Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар ШЦТ/2021/505

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч В.Батдэлгэр /томилолтоор/,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Д-д холбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******************* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн Д /РД: *******************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” зочид буудлын 02 тоот өрөөнд хохирогч Д-ын 2 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Д-аас цагдаагийн газарт хандаж гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 9/,

2. Хохирогч Д-ын:

“...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найз Б-ийн гэрт 0.5 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад өдөр 12 цагийн үед Б-ийн гэрээс гараад ажлын шугамаар хүмүүстэй уулзсан. Улаанбаатар авто центрийн засварчин Т ахтай дахин нэг шил архи хувааж уугаад Т-ийн автомашиныг тавиулаад гэр лүү нь явуулсан. Тэгээд УБ авто центрийн зүүн талд бөөлжиж байтал нэг үл таних залуу ирээд миний нуруун дээр дараад ахаа зүгээр үү гээд надад 100 граммын жижиг шилтэй архи өгсөн. Би тэр архины талыг нь уугаад нөгөө залуу үлдсэн тал шил архийг хувааж уугаад хоорондоо танилцсан. Танилцахдаа надад огт нэрээ хэлээгүй. Улаанбаатар центрийн засварчин Н-аар дахин нэг шил архи авч өгөөд танилцсан залуутай бид 2 Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Гэмтлийн эмнэлгийн замын ард байрлах зам дагуу хоёр давхар буудалд ороод би тасарчихсан. Нэг сэртэл 04 цаг болчихсон, архи бараг гараагүй, миний хуруунд байсан 10.7 грамм, 6.3 грамм монетон бөгж алга болсон байхаар нь цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг /хх 14-15/,

3. Гэрч Ш.О-ын:

“...манай нөхөр 2010 оноос хойш 2 ширхэг монетон бөгжийг баруун, зүүн гарынхаа ядам хуруундаа зүүдэг байсан. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээс гарахдаа хуруундаа бөгжтэй байсан. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө үүрээр манай нөхөр намайг гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудлын хажууд байх ногоон өнгийн зочид буудалд байна, 2 ширхэг бөгжөө хулгайд алдчихлаа хамт архи уусан залуу аваад явсан байна гэж хэлэхээр нь би нөхөр дээрээ очсон. Намайг очиход цагдаа бас ирсэн байсан. Манай нөхөр надад шөнө гудамжинд танилцсан үл таних эрэгтэй хүн хамт архи уучхаад намайг тасраад унтсан хойно бөгж хулгайлаад аваад явсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 26-27/,

4. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 28-31/,

5. “Хас Үнэлгээ” ХХК-ны 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 33/,

6. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 48-54/,

7. Шүүгдэгч Д.Д-ийн:

“...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...би нэлээн согтож байтал нөгөө ах тасраад унасан. Тэгэхээр нь би тэр гартаа зүүсэн байсан 2 ширхэг монетон бөгжийг нь аваад буудлаас гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 44-45/,

8. Гэрч Г.У-ийн мэдүүлэгч /хх 22/, шүүгдэгч Д.Д нь урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх 62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Д-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Д нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Д-д 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Д.Д нь гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Дийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Д нь: 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” зочид буудлын 02 тоот өрөөнд хохирогч Д-ын 2 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 1.190.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д--ын “...үл таних залуу ирээд миний нуруун дээр дараад ахаа зүгээр үү гээд надад 100 граммын жижиг шилтэй архи өгсөн. Би тэр архины талыг нь уугаад нөгөө залуу үлдсэн тал шил архийг хувааж уугаад хоорондоо танилцсан. Танилцахдаа надад огт нэрээ хэлээгүй. ...бид 2 Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Гэмтлийн эмнэлгийн замын ард байрлах зам дагуу хоёр давхар буудалд ороод би тасарчихсан. Нэг сэртэл 04 цаг болчихсон, архи бараг гараагүй, миний хуруунд байсан 10.7 грамм, 6.3 грамм монетон бөгж алга болсон байхаар нь цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Д-аас цагдаагийн газарт хандаж гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,

- Гэрч Ш.О-ын “...манай нөхөр 2010 оноос хойш 2 ширхэг монетон бөгжийг баруун, зүүн гарынхаа ядам хуруундаа зүүдэг байсан. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээс гарахдаа хуруундаа бөгжтэй байсан. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өглөө үүрээр манай нөхөр намайг гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудлын хажууд байх ногоон өнгийн зочид буудалд байна, 2 ширхэг бөгжөө хулгайд алдчихлаа хамт архи уусан залуу аваад явсан байна ...гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- “Хас Үнэлгээ” ХХК-ны 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 148 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

Шүүгдэгч Д.Д нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Д нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа бага хэмжээнээс дээш буюу 301.000 төгрөгөөс дээш 1.190.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Дийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Д-д 1.190.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Д нь хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлөөгүй байх тул шүүгдэгч Д.Д-оос 1.190.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д-д олгохоор шийдвэрлэв.  

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Д.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргахгүй байгаа, мөн хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү, хэрэв тэнсэх боломжгүй гэж үзвэл 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Д-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 Шүүгдэгч Д.Д-ийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Д.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн **************дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Д-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-оос 1.190.000 /нэг сая нэг зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Д-д олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ