| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0071/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/69 |
| Огноо | 2021-07-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Батзаяа,
Шүүгдэгч Н.Баатархүүгийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч О.Аны өмгөөлөгч М.Энхзаяа
Өсвөр насны шүүгдэгч Н.Бийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н
Өсвөр насны шүүгдэгч О.Аны хууль ёсны төлөөлөгч Г.О
Өсвөр насны шүүгдэгч Н.Б,
Өсвөр насны шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Оны А, Б овогт Нийн Б нарт холбогдох 2116000000077 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Г.Дын эзэмшлийн “Цогт баян” хүнсний дэлгүүрт 2021 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар буюу дэлгүүрийн цоожийг эвдэн нэвтрэн орж бэлэн мөнгө 12.000 төгрөг, хүнсний эд зүйл болох 73 ширхэг 159.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлж иргэн Г.Дт 171.000 төгрөгийн хохирол учруулсан.
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг Залуус хороололд оршин суух хаягтай Бийн хашааны гаднаас иргэн Ц.Пийн эзэмшлийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийн хойд обудтай дугүй 1 ширхэг, хөтлөгч 1 ширхэг, цагаан арьс 1 ширхэг, наклад 1 ширхэг, дугуйны гол 1 ширхэг, шайрик 2 ширхэг, тулк 2 ширхэг, гинжний саалт 1 ширхэг, улаан цүнх 1 ширхэг, жижиг гар насос 1 ширхэг, 24-өөс 8-ын түлхүүр нийт 8 ширхэг, автирка 1 ширхэг эд зүйлийг хууль бусаар хулгайлж иргэн Ц.Пд 206.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. 2021 оны 05 дугаар сарын 19-ний орой гэрээсээ гараад О.Аыг гэрээс нь аваад сумын төв рүү явсан. О.Аыг гэрээс нь авахдаа Өлгий гэх газраас данхраад аваад ирнэ гэж хэлээд явсан. О.Аыг гэрээс нь аваад шууд сумын төв рүү яваад Өлтийн ам гэх газар очоод мотоцикль явахаа болиод задалж наклаад нь хагарсан байсан. Наклаадыг нь гаргаж хаяад тоормосгүй мотоцикльтой сум орсон. Сум ороход шөнийн хоёр цаг болж байсан. Өндөрлөгийн доор мотоциклио тавиад Д эгчийн дэлгүүрийг онгойлгож ороод наклаад байна уу үзсэн байхгүй байсан. Тэгээд чихэр, жимс, сайраа, ундаа аваад мотоциклийн хажууд тавьчихаад дээшээ Залуус хороолол руу алхаж яваад айлын хашааны гадаа байсан мотоциклийн дугуйг тайлж аваад хойно байсан цүнхтэй түлхүүрийг тайлж авсан. Тэгээд мотоциклио янзалж аваад гэр рүүгээ явсан гэв.
Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2021 оны 05 дугаар сарын 19-ний орой Н.Б Өл гэх газраас данхраад аваад ирье гээд намайг аваад явсан. Тэгээд сум яваад Өлтийн ам гэх газар очоод мотоцикль явахаа болиод задалж наклаад нь хагарсан байсан. Наклаадыг нь гаргаж хаяад тоормосгүй мотоциклтой сум орсон. Сум ороход шөнийн хоёр цаг болж байсан. Өндөрлөгийн доор мотоциклио тавиад Г.Д эгчийн дэлгүүр рүү алхсан. Тэгээд очоод наклаад хайсан. Н.Б очиж онгойлгосон, би булан дээр нь зогсож байсан. Тэгээд байхгүй болохоор нь ундаа, сайраа, шоколад, чихэр аваад буцаад гарсан. Тэгээд мотоциклийн хажууд тавьчихаад дээшээ Залуус хороолол руу алхаж яваад айлын хашааны гадаа байсан мотоциклийн дугуйг тайлж аваад мотоциклдоо тавиад хөдөө гараад явсан гэв.
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 4-11-рт/
2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн Н.Б, О.А нарын эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-17-рт/
2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Н.Бийн эзэмшлийн Улаан өнгийн Даюун-200 маркийн мотоцикльд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-25-рт/,
2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 51, 52 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоолууд /хх-ийн 26-31-рт/
2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд /хх-ийн 32-33-рт/
О.Аын нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 70-рт/,
Н.Бийн нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 71-рт/,
2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-820/269, ТХҮ-820/268 дугаартай Ашид билгүүн ХХК-ны эд зүйлийн үнэлгээ гаргасан дүгнэлтүүд /хх-ийн 77-80, 84-87-рт/,
О.Аын төрсний бүртгэлийн лавлагаа /хх- ийн 130-рт/,
Н.Бийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх-ийн 132-рт/,
О.А, Н.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас /хх-ийн 142-143-рт/,
О.А, Н.Б нарыг Говь-Алтай аймаг Цогт сумын 6 дугаар багийн үндсэн иргэн мөн гэсэн багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77-78-рт/
Хохирогч Г.Дын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дэлгүүрээ ажиллуулж байсан юм. дэлгүүрээ ажиллуулж байгаад орой 17 цаг 40 минутын үед дэлгүүрээ хаагаад цоожилчхоод гэрлүүгээ явсан юм. Тэгээд хоночхоод буюу 2021 оны 05 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн орчимд ирээд дэлгүүрээ онгойлгох гэсэн чинь миний түлхүүр цоожинд таараагүй юм. Тэгсэн чинь дэлгүүрийн гадна талын довжоон дээр 1 ширхэг түлхүүр байж байсан юм. Тэр түлхүүрийг аваад цоожинд хийтэл түлхүүр нь таараад би дэлгүүрээ онгойлгосон юм. Онгойлгоод ортол дэлгүүр дотор байсан эд зүйлүүд эмх цэгцгүй болоод хөглөрчихсөн зарим эд зүйлүүд дутчихсан байсан болохоор би хулгай орсон байна гэж мэдсэн юм. Тэгээд би дэлгүүрийн бараагаа бүртгээд байж байтал манай охин Цэцэг дэлгүүр дээр ирсэн юм. Тэгээд дэлгүүрийн бараагаа бүртгэсэн юм. тэгсэн чинь дэлгүүрийн бараанаас ундаа, бохь, шоколад, контик, сайраа, мөнгө зэрэг эд зүйл алдагдсан байсан юм. Тэгээд би охиныхоо хамтаар дэлгүүрийн эд зүйлээ янзалж цэгцэлчхээд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм...их хэмжээний эд зүйл алдагдаагүй болохоор тухайн үед хэлээгүй юм. Тэгээд бодож байгаад дараа нь цагдаад хандаж өргөдөл өгсөн юм...манай дэлгүүр сумын төвд Тэгшийн хорооны хажуу талд байрладаг юм. манай дэлгүүрийн нэр Цогт баян гэсэн нэртэй дэлгүүр юм...манай дэлгүүрийн хаалга 2 давхар модон хаалгатай бөгөөд гадна талын хаалгаа хятад цагаан никель 1 цоожоор цоожилсон юм...манай дэлгүүр 2021 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн...манай дэлгүүр дотор хяналтын камер байхгүй. Дэлгүүрийн гадна талд ч камер байхгүй...цоожийг сольж цоожилсон байсан юм. Цоожилчхоод 1 түлхүүрийг газарт үлдээчихсэн байсан юм. Би газраас олсон үлдээсэн түлхүүрээр дэлгүүрээ нээж орсон юм. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дэлгүүр цоожилсон цоожтой ижил цоожоор цоожилсон байсан юм. Хятад цагаан никель өнгийн цоож байсан юм. Тэгээд тухайн цоожилсон цоожийг манай дэлгүүрээс аваад цоожилсон байсан байна лээ дэлгүүрийн бараа бүртгэх үед мэдсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39-рт/,
Хохирогч Ц.Пийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Цогт сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд байсан. Тухайн өдөр 11 цагийн үед сумын төвд байдаг манай хамаатан болох Б гэдэг хүн адуунд яваад ирье гэж хэлээд дотуур байрнаас ирж миний мотоциклийг аваад явсан. Тэгээд би маргааш нь буюу 2021 оны 05 дугаар сарын 20-ны өглөө мотоциклио авахаар ахындаа очиход мотоциклийн хойд талын дугуй байхгүй байсан ба мотоцикльд дараатай байсан улаан өнгийн цүнхтэй багаж байхгүй байсан. Тэгээд намайг очиход З ах сумын цагдаад дуудлага өгчихлөө урьд шөнө мотоцикль хашаандаа байхад дугуйг нь болон дараатай байгаа цүнхийг аваад явчихжээ гэж хэлсэн юм...Даюун-200 маркийн улаан өнгийн 2020 оны 05 дугаар сарын үед Цогт сумаас авсан мотоцикль байгаа юмаа. Улсын дугаар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-рт/,
Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн шөнө би дүү Ц.Пийн мотоциклиор адуунд явж ирээд хашааныхаа урд тавьчихаад унтсан юм. Унтаад өглөө нь манай эхнэр босоод гэрээс гарчхаад орж ирээд 07 цагийн үед гаднаас орж ирэхдээ мотоциклийн хойд дугуй байхгүй байна гэж орж ирсэн юм. би гараад хартал хойд дугуй нь голтойгоо, цагаан арьстайгаа. мөн ачаан дээр нь дараатай байсан улаан өнгийн цүнхтэй багаж алга болсон байсан юм. тухайн мотоцикль Ц.Пийн мотоцикль юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-рт/,
Өсвөр насны шүүгдэгч Н.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 19-ний орой 17 цагийн үед Цогт сумын Баян-Уул багт байх өөрийн гэрээсээ Даюун- 200 маркийн мотоцикль унаад сумын төврүү явсан. Явж байхдаа 18 цагийн үед Аны гэрт очоод Аыг гэрээс нь аваад сумын төврүү бид 2 сундралдаад хамт явсан. Явж байх замд “Өргөлтийн ам” гэх нэртэй газар явж байтал мотоциклийн хойд талын дугуй эвдрээд тоормосгүй болсон. Тэндээ дугуйгаа тайлаад тормосоо янзлах гэтэл наклаад хагарсан байсан. Тэгээд хагарсан байсан накладаа тайлж авч хаяаад сумын төв рүү тоормосгүй мотоциклиор явсан. Яваад сумын төв ортол шөнө болсон байсан. Ойролцоогоор цаг шөнийн 02 цаг болж байсан байх. Сумын төвд хүн байхгүй хөл хөдөлгөөнгүй байсан. Мотоциклио баруун өндөрлөгийн дор тавиад Д эгчийн дэлгүүрлүү А бид 2 хамт алхсан. Дэлгүүрт нь яваад очиход дэлгүүр нь түгжээтэй, цоожтой байсан. Би цоожийг гараараа татаж онгойлгоод дотогшоо Аны хамт орсон. Дэлгүүрт ороод тоормосны наклаад байна уу гээд өөрт байсан асаагуурын гэрлээ асаагаад хайсан. Тэгтэл наклад байхгүй байсан, дэлгүүрт байсан чихэр, жимс, ундаа, сайра, шоколад гэх мэт зүйлүүдийг аваад лангуунд нь зүүгээтэй байсан цоожийг аваад буцаад дэлгүүрээс гарсан. Гарахдаа дэлгүүрийн хаалгыг дэлгүүр дотроос авсан цоожоор цоожлоод явсан. Доошоо уруудаад мотоциклийнхоо хажууд дэлгүүрээс хулгайлсан эд зүйлсээ аваачиж тавиад дээшээгээ “Залуус” хороолол руу Аны хамт алхаад явсан. Тэгээд явж байтал айлын хашааны гадна улаан өнгийн мотоцикль байж байсан. Очоод уг мотоцикльны хойд талын дугуйг нь тайлаад авсан. Өөрсдөө авч явсан багажаараа тайлж аваад мөн уг мотоциклийн ачаа хэсэг дээр дараатай байсан улаан өнгийн ууттай түлхүүр багажийг аваад буцаад мотоцикльруугаа явсан. Тэгээд мотоциклийнхоо хойд дугуйг хүний мотоциклиос авсан дугуйгаар сольж тавиад мотоциклио янзлаад өөрийнхөө дугуйг ар дээрээ дарж аваад хөдөө гэрлүүгээ буцаад явсан. Тэгээд дэлгүүрээс авсан чихэр, жимсээ Сартын зөрүү гэх нэртэй газар аваачиж хадны ёзоорт нуусан. Тэгээд би Аыг гэрт нь хүргэж өгөөд би өөрөө гэрлүүгээ явсан. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэртээ байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101-рт/,
Өсвөр насны шүүгдэгч О.Аын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 19- ний өдөр намайг гэртээ байж байтал 18 цагийн үед Б манайд Даюун-200 маркийн мотоциклио унаад ирсэн. Тэгээд намайг сумын төв рүү хамт яваад ирье гээд гуйгаад байсан. тэгээд хамт явахаар болоод ээж, аавдаа хэлээд явсан. Явахдаа Өлгий гэдэг газар очоод данхраад аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд Өлгийрүү явалгүй сумын төв рүү явсан. Явж байх замд Өрөлтийн ам гэх нэртэй газар явж байтал мотоциклийн хойд талын дугуй эвдрээд тоормосгүй болсон. Тэндээ дугуйгаа тайлаад тоормосоо янзлах гэтэл наклаад хагарсан байсан. Тэгээд хагарсан байсан наклаадаа тайлж авч хаяаад сумын төврүү тоормосгүй мотоциклиор явсан...Бид 2 мотоциклио баруун өндөрлөгийн дор тавиад Д эгчийн дэлгүүр лүү Бийн хамт алхсан. Дэлгүүрийнх нь гадна талд очиход дэлгүүрийн хаалга нь цоожтой байсан. Би дэлгүүрийн булан дээр хүн хараад зогсож байсан Б намайг цоожийг нээчихлээ гээд дуудсан. Тэгээд бид 2 дэлгүүрлүү орсон. Дэлгүүрт ороод тоормосны наклад байна уу гээд Баатархүүд байсан асаагуурын гэрлээ асаагаад хайсан. Тэгтэл наклад байхгүй байсан. дэлгүүрт байсан чихэр, жимс, ундаа, сайра, шоколад гэх мэт зүйлүүдийг аваад лангуунд нь зүүгээтэй байсан цоожийг аваад буцаад дэлгүүрээс гарсан. Гарахдаа дэлгүүрийн хаалгыг дэлгүүр дотроос авсан цоожоор цоожлоод явсан. Явахдаа үүдэн дээр нь дэлгүүрээс авсан цоожны 1 ширхэг түлхүүрийг үлдээгээд 1 ширхэг түлхүүрийг нь Баатархүү урагш нь шидчихсэн юм. тэгээд бид 2 доошоо уруудаад мотоциклийнхоо хажууд очоод дэлгүүрээс хулгайлсан эд зүйлсээ аваачиж тавиад дээшээгээ Залуус хороолол руу явсан. Тэгээд явж байтал айлын хашааны гадна улаан өнгөтэй мотоцикль харагдсан. Очоод уг мотоциклийн хойд талын дугуйг нь бид 2 нийлж байгаад тайлаад авсан. Мөн уг мотоциклийн ачаа хэсэг дээр дараатай байсан улаан өнгөтэй ууттай түлхүүр багажийг хулгайлж аваад буцаад мотоцикльруугаа явсан. Тэгээд мотоциклийнхоо хойд дугуйг хулгайлсан дугуйгаар сольж тавиад мотоциклио янзлаад Бийн мотоциклийн дугуйг ар дээрээ дарж аваад буцаад хөдөө явсан. Явж байгаад нэлээн орой болсон байхаар нь Тогоочийн худгийн урд хамар дээр унтаад өглөө гэгээ орохоор нь цаашаа явж байгаад дэлгүүрээс авч явсан чихэр, жимсээ Сартын зөрүү гэх нэртэй газар аваачиж хадны ёзоорт нуусан. Тэгээд намайг Б гэрт хүргэж өгөөд өөрөө гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114-рт/,
2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өсвөр насны яллагдагч О.А, Н.Б нарыг мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 158-170-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар хохирогч нарын хүсэлт байгаа. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 3 сартай байсан. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь өсвөр насны хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналт муу, шилжилтийн насан дээр нь харилцаа холбоо муу байдгаас хулгайлсан эд зүйл нь ахуй хэрэглээний зүйл хулгайлсан нөхцөл байдал харагдаж байна. Эцэг, эхийн хараа хяналт, хүмүүжил дутмагаас ийм хэрэгт холбогдсон байх гэж бодож байна. Эрүүгийн хариуцлагын хувьд дараах байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хорих ял шийтгэхээр байгаа, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хоёр жилээс 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр зааж өгсөн байдаг. Прокурорын зүгээс 5 жилийн хугацааны санал оруулж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Прокурорын зүгээс хорих ялын саналыг өндөр оруулж байна гэж үзэж байна. Өршөөлийн тухай хууль 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг гэмт хэрэг тухайн хугацаанаас өмнө үйлдэгдсэн байдаг. Прокурорын оруулж байгаа 5 жилийн хорих ялын 2 жилийг хасах буюу Өршөөлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийг хэрэглээд 3 жилийн хугацааг зорчих эрх хязгаарлах буюу Өршөөлийн тухай хуулийн 7.3-г хэрэглэсэн. Өршөөлийн хуулиас хараад байхаар ойлгомжгүй зүйл харагдаад байгаа. Өсвөр насны шүүгдэгч 9.2 дахь хэсэгт зааснаар Өршөөлийн тухай хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг хамаарахгүй гэж байна. 2.3 дахь заалт нь ноцтой хохирол учруулж их хэмжээний хөрөнгө хулгайлсан бол өршөөлд орохооргүй байгаа. Энэ зүйл заалтаараа тухайн зүйл хэсэг өршөөлд хамрагдах боломжтой юм шиг нөхцөл байдал харагддаг. Мөн хуулийн 6.3 дахь хэсэгт 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан болон эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийг хасна гэдэг. 7.1 дэх заалт нь мөн адил ял авсан хүмүүсийн хувьд хэрэглэх юм шиг байдал харагдаж байгаа. Шүүхийн зүгээс тухайн шүүгдэгч нарт аль ашигтай байдлаар Өршөөлийн хуулийг хэрэглэх боломж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулах шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулаад Өршөөлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар холбогдох заалтыг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ аваад хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өршөөлийн хуульд хуульчлагдсан аль боломжтой хувилбараар Өршөөлийн хуулийн заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүгдэгч О.Аын өмгөөлөгч М.Энхзаяа: Улсын яллагчийн зүгээс насанд хүрээгүй хоёр хүүхдэд ялын санал өндөр сонсгож байгаа нь ойлгомжгүй байна. Энэ хүүхдүүд үзэл бодлын хувьд төлөвшөөгүй. Бусад субъектээс хамаагүй онцлог байдаг. Өсвөр насны хүүхдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт байдаг. Үндсэн хууль, Хүний эрхийн конвенц руу орохоор өсвөр насны хүүхдэд хүлээлгэх хариуцлага маш доогуур боломжтой бол эцсийн арга нь хорих арга хэмжээ байгаа. Тэгэхээр 5 жил, 3 жил гэж санал оруулж байгаа нь ойлгомжгүй байна. Миний үйлчлүүлэгч дөнгөж 14 настай хүүхэд байгаа. Гэм буруу дээр миний үйлчлүүлэгч маргахгүй, хохирол төлбөрийг нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татсан. Өсвөр насны хүүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх 8 дугаар бүлэгт 8.6, 8.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, шүүхээс оногдуулсан ялыг хойшлуулах арга хэмжээ гээд тусгай статустай гэмт хэрэг байгаа. Миний үйлчлүүлэгч өсвөр насны шүүгдэгч, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар улсын яллагчийн санал оруулсан ялаас бага хэмжээгээр ял шийтгэл оногдуулах зохицуулалт байгаа. Шүүхээс оногдуулсан арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн тухай хуулийн 5.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хойшлуулах арга хэмжээг өршөөн хэлтрүүлэх заалт байна. Өршөөлийн тухай хуулийн 5.2 дахь заалтыг харахад 6.3 дугаар зүйлээр хаалт хийсэн боловч 9.2 дээр хулгайлах гэмт хэрэг 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэг заалтаараа орсон. Заалтаараа орсон тохиолдолд шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулах эсхүл 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэлтрүүлэх зохицуулалт нь орчихсон байхад зорчих эрх хязгаарлах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ ч авч болно. Ялыг хойшлуулах хариуцлага хүлээлгэж болно. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.3 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх заалт байгаа. Тийм учраас ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нар нь 2021 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө бүлэглэн Говь-Алтай аймгийн Цогт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Г.Дын эзэмшлийн “Цогт баян” хүнсний дэлгүүрт хууль бусаар буюу дэлгүүрийн цоожийг эвдэн нэвтрэн орж бэлэн мөнгө 12.000 төгрөг, хүнсний эд зүйл болох 73 ширхэг 159.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлж иргэн Г.Дт 171.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Дээрхи үйл баримт нь бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч Н.Б, О.А нар нь бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэнэ
Мөн шүүгдэгч О.А, Н.Б нар нь 2021 оны 05 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө бүлэглэн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг Залуус хороололд оршин суух хаягтай Бийн хашааны гаднаас иргэн Ц.Пийн эзэмшлийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоциклийн хойд обудтай дугүй 1 ширхэг, хөтлөгч 1 ширхэг, цагаан арьс 1 ширхэг, наклад 1 ширхэг, дугуйны гол 1 ширхэг, шайрик 2 ширхэг, тулк 2 ширхэг, гинжний саалт 1 ширхэг, улаан цүнх 1 ширхэг, жижиг гар насос 1 ширхэг, 24-өөс 8-ын түлхүүр нийт 8 ширхэг, автирка 1 ширхэг эд зүйлийг хууль бусаар авч иргэн Ц.Пд 206.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Дээрхи үйл баримт нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч Н.Б, О.А нар үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ
Уг гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нар нь бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн Н.Б, О.А нарын эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Н.Бийн эзэмшлийн Улаан өнгийн Даюун-200 маркийн мотоцикльд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-820/269, ТХҮ-820/268 дугаартай Ашид билгүүн ХХК-ны эд зүйлийн үнэлгээ гаргасан дүгнэлтүүд, хохирогч Г.Д, Ц.П нарын мэдүүлэг, гэрч Б.Б, өсвөр насны шүүгдэгч Н.Б, О.А нарын мөрдөн байцаалтад яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Шүүгдэгч нарын тухайд гэмт хэрэг үйлдэн бусдын эд зүйлийг хууль бусаар авч байгаагаа мэдэж байсан бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг “бүлэглэн” үйлдсэн гэж үзлээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч Н.Б, О.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, мөн бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Н.Б, О.А нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Г.Д, Ц.П нарын шүүхэд ирүүлсэн “хохиролыг бүрэн барагдуулсан санал гомдолгүй гэсэн” хүсэлтүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Өсвөр насны шүүгдэгч Н.Б, О.А нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, мөн , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нарт тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус бүрд нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгч нарт гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн өвөр насны шүүгдэгч О.Аын жинхэнэ эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Н.Бийн жинхэнэ эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоолоо.
Өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 дахин багасгаж жинхэнэ эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд заасан “... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/... “ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна гэсэн зохицуулалтад хамаарч байх тул өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нарт тус бүрд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүнсний эд зүйл болох Блок нэртэй шоколад 5 ширхэг, Cofler block шоколад 2 ширхэг, Sandwich cocoa 6 ширхэг, Alfen gold шоколад 7 ширхэг, Golden dragess үрэл 4 ширхэг, Shoko linsen үрэл 3 ширхэг, Супер контик 2 ширхэг, Mentos ice бохь гаатай цэнхэр өнгөтэй 1 бүтэн блок хайрцаг, Mentos улаан өнгийн бохь 4 боодол, Маоам чихэр 21 ширхэг, Dirol бохь 1 боодол, Sperment бохь 1 боодол, Minute Maid Punch манга жимсний амттай 1,25 литрийн ундаа 2 ширхэг, Fanta усан үзэмний амттай 1,25 литрийн ундаа 1 ширхэг зэргийг хадгалах горим алдагдсан гэж үзэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, дугуй хийлэгч жижиг насос 1 ширхэг, 3 ширхэг түлхүүр, 5 ширхэг гогцоотой түлхүүр, 2 ширхэг отвертик, 50 төгрөгийн 14 ширхэг дэвсгэрт буюу 700/долоон зуу/ төгрөг, 100 төгрөгийн дэвсгэрт 22 ширхэг буюу 2,200/хоёр мянга хоёр зуу/ төгрөг, таван зуун төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, мотоциклийн обудтай дугуй 1 ширхэг, хөтлөгч, наклад, цагаан арьс, гол, 2 ширхэг шайрик, 2 ширхэг түлк, гинжний саалт зэргийг шүүгдэгч нар нь хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нарт буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Н.Бийн 1,155,000 төгрөгийн үнэ бүхий Даюун-200 маркийн улаан өнгийн мотоциклийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б овогтой Оны А, Б овогт Нийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус бүрд 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нарт тус бүрд нь 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч О.Аын жинхэнэ эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Н.Бийн жинхэнэ эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нарт тус бүрд нь оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж тус бүрийг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нарт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
6. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нарт тус бүрд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.4 дүгээр зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүнсний эд зүйл болох Блок нэртэй шоколад 5 ширхэг, Cofler block шоколад 2 ширхэг, Sandwich cocoa 6 ширхэг, Alfen gold шоколад 7 ширхэг, Golden dragess үрэл 4 ширхэг, Shoko linsen үрэл 3 ширхэг, Супер контик 2 ширхэг, Mentos ice бохь гаатай цэнхэр өнгөтэй 1 бүтэн блок хайрцаг, Mentos улаан өнгийн бохь 4 боодол, Маоам чихэр 21 ширхэг, Dirol бохь 1 боодол, Sperment бохь 1 боодол, Minute Maid Punch манга жимсний амттай 1,25 литрийн ундаа 2 ширхэг, Fanta усан үзэмний амттай 1,25 литрийн ундаа 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, дугуй хийлэгч жижиг насос 1 ширхэг, 3 ширхэг түлхүүр, 5 ширхэг гогцоотой түлхүүр, 2 ширхэг отвертик, 50 төгрөгийн 14 ширхэг дэвсгэрт буюу 700/долоон зуу/ төгрөг, 100 төгрөгийн дэвсгэрт 22 ширхэг буюу 2,200/хоёр мянга хоёр зуу/ төгрөг, таван зуун төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, мотоциклийн обудтай дугуй 1 ширхэг, хөтлөгч, наклад, цагаан арьс, гол, 2 ширхэг шайрик, 2 ширхэг түлк, гинжний саалт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нарт буцаан олгосугай.
8. Өсвөр насны шүүгдэгч Н.Бийн 1,155,000 төгрөгийн үнэ бүхий Даюун-200 маркийн улаан өнгийн мотоциклийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч О.А, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА