Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/494

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч  М.О-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д овогт М-н О-д холбогдох эрүүгийн 2105010380925 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ...д харуул хамгаалалтын албанд ээлж хариуцсан ахлах ажилтай, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт амьдрах, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ... дүүргийн ...-р хороо, ... тоотод хадмындаа түр оршин суух, /РД:/, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан, Д овогт М-н О.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.О-нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Модны хоёрын автобусны буудлын орчим хохирогч В.Л-н эзэмшлийн Самсунг А51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.О-г “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

          Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан  “...2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын автобусны буудал дээр автобусанд суух гэж байгаад өөрийн Самсунг А51 маркийн гар утсыг алдсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Хохирогч В.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны хоёрын автобусны буудлын орчим өөрийн өмдний халааснаас Самсунг А51 маркийн алдсан. Миний гар утас нь Самсунг А51 маркийн ногоон өнгөтэй гар утас байсан. Тухайн гар утсыг би 2020 оны 7 дугаар сард Мобикомоос лизингээр худалдан авч байсан. Тухайн гар утас нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,

Сиди бичлэгт үзлэг хийсэн “...бичлэгийн цагаар 13 цаг 21 минут 58 секундэд хохирогч автобусны буудал дээр автобусанд суух гэж байгааг харуулав. Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчийн урд автобусанд орох гэж байгааг харуулав. Гэмт хэрэг үйлдсэн этгээд автобусанд суугаад буцаад гарах гэж байгааг харуулав. Хохирогчтой зөрж байгааг харуулав. Гэмт хэрэг үйлдсэн этгээд ертөнцийн зүгээр урагшаа гүйж байгааг харуулав. Өөр автобусанд сууж байгааг харуулав...” гэх тэмдэглэл /хх-ийн 07-10 тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 06 тал/,

            Ашид Билгүүн ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-921/1340 дугаартай “...Самсунг А51 маркийн гар утас 1 ширхэг 550.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 32-35 тал/,

Мөрдөгчийн “...2021 оны 6 дугаар сарын 07-ны орой 14 цаг 10 минутад алдсан гэх Самсунг А20 маркийн гар утасыг гэрч М.Ононгоос хураан авсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 11 тал/,

 

Шүүгдэгч М.О-мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын автобусны буудал дээр автобусанд суухдаа 40 орчим насны эмэгтэйн өмдний баруун талын халааснаас гар утсыг нь хулгайлан авсан. Тэгээд тухайн гар утсаа аваад өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо ТӨК-н 30-26 тоотод очсон. Би урьд өмнө хүнээс хүүтэй их хэмжээний мөнгө төгрөг зээлсэн байсан бөгөөд тухайн мөнгөний хүү нь нэхэгдээд хэцүү байсан юм. Тэгээд мөнгө олох зорилгоор тухайн эмэгтэйн гар утсыг хулгайлсан. Би тухайн гар утсыг зарж борлуулж мөнгө болгох санаатай байсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Цагдаагийн Ерөнхий газрын халаасны хулгайн хэлтсийн ахмад Эрхэмбилэг над руу залгаад хулгайлсан гар утсаа авчирч өг гэж хэлэхээр нь би хулгайлсан гар утсаа цагдаад нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй байж чадна. Надад хөнгөн ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан болох нь тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч М.О-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 1995 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ... суманд төрсөн. Айлын 2 дахь хүүхэд бөгөөд 2010 оны ХУД-ийн 15 дугаар сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2018 онд ШУТИС-ийг төгсөж дээд боловсролтой болсон. Би хувиараа Нарантуул  зах дээр эцэг, эхийн хамт тавилга зардаг байсан. 2018 оноос 2019 онуудад БНСУ руу явж ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,         эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-62 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын агуулгын хувьд харилцан зөрүүгүй мэдүүлэг, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.О-нь 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 22 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын автобусны буудлын дээр хохирогч В.Л-н эзэмшлийн Самсунг А51 загварын гар утсыг түүний өмдний халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэйгээр үйлдэгджээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж дүгнэв. 

Шүүгдэгч М.О-нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч М.О-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О-нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Ашид Билгүүн ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-921/1340 дугаартай “...Самсунг А51 маркийн гар утас 1 ширхэг 550.000 төгрөг...” гэх дүгнэлт хх-ийн 32-35 талд байх бөгөөд хохирогчийн гар утсыг шүүгдэгч М.О-с хураан авч хохирогч В.Л-д хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл авагдсан байна.

Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэж, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.О-нь “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлсөн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хуульд заасан хөнгөрүүлэх байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хамгийн хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, М.О-д 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулах шаардлагагүй гэж дүгнэсэн тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар 7.1-д заасан “ял дүйцүүлэн солих” болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх” үндэслэлд тус тус хамаарахгүй буюу тус хуулийг хэрэглэхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт байх тул энэ хэрэгт нотлох баримтаар хавсаргахаар тогтлоо.   

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.    

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д овогт М-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д 320 / гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.О-д мэдэгдсүгэй.

 

   4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч В.Л-д түүний Самсунг А51 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн, шүүгдэгч М.О-бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА