Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 603

 

П.Ч-, Я.А- нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Хурц,

шүүгдэгч П.Ч-, түүний өмгөөлөгч Л.Сарангуа, Ш.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Я.А-ийн өмгөөлөгч Н.Санчиндорж,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Л.Сарангуа, Ш.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор П.Ч-, Я.А- нарт холбогдох эрүүгийн 201601000059 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Заанхүү овгийн П.Ч-, 1966 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Налайх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Налайх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            2. Алаг адуу овгийн Я.А-, 1959 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлан бодогчоор ажиллаж байсан, ам бүл 2, нөхрийн хамт Налайх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

             П.Ч- нь Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Журам батлах тухай” 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1.6-д “Ахмад настан энэхүү журмын 1.2-т заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна”, 1.7-д “Энэ журмын 1.2-т заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас ахмад настан өөрөө сонгож авна.”, 3 дугаар хавсралтаар баталсан 1.9-д “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ журмын 1.5-д заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна.”, 1.10-т “Энэ журмын 1.5-д заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сонгож авна.” гэсэн заалтуудыг зөрчин, дүүргийн халамжийн сангийн данснаас:

            - “Зоог трейд” ХХК-ийн данс руу 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг,

            - “Андын өгөөмөр тус” ТББ-ын данс руу 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 5.200.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг,

            - “Радонтхайрхан” ХХК-ийн данс руу 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 5.000.000 төгрөг,

            - “Саруул орчлон” ХХК-ийн данс руу 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг,

            - “Ихэр арслан” ХХК-ийн данс руу 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг,

            - иргэн Б.Бадамцэцэгийн данс руу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 570.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 44.770.000 төгрөгт ортопед, тусгай хэрэгслүүд, гурил бэлтгэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учруулсан  гэмт хэрэгт,

            Я.А- нь Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга П.Ч- холбогдох хууль тогтоомж зөрчин дүүргийн халамжийн сангийн данснаас “Андын өгөөмөр тус” ТББ, “Ихэр арслан” ХХК, “Саруул орчлон” ХХК-иуд руу 11 удаагийн үйлдлээр нийт 44.770.000 төгрөг шилжүүлэн гарган авч ортопед, тусгай хэрэгслүүд, гурил бэлтгэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт 8 удаагийн үйлдлээр 31.570.000 төгрөг гаргах авахад 2 дугаар гарын үсэг зурж, учрах саадыг арилган хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: П.Ч-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Я.А-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос П.Ч-ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Я.А-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, П.Ч-, Я.А- нарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Ч-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Я.А-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгаж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар П.Ч-ад оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, П.Ч-, Я.А- нар нь цагдан хоригдсон хоноггүй, Я.А- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9.578.000 төгрөгийн үнэ бүхий 69 ширхэг харааны шил, 506 ширхэг гар таяг, 52 ширхэг тохойвчтой таяг, 6 ширхэг нурууны бүс, 63 хос таягийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Ч-аас 30.992.000 төгрөг гаргуулан Нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний газарт олгож, хэргийн хамт шилжүүлсэн П.Ч-ын мэдүүлэг бүхий дүрс бичлэгтэй компакт диск 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, Е0908387 дугаартай гадаад паспортыг түүнд буцаан олгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн П.Ч-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207001456 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрын 50 тоот орон сууц захиран зарцуулах эрхийг хэвээр үлдээж, Я.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2207001688 дугаарт бүртгэлтэй Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өвөшшанд 3 дугаар гудамж, 8 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласан тогтоолуудыг хүчингүй болгож, Я.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, П.Ч-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Л.Сарангуа, Ш.Эрдэнэцэцэг нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

1. П.Ч- нь тухайн гэмт хэргийг хэдийд, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл тогтоогдоогүй бөгөөд эдгээр нотолбол зохих зүйлүүдийг тогтоохгүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь албан тушаалтны албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд П.Ч- нь халамжийн сангаас гаргасан мөнгөөр тусгай хэрэгслийг бэлдэж, хэрэгцээ шаардлагатай хүмүүст өгсөн, үлдэгдэл бараа бүтээгдэхүүн байгууллагын дансанд авагдсан. Энэ талаар удаа дараа анхан болон давж заалдах шатны шүүхээр яригдаж, прокурор, хохирогч байгууллагын төлөөлөгч хэдэн төгрөгийн хохирол учирсныг эх сурвалжийг заан тодорхойлж чадахгүй байна.

Шүүх шийтгэх тогтоолдоо “ортопед, протез авах тусламж хүсээгүй байхад 44,7 сая төгрөг шилжүүлэн авч Нийслэлийн халамж үйлчилгээний газарт их хэмжээний хохирол учруулсан” гэжээ. Шүүх “ортопед тусгай хэрэгсэл шаардлагатай учир хүсэлт гаргаж авсан” хүмүүсийг ялгаж салгаж тооцох, мөн хэнд их хэмжээний хохирол учруулсныг зөв дүгнэсэнгүй.

Шүүх “Нийслэлийн халамж үйлчилгээний газарт” гэж яллах дүгнэлтэд буюу хэрэгт тогтоогдоогүй үндэслэл заасан байна.

2. Шүүх “2015 онд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт торгох ялын доод хэмжээ хөнгөрсөн байх тул энэ зүйл хэсэгт зааснаар ял оногдуулсан ... эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа болохоос хохирлын хэмжээгээр хууль буцаан хэрэглэх зүйлчлэх хуулийн шаардлага байхгүй учраас өөрчлөөгүй болно” гэснийг ойлгохгүй байна.

            Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хүндэвтэр гэмт хэргийн ангиллаас хөнгөн гэмт хэрэг болон эрх зүйн байдал дээрдсэн гэж ойлгож байгаа бөгөөд их хэмжээний хохирол энэ хуулиар 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг ойлгохоор заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

            Шүүх тогтоолдоо “хор уршгийн” талаар хуулийн заалтыг заасан боловч энэ хэрэг үйлдэгдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврын талаар үндэслэл бүхий баримт дурьдаагүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлох, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэсэн заалт хэрхэн тогтоогдсон нь ойлгомжгүй байна.

            Энэ хэргийн шүүгдэгч Я.А- нь сэтгэцийн эмгэгтэй гэдэг нь тогтоогдсон, түүний мэдүүлгийг үндэслэл болгож, 4.200.000 төгрөгийг зохих хувь хэмжээ авсан гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй байгаагийн гадна, уг мөнгөн дээр одоо хадгалагдаж байгаа халамжийн байгууллагын дансанд авагдсан 9.578.000 төгрөгийн хэрэгслийг хохирол төлөх зардалд оруулан Налайх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст олгож, 30.992.000 төгрөгийг шүүгдэгч П.Ч-аас гаргуулж Нийслэлийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олгосныг хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

            Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хохирогчоор төлөөлөн оролцогч Б.Загарсүрэн нь одоо хадгалагдаж буй барааны үнийн дүнгээс Я.А-ийн төлсөн 4,2 сая төгрөгийг хасаж тооцон хохирол нэхэмжилдэг бөгөөд шүүх 30 гаруй сая төгрөгийг шүүгдэгч П.Ч-аас гаргуулан шийдвэрлэж байгаа нь хэргийн бодит хохирлыг зөв дүгнэж тооцохгүй хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж байна.

            3. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоож чадаагүй, тодорхой бус, ойлгомжгүй, эргэлзээ бүхий байна.

            Энэ хэргийн улмаас хохирогч аль байгууллага хэрхэн яаж хохирсон гэдэг нь тодорхой бус бөгөөд хохирогч удаа дараа энэ талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа. П.Ч- ямар сэдэлт зорилгоор гэмт хэрэг үйлдсэн болох, ямар ашиг хонжоо олсон, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх шүүхийн дүгнэлт бодит үнэнтэй нийцэхгүй байна.

            4. П.Ч-ын журам зөрчсөн үйлдэл гэж прокуророос ялласан журамд 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын 343 тоот тогтоолоор өөрчлөлт орж, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, халамж үйлчилгээ шаардлага бүхий иргэд нь өөрсдөө байгууллага сонгох, сонгосон байгууллагаас ортопед хэрэгсэл, бусад бүтээгдэхүүнийг авах эрхтэй болсон ба 2002 оны 185 тоот Засгийн газрын тогтоолоор дээрх иргэд “хүссэн” газраасаа авна гэсэн заалттай байсан.

            Прокурор П.Ч-ыг журам зөрчсөн гэж яллахдаа дээрх журмын өөрчлөлт, огноо, журмын хэрэгжилт хэдийнээс хэрэгжиж боломжтой болсон, хэрэгжиж эхэлсэн огноо, хэрэгжиж эхлэх хүртэл шалтгаан нөхцөл, сэдэлт зорилгыг тогтоож чадаагүй гэж үзэж байгаа юм.

            Иймд гэмт хэргийн шинжгүй, хэрэг үйлдэгдсэн эсэх, хохирлын хэмжээ, шинж чанар тогтоогдоогүй, П.Ч- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж үзэж байгаа тул цагаатгах тогтоол гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Л.Сарангуа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй.

1. Шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Тухайлбал яллах дүгнэлтэд Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолоор батласан журмын 1.6, 1.7, 1.9, 1.10 дугаар заалтуудыг зөрчсөн гэж байгаа боловч энэ заалтууд нь Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай хүмүүст хэрэгцээтэй тусгай хэрэгслүүдийг хүссэн газраасаа авдаг байсан бол тухайн өөрчлөлтийн дараа гэрээ байгуулсан газраас сонгож авахаар зохицуулсан. Тэгэхээр гэрээ байгуулсан байгууллага гэдэг зүйл гарч ирнэ. 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас Налайх дүүргийн халамж үйлчилгээний хэлтэст 3 байгууллагатай гэрээ байгуулж хамтран ажил гэсэн албан бичиг ирсэн. 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамны албан бичиг гэж хэрэгт авагдсан. Уг албан бичигт дурдсанаар дээрх байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгогдож эхэлж байгаа юм. Тэгэхээр прокурор энэ журамд зааснаар яллах дүгнэлт үйлдэж байгаа бол энэ бүгдийг ялгаж, салгаж хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

2. Энэ гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл тогтоогдоогүй гэж үзэж байна. Эдгээр зүйлсийг тогтоохгүйгээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулж байгааг эс зөвшөөрч байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилснийг ойлгохгүй байна. Хохирол гэдэгт албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан байхыг шаардана. Налайх дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний газарт тусгай хэрэгсэл материалыг худалдаж аваад шаардлагатай хүмүүст нь өгсөн. Үлдэгдэл нь бол байгууллагын дансанд авагдчихсан байгаа. Прокурор болохоор хүмүүст өгсөн байгаа барааны талаар гарын үсгээ зураад авчихсан байгаа баримтуудыг тогтоогдоогүй гэж хэлдэг. Тэгэхээр тогтоогдоогүй баримтаар яагаад яллаж байгаа юм. Хэрэв тийм бол яагаад тогтоохгүй байгаа юм гэдэг асуудал яригдана. Шүүх тогтоолдоо 44,7 сая төгрөгийн тоног төхөөрөмж, тусгай хэрэгслийг тусламж авахыг хүсээгүй байхад нь шилжүүлээд их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн. Тэгэхээр тусламж хүсээд, баримтаа бүрдүүлээд авчихсан олон хүмүүс байгаа. Үүнийг яагаад ялгаж, салгаж авч үзэхгүй байна вэ. Тэгэхээр бодит хохирлыг шүүх тогтоох ёстой. Дараагийн асуудал бол 30 сая төгрөгийг Ч-аас гаргуулж Нийслэлийн халамж, үйлчилгээний газарт олгуулахаар тогтоолд заасан. Хохирогч нар бол Нийслэлийн халамжийн ерөнхий газраас төлөөллөөр оролцсон. Энэ хэрэгт Нийслэлийн халамж үйлчилгээний газар нь хохироод байгаа юм уу, Налайх дүүргийн Халамж, үйлчилгээний газар нь хохироод байгаа юм уу, иргэн хохироод байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна. Түүнчлэн А- гэх нягтлан бодогч хамжигчаар хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн. А- бол 31,5 сая төгрөгийг авахад 2 дугаар гарын үсэг зурж хамжигчаар оролцсон гэдэг. Тэгтэл тэр хүн 4,2 сая төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн. Гэтэл энэ хүнийг хохиролгүй гэж шүүх үзээд тэнссэн байдаг. Ч- 30 сая төгрөгийг төлөөгүй гэдэг үндэслэлээр хорих ялаар шийтгүүлсэн. Энэ бол шударга бус явдал юм. 9,5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн агуулахад байгаа. Тэрнээс А-ийн төлсөн 4,2 сая төгрөгийг хасаад үлдэгдлийг нь хохирогч нэхэмжилж байгаа. Прокурорын яллах дүгнэлтэд 9,5 сая төгрөгийн хохиролтой гэсэн. Хэрвээ үнэхээр А- энэ хэрэгт хамжигчаар оролцож байгаа юм бол гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна гэж заасныг шүүх анхаарч үзээгүй. Үүнээс гадна А- нь 4,2 сая төгрөгийг төлөх ямар үндэслэл байгаа нь шийтгэх тогтоолд тодорхойгүй. Мөн гаргасан давж заалдах гомдолдоо нэмж хэлэхэд шүүгдэгч Ч- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2017 онд холбогдсон. Энэ хэрэг нь Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар шүүхэд шилжсэн байгаа. Энэ хэргийн шүүх хуралдаан 1 удаа буюу 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшилсон. Өмгөөлөгч миний зүгээс энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцох бөгөөд хэргийн материалтай танилцаж амжаагүй байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасныг анхаарч үзнэ үү. Түүнчлэн шүүгдэгч Ч- нь бөөрний архаг үрэвсэлтэй болохыг хорих ангийн эмнэлгээс тодорхойлсон тул түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өгөхийг хүсье...” гэв.

Шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Ч-ыг 44,7 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэхгүй байгаа тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрвээ хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзэх юм бол 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял оногдуулахгүйгээр тэнсэж хэргийг шийдвэрлэх боломжтой. Үүнийг шүүхээс анхаарч үзнэ үү...” гэв.

Шүүгдэгч П.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Нийгмийн халамж үйлчилгээний газарт 17 жил ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа зөрчил гаргаж байгаагүй. Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол, тайлбарт нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч Я.А-ийн өмгөөлөгч Н.Санчиндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч болон өөрийн зүгээс шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгч Я.А-ийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад шүүгдэгч нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүн, шинжийг бүрэн агуулсан, тухайн гэмт хэрэг нь хэзээ, хаана, ямар нөхцөл байдалд, ямар шалтгааны улмаас гарсан болох нь тодорхой, үүний улмаас учирсан хохирол нь тодорхой байгаа. Энэ нь бүх санхүүгийн баримт, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн өөрчилсөн. Уг зүйл, хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх шинж байгаа. Шүүгдэгч П.Ч-ын учруулсан хохирлын асуудал нь 44,7 сая төгрөг бөгөөд дээрх гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу их хэмжээний хохиролд хүрэхгүй байгаа. Ийм байгаа боловч уг зүйлийн 1, 2 дахь хэсгийн эрүүгийн хариуцлага буюу ялын төрөл хэмжээ нь ижилхэн байдаг. Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болсон. Харин шүүгдэгч Я.А-ийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн зохицуулалтыг хэрэглэх үндэслэл бүрдсэн юм. Иймд   шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Загарсүрэн /6хх-ийн 81-82/, Б.Гэрэлтуяа /2хх-ийн 225-228/ болон гэрч Г.Ариунбулаг /2хх-ийн 235/, М.Лхагвасүрэн /3хх-ийн 11/, Ч.Очирхүү /2хх-ийн 237/, Э.Энхтуяа /4хх-ийн 201-202/ нарын “Б.Ч-, Я.А- нарын гэм буруутай үйлдлийн улмаас Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газарт учирсан хохирлын талаар” мэдүүлсэн мэдүүлгүүд,

- гэрч Г.Сарангэрэл /2хх-ийн 249/, Л.Нацаг /2хх-ийн 242/, Ж.Эрдэнэцэцэг /2хх-ийн 247/, Т.Мөнхбаяр /2хх-ийн 250/, Д.Батсүх /4хх-ийн 216-217/, А.Туяа /4хх-ийн 221-222/, Б.Бадамцэцэг /4хх-ийн 226/ нарын “мөнгөн гүйлгээ хийгдсэн байдлын талаар” мэдүүлсэн мэдүүлгүүд,

- шүүгдэгч Я.А-ийн мөрдөн байцаалтын явцад сэжигтнээр өгсөн “Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний сангийн хөрөнгийг ашиглахад оролцсон байдлын талаар” мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 30/,

- Нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 6/103 дугаар албан бичиг /1хх-ийн 46-45/,

- Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаартай “...Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх... журам батлах тухай” тогтоол, хавсралт /1хх-ийн 49-63/, 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 129 дугаартай “...185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам болон 3 дугаар хавсралтаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай журамд ... тус тус нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоол /1хх-ийн 64/,  2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаартай “...185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журамд ... өөрчлөлт оруулах тухай” тогтоол /1хх-ийн 65/,

- Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газрын халамжийн сангийн 2014 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан /1хх-ийн 100-107/,

- “Саруул Орчлон” ХХК-ийн 5749143420, “Ихэр Арслан” ХХК-ийн 2611037614, 5749244543, “Андын Өгөөмөр тус” ТББ-ын 5749491831, “Радонтхайрхан” ХХК-ийн 5749305336, “Зоог Трейд” ХХК-ийн 57490121446, иргэн Б.Бадамцэцэгийн 5749719494 дугаартай дансны хуулгууд /1хх-ийн 161-172, 4хх-ийн 229-231, 234/,

- Нийгмийн халамж, үйлчилгээний Ерөнхий газрын даргын тушаал 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 50 дугаартай “П.Ч-ыг Налайх дүүргийн Нийгмийн халамжийн, үйлчилгээний хэлтсийн даргаар 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс томилох тухай” тушаал /3хх-ийн 135/,

- Нийслэлийн аудитын газрын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1076 дугаартай “...Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, халамжийн сангийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитаар 34.200.000 төгрөгөөр тохойтой таяг, гар таяг, суга таяг, гурил зэрэг зүйлс бэлтгэсэн нь Засгийн газрын 129 дүгээр тогтоолын Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журмын 5.1.9 дэх хэсгийн “нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагаас өөрөө сонгож авна” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй зөрчил илэрсэн...” гэсэн албан бичиг /4хх-ийн 204-205/,

- Налайх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн агуулахад байгаа ортопед тусгай хэрэгслийг үнэлсэн тухай хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх-ийн 45-50/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

П.Ч- нь Налайх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байхдаа 2014, 2015 онуудад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн”, 5.1.1 дэх хэсэгт заасан “хөл, гар, шүд /үнэт металлаас хийхээс бусад/-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болсон дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн олгох”, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь бусад төрлийн бэрхшээлтэй нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд оролцох чадвар нь хязгаарлагдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийг үзүүлнэ” гэсэн заалтуудыг дагаж мөрдөн хэрэгжүүлэх талаар тогтоосон Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1.6-д заасан “Ахмад настан энэхүү журмын 1.2-т заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна”, 1.7-д заасан “Энэ журмын 1.2-т заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас ахмад настан өөрөө сонгож авна”, 3 дугаар хавсралтын 1.9-д заасан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ журмын 1.5-д заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна”, 1.10-т заасан “энэ журмын 1.5-д заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сонгож авна” гэсэн хууль тогтоомжийн заалтуудыг зөрчин, тус дүүргийн ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ортопед, протез авах тусламж хүсээгүй байхад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тусгай хэрэгсэл, бараа материал бэлтгэх нэрийдлээр дүүргийн халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаж, өөрийн танил, найз нөхөд болох Д.Батсүхийн “Зоог Трейд” ХХК-ийн дансанд 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг, Т.Мөнхбатын “Андын Өгөөмөр тус” ТББ-ын дансанд 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 5.200.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг, А.Туяагийн “Радонтхайрхан” ХХК-ийн дансанд 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 5.000.000 төгрөг, Ж.Эрдэнэцэцэгийн “Саруул Орчлон” ХХК-ийн дансанд 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, Б.Бадамцэцэгийн дансанд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 570.000 төгрөг, мөн өөрийн эхнэр Г.Сарангэрэлийн “Ихэр Арслан” ХХК-ийн дансанд 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус 12 удаагийн гүйлгээгээр нийт 44.770.000 төгрөг шилжүүлэн бэлнээр гарган авч, Нийслэлийн халамж үйлчилгээний газарт хохирол учруулсан,

Я.А- нь Налайх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлан бодогчоор 2014, 2015 онуудад ажиллаж байхдаа Нийгмийн халамжийн тухай болон Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудыг дагаж мөрдөхөөр гаргасан Засгийн газрын 185 дугаар тогтоолын зохих заалтуудыг П.Ч- зөрчин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахад дэмжлэг үзүүлэн Нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулаагүй буюу өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэцэцэгийн “Саруул Орчлон” ХХК-ийн дансанд 4 удаагийн үйлдлээр 14.000.000 төгрөг шилжүүлэн авч өгөх, уг мөнгөнөөс зохих хувь хэмжээг авах, түүний гэр бүлийн болон бусад компани, төрийн бус байгууллагын дансанд 8 удаагийн гүйлгээгээр 31.570.000 төгрөгийг гарган авахад 2 дугаар гарын үсэг зурж хамтран оролцсон болох нь тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, дахин шалгах зүйлгүй байх ба мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Л.Сарангуа, Ш.Эрдэнэцэцэг нар нь хамтран гаргасан давж заалдах гомдолдоо “...Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт буюу Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай журам, 3 дугаар хавсралт буюу Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай журмын холбогдох заалтуудад 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон байхад прокуророос П.Ч-ыг 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолоор баталсан журмын зохих заалтыг зөрчсөн хэмээн ялласан нь буруу...” гэж маргажээ.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 343 дугаар тогтоолоос үзэхэд, 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1.6-д заасан “Ахмад настан энэхүү журмын 1.2-т заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна”, 1.7-д заасан “Энэ журмын 1.2-т заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас ахмад настан өөрөө сонгож авна”, 3 дугаар хавсралтын 1.9-д заасан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ журмын 1.5-д заасан протезийн хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас авна”, 1.10-т заасан “энэ журмын 1.5-д заасан ортопед болон тусгай хэрэгслийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн асуудал хариуцсан байгууллагатай гэрээ байгуулсан байгууллагуудаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрөө сонгож авна” гэсэн заалтуудын утга, агуулгад аливаа хэлбэрээр өөрчлөлт орсон зүйлгүй байх тул прокурорын яллах дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч П.Ч-, Я.А- нар нь өөрсдийн эрх мэдлийг эрхэлж буй албан тушаал, байгууллагын эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж, хийх ёсгүй ажил үүрэг гүйцэтгэснийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тэдний хууль бус үйл ажиллагааны улмаас иргэдийн болон нийгмийн эрх ашиг хөндөгджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Ч-, Я.А- нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн ба шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв тогтоож, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тохирох эрүүгийн хариуцлагыг тус тус хүлээлгэжээ.    

Харин анхан шатны шүүх прокуророос П.Ч-ад холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Я.А-т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилсөн нь буруу байна.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан бөгөөд буцаан хэрэглэгдэх хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”, 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доод дурдсанаар ойлгоно;”, 4.1-д “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” хэмээн тодорхойлсон бөгөөд энэ хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас “их хэмжээний хохирол учруулсан” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан тул шүүгдэгч П.Ч-, Я.А- нарын гэмт үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжтэй нийцэж тохирохгүй байна гэж үзлээ.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, шүүгдэгч П.Ч-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Я.А-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, энэ талаар гаргасан шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Л.Сарангуа, Ш.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч Я.А-ийг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо түүний гэмт хэрэгт хамтран оролцсон байдал буюу хамжигчаар оролцсон үйлдэл оролцооны талаар, мөн шүүгдэгч П.Ч-ад тухайн зүйлд зааснаар хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн зохих заалтуудыг баримтлалгүй орхигдуулсаныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжтой дүгнэлээ.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 44.770.000 төгрөгөөс шүүгдэгч Я.А-ийн гэмт хэрэг үйлдэж өөртөө олсон ашиг болох түүний мөрдөн байцаалтын явцад төлсөн 4.200.000 төгрөгийг хасч тооцсон  нь үндэслэлтэй болсон боловч шүүгдэгч П.Ч-ын гэмт хэрэг үйлдэх замаар бий болгосон буюу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 9.578.000 төгрөгийн үнэ бүхий тусгай хэрэгслийг хохиролд нөхөн төлөх зардалд оруулж тооцсон нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасанд нийцэхгүй байна.

Түүнчлэн хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч П.Ч-ын өмчлөлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны 50 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг мөрдөгчийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолоор хязгаарласан байхад дээрх орон сууцыг захиран зарцуулах эрхийг өөрт нь хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Иймээс хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 9.578.000 төгрөгийн үнэ бүхий тусгай хэрэгслийг шүүгдэгч П.Ч-ад буцаан олгож, түүнээс хохиролд нийт 40.570.000 төгрөгийг гаргуулан Нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний газарт олгож,  П.Ч-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207001456 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны 50 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөгчийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад зохих өөрчлөлтүүдийг оруулж, гэм буруу, эрүүгийн хариуцлага, хууль хэрэглээ, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх талаар маргасан шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Л.Сарангуа, Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Түүнчлэн шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Л.Сарангуа нь тус шүүх хуралдаанд “П.Ч- нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд энэхүү хэрэг нь анхан шатны шүүхэд хянагдаж байгаа. Иймээс П.Ч-ын холбогдсон хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэсэн утга, агуулга бүхий хүсэлтийг гаргажээ.

Гэвч П.Ч-ын шинээр үйлдсэн буюу 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн гэх гэмт хэргийг 201601000059 дугаартай энэхүү эрүүгийн хэрэгт нэгтгэн шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах замаар түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоох боломжтой юм. 

Иймээс шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Л.Сарангуагийн гаргасан дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй болохыг дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтыг “Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Заанхүү овогт Пүрэвсүрэнгийн Ч-ад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч Алаг адуу овогт Ядамсүрэнгийн А-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.” гэж,

-  2 дахь заалтыг “Шүүгдэгч Заанхүү овогт Пүрэвсүрэнгийн Ч-ыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Алаг адуу овогт Ядамсүрэнгийн А-ийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

- 3 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,

- 4 дэх заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.А-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгаж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэхийг Я.А-т даалгасугай.” гэж,

- 5 дахь заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

- 7 дахь заалтыг “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9.578.000 төгрөгийн үнэ бүхий 69 ширхэг харааны шил, 506 ширхэг гар таяг, 52 ширхэг тохойвчтой таяг, 6 ширхэг нурууны бүс, 63 хос таягийг П.Ч-ад буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Ч-аас 40.570.000 төгрөгийг гаргуулан Нийслэлийн нийгмийн халамжийн үйлчилгээний газарт олгосугай.” гэж,

- 9 дэх заалтыг “П.Ч-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207001456 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны 50 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөгчийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, Я.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2207001688 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Өвөшшанд 3 дугаар гудамж 8 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын захиран зарцуулах эрхийг тус тус хязгаарласан тогтоолуудыг хүчингүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Л.Сарангуа, Ш.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоос “гэм буруу, эрүүгийн хариуцлага, хууль хэрэглээ, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх” талаар маргасан хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧИД                                                   Д.МЯГМАРЖАВ

                                                                                                     Н.БАТСАЙХАН