нүүрээ харж уулзах гэж “цэцэг хүргэлтээс ярьж байна” гэж хэлээд гаргаж ирж уулзсан. Уулзаад “манай нөхөр лүү болон над руу залгаад байгаа чинь манай гэр бүлийн уур амьсгалыг хэцүү болгоод байна” гэж хэлсэн. Тэгээд гэрт нь хүргэж өгөөд явсан. Удалгүй ээж нь залгаад “манай охиныг зодлоо ясыг чинь цайлганаа” гэж хэлсэн. Хд учирсан гэмтлийг би учруулаагүй...” гэв.           

Хоёр. үүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Х-ы:

“...2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гадуур ажилтай явж байсан энэ өдөр миний *********** дугаарт танихгүй дугаараас дуудлага ирсэн аваад ярихад цэцэг хүргэлтээс ярьж байна гэсэн тэгээд би гэртээ байхгүй байна гадуур ажилтай явж байна хажуу талын байранд амьдардаг манай найзад өгч болох уу? гэж асуухад утсаа тастсан, тэгээд би гадуур ажилтай явж байгаад орой гэртээ харьсан. Намайг гэртээ ирсний дараа 2021 оны 03 дугаар сарын 16-ны орой 21 цаг 30 минутад *********** дугаараас “ирчихлээ” гэсэн мессеж ирэхээр нь би буцаж залгаад гэрт оруулаад өгчих гэж хэлэхэд “ковид”-оос болоод гэрт орохгүй гээд гараад ир гэсэн тэгээд би ганцаараа гэрээсээ гарсан. Би гэрээсээ гартал манай байрны орцны гадаа дунд оврын суудлын машин байсан улсын дугаар маркийг харж чадаагүй. Намайг орцны гадаа байхад Н-ийн эхнэр нь гэх эмэгтэй Б машинаас бууж ирж байгаа харагдсан тэгээд надтай уулзаад миний хувцаснаас татаад машиныхаа баруун талын арын хаалганы харалдаа дагуулж ирээд намайг машинд суу гэсэн би машинд суухгүй гэтэл миний хувцаснаас заамдаад миний толгойгоор машины хаалга мөргүүлээд хүчээр машинд суулгасан. Б-гийн суулгасан машинд суухад жолооч болон жолоочийн хажуу талд хоёр эмэгтэй хүн сууж байсан бөгөөд Б нь миний араас миний зүүн талын арын хаалгаар дамжин машины хойд талын суудалд суусан. Ингээд машин дотор суулгаад Б болон хамт явсан гэх хоёр эмэгтэйчүүд нь намайг хараалын үгээр доромжилж байсан, дараа нь намайг ууланд аваачаад хаячих уу, хаанаас ч байсан чамайг олно чадахгүй гэж бодоо юу гэх мэт үг хэлж байсан. Энэ хооронд тээврийн хэрэгсэл жолоодож явсан эмэгтэй автомашинаа хөдөлгөөд Баянгол дүүрэг Төмөр замын эмнэлгийн автомашины зогсоол дээр ирж зогссон. Тэгээд машинд дотор байхад Б нь гараараа миний зүүн хацарт нэг удаа гараа атгаж байгаад цохиж зодсон, мөн ууж байсан усаа нүүр хэсэгт цацаад асгасан, намайг утсаа бариад сууж байхад бичлэг хийгээд байгаа юм уу гээд миний гараас хүчээр аваад жолоочийн хажуу талд байсан эмэгтэйд өгсөн тэгээд намайг Н-той дахин уулзсан байна гэж хардаад энэ талаар яриад байсан, дахиж Н-той дахиж уулзахгүй гэсэн амлалт хэлүүлсэн тэгээд намайг Төмөр замын эмнэлгийн гадаа орхиж явсан. Би Төмөр замын эмнэлгийн гаднаас гэр лүүгээ алхсан бөгөөд намайг гэртээ ороход 22 цаг өнгөрч байсан. Би гэртээ орсон хойноо гомдоод уйлсан бөгөөд манай ээж надаас юу болсон талаар асуухаар нь болсон зүйлийнхээ талаар тайлбарлаж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 13-14/,

2. Гэрч Б.А-ын:

“...Би 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд байдаг “Реасе mall” худалдааны төвд ажил дээрээ байсан. Орой ажлаасаа 20 цагийн үед тарсан. Намайг ажлаасаа тарах үед Б над руу залгаад Баянгол дүүргийн “УБ Палас”-ын ард талд хүрээд ирээч найз нь Н-той явалдаад байсан охинтой уулзах гэж байна найз нь сандраад байна чи ирээд машин бариад өгөөч гэж гуйсан. Тэгээд би такси бариад Б-гийн байгаа газарт “УБ Палас”-ын ард байдаг орон сууцууд дунд очсон. Намайг Б-тай уулзахад танихгүй эмэгтэй хүнтэй хамт байсан. Б-тай уулзахад Н-той уулзаж байсан охиныг яаж гаргаж ирэх вэ гэж байсан тэгээд бид гурав хоорондоо ярьж байгаад “цэцэгт мэндчилгээ байна” гэж дуудаж гаргаж ирье гээд Б хамт байсан охины дугаараас залгаж нэг охиныг дуудаж гаргаж ирсэн. Дуудсан охинтой Б орцны гадна уулзаж зогсож байгаад машинд суулгаад, хамт суусан...” гэсэн мэдүүлэг /хх 18/,

3. Гэрч П.Д-ийн:

“...Би Баянгол дүүргийн 8 дугаар хороо Хөгжил хотхоны 25/1 байрны 1 дүгээр орц 703 тоотод төрсөн охин Г.Х-ы хамт оршин суудаг. 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр охин Г.Х бид хоёр гадуур хамт явсан бөгөөд орой 21 цаг өнгөрч байхад гэртээ орсон. Ингээд гэртээ орсон хойно Г.Х-ы дугаарт танихгүй дугаар залгаад “цэцэг хүргэлт байна” гадаа ирчихлээ гэж залгаж ярьсан ингээд манай охин гэрээсээ ганцаараа гарсан. Х надад хэлэхдээ байрны орцны үүдэнд гарч ирээд цэцэг авчих гэж байна гээд гарсан. Х цэцэг авна гэж гэрээсээ гараад гэртээ орж ирэхгүй удсан бөгөөд би яачхав гээд араас нь залгах гэтэл гаднаас Г.Х ганцаараа орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ үс нь сэгсийсэн байдалтай, өмссөн хувцас нь норсон байдалтай харагдсан хацар дух хэсэг улайсан, хоолой нь улайж зулгарсан байдалтай байсан уйлаад ороод ирсэн, тэгээд би юу болсон талаар асуухад Г.Х уйлаад надад юу ч хэлэхгүй байгаад байсан хэсэг хугацааны дараа тайвшраад цэцэг хүргэлтээр ирлээ гэсэн хүн цэцэг хүргэлтээр ирээгүй байна, Б гэх эмэгтэй намайг орцноос гараад очиход машинд суу гэж хэлсэн би суухгүй гэж хэлэхэд хүчээр намайг машиндаа суулгаад аваад явсан тэгээд миний толгойг машины хаалганы раманд мөргүүлээд хүчээр оруулсан. Машинд суусан хойно нүүр, шанаа хэсэгт гараараа цохисон, ууж байсан усаа цацсан энэ үедээ машиндаа суулгаад Төмөр замын эмнэлгийн гадаа аваачсан мөн хараалын үгээр доромжилсон гэж хэлж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өөрийнхөө ********** дугаараас дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 24/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны №2420 дугаартай:

“...Г.Х-ы биед тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-34-35/,

5. Гэрч Б.С-ийн мэдүүлэг /хх 30/,

6. “Натур эмнэлэг”-ийн толгойн компьютерт томографийн оношилгооны дүгнэлт /хх 36/, 

7. Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /хх 61/, хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх 63/, шүүгдэгч Л.Б-гаас Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан гомдол /хх 65/, гомдол хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх 67/, Баянгол дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх 69/, Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Л.Б нь хохирогч Г.Х-ы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Л.Б-гийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон. Мөн хохирогчийн зүгээс өмгөөлөгчийн зардал болох 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Б-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б нь: 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Х-ы толгойг автомашины хаалга, автомашины суудал мөргүүлэн, зүүн хацар тус газарт гараараа цохиж, биед нь тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий учруулсан болох нь:

- Хохирогч Г.Х-ы “...2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гадуур ажилтай явж байсан энэ өдөр миний ********** дугаарт танихгүй дугаараас дуудлага ирсэн аваад ярихад цэцэг хүргэлтээс ярьж байна гэсэн, ...гадуур ажилтай явж байгаад орой гэртээ харьсан. Намайг гэртээ ирсний дараа ***********дугаараас “ирчихлээ” гэсэн мессеж ирэхээр нь би буцаж залгаад гэрт оруулаад өгчих гэж хэлэхэд “ковид”-оос болоод гэрт орохгүй гээд гараад ир гэсэн тэгээд би ганцаараа гэрээсээ гарсан.

Би гэрээсээ гартал ...Нийн эхнэр нь гэх эмэгтэй Б машинаас бууж ирж байгаа харагдсан тэгээд надтай уулзаад миний хувцаснаас татаад машиныхаа баруун талын арын хаалганы харалдаа дагуулж ирээд намайг машинд суу гэсэн би машинд суухгүй гэтэл миний хувцаснаас заамдаад миний толгойгоор машины хаалга мөргүүлээд хүчээр машинд суулгасан.

Б-гийн суулгасан машинд суухад жолооч болон жолоочийн хажуу талд хоёр эмэгтэй хүн сууж байсан бөгөөд Б нь миний араас миний зүүн талын арын хаалгаар дамжин машины хойд талын суудалд суусан. Ингээд машин дотор суулгаад Б болон хамт явсан гэх хоёр эмэгтэйчүүд нь намайг хараалын үгээр доромжилж байсан, дараа нь намайг ууланд аваачаад хаячих уу, хаанаас ч байсан чамайг олно чадахгүй гэж бодоо юу гэх мэт үг хэлж байсан. Энэ хооронд тээврийн хэрэгсэл жолоодож явсан эмэгтэй автомашинаа хөдөлгөөд Баянгол дүүрэг Төмөр замын эмнэлгийн автомашины зогсоол дээр ирж зогссон.

Машинд дотор байхад Б нь гараараа миний зүүн хацарт нэг удаа гараа атгаж байгаад цохиж зодсон, мөн ууж байсан усаа нүүр хэсэгт цацаад асгасан, намайг утсаа бариад сууж байхад бичлэг хийгээд байгаа юм уу гээд миний гараас хүчээр аваад жолоочийн хажуу талд байсан эмэгтэйд өгсөн тэгээд намайг Нтой дахин уулзсан байна гэж хардаад энэ талаар яриад байсан, дахиж Нтой дахиж уулзахгүй гэсэн амлалт хэлүүлсэн тэгээд намайг Төмөр замын эмнэлгийн гадаа орхиж явсан. Би Төмөр замын эмнэлгийн гаднаас гэр лүүгээ алхсан бөгөөд намайг гэртээ ороход 22 цаг өнгөрч байсан. Би гэртээ орсон хойноо гомдоод уйлсан бөгөөд манай ээж надаас юу болсон талаар асуухаар нь болсон зүйлийнхээ талаар тайлбарлаж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Ангирын “...Би 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд байдаг “Реасе mall” худалдааны төвд ажил дээрээ байсан. ...Намайг ажлаасаа тарах үед Б над руу залгаад Баянгол дүүргийн “УБ Палас”-ын ард талд хүрээд ирээч найз нь Н-той явалдаад байсан охинтой уулзах гэж байна найз нь сандраад байна чи ирээд машин бариад өгөөч гэж гуйсан. Тэгээд би такси бариад Б-гийн байгаа газарт “УБ Палас”-ын ард байдаг орон сууцууд дунд очсон. Намайг Б-тай уулзахад танихгүй эмэгтэй хүнтэй хамт байсан. Б-тай уулзахад Н-той уулзаж байсан охиныг яаж гаргаж ирэх вэ гэж байсан тэгээд бид гурав хоорондоо ярьж байгаад “цэцэгт мэндчилгээ байна” гэж дуудаж гаргаж ирье гээд Б хамт байсан охины дугаараас залгаж нэг охиныг дуудаж гаргаж ирсэн. Дуудсан охинтой Б орцны гадна уулзаж зогсож байгаад машинд суулгаад, хамт суусан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч П.Д-ийн “...Г.Х-ы дугаарт танихгүй дугаар залгаад “цэцэг хүргэлт байна” гадаа ирчихлээ гэж залгаж ярьсан ингээд манай охин гэрээсээ ганцаараа гарсан. ...Гаднаас орж ирэхдээ үс нь сэгсийсэн байдалтай, өмссөн хувцас нь норсон байдалтай харагдсан хацар дух хэсэг улайсан, хоолой нь улайж зулгарсан байдалтай байсан уйлаад ороод ирсэн, тэгээд би юу болсон талаар асуухад Г.Х уйлаад надад юу ч хэлэхгүй байгаад байсан хэсэг хугацааны дараа тайвшраад цэцэг хүргэлтээр ирлээ гэсэн хүн цэцэг хүргэлтээр ирээгүй байна, Б гэх эмэгтэй намайг орцноос гараад очиход машинд суу гэж хэлсэн би суухгүй гэж хэлэхэд хүчээр намайг машиндаа суулгаад аваад явсан тэгээд миний толгойг машины хаалганы раманд мөргүүлээд хүчээр оруулсан. Машинд суусан хойно нүүр, шанаа хэсэгт гараараа цохисон, ууж байсан усаа цацсан энэ үедээ машиндаа суулгаад Төмөр замын эмнэлгийн гадаа аваачсан мөн хараалын үгээр доромжилсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны №2420 дугаартай “...Г.Х-ы биед тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Л.Б нь би хохирогчийн биед гэмтэл учруулаагүй гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Л.Б нь өөрийн нөхөр болох Г.Н-той явалдлаа гэх шалтгаанаар хохирогч Х-тай уулзах гэж гэрийнх нь гадна очиж “цэцэг хүргэлтээс ярьж байна, гарч ирээд авчих” гэж хохирогчийг гэрээс нь гаргаж ирж уулзаж улмаар үг хэлээр доромжлох байдлаар биед нь халдаж толгой руу нь гараараа цохих, автомашины хаалга, автомашины суудал мөргүүлэх зэргээр зодож гэмтэл учруулсан, хохирогч Г.Х нь зодуулсан даруй гэр бүлийн хамаарал бүхий хүнд буюу гэрч П.Д-д энэ талаар хэлсэн бөгөөд хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь гэрчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлт зэргээр давхар тогтоогдсон, хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Иймд хохирогч Г.Х-д учирсан гэмтэл нь шүүгдэгч Л.Б-гийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Мөн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Б-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Х-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлыг хохирогч нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Харин хохирогч Г.Х-ы өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд шүүгдэгч Л.Б-гаас нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн тухайд:

Хохирогч нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид “өмгөөллийн хөлс” гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардал 1.500.000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.0000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Л.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Л.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Л.Б-гийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, бусдад төлөх хохирол төлбөр байхгүй зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч Л.Бг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-ийн Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Х-ы нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ