Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/219

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.******* 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... овогт Т-од холбогдох эрүүгийн 2121000000244 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ......дугаар сарын .......-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, .......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “............” ХХК-д өрөмчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............ овогт Т /РД: ............../.

Шүүгдэгч Т нь согтуугаар 2021 оны 06 дугаар сарын 26-ны өглөөний 05 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ............ тоотод орших өөрийн гэртээ эхнэр О-ийн үснээс зулгаан чирч, өшиглөх зэргээр зодож хүзүүнд зурагдсан зулгаралт, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэний зүсэгдсэн гүн шарх, баруун шилбэ, тавхай, зүүн шилбэ, баруун шууны өнгөц зүсэгдсэн шарх, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 26-ны шөнийн 01 цагийн үед манай нөхөр Т утсаараа тоглож байгаад хожигдоод уурлаад “мөнгө байна уу” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн чинь “пизда гарлаа” гэж хэлээд яваад үүрээр 05 цагийн орчим архи уусан байдалтай орж ирээд гуталтай хөлөөрөө миний нүүрэн дээр тавиад байхаар нь “болиоч ээ” гэж хэлэхэд болихгүй дахиад тавиад байсан. Манай том хүү ******* сэрээд аавыгаа хараад айгаад гараад гүйсэн. Тэгэхээр нь би “чи хүүхэд айлгаад байна” гэж хэлэхэд “чи муу ер нь яах гээд байгаа юм, би үхлээ” гэж орилоод шургуулганаас заазуур аваад гараад явсан. Ингээд удалгүй “би ер нь үхэж чадахгүй юм байна” гэж орж ирээд 3 настай охин ******* барьж аваад өргөөд шидэх гэхэд нь аав ******* охиныг минь авсан. Т уурлаад намайг ална гээд над руу ирэхээр нь зугтаасан чинь барьж авсан. Би нүүрээ хамгаалаад доошоо суусан чинь үснээс зулгаагаад хөлөөрөө миний бие хэсэг рүү 2 удаа өшиглөөд газар үснээс зулгаагаад чирээд байсан...” гэжээ. /хх-ийн 10-11/

Гэрч Т.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 26-ны шөнө гэртээ унтаж байсан чинь хүү гаднаас жоохон архи уусан байдалтай орж ирээд эхнэр О-тэйгээ хэрэлдэж байсан. Тэгээд нэг харсан чинь хүү Т О-ийг газар унагаасан үснээс нь зулгааж байхаар нь би салгахад О гараад гүйсэн...” гэжээ. /хх-ийн 19-20/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 327 тоот дүгнэлтэд:

1. О-ийн биед хүзүүнд зурагдсан зулгаралт, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэний зүсэгдсэн гүн шарх, баруун шилбэ, тавхай, зүүн шилбэ, баруун шууны өнгөц зүсэгдсэн шарх, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 22-23/

Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би гэртээ ороод эхнэртэйгээ орой нь болсон явдалд уурлаад “босоод ирээ хоёулаа гарч унтъя” гэсэн. Тэгтэл эхнэр дургүйцээд байсан. Тэгэхээр нь би нүүр рүү нь 1 удаа алгадсан. Тэгтэл цаашаа шилэн дээр унаж бэртэл авсан...” гэжээ. /хх-ийн 39/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Т-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 30/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/

О-ийн Дорнод аймгийн Прокурорын газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 40/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ......... овогт Т нь согтуугаар 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 05 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг, ........... тоотод орших гэртээ хохирогч О-ийн үснээс зулгаан чирч, өшиглөх зэргээр зодож, биед нь хүзүүнд зурагдсан зулгаралт, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэний зүсэгдсэн гүн шарх, баруун шилбэ, тавхай, зүүн шилбэ, баруун шууны өнгөц зүсэгдсэн шарх, баруун гуяны цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Тэгэхээр нь би нүүр рүү нь 1 удаа алгадсан. Тэгтэл цаашаа шилэн дээр унаж бэртэл авсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч О-ийн “...яваад үүрээр 05 цагийн орчим архи уусан байдалтай орж ирээд гуталтай хөлөөрөө миний нүүрэн дээр тавиад байхаар нь “болиоч ээ” гэж хэлэхэд болихгүй дахиад тавиад байсан. Манай том хүү ******* сэрээд аавыгаа хараад айгаад гараад гүйсэн...Т уурлаад намайг ална гээд над руу ирэхээр нь зугтаасан чинь барьж авсан. Би нүүрээ хамгаалаад доошоо суусан чинь үснээс зулгаагаад хөлөөрөө миний бие хэсэг рүү 2 удаа өшиглөөд газар үснээс зулгаагаад чирээд байсан...” гэх, гэрч Т.*******ийн “...хүү Т О-ийг газар унагаачихсан үснээс нь зулгааж байхаар нь би салгахад О гараад гүйсэн...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 327 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Т нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Т-ын үйлдлийн улмаас хохирогч О-ийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 327 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Т-од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Т-ын анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Т нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...... овогт Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-од 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .........регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА